Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2017/00221

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2017/00221

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

2017 05 26 103/ШШ2017/00221

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1976 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, эмэгтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Багануур дүүрэг 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 33 тоотод оршин суух, өмгөөлөгч ажилтай, Ацын Сонгоол овогт Бужгарын Хэрлэнчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1978 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, эрэгтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 33 тоотод оршин суух, Дорноговь аймгийн Мон-Цемент үйлдвэрт засварчин ажилтай Маанштан овогт Оюунхүүгийн Хишигбаатарт /РД: СБ78030912/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Хэрлэнчимэг, хариуцагч О.Хишигбаатар нарийн бичгийн дарга З. Ганцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Хэрлэнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би О.Хишигбаатартай 2005 оны 12 дугаар сард танилцаад 2006 оны 06 дугаар сард гэр бүл болж тусдаа гарсан. 2007 онд гэрлэлтээ батлуулаад 2008 онд охин Х.Балжмаа төрсөн. Би Хишигбаатартай хамт амьдраад 10 жил болж байна, анх суухдаа би дагавар хүүхэдтэй суусан. Сүүлийн хэдэн жил Хишигбаатар бид хоёр байнгын хэл амтай, маргаантай байх болсон. Гэхдээ намайг зоддоггүй байсан. Хишигбаатар миний хүүд муу ханддаггүй ч, тийм ч сайн ханддаггүй. Намайг Хишигбаатартай суухад түүний ээж нь их дургүй байсан, надтай хүүгээ суулгахгүй гэж нэг хэсэг үзсэн. Намайг охиноо төрүүлэх гээд жирэмсэн байхад Хишигбаатарын ээж нь өөрийнхөө цехэд ажилладаг Батцэцэг гэдэг охинтой суулгана гээд яриад байдаг байсан. Түүнээс хойш хэдэн жилийн дараа ээж нь бас л өөрийнхөө найзын охинтой суулгана гээд гүйгээд байсан. Бид хоёрын муудах шалтгаан тийм ноцтой биш, Хишигбаатар нь архи дарс уудаггүй болохоор гайгүй, гэхдээ амьдралын ямар ч идэвхигүй. Бид хоёрын амьдралд түүний эцэг эх хамаатан садангууд нь байнга оролцож, амьдрахад дарамттай хэцүү байх болсон. Энэ бүх зүйл үргэлжилж би ч Хишгээд уурлаж, намайг дагавар хүүхэдтэй гэж ад үзлээ гэж хэрэлдэж уйлдаг байсан. Хишигбаатар нь 2012 оноос гэрээсээ хол ажил хийх болсон. Өмнө нь тогтсон ажилгүй байсан бөгөөд ээжийнхээ талхны цехэд жолооч хийгээд цалинжаад, авсан цалингаараа амьдардаг байсан. Би Хишигбаатарт ар гэрээсээ тусдаа ажил хийж амьдаръя, хэл ам ихтэй байна гэж үглэж байгаад Энержи Рисурст ажилд орсон. Хишигбаатар нь хэдэн сараар гэрээсээ хол ажил хийх болж би гэртээ том болсон хүү, нялх хүүхэдтэйгээ төсвийн цалингаар арай гэж амьдарч, цалингаас цалингийн хооронд, өр зээлтэй, өрнөөс өрний хооронд амьдардаг байсан. Ямар ч гэр бүл гэх зүйл, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй болсон. Би одоо өөр хүнтэй хамт амьдарч байгаа, цаашид Хишигбаатартай хамт амьдрах боломжгүй. Өмнө нь энэ асуудлаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан, тэр үед ч эвлэрээгүй, цаашид одоо хамт амьдарч байгаа хүнтэйгээ амьдарна. Хишигбаатартай хүйтэн хөндий харилцаатай болоод 5-6 жил, бэлгийн харьцаанд ороогүй 2 жил болж байгаа. Би Хишигбаатарыг цаанаа өөр хүнтэй байх гэж боддог. Өмнө нь Хишигбаатарт чи надтай яагаад унтахгүй байгаа юм бэ? чи унтахгүй яаж болгоод байна вэ? гэхээр болгоно шүү дээ гэж тоглоом болгоод өнгөрдөг. 1 жилийн өмнө бас энэ тухай асуухад өр зээл гээд зөндөө асуудал байхад юун унтаж хэвтэх гэж хэлж байсан.1 дүгээр сараас хойш бид тусдаа амьдарч байгаа. Би одоо Улаанбаатар хотод хуулийн нөхөрлөл байгуулаад ажиллаж амьдарч байна. Манай хоёр хүүхэд надтай хамт байгаа, би өөр дээрээ авсан. Би гэрлэлтээ цуцлуулж, охин Балжмаагаа өөрийн асрамжид авъя гэсэн шаардлага тавьж байгаа. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, эд хөрөнгийн маргаан дээрээ эвлэрсэн, эвлэрлийн гэрээгээ шүүхэд өгсөн гэв.

Хариуцагч Хишигбаатар шүүхэд өгсөн хариу тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Хэрлэнчимэгийн нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, шүүх хуралдаан дээр Хэрлэнчимэгийн ярьсан бүгд үнэн, маргах зүйлгүй, эд хөрөнгөн дээрээ эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, охин Х.Балжмаагийн төрсний гэрчилгээний хуулбар, хүү Б.Тэмүүжингийн төрсний гэрчилгээний хуулбар, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, эвлэрүүлэн зуучлагчид хандан гаргасан хариуцагчийн хүсэлт, Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Эрүүл мэнд Нийгмийн даатгал хэлтсийн лавлагаа, Х.Балжмаагаас асууж авсан тайлбар, Хаан банкны зээлийн дансны хуулга, зохигчдын эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Б.Хэрлэнчимэг нь хариуцагч О.Хишигбаатарт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, шүүхийн шийдвэр гарахаас өмнө гэрлэгчид дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагад эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан шүүхэд ирүүлсэн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчид 2005 онд танилцан хамтран амьдарч байгаад 2007 онд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн, гэр бүл болж амьдрах хугацаандаа 2008 оны 6 сарын 13-ны өдөр охин Балжмааг төрүүлсэн болох нь гэрлэлтийн баталгааны хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Гэрлэгчид нь гэр бүлийн таарамжгүй харьцаа, байнгын хэрүүл маргаантай байсан, нөхөр Хишигбаатар нь гэрээсээ хол олон хоногоор ажил хийхээ явдаг, амралтаараа ирэх хугацаандаа эхнэр нөхрийн харьцаагүй байсны улмаас бие биенээ гэх хайр сэтгэлгүй болж 5-6 жилийн өмнөөс хөндийрсөн, эхнэр Хэрлэнчимэг нь өөр хүнд хайр сэтгэлтэй болж хамтран амьдарч байгаа, Багануур дүүргийн Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, цаашид эвлэрч хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт зааснаар гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, зохих үр дүнд хүрэхгүй гэж шүүх үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.4 дэх хэсэгт гэрлэгчид хүүхдийн асрамжийн асуудлыг өөрсдөө тохиролцож болохоор заасан бөгөөд охин Балжмааг эх Хэрлэнчимэгийн асрамжинд үлдээхийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө байна гэж зааснаар гэрлэгчдийн амьдарч буй Багануур дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 22 дугаар байрны 33 тоот 1 өрөө орон сууц нь тэдний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байна.

Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүдийг оролцуулан нийт гишүүдэд адил байна гэж хуульчилсан.

Гэрлэгчид нь хамтран амьдарч байх хугацаандаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг банкнаас орон сууцны зээл авч худалдан авсан байх ба зээлийн үлдэгдэл нь 18.971.317 төгрөг байгаа болох нь Хаан банкны 2017.05.26-ны өдрийн Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга-аар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах шаардлагад Хариуцагч О.Хишигбаатар нь 22 дугаар байрны 33 тоот 1 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээж Хаан банканд байгаа орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр болох 18.971.317 төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгах, заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч О.Хишигбаатар нь 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 22 дугаар байрны 33 тоот 1 өрөө орон сууцнаас эхнэр болон 2 хүүхдэд оногдох хэсэг болох 15.000.000 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь болох 9.485.658 төгрөг нийт 24.465.658 төгрөгийг нэхэмжлэгч Б.Хэрлэнчимэгт өгөхөөр, хариуцагч нь зээлийн төлбөрийг 2017.08.01-ний өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч Б.Хэрлэнчимэг нь 24.465.658 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан 2 тал гарын үсгээ зурж шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид гэрлэлт цуцлуулах шаардлагад 70.200 төгрөг, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад 70.200 төгрөг, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах шаардлагад 257.950 төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар 128.975 төгрөг төлөхөөс чөлөөлөгдөж нийт 269.375 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 269.375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2-д зааснаар Ацын Сонгоол овогт Бужгарын Хэрлэнчимэг, Маанштан овогт Оюунхүүгийн Хишигбаатар нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн Хишигбаатарын Балжмааг эх Б.Хэрлэнчимэгийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах шаардлагад Хариуцагч О.Хишигбаатар нь 22 дугаар байрны 33 тоот 1 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээж, Хаан банканд байгаа орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр болох 18.971.317 төгрөгийг 2017 оны 08 сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгах, заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хариуцагч О.Хишигбаатар нь 20.000.000 төгрөгийн үнэ бүхий 22 дугаар байрны 33 тоот 1 өрөө орон сууцнаас эхнэр болон 2 хүүхдэд оногдох хэсэг болох 15.000.000 төгрөг, зээлийн үлдэгдэл төлбөрийн 50 хувь болох 9.485.658 төгрөг нийт 24.465.658 төгрөгийг нэхэмжлэгч Б.Хэрлэнчимэгт өгөхөөр, хариуцагч нь зээлийн төлбөрийг 2017.08.01-ний өдрийн дотор төлж барагдуулсан тохиолдолд нэхэмжлэгч Б.Хэрлэнчимэг нь 24.465.658 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэхгүй байхаар зохигчид эвлэрснийг баталсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Хишигбаатараас 269.375 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Хэрлэнчимэгт олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ