| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0191/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/192 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/192
2021 06 21 2021/ШЦТ/ 192
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Х.Насанжаргал
Хохирогч Д.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Бэд холбогдох 2121000000200 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ах нарын хамт Дорнод аймгийн ........................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 303 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, ................ овогт Б. /РД: ................../
Шүүгдэгч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн .................тоотын гадна хохирогч Д.Б-тай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь тоосгоор цохиж, биед нь дух доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйлгүй. Д.Б эмчилгээний баримтаа гаргаад өгвөл хохирлыг төлнө. Би мөрдөн шалгах ажиллагааны шатанд 200.000 төгрөг өгсөн...” гэв.
Хохирогч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Намайг зүгээр байхад цохисон. Одоогоор миний нойр хулжих, толгой өвдөх гэсэн зовиуртай байна. Би мөнгөгүйн улмаас эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа. Бээс 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Б надад 200.000 төгрөг өгсөн. 1.000.000 төгрөгийг төлчихвөл гомдолгүй ... гэв.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэртээ байж байхад манай арын эгнээнд байдаг найз Одмөнх 15 цагийн үед ирсэн. Тэгээд би О-ийн хамт зүүн тийшээ явж “Ташгайт” буудал орж бид хоёр хүний 4 ширхэг лаазтай пиво уусан. Тэгээд бид хоёр Ташгайт буудлаас гарах гэж байхад үүдэнд О-ийн таньдаг Б гэх залуу таараад юм ярьж байгаад Б нь О бид хоёрыг баруун тийшээ хороололд айлд очиж ууя гэхээр нь бид хоёр дагаад явсан. ...эсгий гэрт ороход 3 хүүхэн байсан бөгөөд Б таньдаг юм шиг байсан. Тэгээд О бид хоёр тэнд байсан эмэгтэй хүмүүстэй танилцаад гаднаас авчирсан том савтай Нийслэл нэртэй пиво хувааж ууцгаасан... Гэр дотор байхад Б намайг пизда минь гаръя гээд агсраад байсан. ... хашааны гадаа байж байхад араас Б, О хоёр араас гарч ирээд миний зүүн нүд рүү Б гараараа цохиход нь би өөдөөс нь ямар нэгэн үйлдэл үзүүлээгүй зогсож байхад газраас тоосго аваад миний толгой руу цохиход нь би ухаан алдаад унасан байсан. Тэгээд нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би толгойдоо 3 оёдол тавиулсан, мөн зүүн нүд хөхөрсөн, толгой өвдөөд байна ... гэжээ. /хх-08-09/
Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нарыг уугаад сууж байхад Д.Б, Б нар хоорондоо хэрэлдэж муудаагүй. Харин байсхийгээд гарч тамхилаад байсан. Бид хэд пиво ууж дуусаад явах болоод Д.Б, Б хоёр түрүүлээд гарсан. Би удалгүй араас нь гарахад тэр хоёр муудаад заамдалцаад зогсож байхаар нь би салгахад Б, Д.Б руу тоосго аваад шидсэн чинь зүүн нүдийг нь онож цус гарсан. Тэгээд Д.Б ээж рүүгээ залгаж дуудсан. ...би эмнэлэг рүү араас нь очихдоо Бтэй чатаар харьцаж хаана байгааг нь асуугаад, дуудаад байхад ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 271 тоот дүгнэлтэд:
1.Д.Бы биед дух, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь тус бүртээ болон бүрдэл байдлаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21-22/
Шүүгдэгч Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...О, Д.Б, У эгчийн хоёр найзууд гээд бид зургаа 2.5 литрийн хэмжээтэй том пиво 2 ширхэгийг хувааж уусан. Тэгээд байж байсан чинь Одмөнх орон дээр хэвтэж байсан, тэгэхээр нь би О-ийг босоорой гэсэн чинь Д.Б гэх залуу нь намайг “Чи яах гээд байгаа юм бэ пизда минь” гэж хэлсэн. Тэгээд Д.Б бид хоёр маргалдаад .... би заамдаж аваад Д.Быг хоёр удаа нуруу бөөрөнд нь цохисон. ... уур хүрээд газарт байсан цагаан өнгийн тал тоосгыг аваад шидчихсэн чинь Д.Бы толгойг оночихсон. Тухайн үед Д.Бы хөмсөгнөөс нь цус гараад байсан. ...би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/
Гэрч Л.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 13/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 23/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 37, 39-45/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ......... овогт Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн орой 20 цагийн орчимд Дорнод аймгийн ..................... тоотын гадна хохирогч Д.Бтай маргалдаж, улмаар толгойн тус газарт нь тоосгоор цохиж, биед нь дух доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би заамдаж аваад Д.Быг хоёр удаа нуруу бөөрөнд нь цохисон. ... уур хүрээд газарт байсан цагаан өнгийн тал тоосгыг аваад шидчихсэн чинь Д.Бы толгойг оночихсон. Тухайн үед Д.Бы хөмсөгнөөс нь цус гараад байсан. ...би өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ... гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Д.Бы мэдүүлэг, гэрч Д.О-ийн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 271 тоот дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч Д.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч Бийн үйлдлийн улмаас хохирогч Д.Бы биед дух, доод уруулын дотор салстын язарсан шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 271 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 200.000 төгрөг төлсөн, цаашид баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг нь харгалзан шүүхээс Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Энэ гэмт хэргийн улмаас Д.Бы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Б нь эмчилгээ хийлгэхтэй холбоотой 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа боловч энэ талаарх баримтыг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхэд ирүүлээгүй байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 200.000 төгрөг төлсөн талаар шүүгдэгч, хохирогч нар шүүх хуралдаанд маргаагүй бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .......... овогт Бийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Хохирогч Д.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА