Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 1326

 

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2017/01326

 

 

Н.Гансүх, Б.Халиун нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/00902 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Гансүх, Б.Халиун нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Наранцэцэгт холбогдох,

 

Винкапитал ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга тэмдэг, санхүүгийн баримт материал, тусгай зөвшөөрөл гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Гансүхийн өмгөөлөгч: Б.Наранцэцэг

Нэхэмжлэгч Б.Халиуны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баярмагнай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Винкапитал” ХХК нь 2014 онд Хэнтий аймгийн Дархан суманд Төмрийн хүдэр хуурай аргаар баяжуулах үйлдвэр байгуулсан билээ. Үйлдвэрийг байгуулах тухай асуудлыг 2013 онд Н.Гансүх, Б.Халиунаа, М.Наранцэцэг /хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Тан Ян Юун/ бид хүсэл зоригоо илэрхийлэн хамтран ажиллах гэрээ байгуулсан юм.

Тодруулбал: Үйлдвэр барихад шаардлагатай санхүүжилтийг Тан Ян Юун бүрэн хариуцах, шаардлагатай зөвшөөрлүүдийг Монгол Улсын холбогдох хуулийн дагуу авах, цахилгаан эрчим хүчний шугам татах, үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар худалдаж авах, дэд бүтцийн бүхий л ажлуудыг Н.Гансүх, Б.Халиунаа нар дэмжлэг үзүүлэх замаар өөрсдийн ажил үүргийг хувиарлан ажилласан юм.

Гэтэл үйлдвэр барих санхүүжилтэд мөнгө дутсан учир Н.Гансүх өөрийн өмч болох шинэ авто ачигчийг /52 000 ам.долларын үнэ бүхий/ үйлдвэрийн үйл ажиллагаанд зориулан төлбөрийг эргэн төлөх нөхцөлтэй Тан Ян Юун-д хүлээлгэн өгч, мөн цахилгаан эрчим хүчийг шийдэхэд зориулж 70 000 000 төгрөгийг Н.Гансүх, Б.Халиунаа нар өөрсдөө хувиасаа гарган гүйцэтгэгч компанид төлсөн билээ.

Ийнхүү хамтын хүчин чармайлтаар 2014 онд үйлдвэр бүрэн ашиглалтад орж, үйл ажиллагаагаа явуулж эхлэхэд харилцан ойлголцсоны хүрээнд эхний ээлжид үйлдвэрийн ашгаас Тан Ян Юуны оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан төлөх, уг төлбөрийг төлж дууссаны дараа үйлдвэрийн цэвэр ашгийг хувьцаа эзэмшигчид өөрт ногдох хувьцааны тоогоор буюу Тан Ян Юун, М.Наранцэцэг нар 50%, Н.Гансүх 25%, Б.Халиунаа 25% авахаар тохиролцсон байсан билээ.

Гэтэл үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Наранцэцэг нь хөрөнгө оруулагч Тан Ян Юунтай нийлж, бусад хувьцаа эзэмшигчдийн эрхийг ноцтой зөрчиж эхэлсэн.

2014 оны 07 дугаар 16-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар компанийн хувьцаа эзэмшигчид өөрчлөлт оруулж, шийдвэр гарсан байхад холбогдох өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль зөрчсөн үйлдлээ таслан зогсоохгүй бусад хувь нийлүүлэгчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөөр байна.

Тухайлбал БЗД-ийн татварын хэлтсээс "ВинкапиталХХК нь 91 574 000 төгрөгийн татварын өртэй гэсэн мэдэгдлийг хувьцаа эзэмшигч Б.Халиуны нэр дээр ирүүлснээр бид мэдсэн.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр гүйцэтгэх захирал М.Наранцэцэгт удаа дараа уулзах, ээлжит бус хурал хийлгэх шаардлага хүргүүлж байсан боловч хариу өгөхгүй байсан юм.

Иймээс хувьцаа эзэмшигч Н.Гансүх, Б.Халиунаа бид Компанийн тухай хууль болон компанийн дүрмээр олгогдсон эрхийнхээ хүрээнд ээлжит бус хурлыг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зарлан хуралдуулсан. Энэ хуралд М.Наранцэцэг өвчтэй байгаа тул хуралд оролцох боломжгүй гэсэн учир ээлжит бус хурлыг хойшлуулж 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахин зарлан хуралдуулсан. Энэ хуралд М.Наранцэцэг нь ирээгүй бөгөөд Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт зааснаар бид хуралдаж хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болсон билээ.

Хүчин төгөлдөр хурлын шийдвэрийг үндэслэн компанид орсон өөрчлөлтийг хуулийн дагуу бүртгүүлж, хуулиар олгосон эрх, үүргийг хэрэгжүүлэхэд компанийн гэрчилгээ, тамга тэмдэг байхгүйгээс бүртгэх боломжгүй байгаа юм. М.Наранцэцэгт компанийн болон бусад хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн яаралтай компанийн гүйцэтгэх захирлын ажлыг хүлээлцэхийг мэдэгдсэн боловч асуудлыг шийдвэрлэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т "Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна" гэж заасны дагуу 2015 оны 12 дугаар 07-ны өдрийн хурлыг хүчин төгөлдөр болохыг тогтоож, хариуцагч М.Наранцэцэгээс "Вин Капитал" ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тэмдэг, санхүүгийн баримт материалыг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Н.Гансүх, мөн 25 хувийн хувьцаа эзэмшигч Б.Халиунаа нарын 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал гэгч нь Компанийн тухай хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус хурал учир энэ хурлыг хүчин төгөлдөр болохыг нь тогтоолгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй юм. Нэгэнт хууль зөрчиж хуралдсан хурал хүчин төгөлдөр бус болохоор энэ хурлаас гарсан шийдвэр ч хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

“Винкапитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Наранцэцэг би компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хуралдуулах тухай хурлын зарыг 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хувьцаа эзэмшигч Н.Гансүх, Б.Халиунаа нарт Монгол шуудангаар хүргүүлсэн боловч тэд шуудангаас хүлээж авахгүй гээд буцаасан учир энэ шалтгаанаар товлосон хугацаандаа хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдаагүй.

Ер нь манай компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч Н.Гансүх нь байнга компанийнхаа эсрэг үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд энэ хэрэгтээ хувьцаа эзэмшигч Б.Халиунаагийн нөхөр Б.Баярмагнай гэгчийг ашиглан, хувьцаа эзэмшигч Б. Халиунаагийн гарын үсгийг дурайлган зурсан янз бүрийн баримт үйлддэг. Манай компани 2014 онд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч “Баянсоёнзаан” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гарган тус компаниас худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээ үүдэлтэй төлбөр нэхэмжилсэн. Гэтэл Н.Гансүх нь “Баянсоёнзаан” ХХК-ийн захирал н.Баянмөнх гэгчтэй үгсэн хуйвалдан “Винкапитал” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй мэт болгох үйл ажиллагаа явуулж шүүх хуралдаанд хүртэл компанийнхаа эсрэг хуурамч мэдүүлэг өгч байсан, мөн Б.Баярмагнай гэгчтэй хамтран “Батжин-Уул” ХХК-ийн хүмүүсийг хууль бусаар Баргилт дахь компанийн эзэмшил газарт оруулж, компанийн эд хөрөнгө эвдэн сүйтгүүлэх ажиллагаа явуулж байсан.

Компанийн хувьцаа эзэмшигч Н.Гансүх, Б.Баярмагнай нар нь Хэнтий аймгийн Дархан замын нутагт төмрийн хүдэр хуурай аргаар баяжуулах үйлдвэр байгуулахаар хамтран ажиллах гэрээг байгуулан ажиллахдаа хөрөнгө оруулагчийн итгэлийг эвдэн, хуурч мэхлэн компанид орох ёстой байсан 204 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг замаас хувьдаа завшиж, онц их хэмжээний хохирол учруулсан бөгөөд хөрөнгө оруулагч БНХАУ-ын иргэн Тан Ян Юун 2016 оны 03 дугаар сард Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гомдол гаргаж, Н.Гансүх, Б.Баярмагнай нарт эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтнээр тооцогдон шалгагдаж байгаа болно.

Иймд тэдний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Гансүх, Б.Халиун нарын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Наранцэцэгт холбогдох “Винкапитал” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хуралдсан хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, компанийн тамга, тусгай зөвшөөрөл, аж ахуйн нэгжийн гэрчилгээ, санхүүгийн баримтууд гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хяна шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Гансүхийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх ёстой. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо хариуцагчаас "аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөл, тамга тэмдэг, санхүүгийн баримт материалыг гаргуулан авах тухай" гэсэн байтал шүүх өөрийн санаачилгаар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай шаардлагыг нэмж шийдвэрлэсэн нь хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн.

Хэргийн 25 дахь талд "Винкапитал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр нотлох баримтаар авагдсан байх ба хуралд оролцсон хувьцаа эзэмшигчид гээд Н.Гансүх, Б.Баярмагнай гэсэн бичвэрүүдийн өмнө тэдгээрийн гарын үсэг нь зурагдснаас үзвэл 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн "Винкапитал" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд Н.Гансүх, Б.Халиунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай нар оролцсон болох нотлогдож байна. Б.Баярмагнайгийн хувьд "Винкапитал" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Халиунаагаас олгосон итгэмжлэлийн дагуу хувьцаа эзэмшигч нарын хуралд оролцож, мөн түүний нэрийн өмнөөс шийдвэр гаргасан байдаг. Түүний бүрэн эрхийн талаар Н.Гансүх маргаагүй, түүнд олгосон итгэмжлэл нь ч байдаг.

Гэтэл шүүгч нь Б.Халиунаа буюу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бүрэн эрхэд халдаж Н.Гансүх, Б.Баярмагнайгийн оролцон шийдвэр гаргасан хурлыг дан ганц Н.Гансүх оролцсон гэх дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй.

"Винкапитал" ХХК-ийн хувыдаа эзэмшигчид болох Н.Гансүх, мөн Б.Халиунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай нар нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг захирал Н.Наранцэцэгээс удаа дараа шаардаад албан ёсоор хариу өгөөгүй учир ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг шаардсан, Н.Гансүх, Б.Баярмагнай нар нь ээлжит бус хурлыг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдуулахаар тогтож хурлын зарыг Н.Наранцэцэгт шуудангаар хүргүүлж, “Монгол ньюс” сонинд нийтлүүлсэн байдаг. Гэтэл Н.Наранцэцэг нь хурлын зарыг хүлээж аваад хурал болох өдөр өвчтэй гээд хурлыг хойшлуулах тухай хүсэлтийг гаргасны дагуу 14 хоногоор хойшлуулж зарыг мөн шуудангаар хүргүүлж, Монгол ньюс сонинд нийтлүүлсэн бөгөөд энэхүү үйл баримт дээр талуудын хэн аль нь маргадаггүй болно.

Ингээд хурлын зар бүхий шууданг хүргэх гээд шууданч хариуцагчийн хаягаар очиход гэртээ эзгүй, эмнэлэгт хэвтэж байгаа гээд аваагүй бөгөөд утсаар нь холбогдоод хэвтэж байсан эмнэлэгт нь очиход "би эмнэлэгт хэвтэж байна авахгүй" гээд шууданг аваагүй тухай шуудан хүргэгч магадлагаа дээрээ бичиж, уг шуудан нь хаяглагдсан этгээд нь аваагүй учир нэхэмжлэгчид буцаж ирсэн байдаг. Үүнээс үзвэл хариуцагч Н.Наранцэцэг нь бусад хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах болсныг мэдсэн атлаа санаатайгаар хурлын зар буюу шууданг авахаас зайлсхийсэн болох нь нотлогдож байхад шүүх энэ байдлыг харгалзаж үзээгүй.

Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн өмгөөлөгч болон шүүгчээс Б.Халиуныг  төлөөлөх итгэмжлэл Б.Баярмагнайд байгаа эсэхийг лавлахад Б.Баярмагнай итгэмжлэл олгогдсон, итгэмжлэл эх хувиараа энд байна гээд үзүүлэхэд хэрэгт авагдаагүй нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэг эхэлсэн учир авахгүй гээд аваагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасны дагуу хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримт буюу Б.Халиунаагаас Б.Баярмагнайд олгосон итгэмжлэлийг шаардан гаргуулахаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бүрэн эрх шүүгчид байсан боловч тэрээр энэхүү эрхээ хэрэгжүүлэхээс татгалзан шүүх хуралдааныг үргэлжлүүлэн шийдвэр гаргахдаа дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Винкапитал" ХХК-ийн гишүүдийн хоорондын таарамжгүй харьцаа, мөнгө санхүүгийн тооцоо, татварын маргааны улмаас хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахыг Н.Гансүх, Б.Халиун нар компанийн гүйцэтгэх захирал М.Наранцэцэгээс удаа дараа шаарджээ" гэх дүгнэлтийг хийжээ. Компанийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай шаардлагыг Н.Гансүх, Б.Халиунаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмагнай нар гаргасан байдаг. Гэтэл шүүх дээрх дүгнэлтийг хийснээрээ Б.Халиунааг төлөөлөх Б.Баярмагнайгийн эрхийг хүлээн зөвшөөрсөн атлаа сүүлд Б.Баярмагнай Б.Халиунааг төлөөлөх эрхтэйгээ нотлоогүй гэх өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн болох нь харагдаж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Н.Гансүх, Б.Халиун нар нь хариуцагч М.Наранцэцэгт холбогдуулан “Винкапитал” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлыг хувьцаа эзэмшигчдийн ээлжилт бус хүчин төгөлдөр болохыг тогтоолгох, компанийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга тэмдэг, санхүүгийн баримт материал, тусгай зөвшөөрөл гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болох бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нарын “Винкапитал” ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хурлыг хувьцаа эзэмшигчдийн ээлжилт бус хүчин төгөлдөр болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь тодорхойгүй байна. Түүнчлэн “Винкапитал” ХХК-ийн аж ахуйн нэгжийн гэрчилгээ, тамга тэмдэг, санхүүгийн баримт материал, тусгай зөвшөөрөл гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын агуулга нь тодорхойгүй, ямар тусгай зөвшөөрөл гаргуулах гэж буй эсэх, хэдээс хэдэн он хүртэлх буюу ямар хугацааны, юунд хамаарах санхүүгийн баримт материал гаргуулахаар нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулаагүйгээс хэргийн үйл баримт болон түүнд хамаарах хууль хэрэглээний талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/00902 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                           А.ОТГОНЦЭЦЭГ

 

Э.ЗОЛЗАЯА