Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 00481

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Түнэл суманд 1967 онд төрсөн, 50 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Түнэл сумын 6 дугаар багт оршин суух Өвгөд овогт Дамдинжавын Даариймаа /РМ67052308/-ийн хүсэлттэй

Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, хүсэлт гаргагч Д.Даариймаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Даариймаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ээжийг Ядам овогтой Дашдаваа гэдэг байсан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт дээр нь Адиг овогтой Дашдаваа гэж эхийнх нь нэрээр овоглосон байгаа юм. Миний эцэг Дамдинжав нь одоо 88 настай, амьда сэрүүн байгаа болно. Аав маань 40 настайгаасаа эхэлж группт байсан ба 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс групп нь цуцлагдаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл улсад ажилласан жил хүрэхгүй, залуу наснаасаа групп авч байсан болохоор ажилласан жил нь дутсан. Групп нь цуцлагдаад улсад ажилласан жил хүрэхгүйгээс өндөр насны тэтгэвэр авах эрх үүсэхгүй болсон. Аавыгаа амьд сэрүүнд нь групп ч бай тэтгэвэр ч энэ мөнгөө авч байвал сэтгэлд нь сайхан байх болов уу гэж бодож тэтгэвэрт оруулах талаас нь хөөцөлдсөн юм. Ингээд миний аавыг тэжээгчээ алдсаны тэтгэмжинд хамрагдах боломжтой юм байна гэсэн хариуг дээд газраас өгсөн. Ингээд талийгаач ээжийнхээ хоёр хөдөлмөрийн дэвтрийг аваад очтол нэг дэвтрийн овог зөрсөн. Өөрөөр хэлбэл нэг дэвтрээ аав Ядамаар, нөгөө дэвтрээ ээж Адигаар тус тус овоглож авсан байсан. Иймд Адиг овогтой Дашдаваад нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ядам овогтой Дашдаваа мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлтийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлээс 1987 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Адиг овогтой Дашдаваад нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ядам оовогтой Дашдаваа мөн болох нь Шарбанди овогтой Дамдинжав, Ядам овогтой Дашдаваа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ядамын Дашдаваад 1981 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээж олгож байсан паспортын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрч С.Лхагва-Очирын ...Дашдаваагийн аавыг Ядам, ээжийг Адиг гэж хүмүүс байсан ...гэх мэдүүлэг, гэрч Д.Чанцалсүрэнгийн ...Адиг гэж хүн миний эмээ юм. Өвөө маань ээжийг бага байхад нас барсан гэдэг, тэгээд л хөдөлмөрийн дэвтэр олгохдоо ээжээр нь овоглож өгсөн байх ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Хөвсгөл аймгийн Түнэл сумын Ялалт нэгдлээс 1987 оны 6 сарын 24-ний өдөр Адиг овогтой Дашдаваад нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ядам овогтой Дашдаваа мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Даариймаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.БЯМБАСҮРЭН