| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 186/2018/0197/Э |
| Дугаар | 619 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | А.Нямсүрэн |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 619
У.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Нямсүрэн,
шүүгдэгч У.М /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж, шүүгч С.Батгэрэл, Ё.Цогтзандан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Мөнгөнтулгын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн У.Мд холбогдох 1711009760250 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Хан боржигин овогт У-н М, 1985 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянгол дүүргийн ..................... тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ......................../,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 1 жил 15 хоногийг өршөөн хэлтрүүлсэн.
У.М нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох үйлдлээр: - М.Бийг “БНСУ-руу 3 жилийн хугацаатай гэрээгээр ажиллуулж өгнө” гэж 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Төрийн банкны дансаар 3.000.000 төгрөг, тийзний мөнгө хэрэгтэй гэж 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дансаар 1.785.000 төгрөг, нийт 4.175.000 төгрөгийг,
- Ж.Баас “БНСУ-руу виз гаргаж өгнө” гэж 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн үйлчилгээний төвд дансаар 3.000.000 төгрөгийг,
- Б.Мгаас Ж.Баар дамжуулан “БНСУ виз гаргаж өгнө” гэж 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Бирк буудлын орчимд бэлнээр 3.000.000 төгрөг, “тийзний мөнгө өг” гэж 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Чингис зочид буудлын орчимд бэлнээр 1.570.000 төгрөг, мөн “баталгаажуулах хуудас авна” гэж 430.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг,
- М.Пгээс “БНСУ-ын виз гаргаж, Солонгос компанид зуучилж өгнө” гэж 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын орчимдд бэлнээр 1.600.000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дансаар 1.400.000 төгрөг, “тийзний мөнгө хэрэгтэй” гэж 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дансаар 1.570.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны 215.000 төгрөг, нийт 4.585.000 төгрөгийг,
- Б.Боос “БНСУ руу явуулж өгнө” гэж 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны 2-ын орчимд бэлнээр 4.570.000 төгрөгийг,
- О.Оаас “БНСУ руу гэрээгээр ажиллуулах виз гаргаж өгнө” гэж 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Натур худалдааны төвийн орчимд бэлнээр 3.000.000 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр Ж.Бын дансаар дамжуулан 1.500.000 төгрөг, “хилээр саадгүй нэвтрүлэх бичиг авахад” гэж 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Бын дансаар дамжуулан 210.000 төгрөг, нийт 4.710.000 төгрөгийг,
- М.Цгаас “74 дүгээр цэцэрлэгт туслах багшаар оруулж өгнө” гэж 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 320.000 төгрөгийг тус тус залилан авч, хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: У.Мөнгөнтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Хан боржигин овогт Ундралцогийн Мөнгөнтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч У.Мөнгөнтулгыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Мд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Мөнгөнтулгын цагдан хоригдсон нийт 162 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Мас 26.170.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Бэд 4.785.000 төгрөг, Ж.Бт 3.000.000 төгрөг, Б.Мд 4.000.000 төгрөг, М.Пд 4.785.000 төгрөг, Б.Бт 4.570.000 төгрөг, О.От 4.710.000 төгрөг, М.Цд 320.000 төгрөг тус тус олгож,
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн камерийн бичлэгийн хуулбар бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж,
Шүүгдэгч У.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрдэнэбаатар, Цогтбаатар, Солонго, Шинэтуяа, Шижирбаатар, Нарантуяа, Нямдорж, Баяннамар, Маралмаа гэх хүмүүсээс авсан мөнгийг Дугарт өгсөн. Дугар нь “чи хүмүүсээ 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр бэлэн болго” гээд түүний дагуу очиход утсаар яриад хойшлуулаад байсан. Удалгүй 9 дүгээр сарын дундуур би Дугарт хууртсанаа мэдсэн. ...Дугар утсаа авахаа больсон. Энэ үеэс би өөрөөсөө зарим хүмүүсийн хохирлыг төлж эхэлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би цагдан хоригдсоноос хойш Дугар сураггүй болж, хохирол төлбөр барагдуулах боломжгүй болсон. ...Болор, Баяннамар, Маралмаа, Баяннамарын найз бүсгүй, Ганаа, Батбилэг бид хэд мөнгөөр нь наргиж, хамт үрсэн. Гэтэл өнөөдөр надаас юу ч аваагүй гэж хэлээд сууж байна. Мөрдөн байцаагч Батсайханд Дугар гэх этгээдийн талаар хэлэхээр “ажил удаад байна, тийм хүн байхгүй, ажил заалаа” гэж загнадаг. Иймд энэ хэргийг үйлдэхэд гол үүрэг гүйцэтгэгч яллагдагчаар татагдсан эсэхийг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, намайг “Констракшин Фейс” ХХК-р үйл ажиллагаа явуулсан эсэх, бусдаас авах өр авлагатай эсэх, бусдад мөнгө шилжүүлсэн баримтыг хурааж аваад “хураагдсан зүйлгүй” гэж хэргийн материалд тусгасан зэргийг шалган тодруулж өгнө үү. ...Өмнө залилангийн гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан гээд “чи залилан хийж байсан байна, тийм болохоор Дугар гэж хүн ярилгүй ганцаараа хэргээ хүлээ” гээд буруутгаж байна. Болгоомжгүйгээр, нөхцөл байдлыг буруу тооцоолж бусдын үгэнд орж гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч У.Мөнгөнтулгын өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “У.Мөнгөнтулгын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэргийн байдлаар дүгнэлт хийхэд Болорын мөнгө нь Маралмаагийн дансанд орсон, Дугарт мөнгө шилжүүлсэн гэх олон асуудал байдаг. Энэ асуудалтай холбоотой гол нотлох баримтуудыг цагдаагийн байгууллага У.Мас хурааж авсан. Гэтэл хэрэгт миний мөнгө шилжүүлсэн баримт байхгүй байна гэсэн зүйл яридаг. Мөн Пагмасүрэн, Отгонбаатар, Цогзолмаа гэх хүмүүс хэргийн материалтай танилцаагүй байдаг. Шүүхээс ч гэсэн эдгээр хүмүүс хэргийн материалыг танилцуулаагүй. Тэгэхээр энэ хүмүүс шүүх хуралдаанд орсон бол юу ярих байсан, яагаад хэргийн материал танилцуулаагүй зэрэг асуудал гарч байгаа юм. Мөн авсан гэх мөнгөнүүдийг Маралмаа түүний найз залуу Батбилэг, Баяннамар нар хамт хэрэглэсэн гэж ярьдаг. Тэгэхээр У.М нь шүүх хуралдаанд “би Маралмаад өгсөн. 1.000.000 төгрөгийг Баяннамарт өгсөн” гэж хэлсэн. Энэ асуудлыг бас шийдвэрлээгүй. Тэгэхээр энэ асуудлууд дээр дүгнэлт хийхэд энэ хэргийн гэм буруугийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн юм болов уу гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Иймд хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү.” гэв.
Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад Дугар гэх хүнд өгсөн талаарх асуудал хавтаст хэрэгт байхгүй. Энэ нь анхан шатны шүүх хуралдаанд яригдсан асуудал юм. Тэгэхээр энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өөрийнх эсрэг мэдүүлэг өгөх, гэм хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлын нотлох үүрэг хүлээхгүй гэсэн заалтын дагуу хэлж мэдүүлсэн мэдүүлэг гэж миний хувьд үзэж байна. Тийм учраас тухайн Дугар гэх хүнийг олж тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Мөн Маралмаа нь 5.000.000 төгрөг өгөөд мөнгөний хэрэг гарлаа гээд 1.000.000 төгрөгийг буцааж авсан. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон. Мөн тухайн хүмүүстээ ууж идэж мөнгө үрсэн талаар асуудал ярьж байна. Энэ нь яг ямар ажиллагаа хийлгэх гэж байгаа нь тодорхой бус байна. Энэ асуудал нь хохирогч нарыг залилан мэхлэж мөнгө авсны дараа өөрийнх нь хүсэлтээр мөнгөө үрсэн асуудал яригддаг.Тэрнээс биш хохирлоос хасаж тооцох асуудал байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
У.М нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож “Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулах виз гаргаж өгнө, гэрээгээр ажиллуулна, цэцэрлэгт туслах багшаар оруулж өгнө” гэх зэргээр 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл нэр бүхий 7 хохирогчоос 26.170.000 төгрөгийг залилан авсан болох нь:
шүүгдэгч У.Мөнгөнтулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би дээрхи хүмүүсийг Солонгос Улс руу гаргаж өгнө гэж хэлээд мөнгө авсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас/,
хохирогч Ж.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...түүнд итгээд 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр үйлчилгээний төвийн Төрийн банкны АТМ-ээс У.Мөнгөнтулгын дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
хохирогч Б.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...У.Мтай уулзахад гэрээт ажилтнаар явуулна гэж хэлсэн. Тэрнээс хойш хэд хэдэн удаа уулзсан. Эхлээд Ж.Баар дамжуулж У.Мд 3.000.000 төгрөг өгсөн. У.М тийзний мөнгө гэж 1.570.000 төгрөг, дараа нь баталгаажуулах хуудасны мөнгө гэж 430.000 төгрөг авсан. Нийт У.Мд 4.000.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
хохирогч М.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Төрийн банкны төв салбараар У.Мөнгөнтулгын 106100041035 дугаарын дансанд 3.000.000 төгрөг шилжүүлсэн. У.М над руу залгаад “та нарын виз гарчихсан, одоо тийзнийхээ мөнгийг шилжүүлэх хэрэгтэй байна, нэгдсэн журмаар тийз захиалаад ниснэ” гэсэн. Тэгээд би 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр дээрх дансанд 1.570.000 төгрөг шилжүүлсэн чиьн Гадаад хэргийн яамнаас зөвшөөрлийн бичиг авна тэрэнд 215.000 төгрөг шаардлагатай гээд нийтдээ 1.785.000 төгрөгийг шилжүүлж, нийт 4.785.000 төгрөгийг У.Мд өгөөд залилуулсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 23-26 дугаар хуудас/,
хохирогч М.Пагмасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Солонгос компанид зуучилж өгч байгаа гэж хэлээд мөнгөө одоо өгчих гэхээр нь би тэр өдөртөө надад 1.600.000 төгрөг байсан учраас үлдэгдэл 1.400.000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө өгөхөөр болж бичиг баримтаа бүрдүүлж өгсөн. 8 дугаар сарын 23-ны өдөр У.М над руу залгаж зарим Монголоос явах хүний тоо хүрэхгүй байгаа учраас Солонгос тал нь авч явахгүй гээд байна, тийм учраас яаралтай тийзний мөнгө болох 1.570.000 төгрөг хийчих, тэгвэл би зохицуулъя гэхээр нь Замын-Үүд дэх Төрийн банкнаас шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
хохирогч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...өөрийн гадаад пасспорт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулга, 3 үеийн намтар зэрэг бичиг баримтуудыг бүрдүүлээд У.Мтай уулзаж байгаад өгсөн. У.Мд бэлнээр 4.570.000 төгрөг өгсөн. У.М огт сураггүй алга болчихсон.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,
хохирогч О.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...өөрийн “Хаан” банкны данснаас Баяннамарын дансанд 1.500.000 төгрөгийг шилжүүлсэн, Баяннамар нь дансаараа 1.500.000 төгрөгийг аваад У.Мд өгсөн байсан. ...2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ж.Бын дансаар дамжуулан У.Мд 210.000 төгрөг, нийт 4.710.000 төгрөг Солонгос Улс руу зорчих виз гаргуулахаар өгөөд авч чадахгүй залилуулаад байна.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51-53 дугаар хуудас/,
хохирогч М.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...У.М намайг Нийслэлийн 74 дүгээр цэцэрлэгт багшаар оруулж өгнө гэж хэлсэн. ...эхний 200.000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр бэлнээр өгсөн. Дараа нь 120.000 төгрөгийн 2017 оны 11 дүгээр сарын 9-ний орой мобайл банкаар шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
гэрч Х.Батбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...онгоцны буудал дээр байхад “виз гарчихсан, тийз нь хүртэл гарчихсэн байгаа” гээд хүнтэй утсаар яриагүй, ямар нэгэн дуудлага хийгээгүй утасных нь дэлгэц харагдаад байхад л худлаа ярьж байгаа мэтээр яриад л урдуур хойгуур гүйгээд байсан.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/
гэрч Д.Цэцэгсайханы “Отгонбаатар ах тэр хүнд 3.000.000 төгрөг бэлнээр өгсөн.” Гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч У.Мөнгөнтулгын гаргасан “...хохирогч нараас авсан мөнгийг Дугарт өгсөн, би Дугар гэж хүнд хууртсан, болгоомжгүйгээр, нөхцөл байдлыг буруу тооцоолж бусдын үгэнд орж хэрэгт холбогдсон...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй, хэрэгт авагдсан баримтуудаар үгүйсгэгдэж байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Учир нь, мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсан, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Харин хэргийн зүйлчлэлийн хувьд Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас У.Мөнгөнтулгын үйлдлийг “залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч У.М нь урьд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт ял шийтгүүлж “Өршөөл үзүүлэх тухай” хуулиар өршөөн хэлтрүүлэгдэж байсан байх боловч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлд “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх хүндрүүлэх шинж энэ төрлийн хэрэгт байгаагүй,
мөн түүний 2017 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл нэр бүхий 7 хохирогчоос мөнгө залилан авсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл, санаа зорилгыг судлахад “БНСУлс руу хамтад нь виз гаргуулж явуулна, нэг компанид ажиллуулна” гэх зэргээр богино хугацаанд, нэг аргаар хохирогч нарыг хуурч мөнгийг нь авсан үйлдлийг “залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж онцлон хүндрүүлж дүгнэх боломжгүй гэж үзэн хэргийн зүйлчлэлийг өөрчлөв.
Иймд шүүгдэгч У.Мөнгөнтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, харин хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хэмжээг харгалзан У.Мд 3 жил хорих ял оногдуулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Хан боржигин овогт Ундралцогийн Мөнгөнтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хуурч бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заарнаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч У.Мөнгөнтулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Хан боржигин овогт Ундралцогийн Мөнгөнтулгыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг залилж авсан гэм буруутайд тооцсугай” гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч У.Мөнгөнтулгыг 6 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Мөнгөнтулгыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Мд оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Мд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч У.Мөнгөнтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 285 дугаар шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Ц.ОЧ