Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/86

 

2021       07          09                                    2021/ШЦТ/86

 

           

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Энхмаа,

Улсын яллагчаар хяналтын  прокурор Г.Анх-Ирээдүй,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ю.Нямсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймаг дахь Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б. Гд холбогдох эрүүгийн 2119000560082 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, ............ дарга ажилтай, ам бүл 3,эхнэр хүүхдийн хамт /одоо 5 настай хүүхдийн хамт амьдарч байгаа/ .......... баг, Өлзийтийн 5-8-3 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Б. Г РД:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өөрийн нэр хүнд урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан малжуулах төслөөс зээл авсан хохирогч С.Эын зээлийн эргэн төлөлтийн 1,330,824 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 5360316586 дугаарын дансанд шилжүүлэн авсан  гэмт хэрэгт холбогджээ.

                                      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:            

Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед сумын халамжийн мэргэжилтний хувьд сангийн төвлөрүүлэлтийг хянах, дамжуулах үүрэгтэй байсан. Өөрийн дансаар хүний мөнгийг дамжуулан авсан нь миний буруу. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг,

           

            Б.Гийн 5360316586 дугаартай ХААН банкны харилцах дансны хуулга /хх-ийн 11-р тал/,

 

            Б.Гийн ажилд томилогдсон тушаал /хх-ийн 23-р тал/,

            Хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2015 оны 06 дугаар сард Сайхандулаан суманд хэрэгжсэн малжуулах хөтөлбөрт хамрагдаж 50 хувийн эргэн төлөлттэй 4.001.650 төгрөгтэй дүйцэхүйц бага малыг 24 сарын хугацаатай зээлээр авч байсан. ...Тухайн үед сумын засаг даргын тамгын газарт халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Г төслийн хэрэгжилт болоод зээлийн эргэн төлөлт зэрэгт хяналт тавьж байсан. Эргэн төлөлтийн графикийн дагуу 670.000 төгрөгийг 2016 онд төлж 1.330.824 төгрөгийн үлдэгдэлтэй болж байсан ба 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.Г надтай утсаар ярьж зээлийнхээ эргэн төлөлтөө хийгээрэй гэсний дагуу би эхнэрийнхээ ХААН банкны дансанд 1.360.000 төгрөг шилжүүлж зээлээ төл гэж өгч байсан. Тухайн мөнгөнөөс манай эхнэр 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.Гийн ХААН банкны 5360316586 дугаарын данс руу 1.330.824 төгрөгийг шилжүүлж зээлээ бүрэн барагдуулсан. Гэтэл 2020 оны 05 дугаар сард Дорноговь аймгийн шүүхээс над руу залгаад та малжуулах төсөлд хамрагдсан зээлийн эргэн төлөлтөө барагдуулаагүйн улмаас аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас манайд гомдол гаргасан байна гэж ярьсан. Үүний дараа би өөрийн биеэр аймгийн шүүх дээр ирж болсон асуудлын талаар тодруулахад 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр манай эхнэрийн данснаас Б.Гийн данс руу шилжүүлсэн зээлийн эргэн төлөлтийн 1.330.824 төгрөгийг Б.Г Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын холбогдох төрийн сангийн дансанд төлөөгүй байсныг мэдсэн. 2017 онд зээлийн эргэн төлөлт хий гэх нэрийдлээр Б.Ган- Эрдэнэ надаас авсан 1.330.824 төгрөгийг төлөөгүйн улмаас би дээрх асуудалд холбогдож надад 1.330.824 төгрөгийн хохирол учирч байсан. Үүний дараа 2021 онд цагдаагийн байгууллагаас дээрх асуудалтай холбоотой шалгах ажиллагаа явуулсны улмаас Б.Г 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний ХААН банкны 5369000878 дугаарын данс руу Б.Г 91265663 гэсэн утгатай 1.400.000 төгрөг шилжүүлж надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Би өмнө өгсөн гэрчийн мэдүүлэгт болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан, өөр нэмж ярих зүйл байхгүй”гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-р тал/,

 

            Гэрч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллаж байна ...Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын төлөөлөл болж тухайн сум, орон нутагт ажиллаж байгаа Хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан сумын мэргэжилтэн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж хугацаа хэтэрч буй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн холбогдох төрийн сангийн дансанд төлүүлэх шаардлагыг зээлдэгч нарт тавих эрхтэй. Гэхдээ ямар нэгэн байдлаар зээлийн эргэн төлөлтийг өөрөө гардан болон хувийн дансаар дамжуулан авч холбогдох дансанд төлөх эрхгүй. Зээлд хамрагдсан иргэд нь гэрээ байгуулж зээлийн эргэн төлөлтийн хуваарь гаргадаг ба тухайн хуваарийн дагуу хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн холбогдох төрийн сангийн дансанд зээлд хамрагдсан иргэд эргэн төлөлт хийхийг гэрээнд заасан байдаг”гэсэн мэдүүлэг/хх-ийн 54-р тал/,

 

            Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, малчин С.Э нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан малчин өрхтэй байгуулах гэрээ /хх-ийн 30-32-р тал/,

 

            Гэрч Э.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр хувиараа мах борлуулах чиглэлээр хөдөлмөр эрхэлдэг. 2015 онд Дорноговь аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас малчин өрхийг дэмжиж 50 хувийн эргэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж 4.001.650 төгрөгтэй тэнцэхүйц бага малыг 2 жилийн хугацаатай зээл авч байсан ...2017 оны 05 дугаар сард зээл дээр хяналт тавьж байсан мэргэжилтэн Г гар утсаар холбогдож “2 жилийн хугацаатай авсан малжуулах төслийн эргэн төлөх хуваарийн хугацаа дуусаж байгаа, зээлээ хаах бол 1.330.824 төгрөг төлж хаах шаардлагатай” гэж мэдээлэл өгсөн.. манай нөхөр зээлээ хаах талаар ярилцаж 1.360.000 төгрөгийг миний дансанд хийсэн. Би эргээд Гтэй холбогдож ямар дансанд хийх талаар асуухад 5360316586 гэсэн ХААН банкны дансыг хэлэхээр нь би тэр данс руу 1.330.824 төгрөгийг хийж зээл хаасан гэж бодсон. Дараа нь 2020 оноос хойш аймгийн халамжийн нягтлан бодогч нь холбогдож танайх малжуулах төсөлд хамрагдсан байна, одоогоор 1.330.824 төгрөгийн үлдэгдэлтэй, төлөөгүй байна, энгийг төлөхгүй бол шүүхэд шилжүүлнэ гэж хэлэхээр нь манайх тухайн мөнгийг төлсөн, мэргэжилтэнтэй холбогдож байгаад хариу өгье гэж хэлсэн. Тэгээд би Гтэй холбогдоход танай мөнгийг төлсөн, харин Өргөн сумын С.Э гэдэг хүнтэй андуураад байгаа юм, танайд ямар ч асуудал байхгүй гэж хэлж байсан. Дараа нь би халамжийн нягтлан бодогч руу залгаж андуурагдаад байна гэж хэлэхэд харин танай сумын мэргэжилтэн чинь Өргөн сумын С.Э гэдэг хүнтэй андуураад байна гэж хэлж байсан, тэгээд би Гийг манай зээлийн төлөлтийг төлөөгүй байна гэж мэдсэн”гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-91-р тал/,

 

         Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 118-р тал/ зэргийг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хэм хэмжээг хэрэглэх нь Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн хүнлэг, энэрэнгүй зарчимд нийцэж байна. 

 

  Иймд шүүгдэгч Б.Г нь 2017 оны 05 сарын 01-ний өдөр гэмт хэрэг үйлдсэн боловч түүнд эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа  2015 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх  хэсэгт зааснаар аймгийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын Засаг даргын тамгын газарт Нийгмийн бодлогын мэргэжилтнээр ажиллаж байхдаа  малжуулах төслөөс зээл авсан  С.Эын зээлийн эргэн төлөлтийн 1.330.824 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны 5360316586 дугаарын дансанд шилжүүлэн авсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2015 оны 06 дугаар сард Сайхандулаан суманд хэрэгжсэн малжуулах хөтөлбөрт хамрагдаж 50 хувийн эргэн төлөлттэй 4.001.650 төгрөгтэй дүйцэхүйц бага малыг 24 сарын хугацаатай зээлээр авч байсан. ... 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.Г надтай утсаар ярьж зээлийнхээ эргэн төлөлтөө хийгээрэй гэсний дагуу би эхнэрийнхээ ХААН банкны дансанд 1.360.000 төгрөг шилжүүлж зээлээ төл гэж өгч байсан. Тухайн мөнгөнөөс манай эхнэр 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Б.Гийн ХААН банкны 5360316586 дугаарын данс руу 1.330.824 төгрөгийг шилжүүлж зээлээ бүрэн барагдуулсан. ...2017 онд зээлийн эргэн төлөлт хий гэх нэрийдлээр Б.Ган- Эрдэнэ надаас авсан 1.330.824 төгрөгийг төлөөгүйн улмаас ...надад 1.330.824 төгрөгийн хохирол учирч байсан. ...Б.Г 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр миний ХААН банкны 5369000878 дугаарын данс руу Б.Г 91265663 гэсэн утгатай 1.400.000 төгрөг шилжүүлж надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан.”гэсэн мэдүүлэг, гэрч Т.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би Дорноговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалд томилогдон ажиллаж байна. ...Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын төлөөлөл болж тухайн сум, орон нутагт ажиллаж байгаа Хөдөлмөр эрхлэлт, халамж хариуцсан сумын мэргэжилтэн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж хугацаа хэтэрч буй зээлийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн холбогдох төрийн сангийн дансанд төлүүлэх шаардлагыг зээлдэгч нарт тавих эрхтэй. Гэхдээ ямар нэгэн байдлаар зээлийн эргэн төлөлтийг өөрөө гардан болон хувийн дансаар дамжуулан авч холбогдох дансанд төлөх эрхгүй.”гэсэн мэдүүлэг, гэрч Э.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2017 оны 05 дугаар сард зээл дээр хяналт тавьж байсан мэргэжилтэн Г гар утсаар холбогдож 2 жилийн хугацаатай авсан малжуулах төслийн эргэн төлөх хуваарийн хугацаа дуусаж байгаа, зээлээ хаах бол 1.330.824 төгрөг төлж хаах шаардлагатай гэж мэдээлэл өгсөн... манай нөхөр зээлээ хаах талаар ярилцаж 1.360.000 төгрөгийг миний дансанд хийсэн. Би эргээд Гтэй холбогдож ямар дансанд хийх талаар асуухад 5360316586 гэсэн ХААН банкны дансыг хэлэхээр нь би тэр данс руу 1.330.824 төгрөгийг хийж зээл хаасан гэж бодсон.” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Б.Гийн 5360316586 дугаартай ХААН банкны харилцах дансны хуулга,  ажилд томилогдсон тушаал, Дорноговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, малчин С.Э нарын хооронд 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан малчин өрхтэй байгуулах гэрээ зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Г нь албан тушаалын байдлаа ашиглан бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч байгаа дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан залилах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болж байгаа буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Б.Гийг энэ гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, тодорхой орлоготой, хохирол бүрэн төлөгдсөн, улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг харгалзан  торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 2 жил 6 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар  солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Хохирогч С.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “...Б.Г надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч  нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдож байна.Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч Б. Гийг албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах” гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                                           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 10 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд оногдуулсан торгох ялыг 2 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.АДЪЯАСҮРЭН