| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0195/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/194 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Х.Насанжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Х.Насанжаргалаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт Бөд холбогдох 2121001290195 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1958 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ...................... гэх газар оршин суух, гавьяа шагнал: Хүнс, хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол, тэмдгээр шалнагдаж байсан, ял шийтгэлгүй, .............. овогт Б /РД: ................./
Шүүгдэгч Б нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Бонго маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодон Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, мөн дүрмийн 3.7.а-д Жолооч согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч Г.Д-ийн жолоодож явсан улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Г.Д зорчигч Г.В нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд архи дуусаад Г.В бид хоёр эртхэн адуугаа хайхаар явлаа гээд Б ахын гэрээс гарсан. Тэгээд Б ах Г.В бид хоёрыг гэрээсээ гаргаж өгөөд би Даюун маркийн улсын дугааргүй мотоциклоо бариад Г.В миний ард суугаад Б ахын гэрээс урагшаа буюу ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт явж байтал гэнэт араас машин ирээд мөргөчихсөн. Тэгээд Г.В бид хоёр мотоциклтойгоо онхолдож шидэгдээд газар хэвтсэн. Үүний дараа би газраас босох гэсэн боловч босож чадахгүй байсан. ...Харин Г.В миний урд талд газарт ухаангүй бололтой хэвтэж байсан. Би тухайн үед өвдөлтөөсөө болоод шоконд ороод ухаан алдаад байсан. Нэг харсан Б ахын эхнэр нь ирчихсэн хажууд гайгүй юу гээд байж байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна нэг мэдсэн эмнэлэгт ирсэн байсан. ...Осолд орсноос хойш Б ах эмчилгээний зардалд 3 сая төгрөг өгсөн. ...цаашид хагалгаанд орохоор болвол эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/
Хохирогч Г.В мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд Г.Д бид хоёр орой болохоос өмнө адуугаа хайхаар явлаа гээд гарсан. Гэтэл Б Г.Д бид хоёрыг гэрээсээ гаргаж өгөөд Г.Д өөрийнхөө мотоциклийг бариад би ар талд нь суугаад хөдөлсөн харин Б ах гэр рүүгээ орсон. Тухайн үед хэдэн цаг болж байсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан үд өнгөрчихсөн байсан. Тэгээд шороон замаар явж байсан чинь Б өөрийнхөө цэнхэр өнгийн Бонго маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ хөдөлж байсан. Тэгсэн би сумын эмнэлэгт ухаан орсон. Би тухайн үед Б ахыг араас ирээд Г.Д бид хоёрыг мөргөснийг мэдээгүй, араас ирж байгааг нь ч мэдээгүй. ...Надад нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
Гэрч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би дүүгийнхээ хүүхдийг дуудаад хургалсан хоёр хонио ачаад гэрийнхээ урд талын гүвээг даваад хойшоо гэр рүүгээ явж байхад баруун талын зам дээр манай машин харагдахаар нь Бийн хөлийнх нь шөрмөс дахиад татаад зогсож байгаа юм байх гэж бодоод яваад очтол манай нөхөр Б болон Г.Д, Г.В нар газраар хэвтэж байсан. Харин Б нь мориноосоо буугаад хажууд нь сууж байсан. Тэгээд би тухайн үед маш их айж сандраад сумын цагдаа болон эмнэлгийн газар руу хандаж ... дуудлага мэдээлэл өгсөн. Тухайн үед би маш их айж сандарсан байдалтай уйлж байгаад утсаар ярьж байснаа л санаж байна. Их удалгүй сумын төвөөс эмч болон цагдаа нар хүрч ирээд Г.Д, Г.В хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгээд би Б ахын гэрээс гараад 2-3 км орчим явж байхад араас Г.Даа мотоциклоо бариад Г.В ард нь суугаад миний араас хүрч ирсэн юм. ...Г.В өврөөсөө тал шил 0,75 литрийн Болор архи гаргаж ирсэн. Тэгэхэд нь би тэр архинаас нь 2-3 хундага уучихаад за би гэр рүүгээ явлаа гэж хэлээд тэр хоёроос түрүүлээд мориндоо мордоод явж байхад араас Б ахын машин ирж байгаа харагдсан юм. Г.Д, Г.В хоёр мотоциклтойгоо хөдөлж байсан. Төд удалгүй түс тас хийх чимээ сонсогдсон юм. Би гайхаад эргээд хартал мотоциклтой явж байсан хоёр хүн газар унасан байсан. Би буцаад яваад очиход Б ах машиныхаа гадна хөлийн шөрмөс татчихлаа гээд хэвтэж байсан. Харин Г.Д миний хөл эвгүй болчихлоо хөдөлж болохгүй байна гээд хэвтэж байсан. Г.В доошоо хараад хэвтэж байсан. Энэ үед Б ахын эхнэр Ц эгч ирээд яанаа хүн үхчихлээ гэж сандарч уйлж хашгираад сумын цагдаа болон эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/
Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Энхтамирын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай магадлагаа:
Жолооч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Жолооч Г.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.
Уг зам тээврийн осол нь жолооч Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас гарсан байна гэжээ. /хх-ийн 25/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 75 тоот дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Г.Дийн биеэс авсан гэх цусанд 1 промилли спиртийн алкоголь илэрч байна. Согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 53-54/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 74 тоот дүгнэлтэд:
1. Шинжилгээнд ирүүлсэн Г.В-гийн биеэс авсан гэх цусанд 0,9 промилли спиртийн алкоголь илэрч байна. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 60-61/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 226 тоот дүгнэлтэд:
1. Г.В-гийн биед зүүн эгэм ясны 1/3-ны хэсгийн далд зөрөөтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 63-64/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 251 тоот дүгнэлтэд:
1. Г.Дийн биед баруун дунд чөмөгт ясны хүзүүний суурь хэсэг, дээд 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл.
3. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 79-80/
Б нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...бид нэг хэсэг ярьж байгаад Г.Д мотоциклоо бариад Г.В ард нь суугаад манай гэрээс ертөнцийн зүгээр урагшаа явсан юм. ...явснаас нэлээн хойш би бэлчээрт байгаа хонь руугаа очиж шинэ төрсөн хонь, хургаа машиндаа ачиж гэр рүүгээ зөөх санаатай гэрийн гадаа байсан өөрийн эзэмшлийн Бонго маркийн ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодон гэрээсээ урагш замгүй газраар ойролцоогоор 30-40 км/цаг хурдтай явж байсан бөгөөд миний урд Г.Д, Г.В нар мотоцикльтой явж байхаар нь би тэдний зүүн гар талаар нь гүйцэж түрүүлж өнгөрөх санаатай гарах гэж байх үед тэр хоёр намайг өөрсдийнхөө баруун гар талаараа өнгөрүүлэхээр зүүн гар тал руугаа эргэх үед нь би машинаа зогсоох арга хэмжээ авах гэсэн боловч миний баруун хөлийн шөрмөс тоормоз дарахаар огцом эвгүй хөдөлснөөс болж татаж машинаа зогсоож чадалгүй тэдний араас нь жолоочийн эсрэг тал буюу баруун гар талаараа мөргөсөн. Ингээд би тэднийг мөргөөд машинаа зогсоогоод машинаас буугаад тэр хоёр руу очих гэсэн боловч миний хөл татсан тул хөл дээрээ босч чадахгүй газарт унаад мөлхөөд тэдэн рүү очиж яаж байна гэж асуусан. ...би тээврийн хэрэгсэл жолоодох ВС ангилалтай. Би осол болох үед хамгаалах бүс зүүгээгүй байсан. ...Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...Миний бие өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч Г.Вд эмнэлэгт хэвтэж байхад нь эмчилгээний зардал болгож 2,200,000 төгрөг өгсөн. ...Харин хохирогч Г.Дийг эмчлэгдэж байхад нь 3 сая төгрөгийг түүний эхнэрийнх нь дансаар шилжүүлсэн. ...цаашид эмчилгээний мөнгө хэрэгтэй болвол төлнө....Өөрийн санамсар болгоомжгүй үйлдлээсээ болж ийм осол гаргасандаа их харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 89-92/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-18/
Зам тээврийн ослын схем зураглал /хх-ийн 19/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 20/
Зам тээврийн осолд холбогдсон Bongo маркийн ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21/
Зам тээврийн осолд холбогдсон Dayun маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22/
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 23/
Г.Дийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 32/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 70/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 93/
Хохирол төлсөн хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 126-127/
Дорнод аймгийн ******* сумын Сум дундын эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 117/
Эд хөрөнгө битүүмжлэх тухай Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4/06, 4/07 тоот тогтоолууд /хх-ийн 111-112, 114-115/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 113, 120/
Шүүгдэгч Бөөс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримт /задгай 1 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч ......... овогт Б нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 16 цагийн орчим Bongo маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, согтуурсан үедээ жолоодон Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг ******* гэх газарт Замын хөдөлгөөний дүрмийн 3.1.а. Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/, мөн дүрмийн 3.7.а-д Жолооч согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас хохирогч Г.Дийн жолоодож явсан улсын дугааргүй Даюун маркийн мотоцикльтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Г.Д, зорчигч Г.В нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, хохирогч Г.Д, Г.В, гэрч Б.Ц, Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон Bongo маркийн ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Dayun маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэлд тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, жолооч Бийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Дорнод аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Энхтамирын 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 05 дугаартай магадлагаа, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 226 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 251 тоот дүгнэлт, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолууд, эд зүйлийн үнэлгээ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Бөд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Бийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 23/ -ээр спиртийн агууламж 2,11 промиль (%) илэрсэн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Г.Д, Г.В нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний төлбөрт хохирогч Г.Дид 3,000,000 төгрөг, хохирогч Г.Вд 2,200,000 төгрөг төлсөн. Мөн хохирогч Г.Дийн эзэмшлийн 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Dayun маркийн улсын дугааргүй мотоциклийн үнэ болгож 2,100,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн. Хохирогч Г.В нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэж, хохирогч Г.Д нь “...одоогоор нэхэмжлэх зүйлгүй, хадаас авахуулах үед гарах зардлаа тухайн үед нь нэхэмжилнэ...” гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б нь гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй юм.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан. Шүүхээс шүүгдэгч Бийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч нарын гомдол саналгүй гэх мэдүүлэг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Бөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс тоолно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй тул Прокурорын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4/06, 4/07 тоот тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Б нь хохирогч Г.Дийн эзэмшлийн мотоциклийн үнийг төлсөн тул “Dayun” маркийн улсын дугааргүй мотоцикл, Bongo маркийн ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг шүүгдэгч Бөд олгож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Дид эд хөрөнгө болон эрүүл мэндэд учирсан хохиролд 5,100,000 төгрөг, хохирогч Г.Вд эрүүл мэндэд учирсан хохиролд 2,200,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь шүүхий шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ........... овогт Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар шүүгдэгч Бийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бөд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан үеэс тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь хохирогч Г.Дийн эрүүл мэнд болон эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохиролд 5,100,000 төгрөг, хохирогч Г.Вгийн эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,200,000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, прокурорын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 4/06, 4/07 дугаартай тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгчийн эзэмшлээс битүүмжилсэн “Bongo” маркийн ******* ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хохирогч Г.Дийн эзэмшлээс битүүмжлэгдсэн “Dayun” маркийн улсын дугааргүй мотоцикл зэргийг шүүгдэгч Бөд олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА