| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0181/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/188 |
| Огноо | 2021-06-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 2021/ШЦТ/188
2021 06 15 2021/ШЦТ/188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Т, Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт Т, ............... овогт Ч нарт холбогдох эрүүгийн 2121000000159 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ............................... гэх газар оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, ..................... овогт Т. /РД: ...................../
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ......................... тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, .................. овогт Ч. /РД: .................../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т, Ч нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Арвин” нэртэй зочид буудлаас хохирогч Э.Э-ын Самсунг А10s загварын гар утсыг хулгайлж, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т нь ганцаараа 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ..................... тоотоос хохирогч Д.Г-ийн Рэдми Ноте-9 загварын гар утсыг хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гар утаснуудыг архи уух зорилгоор авсан бөгөөд Д.Г-ийн гар утсыг 250,000 төгрөгөөр зарсан. Манай аав, ээж мал малладаг учир аав, ээжтэйгээ холбоо бариад хохирлыг төлөх бодолтой байна...” гэв.
Шүүгдэгч Ч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би хар уснаас болоод найз нартаа хохирол учруулсандаа харамсаж байна. Би хохирлыг энэ сардаа багтаан төлөх болно...” гэв.
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Хэрлэн сумын 6 дугаар баг Классик караокены урд талд Г, Т, Ч гэх хүмүүстэй танилцаж ... архи хувааж уугаад тэндээсээ ... Арвин зочид буудлын 2 давхарт 101 тоот өрөөг авч орсон. Ороод би архи уугаагүй унтсан, нөгөө хэд маань яасныг мэдэхгүй. Гэтэл маргааш өглөө нь буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 08 цагийн орчим сэрэхэд миний самсунг А10s маркийн гар утас байхгүй байсан. ...Надад үзүүлсэн камерын бичлэгт Тийн ар халааснаас гаргаж ирж байгаа хар өнгийн хавтастай миний эзэмшлийн гар утас мөн байсан. ...Хохирлыг барагдуулбал ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэжээ. /хх-ийн 32-33, 34/
Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Н, Т бид гурав бид хоёрын авчирсан хоёр шил архиа ууж байхад Т намайг гар утсаа өгчих хүнтэй яриад өгье гээд авсан... миний утсыг буцаагаад өгсөн. Би утсаа аваад хэвтэж байсан орныхоо толгой хэсэгт хажуудаа тавьсан байсан. ...Тэгээд бид гурав унтахаар болсон бөгөөд Н орныхоо хамгийн цаад талд, тухайн эгч голд, би хамгийн наад талд нь унтсан, харин Т газар гудас дэвсээд унтсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө 08 өнгөрч байхад сэрээд босоход Н танихгүй эгч хоёр сэрсэн бөгөөд Т сууж байсан. Тэгээд би утсаа авах гээд тавьсан газраа үзэхэд гар утас байхгүй байхаар нь асуухад ... Т мэдэхгүй гэсэн. ...танил залуу болох С-тэй 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн үдээс хойш СМУ-д байдаг Баян буудлын гадаа таарсан. ...тэгээд найз нь утсаа алга болгочихоод явж байна өчигдөр Н-ын гэрт Т бид хэд хамт архи уусан юм гэж хэлсэн. Тэгсэн С түрүүнд Т өнгөгүй кейстэй саарал өнгийн ардаа 3 камертай тэрнийхээ доор Redmi гэх бичигтэй, урдаа мөн Redmi гэх жижиг бичигтэй шинэ гар утас зарна гээд явж байсан гэж надад хэлсэн...” гэжээ. /хх-ийн 94-95/
Гэрч А.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай ломбарданд Самсунг А10s маркиийн гар утас барьцаалуулан 170,000 төгрөгийг Ч гэх хүн авсан. ...уг гар утсыг орлого болгож аваад лангуун дээр тавьж зарсан байгаа. Гэхдээ ямар хүнд зарсан талаар мэдэхгүй. Лангуун дээрээс бэлэн мөнгөөр зардаг. Ямар хүнд зарсан талаар тэмдэглэл хөтөлдөггүй юм...” гэжээ. /хх-ийн 46/
Гэрч З.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Арвин буудлаас гарахынхаа өмнө Тийн хойд талын халааснаас хар өнгийн хавтастай гар утас гаргаж ирсэн. Тэгэхэд Т сандарсан байдалтай эргэж хараад аваад ир гэж хэлээд надаас тухайн хар хавтастай гар утсыг булааж авсан. Тухайн үед би Тийн утас байх гэж бодсон. Харин дараа нь бодоод байхад Э-ын гаргаж ирж байсан хар өнгийн хавтастай гар утастай адилхан байсан...” гэжээ. /хх-ийн 51-52/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 14 цагийн үед СМУ-гын Баян буудлаас хойшоо гудамжаар явж байхад танил залуу болох Т ганцаараа явж байгаад таарсан. Тэгсэн Т найзад нь аваад удаагүй гар утас байна зарах гэсэн юм гээд өмднийхөө дотор талаас гаргаж ирээд надад харуулсан. Тухайн гар утас нь гадуураа өнгөгүй кейстэй, утас нь саарал өнгөтэй, нүүрэн талд нь Redmi гэх бичигтэй, ар талдаа босоо 3 камертай байсан. Тэгэхээр нь би найзад нь мөнгө байхгүй байна гэж хэлэхэд Т за за гээд энгэрийнхээ халаасанд хийсэн. ...Ттэй таарсны дараахан танил залуу Г-той СМУ-гын Баян буудлын гадаа таарсан. Тэгэхэд Г нь өмнөх өдөр Т, Н нартай Н-ын гэрт нь архи ууж байгаад гар утсаа алга болгочихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т гар утас зарна гээд явж байсан гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 100/
Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Орон дээр бүгд унтахаар хэвтэцгээсэн байсан. Тэр үед Э-ын гар утас орны хажууд ширээн дээр байсан. Тэр үед Э, Г хоёр орон дээр унтаж байсан. Ч над руу хараад Э-ын гар утсыг авч гараад архинд тавих уу гэж асуухаар нь би зөвшөөрөөд гар утсыг нь авсан. ...Ингээд буудлаас гараад Ч бид хоёр салж яваад Кибер гэх нэртэй ломбарданд 170,000 төгрөгөнд барьцаалуулсан. Ингээд уг мөнгөөр нь Ч бид хоёр архи авч уугаад дуусгасан. ...Би хийсэн үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. /хх-ийн 64/
Ч мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би доошоо ресепшин эгч рүү шөнө 01 цагийн үед буухаасаа өмнө Тэд хандаж Э-ын гар утсыг ганц шил архинд тавих уу гэж хэлчихээд буусан. Тэгээд ресепшин эгчтэй юм ярьж байхад Эрдэнээ гараад явсан бөгөөд араас нь Т, Г, А гурав бууж ирсэн ба Э өрөөндөө үлдсэн байсан. Тэгсэн А нь Тийн өмдний арын халааснаас утас гаргаж ирэх шиг болсон, тэгэхэд Т сандраад булааж аваад өмднийхөө халаасанд хийсэн. ...маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үдээс хойш Т надад хандан найз нь гар утсаа авчихлаа бичиг баримт байхгүй байна чи ломбарданд тавиад өгчих гэхээр нь би уг гар утсыг нь СМУ-ын Парис баарны зүүн талд байдаг ломбарданд өөрийнхөө нэр, регистрээ хэлээд 170,000 төгрөгөөр тавьсан. ...Би хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлголоо...” гэжээ. /хх-ийн 67-68/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11, 89/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 12/
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 16, 91/
Хохирогч Э.Э-аас гаргаж өгсөн гар утасны гэрээнүүд /хх-ийн 19-24/
“Дорнын Ингүмэл” ХХК-ний гар утасны ломбардны №14321 дугаартай баримт /хх-ийн 27/
Гэрч М.Э-ын мэдүүлэг /хх-ийн 48/
Гэрч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 54/
Гэрч С.Н-ын мэдүүлэг /хх-ийн 102-103/
Гэрч С.О-ийн мэдүүлэг /хх-ийн 105-106/
Гэрч Б.С-ийн мэдүүлэг /хх-ийн 108/
Тийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 113/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 73-78, 80/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Т, Ч нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Т, Ч нар нь бүлэглэн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт байрлах “Арвин” нэртэй зочид буудлаас хохирогч Э.Э-ын Samsung А10s загварын гар утсыг хулгайлж, бусдад 320.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Т нь ганцаараа 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын ....................... тоотоос хохирогч Д.Г-ийн Redmi Ноте-9 загварын гар утсыг хулгайлж, бусдад 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Э.Э, Д.Г, гэрч А.З, З.А, Б.С, С.Н, С.О, Б.С нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ, хохирогч Э.Э-аас гаргаж өгсөн гар утсны гэрээнүүд, “Дорнын Ингүмэл” ХХК-ний гар утасны ломбардны №14321 дугаартай баримт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т, Ч нар нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууцаар өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Т, Ч нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Т, Ч нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т, Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тэд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Чт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Тийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж, эдлэх ялыг 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Чийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж, эдлэх ялыг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоож шийдвэрлэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Э-т 320,000 төгрөгийн, хохирогч Д.Г-т 700,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Тээс нийт 860.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.Э-т 160,000 төгрөг, хохирогч Д.Г-т 700,000 төгрөг, шүүгдэгч Чоос 160,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-т тус тус олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий “CD” 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ............... овогт Т, ............... овогт Ч нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Чийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тэд оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Чт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т, Ч нарт мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж, эдлэх ялыг 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Чийн цагдан хоригдсон 5 /тав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж, эдлэх ялыг 260 /хоёр зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус тогтоосугай.
6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд шүүгдэгч Тээс нийт 860.000 /найман зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн ............................... тоотод оршин суух, Улаалзай хөгдүүд овогт Э- /.................../-т 160,000 /нэг зуун жаран мянга/ төгрөг, хохирогч Дорнод аймгийн ................................... тоотод оршин суух, ........................ овогт Г /.............../-т 700,000 /долоон зуун мянга/ төгрөг, шүүгдэгч Чоос 160,000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ........................... тоотод оршин суух, .................. овогт Э /................/-т тус тус олгосугай.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Арвин зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий “СD” 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т, Ч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА