Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/198

 

 

 

 

 

 

 

 

 

2021        06         25                                              2021/ШЦТ/198                            

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Х.Насанжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Гэрч М.М /онлайн/

Шүүгдэгч Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ........... овогт Дт холбогдох 2121000370101 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1971 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур 4 дүгээр багийн Засаг дарга ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ........................ тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ............. овогт Д /РД: .............../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн Засаг дарга буюу нийтийн албан тушаалтан яллагдагч Д нь Чойбалсан сумын “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл”-ийн гишүүнээр ажиллан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.4-д заасан “Энэ журмын 3.3.2, 3.3.3-т заасан зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй” гэх заалтыг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохыг тус тус хориглосон” байхад 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдаанд оролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү П.Дийн “Махны үйлдвэрлэл” төслийг дэмжиж 20.000.000 төгрөгийн зээлийг олгуулан бусдад давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

    Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн одоог хүртэл багийн засаг даргаар ажиллаж байна. Тухайн үед П.Дийн төсөл орж ирсэн гэдгийг мэдээгүй. Хурлын явцад би дүүгийн маань төсөл орж байна гэж Засаг даргад хандан хэлэхэд надад ямар нэгэн хариу өгөөгүй. Ингээд би хурлыг дуустал  суусан. Тухайн хурлын тэмдэглэлд миний хэлээгүй үгийг бичсэн байсан учир тэмдэглэлд гарын үсэг зураагүй...” гэв. 

 

Гэрч М.М шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би эхлээд цаасан дээр гараар тэмдэглэл бичиж аваад дараа нь компьютер дээр бичиж хэвлэж гаргадаг. Би Дт “та хурлын тэмдэглэл дээр гарын үсэг зураад баталгаажуулах хэрэгтэй байна” гэхэд “авч яваад эргэж ирээд зарим хэсгийг засах хэрэгтэй байна, дараа нь асуудал үүсвэл дэмий юм болно” гэж хэлсэн. Би хурал дээр хүмүүсийн хэлсэн зүйлийг л бичсэн. Өөрөө зохиож бичнэ гэж байхгүй. Д хурлын тэмдэглэлтэй танилцаад би ингэж хэлээгүй шүү дээ гэж хэлээгүй, зүгээр энд бичсэнийг засах хэрэгтэй байна л гэж хэлсэн. Д нь дүү П.Дийн төсөл хэлэлцэх үед хурлаас гарах талаар Засаг даргад тусдаа хэлээгүй л юм бол хурал дээр хурлаас гарах асуудал яригдаагүй. Хуралд орохдоо Засаг дарга А-од “би хурлын тэмдэглэлийг хөтлөх эрхтэй хүн биш” гэж хэлж байсан. Миний өмнө ажиллаж байсан албан тушаалтан надад ажил хүлээлгэн өгөхдөө ашиг сонирхлын мэдүүлэг өгдөг гэж хэлж байгаагүй. Урьдчилсан мэдүүлгийг худалдан авах ажиллагаанд  л ашигладаг...” гэв. 

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Д нь 2019.01.25-ны өдөр 20 сая төгрөгийн зээлийг сум хөгжүүлэх сангаас авсан. Анх бол зээлээ хуваарийн дагуу төлөхгүй явсаар 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн төлсөн. ...П.Д нь өнөөдрийн байдлаар 13,694,000 төгрөг төлсөн байна. Одоо 6,306,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ нь зээлийн эргэн төлөлт хэвийн байна гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 198-199/

 

Гэрч Ц.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Чойбалсан сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах зөвлөлд ...2014-2020 оныг хүртэл гишүүнээр  ажилласан. Би он сарыг нь нарийн сайн санахгүй байна. ... П.Д ... нар сум хөгжүүлэх сангаас тус бүр 20 сая төгрөгийн зээлийг авсан. ...П.Д нь махны үйлдвэрлэл эрхлэх төслийг бичиж зээлэнд хамрагдсан. Дээрхи төслүүдийг дэмжихгүй бол зөвлөлийн дарга болох Засаг дарга өрөөндөө дуудаж дарамталдаг байсан. ...Надад Засаг дарга нар төслийг нь дэмжээд өг гэх зэргээр нөлөөлж  байгаагүй. ... Засаг дарга нар нь өөрийн нөхөр, дүү нарын төсөл орж ирэхэд ашиг сонирхлын зөрчлийн талаар мэдэгдлийг гаргаж байгаагүй, ямар учраас гаргадаггүй байсныг нь мэдэхгүй байна. Дээрх хүмүүсийн хамааралтай төслүүд орж ирэхэд тэд ямар байр суурьтай байсныг би анзаарч харж байгаагүй. Ямар ч байсан дэмжигдээд л олгодог байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-35 /

 

Гэрч Ч.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би дээрх зөвлөлд 2016 оноос эхлэн ажилласан. ...Би П.Д, П нарын төслийг хэлэлцэх хуралдаанд би оролцсон. ...П.Дийн төсөл өмнө нь орж ирж байсан, бид нар хойшлуулсаар байгаад жил орчмын дараа хэлэлцсэн. Би П.Дийн төслийг шаардлагагүй гэдэг байр суурьтай байсан. Учир нь манай суманд цайны газар ч  юм уу хэрэгтэй төслүүдийг дэмжье гэсэн байр суурьтай байсан. Гэхдээ П.Дийн төсөл дэмжигдэж 20 сая төгрөгийн зээлийг 2019 онд олгосон. ... Дээрх төслүүдийг хэлэлцэхэд надад багийн Засаг дарга Д, У нар нөлөөлсөн зүйл байхгүй. Ашиг сонирхлын мэдэгдэл гаргадаг эсэхийг би мэдэхгүй байна, тухайн төслийн зөвлөлийн гишүүд нь дээрх мэдэгдлийг огт гаргаж байгаагүй, тиймээс би энэ талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 53-54/

 

Гэрч П.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би үхэр худалдан авч мах боловсруулах чиглэлээр төсөл бичиж 2019 оны 01 дүгээр сард сум хөгжүүлэх сангаас 20 сая төгрөгийн зээлийг авсан. Зээл авсанаас хойш мөнгөөрөө 30 орчим толгой бяруу худалдаж авсан. Одоо тэр үхэрнүүд манай хөдөө гэр буюу Хөх нуур багийн Баянбулаг гэх газарт байгаа. Авсан үхэрнүүдээ худалдан борлуулаагүй байна, яг махны чиглэлийн үхэр авч чадаагүй, жижиг бяруунууд авсан учир борлуулах хэмжээнд томроогүй байгаа юм. Тиймээс зээлийн эргэн төлөлтөө хийж чадаагүй байгаа. ...Би зээлээ авахдаа хэн нэгэнд нөлөөлөөгүй, иргэний хувиар төсөл бичиж зөвлөл нь дэмжиж зээл олгосон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65/

 

Гэрч О.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би П.Д гэх хүнийг сайн танихгүй, харин Чойбалсан суманд амьдардаг Туул гэж миний таньдаг хуурай эгч ... маань надаас хааяа мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд авдаг байсан учир тэр утгаараа надад П.Дт туслаач гэж анх хэлсэн юм. Би сар өдрийг нь нарийн сайн санахгүй байна. 2019 оны эхээр байсан ... Туул эгч над руу залгаад манай сумын П.Д гэх хүн байгаа, малтай найдвартай хүн байгаа, банкны зээлийг нь хаагаад өгөөч гэж хэлсэн. ...Тэгэхээр нь би зөвшөөрч 8 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд П.Д нь 1 билүү 2 хоноод буцаагаад ... 6 сая гаран төгрөгийг шилжүүлсэн. ...одоо 1 сая гаран төгрөгийг буцааж өгөх өглөгтэй байгаа...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95/

 

Гэрч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Д ... найздаа мөнгө байвал зээлдүүлээч найз нь удахгүй өгнө гэхээр нь тухайн үед надад мөнгө байсан болохоор нь 2,000,000 төгрөг шилжүүлсэн ба тухайн зээлдүүлсэн 2,000,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай хүү бодож өгөөд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр П.Д нь өөрийн эзэмшлийн данснаас 2,362,500 төгрөгийг миний дансруу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95/

Гэрч Б.Ч-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...П.Д нь 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр байх ... утсаар надтай ярихдаа та хоёрт мөнгөний бололцоо байвал найздаа мөнгө зээлдүүлээч, найз нь удахгүй мөнгөтэй болно гэхээр нь 1,400,000 төгрөг өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа над руу залгаад мөнгө бүтсэн зээлсэн мөнгөө өгөх гэсэн юм найз банкны дансаа явуулаач гэхээр нь нэмээд мөнгө зээлүүлэх боломж байгаа бол нэмээд 1 сая төгрөг зээлүүлээч гэхэд зөвшөөрөөд над руу 2,400,000 төгрөг хийсэн. Би удалгүй хэд хоногийн дараа зээлсэн 1 сая төгрөгөө өгсөн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-95/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай /1-р хх-ийн 22/

Гэмт хэргийн шинжтэй мэдээлэл танилцуулах тухай /1-р хх-ийн 23/

Арилжааны банкнаас ирүүлсэн дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 137-138, 151-152, 158-160, 169/

П.Дийн депозит дансны 2019.01.29-ний өдрөөс 2019.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 164-168/

Дын депозит дансны 2019.01.29-ний өдрөөс 2019.02.28-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 173-174/

Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 202-203, 204/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 228/

Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Дыг Хөх нуур багийн Засаг даргаар томилох тухай” Б/22 дугаартай захирамжийн хуулбар /1-р хх-ийн 229/

Сумын Засаг даргаас багийн Засаг дарга /Дтай/ 2019 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ /1-р хх-ийн 230-239/

Чойбалсан сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн жагсаалт /2-р хх-ийн 03/

П.Дийн төслийн зээлийн төлөлт хийсэн баримтын хуулбар /2-р хх-ийн 07/

Дорнод аймгийн Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тогтоолын хуулбар /2-р хх-ийн 13/

Дорнод аймгийн Чойбалсан сумын сум хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх сум хөгжүүлэх төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №001 тоот хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 16-21/

Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай” А/04 дугаартай захирамжийн хуулбар /2-р хх-ийн 27/

Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар /2-р хх-ийн 28-35/

П.Дийн зөвлөлийн хурлаас баталсан 20 сая төгрөгийн зээлийг олгуулах хүсэлт, төлбөрийн хүсэлт /2-р хх-ийн 22, 36/

П.Дийн махны үйлдвэрлэл төслийн хуулбар /2-р хх-ийн 23-26/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Дт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

  Албан тушаалын гэмт хэрэг хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шудрага ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдагаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.

 

 Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ........... овогт Д нь Чойбалсан сумын “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл”-ийн гишүүнээр ажиллан Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.4-д заасан “Энэ журмын 3.3.2, 3.3.3-т заасан зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй” гэх заалтыг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Энэ хуулийн 23.8-д заасан журамд заасны дагуу албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцохыг тус тус хориглосон” байхад 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдаанд оролцож албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү П.Дийн 20 сая төгрөгийн санхүүжилт хүссэн “Махны үйлдвэрлэл” төслийг дэмжиж хэлэлцэх зөвлөлийн хуралд оролцож, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Дын “...би тэр хуралд эхнээс нь дуустал суусан. Мэдүүлэг гаргах талаар надад хэлсэн хүн байхгүй. Би төрсөн дүү П.Дийн төслийг орж ирснийг мэдээд хурлаас гарах эсэх талаар тэнд байсан хүмүүсээс асуухад надад хариу хэлсэн хүн байгаагүй...” гэж үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч М.Мийн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч Г.Г, гэрч П.Д, Ц.Х, Ч.Ч, О.Д, Д.М, Б.Ч нарын мэдүүлэг, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Батмөнхийн гэмт хэргийн шинжтэй мэдээлэл танилцуулах тухай санал, арилжааны банкнаас ирүүлсэн дансны мэдээлэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, П.Дийн депозит дансны 2019.01.29-ний өдрөөс 2019.03.31-ний өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, Дын депозит дансны 2019.01.29-ний өдрөөс 2019.02.28-ны өдрийг хүртэлх хугацааны дэлгэрэнгүй хуулга, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Дыг Хөх нуур багийн Засаг даргаар томилох тухай” Б/22 дугаартай захирамжийн хуулбар, Сумын Засаг даргаас багийн Засаг дарга /Дтай/ 2019 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлт, санхүүжилтийн гэрээ, Чойбалсан сумын сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэдийн жагсаалт, П.Дийн төслийн зээлийн төлөлт хийсэн баримтын хуулбар, Дорнод аймгийн Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тогтоолын хуулбар, Дорнод аймгийн Чойбалсан сумын сум хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх сум хөгжүүлэх төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №001 тоот хурлын тэмдэглэл, Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Сум хөгжүүлэх сангаас зээл олгох тухай” А/04 дугаартай захирамжийн хуулбар, Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний хуулбар, П.Дийн зөвлөлийн хурлаас баталсан 20 сая төгрөгийн зээлийг олгуулах хүсэлт, төлбөрийн хүсэлт, П.Дийн махны үйлдвэрлэл төслийн хуулбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Нийтийн албан тушаалтан гэдэгт Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйл хамаарах төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; ... хамаарна гэж хуульчилсан байх ба шүүгдэгч Д нь Дорнод аймгийн Чойбалсан сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/22 дугаартай захирамжаар тус сумын Хөх нуур багийн Засаг даргаар томилогдсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъектэд хамаарч байна.

  

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн 3.3.3-д “Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулсан Засаг даргын Тамгын газрын жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах“, мөн зүйлийн 3.4 дэх хэсэгт “Энэ журмын 3.3.2, 3.3.3-д заасан зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах үүрэгтэй...” гэж, 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “...албан тушаалтан захиргааны шийдвэр гаргах ... оролцохын өмнө тус бүр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргана”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах ... эдгээрийг хэлэлцэх ...зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус заасан байх ба Дорнод аймгийн Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг байгуулж, нийтийн албан тушаалтан буюу Хөх нуур багийн Засаг дарга Д нь уг зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд багтсан байна. Шүүгдэгч Д төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллаж байх хугацаандаа буюу 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдаанаар өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү П.Дийн санхүүжилт хүссэн “Махны үйлдвэрлэл” төслийг хэлэлцэхэд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргалгүйгээр оролцож өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдлыг бий болгосон байна. 

 

            Шүүгдэгчийн хууль тогтоомжийн талаарх мэдлэг, мэдээлэлгүй байдал, мөн тухайн орон нутгийн шийдвэр гаргаж буй албан тушаалтнуудын ажил үүргээ хэрэгжүүлэхдээ гаргаж буй хайхрамжгүй байдал нь уг гэмт хэрэг гарахад тодорхой байдлаар нөлөөлсөн болох нь хэргийн үйл баримтаас харагдаж байх боловч хууль мэдэхгүй байгаа нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

  Иймд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иргэний нэхэмжлэгч Г.Г нь “...П.Дийн авсан зээлийн үлдэгдэл 6.306.000 төгрөгийг зээлийн хуваарийн дагуу төлж байгаа учир Даас нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт “Хуульд зааснаар багийн Засаг дарга нь уг төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлд оролцох ёсгүй. Шүүгдэгч Дыг энэ хэргийн субъект биш гэж үзэж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах, мөн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Сум хөгжүүлэх төсөл” сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдааны тэмлэглэлд Дын хэлээгүй үгийг хэлсэн мэтээр тусгасан байна. Д нь уг төслийг дэмжиж үг хэлээгүй гэдгээ илэрхийлж байна. Түүнээс гадна тухайн үед тэмдэглэл хөдөлсөн гар ноорог нь байхгүй байгаа учраас нотлох баримтаас хасч өгнө үү” гэсэн санал хүсэлтийг гаргажээ. Шүүхээс нотлох баримтыг шинжлэн судлаад:

 Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийн 3.3.3-д “Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг тухайн сумын Засаг даргаар ахлуулсан Засаг даргын Тамгын газрын жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, банк болон баг тус бүрээс нэг иргэний төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулах“ гэж заасан. Гэвч Дорнод аймгийн Чойбалсан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2-р хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 09 дугаартай тогтоолоор сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийг сумын Засаг дарга Ц.А-оор ахлуулсан, сумын Санхүүгийн албаны дарга П.Н-ийг нарийн бичгийн даргаар, зөвлөлийн гишүүдэд ИТХ-ын төлөөлөгч Д.Б, Хулстай багийн иргэн Г.О нарыг нэр цохон томилж, харин 4-н багийн Засаг дарга нарыг тус тус албан тушаалаар нь цохон томилж, төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулснаар, шүүгдэгч Д нь Хөх нуур багийн Засаг даргын хувьд уг орон тооны бус зөвлөлийн гишүүний бүрэлдэхүүнд багтаж 2016-2020 оны хүртэлх хугацаанд иргэдээс ирүүлсэн төслийг сонгон шалгаруулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн байх тул төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийг байгуулсан сумын Иргэдийн хурлын тогтоолыг хүчингүй гэж үзэх үндэслэлгүй байна.  Түүнчлэн зөвлөлийн хуралдаанд гишүүнээр оролцон ажиллах явцдаа гаргасан хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн сум хөгжүүлэх сангаас хэрэгжүүлэх “Сум хөгжүүлэх төсөл” сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдааны тэмлэглэлийг тухайн үедээ гар ноорог хөтлөөд дараа нь компъютерт бичиж Зөвлөлийн даргад танилцуулж албажуулсан талаар тухайн үед тус зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан М.М нь өнөөдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцож тайлбарлаж байна. Шүүгдэгч Д  уг хуралдаанд оролцохдоо хамаарал бүхий этгээдийнхээ төслийг дэмжсэн, дэмжээгүйгээс үл шалтгаалан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.4-д “... зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллах...” үүргээ биелүүлээгүй буюу ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргаагүй болох нь батлагдаж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгчийн ашиг сонирхлын зөрчилгүй болохоо илэрхийлсэн мэдэгдэл гаргалгүйгээр зөвлөлийн хуралдаанд оролцсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй мэдүүлэг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, иргэний нэхэмжлэгчийн зээлийн төлбөрийг хугацаанд нь төлж байгаа тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн мэдүүлэг,  шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дын нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2  жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх  бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.  

 

Шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Дын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй болно.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ............. овогт Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Дын нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх  бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолохыг дурдсугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоногүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Дын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.НАМУУНТУЯА