Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2017/00219

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2017/00219

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

2017 05 26 103/ШШ2017/00219

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Наран хороолол, Нацагдоржийн гудамжны 58 тоотод байрлах, Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 16 дугаар байрны 34 тоотод байрлах, Эгтавт ХХК-д холбогдох татварын өр 2.110.972.6 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад:

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Тус Татварын хэлтэстай харьцдаг Эгтавт ХХК нь 2016 оны жилийн эцсийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар ногдсон 368.535.7 төгрөг, Нийслэл хотын албан татвар 103.854.7 төгрөг, Үл хөдлөх эд хөрөнгийн 2016,2017 оны татвар 500.000 төгрөг, Суутган-1 татварын 396.364.4 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татвар 742.216.8 төгрөг нийт 2.110.972.6 төгрөгийг хуулийн хугацаанд татвар төлөх үүргээс татгалзаж биелүүлэхгүй байна. Тус компаний өрийг барагдуулахын тулд утсаар шаардахын зэрэгцээ Татварын ерөнхий хуульд заасны дагуу 2017 оны 03 сарын 20-нд мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар хүргүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгэлтэй Голомт банкин дахь харилцах дансны зарлагын гүйлгээг 2017 оны 03 сарын 29-нд зогсоосон боловч татварын өр төлөгдөөгүй байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д Татварын алба хугацаанд нь төлөөгүй татварын өрийг хураах ажиллагааг дор дурдсан дарааллаар явуулна, мөн 62.1.3-т шүүхэд нэхэмжлэл гаргах, 70 дугаар зүйлийн 70.1-т Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63,64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу Эг тавт ХХК-иас татварын өр 2.110.972.6 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Эгтавт ХХК-ийн захирал Ш.Золбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Сургалтын задгай 3 дугаар гудамжны 26 тоотод байрлах Эгтавт ХХК нь татварын албанд 2.110.972.6 төгрөгийн өртэй бөгөөд татварын албанаас нэхэмжилсэн энэ мөнгийг 2017 оны 06 сарын 30 гэхэд төлж барагдуулна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнгөнцэцэг, Ц.Сайнхүү нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Манай байгууллага нь Эгтавт ХХК-иас 2.110.972.6 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Эгтавт ХХК нь татварын өрийг 2017 оны 06 сарын 30-ны дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Багануур дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч Эгтавт ХХК-иас татварын өр 2.110.972.6 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан талууд гарын үсгээ зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Багануур дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй, Эгтавт ХХК-д холбогдох татварын өр 2.110.972.6 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч байгууллага нь 2.110.972.6 төгрөгийг 2017 оны 06 сарын 30-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-д зааснаар нэхэмжлэгч Татварын хэлтэс нь тэмдэгтийн хураамж 48.726 төгрөгийг урьдчилан төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Эгтавт ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлөх 48.726 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 24.363 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ