| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0500/и |
| Дугаар | 00500 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 00500
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо дээд Салхитын 26 дугаар гудамж 403А тоотод оршин суух “Олхонууд” овогт Солооны Энхбаяр /ДЗ-77012116/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн 3-22 тоотод оршин суух, “Олхонууд” овогт Хишигбаярын Эрдэнэбаатар /РЙ-84101016/-т холбогдох,
Машин түрээсийн төлбөр 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч С.Энхбаяр, хариуцагч Х.Эрдэнэбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
Нэхэмжлэгч С.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би шүүхэд Х.Эрдэнэбаатараас машин түрээсийн төлбөрт үлдэгдэл төлбөрт 3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба одоо 2 сая төгрөгийг өгнө гэвэл эвлэрч болох юм.
Иймд хариуцагч Х.Эрдэнэбаатараас 2.000.000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй эвлэрч байна гэв.
Хариуцагч Х.Эрдэнэбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Одоо нэгэнт л өгөх ёстой төлбөр учир төлбөрийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд С.Энхбаярын 2 сая төгрөг гаргуулна гэдгийг хүлээн зөвшөөрч эвлэрч байгаа тул шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Энхбаяр нь хариуцагч Х.Эрдэнэбаатарт холбогдох машины түрээсийн төлбөрт 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгч С.Энхбаяр шүүх хуралдаанд: “....3.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба одоо 2 сая төгрөгийг өгнө гэвэл эвлэрч болох юм.Иймд хариуцагч Х.Эрдэнэбаатараас 2.000.000 төгрөг гаргуулахад татгалзах зүйлгүй эвлэрч байна....” гэх тайлбар,
Хариуцагч Х.Эрдэнэбаатар: “....С.Энхбаярын 2.000.000 төгрөг гаргуулна гэдгийг хүлээн зөвшөөрч эвлэрч байгаа тул шийдвэрлэж өгнө үү....” гэж шүүх хуралдаанд тайлбар мэдүүлэгч өгч байгаа энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд нэхэмжлэгч С.Энхбаяр, хариуцагч Х.Эрдэнэбаатар нар нь 3.500.000 /төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас “2.000.000 төгрөг”-ийн хэмжээнд харилцан тохиролцож зохигчид эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлөгдөх 46.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Энхбаярт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч С.Энхбаяр, хариуцагч Х.Эрдэнэбаатараас 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.950 /далан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Эрдэнэбаатараас 46.950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Энхбаярт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ