| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0188/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/197 |
| Огноо | 2021-06-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/197
2021 06 25 2021/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Х.Насанжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн
Гэрч М.М /онлайн/
Шүүгдэгч У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Ут холбогдох 2121000000182 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1973 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Халхгол суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай 1 дүгээр багийн Засаг дарга ажилтай байсан /2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн/, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ......................... тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ............. овогт У /РД: ................/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн Засаг дарга буюу нийтийн албан тушаалтан У нь Чойбалсан сумын “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл”-ийн гишүүнээр ажиллан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.4-д заасан “Энэ журмын 3.3.2, 3.3.3-т заасан зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй” гэх заалтыг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохыг тус тус хориглосон” байхад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдаанд оролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Б.П-гийн “Хадлан” төслийг дэмжиж 20.000.000 төгрөгийн зээлийг олгуулан бусдад давуу байдал бий болгосон, мөн төслийн санхүүжилтээс 19.500.000 төгрөгийг өөрийн эхнэр С.Ч-ийн арилжааны банкны харилцах дансаар дамжуулан авч, өөрийн малчны, хүүхдийн хадгаламж барьцаалсан, эхнэр С.Чулуунсумъяагийн цалингийн зээл зэрэг арилжааны банкны өндөр хүүтэй зээлийг төлөхөд зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр хүртэл “Хулстай” багийн Засаг даргаар ажиллаж байсан. Хуульд зааснаар бид нараас ашиг сонирхлын эсрэг мэдүүлэг авах ёстой байсан юм байна лээ. Тухайн үед бид нараас ашиг сонирхлын мэдэгдэл авдаггүй байсан. Би дүүтэйгээ хамтарч юм хийдэг. Тэгээд тухайн мөнгийг аваад 05 дугаар сард хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг авсан. Би өөрийн хариуцлагагүй үйлдлээс болоод гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Би хөгжлийн бэрхшээлтэй эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг тул хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэв.
Гэрч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Би Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн мэргэжилтнээр ажилладаг байсан. Би хурлын үед болсон үйл явц болон хүмүүсийн хэлсэн үгийг цаасан дээр гараар тэмдэглээд дараа нь компьютер дээр бичиж хэвлэж гаргадаг. Дорнод аймгийн хэмжээнд ашиг сонирхлын мэдүүлгийг авдаг сум нэг ч байхгүй. Хэрвээ ашиг сонирхлын мэдүүлгийг гаргах ёстой гэвэл бүх сум хэрэгжүүлээд явах ёстой. Хуралд оролцогч өөрийн хамаарал бүхий этгээдийн төсөл хэлэлцэх гэж байгаа бол тухайн хуралд оролцохгүй байх бүрэн эрхтэй шүү дээ. У нь тухайн хуралд оролцсон. Би хурал дээр яригдсан зүйлийг л тэмдэглэлд тусгасан байгаа. Түүнээс биш хэлээгүй зүйлийг өөрөө зохиогоод бичнэ гэж байхгүй. Би өмнөх хурлуудын явцад “санхүү албаны дарга нь хуралд оролцож болохгүй. Харин орон тооны бус гишүүнээр оролцох боломжтой” гэдэг талаар удаа дараа хэлж байсан. Энэ талаар тэмдэглэлүүдэд тусгагдсан. Анх нарийн бичгийн даргаар Нарангэрэл гэдэг хүн ажиллаж байсан. Би Засаг даргад хандан “нарийн бичгийн даргаар жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн хурлын нарийн бичгийн даргаар ажиллах ёстой” гэж хэлэхэд Засаг дарга “өмнөх албан тушаалтан нарийн бичгийн даргаар ажиллаж байсан учир чи нарийн бичгийн даргаар ажиллах ёстой” гэж хэлсэн…” гэв.
Иргэний нэхэмжлэгч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.П нь 2019.12.10-ны өдөр 20 сая төгрөгийн зээлийг авсан, түүнээс хойш 6,600,000 төгрөгийг төлсөн, одоо үндсэн зээлээс 13,400,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь зээлийг хуваарийн дагуу төлөөд явж байна гэсэн үг. ...нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/
Гэрч Ц.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чойбалсан сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах зөвлөлд ...2014-2020 оныг хүртэл гишүүнээр тус тус ажилласан. Би он сарыг нь нарийн сайн санахгүй байна. ... Б.П ... нар сум хөгжүүлэх сангаас тус бүр 20 сая төгрөгийн зээлийг авсан. ...Б.П нь хадлангийн үйл ажиллагаа явуулахаар төсөл бичиж зээлэнд хамрагдсан. Дээрхи төслүүдийг дэмжихгүй бол зөвлөлийн дарга болох Засаг дарга өрөөндөө дуудаж дарамталдаг байсан. ...Надад Засаг дарга нар нь төслийг нь дэмжээд өг гэх зэргээр нөлөөлж байгаагүй. ...багийн Засаг дарга нар нь өөрийн нөхөр, дүү нарын төсөл орж ирэхэд ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдлийг гаргаж байгаагүй, ямар учраас гаргадаггүй байсныг нь мэдэхгүй байна. Дээрх хүмүүсийн хамааралтай төслүүд орж ирэхэд тэд ямар байр суурьтай байсныг би анзаарч харж байгаагүй. Ямар ч байсан дэмжигдээд л олгодог байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33/
Гэрч Ч.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх зөвлөлд 2016 оноос эхлэн ажилласан. ...Би Д, Б.П нарын төслийг хэлэлцэх хуралдаанд оролцсон....Б.Пгийн төслийг хэлэлцэхэд нилээн олон төсөл цуг хэлэлцсэн, би Б.Пгийн төслийг дэмжээгүй, гэхдээ хурлын тэмдэглэлд дэмжсэн гээд тэмдэглэгдсэн байгаа. Учир нь би бусад төслүүдийг дэмжсэн байр суурьтай байсан. Гэтэл хурлын тэмдэглэлд бичихдээ бүгдийг нь дэмжсэн байр суурьтай тэмдэглэсэн байсан. Дээрх төслүүдийг хэлэлцэхэд надад багийн Засаг дарга П.Д, У нар нөлөөлсөн зүйл байхгүй. Ашиг сонирхлын мэдэгдэл гаргадаг эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн төслийн зөвлөлийн гишүүд нь дээрх мэдэгдлийг огт гаргаж байгаагүй, тиймээс би энэ талаар мэдэхгүй байна. ...Тухайн хурлын тэмдэглэлийг дараа нь бичиж гаргасан байх. Б.Пгийн төслийг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн гишүүдээр гарын үсэг зуруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/
Гэрч С.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би нөхрийгөө хэзээ ямар төсөл бичсэн талаар мэдэхгүй байна. Харин сүүлд зээл авах болоход батлан даагч, мөн байшингийн гэрчилгээ хэрэгтэй байна гэхээр нь мэдсэн. Ингээд байж байтал 2019.12.10-ны өдөр нөхрийн төрсөн дүү Б.Пгийн данснаас миний хаан банкны 5418007916 тоот дансруу 19,500,000 төгрөг шилжиж орсон. Тухайн үед Б.П нь хөдөө ажиллаж байсан, бодвол нөхөр Утай ярьж тохирсон юм байгаа биз над руу ямар ч байсан дээрх мөнгийг шилжүүлсэн. Ингээд нөхөртэйгээ яриад дээрх зээлийн мөнгөнөөс би өөрийн ХААН банкнаас авсан цалингийн зээлийн үлдэгдэл болох 6 сая төгрөгийг барагдуулсан, манай нөхөр малчны зээлийн үлдэгдэл, охин Мичидмаагийн хадгаламж барьцаалсан 4 сая гаран төгрөгийн зээлийг тус тус Төрийн банкинд тушааж хаасан. Нөхөр бид хоёр дээрх жижиг дунд бизнесийг дэмжих сангаас авсан зээлээ дүүгийн хамт төлж байгаа. Одоо тус зээлээс 13 сая гаран төгрөгийн үлдэгдэлтэй байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/
Гэрч Б.Пгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 онд Чойбалсан сумын төвөөс Хятадын хөрөнгө оруулалттай үр тариа рапс тариалдаг компанид хураалтын ажил хийж байгаад сум хөгжүүлэх сангаас хадлан хийх төсөл бичиж зээл авч болох талаар Чойбалсан сумын багийн Засаг даргаар ажилладаг манай төрсөн ах У надад хэлэхээр нь би тухайн зээлд хамрагдах хүсэлтэй байгаагаа ахдаа хэлсэн. Тэгээд манай ах У надад тусалж хадлангийн төслийг бичиж Тамгын газрын төрийн сангийн ажилтанд өгсөн байсан. Би өөрийн биеэр сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хуралд оролцоогүй. 2019.12.10-ны өдөр манай ах У над руу утсаар яриад чиний төсөл дэмжигдсэн байна, чи ирж зээлийн гэрээндээ гарын үсэг зур гэхээр нь тариа бригадаас сумын төвд ирж сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөг авах зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн үед манай ах У надад мөнгө зээлээч гэсэн болохоор нь зээлийн гэрээг бичгээр хийж 19.5 сая төгрөгийг эхнэр Чулуунсумъяагийн данс руу шилжүүлж өгсөн. ...би төслийн зээлийн мөнгөөрөө 2020 оны 05 дугаар сард Төв аймгийн Баянчандмань сумын иргэн А гэх хүнээс 1 пад тракторыг 7 сая төгрөгөөр, орос өвс преслэгчийг 13 сая төгрөгөөр тус тус худалдан авсан. Тухайн техник тоног төхөөрөмжийн мөнгийг А гэх хүнд бэлэн 20 сая төгрөг өгч авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-68/
Гэрч П.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.П ... нарын төслийг хэлэлцэхэд би дэмжсэн байр суурьтай оролцсон. Хурлаас өмнө төслийг бид нарт танилцуулдаггүй, хуралдаан дээр л танилцуулдаг. Дээрх төслүүдийг хэлэлцэхэд багийн Засаг дарга ... У дэмжээрэй гэх зэргээр надад ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 69-70/
Гэмт хэргийн шинжтэй мэдээлэл танилцуулах тухай /хх-ийн 17/
Прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 4/02 дугаартай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 19-20, 21-23/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24/
Цалин болон малчны зээл хаасан баримтын хуулбар /хх-ийн 63/
Арилжааны банкнаас ирүүлсэн дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 88-89, 93-95/
Б.Пгийн депозит дансны 2019.12.10-ны өдрөөс 2020.02.25-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 92/
С.Чулуунсумъяагийн депозит дансны 2019.12.09-ний өдрөөс 2019.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 97/
Уын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 102-103/
Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн болон гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 106/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108/
Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Уыг Хулстай багийн Засаг даргаар томилох тухай”/16 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 110/
Чойбалсан сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн жагсаалт /хх-ийн 113/
Дорнод аймгийн Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 115/
Дорнод аймгийн Чойбалсан сумын сум хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх сум хөгжүүлэх төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2019 оны 13 дугаар сарын 02-ны өдрийн №002 тоот хурлын тэмдэглэл /хх-ийн 117-122/
Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай” А/146 дугаартай захирамжийн хуулбар /хх-ийн 123/
Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 124-132/
Санхүүгийн албанд цохсон “Б.Пгийн зөвлөлийн хурлаас баталсан 20 сая төгрөгийн зээлийг олгуулах” хүсэлт, төлбөрийн хүсэлт /хх-ийн 133-134/
Б.Пгийн Хадлан төслийн хуулбар /хх-ийн 135-139/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ут холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Албан тушаалын гэмт хэрэг хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шудрага ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдагаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ............. овогт У нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн Засаг дарга буюу нийтийн албан тушаалтан нь Чойбалсан сумын “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл”-ийн гишүүнээр ажиллан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.4-д заасан “Энэ журмын 3.3.2, 3.3.3-т заасан зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй” гэх заалтыг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохыг тус тус хориглосон” байхад 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдаанд оролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Б.Пгийн “Хадлан” төслийг дэмжиж 20.000.000 төгрөгийн зээлийг олгуулан бусдад давуу байдал бий болгосон, мөн төслийн санхүүжилтээс 19.500.000 төгрөгийг өөрийн эхнэр С.Чулуунсумъяагийн арилжааны банкны харилцах дансаар дамжуулан авч, өөрийн малчны, хүүхдийн хадгаламж барьцаалсан, эхнэр С.Ч-ийн цалингийн зээл зэрэг арилжааны банкны өндөр хүүтэй зээлийг төлөхөд зарцуулж өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Уын “...Би дүүтэйгээ хамтарч юм хийдэг. Тэгээд тухайн мөнгийг аваад 05 дугаар сард хэрэгцээтэй тоног төхөөрөмжийг авсан. Би өөрийн хариуцлагагүй үйлдлээс болоод гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна ...” гэх үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч М.М-ийн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч С.Ч, Б.П, Ц.Х нарын мэдүүлэг, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Батмөнхийн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл танилцуулах тухай санал, эд зүйлийн үнэлгээ, цалин болон малчны зээл хаасан баримтын хуулбар, арилжааны банкнаас ирүүлсэн дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, Б.Пгийн депозит дансны 2019.12.10-ны өдрөөс 2020.02.25-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, С.Ч-ийн депозит дансны 2019.12.09-ний өдрөөс 2019.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгчийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Уыг Хулстай багийн Засаг даргаар томилох тухай”/16 дугаартай захирамжийн хуулбар, Чойбалсан сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн жагсаалт, Дорнод аймгийн Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тогтоолын хуулбар, Дорнод аймгийн Чойбалсан сумын сум хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх сум хөгжүүлэх төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2019 оны 13 дугаар сарын 02-ны өдрийн №002 тоот хурлын тэмдэглэл, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай” А/146 дугаартай захирамжийн хуулбар, Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар, Санхүүгийн албанд цохсон “Б.Пгийн зөвлөлийн хурлаас баталсан 20 сая төгрөгийн зээлийг олгуулах” хүсэлт, төлбөрийн хүсэлт, Б.Пгийн Хадлан төслийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Нийтийн албан тушаалтан гэдэгт “Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйл хамаарах төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; ... хамаарна” гэж хуульчилсан байх ба шүүгдэгч У нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 16 дугаартай захирамжаар Дорнод аймгийн Чойбалсан сумын Хулстай багийн Засаг даргаар томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектэд хамаарч байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3.3-д “Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулсан Засаг даргын Тамгын газрын жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах“,
мөн зүйлийн 3.4-д “Энэ журмын 3.3.2, 3.3.3-д заасан зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй...” гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “...албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах ... оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах ... эдгээрийг хэлэлцэх ...зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан байх ба Дорнод аймгийн Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулж, нийтийн албан тушаалтан буюу Хулстай багийн Засаг дарга У нь уг зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд багтсан байна. Гэвч шүүгдэгч У нь өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Б.Пгийн санхүүжилт хүссэн “Хадлан” төслийг хэлэлцэх төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргалгүйгээр оролцож, мөн төслийн санхүүжилтээр олгосон 20 сая төгрөгнөөс 19,500,000 төгрөгийг өөрийн эхнэр С.Чулуунсумъяагийн арилжааны банкны дансаар дамжуулан авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдлыг бий болгосон нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хууль тогтоомжийн талаарх мэдлэг, мэдээлэлгүй байдал, мөн тухайн орон нутгийн шийдвэр гаргаж буй албан тушаалтнуудын ажил үүргээ хэрэгжүүлэхдээ гаргаж буй хайхрамжгүй байдал нь уг гэмт хэрэг гарахад тодорхой байдлаар нөлөөлсөн болох нь хэргийн үйл баримтаас харагдаж байх боловч хууль мэдэхгүй байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иргэний нэхэмжлэгч Г.Г нь “...Б.П нь авсан зээлээс 6.600.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 13.400.000 төгрөгийг зээлийг хуваарийн дагуу төлж байгаа учир Уаас нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “Хуульд зааснаар багийн Засаг дарга нь уг төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд оролцох ёсгүй. Шүүгдэгч Уыг энэ хэргийн субъект биш гэж үзэж байгаа тул хэргийг нь хэрэгсэхгүй болгуулах” санал хүсэлтийг гаргажээ. Шүүхээс нотлох баримтыг шинжлэн судлаад:
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн 3.3.3-д “Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулсан Засаг даргын Тамгын газрын жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах“ гэж заасан. Гэвч Дорнод аймгийн Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг сумын Засаг дарга Ц.А-оор ахлуулсан, сумын Санхүүгийн албаны дарга П.Н-ийг нарийн бичгийн даргаар, зөвлөлийн гишүүдэд ИТХ-ын төлөөлөгч Д.Б, Хулстай багийн иргэн Г.О нарыг нэр цохон томилж, харин 4-н багийн Засаг дарга нарыг тус тус албан тушаалаар нь цохон томилж, төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаар, шүүгдэгч У нь Хулстай багийн Засаг даргын хувьд уг орон тооны бус зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд багтаж 2016-2020 оны хүртэлх хугацаанд иргэдээс ирүүлсэн төслийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн байх тул төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг байгуулсан сумын Иргэдийн хурлын тогтоолыг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй байна. Түүнчлэн зөвлөлийн хуралдаанд гишүүнээр оролцон ажиллах явцдаа гаргасан хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, иргэний нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж байгаа тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон түүний ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолно.
Шүүгдэгч У нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс тус аймгийн Чойбалсан сумын 1 дүгээр баг Замчны 3-300 тоот хаягт байрлах 1400 м2 улсын бүртгэлийн Г-0612000106 дугаартай хоосон газрыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4/02 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Уын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ................ овогт Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Уын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ут тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдсугай.
6. Хэрэгт шүүгдэгчийн эзэмшлээс Чойбалсан сумын 1 дүгээр баг Замчны 3-300 тоот хаягт байрлах 1400 м2 улсын бүртгэлийн Г-0612000106 дугаартай хоосон газрыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 4/02 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Уын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА