| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2021/0196/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/201 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Хосбаяр
Шүүгдэгч Хийн өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч Х, Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............ овогт Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ овогт Г нарт холбогдох 2121000000180 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ахын хамт Дорнод аймгийн ............................. тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2010 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 485 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 6 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ............. овогт Х. /РД: ................/
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эх, 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн ...................... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 126 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ............. овогт Г. /РД: ............/
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г, Х нар нь бүлэглэн, согтуугаар 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 80 дугаар байрны гадна үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадна байсан 12-55 ДОУ улсын дугаартай Toyota prius-41 маркийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр хайрцганд байсан витамин-Д 30 ширхэг, орос нойтон сальфетка 30 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Л.Ад 645.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Х нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Станцын хойд талд байрлах нийтийн байранд хохирогч Гыг Ч.Чинзоригтой хардсаны улмаас маргалдан улмаар зүүн бугалга, цээжний ар доод хэсэгт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь зүүн бугалганы зүсэгдсэн шарх, цээжний ар доод хэсгийн зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гт учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хулгайлж авсан эд зүйлээ буцаагаад өгсөн...” гэв.
Шүүгдэгч Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Архи ууж согтоод ийм хэрэг хийсэндээ харамсаж байна...” гэв.
Хохирогч Л.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы урд талд байх аавынхаа гэрт очиход миний төрсөн ах У миний машиныг унаж дэлгүүр яваад ирсэн. ...гэр рүүгээ харих болоод хүүхдүүдээ арын суудалд суулгах гэхэд машины арын суудал дээр байсан хайрцагтай зүйл байхгүй байхаар нь ахаас асуухад мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгээд хаашаа явсан талаар асуухад Бунханы 80 айлын дэлгүүр орсон гэхээр нь дэлгүүрийн хяналтын камер шүүж үзэхэд 1 хүүхэн, 2 залуу хайрцагтай зүйл бариад орж ирсэн байсан. Хайрцган дотор Витамин-D 30 ширхэг, нойтон салфетик 30 ширхэг байсан...” гэжээ. /хх-ийн 10-11/
Гэрч Л.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэртээ байхад төрсөн дүү Л.А манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би дүүгийнхээ машиныг бариад дэлгүүр орох гээд Бунханы 80 айлын хажуу талд байх хүнсний дэлгүүрийн гадаа зогссон. Тэгээд машинаасаа буугаад дэлгүүр орох гээд алхаж байтал 2-3 согтуу хүн ирээд нэг хар хувцастай 30 гаран насны эмэгтэй машины хаалгыг татаж ороод арын суудал дээр хэвтсэн. Би машинаас тэр эмэгтэйг татаж буулгасан. Нөгөө эмэгтэй буухдаа хайрцагтай эд зүйл авч буусан. Ингээд гадуур явж байгаад гэртээ ирсэн чинь дүү Л.А машины арын суудал дээр байсан хайрцагтай зүйл яасан бэ гэж асуусан... ингээд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Л.Агийн утас руу нэг хүн залгаад станцын хойд талын нийтийн байранд хулгайд алдсан эд зүйл чинь байна гэхээр нь очиход Г гэх машины арын суудалд суугаад буусан эмэгтэй хайрцган дотор байсан эд зүйлийг гаргаад тавьчихсан тал нь байхгүй байсан. ...Хийн найзынх руу очоод тал эд зүйлээ авсан...” гэжээ. /хх-ийн 20-21/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны үүрээр 5 цагийн үед ...Х манай гэрт алимны хайрцагтай зүйл бариад орж ирж байгаа харагдсан... өглөө хайрцагтай эд зүйлийг харахад нойтон салфетик, эм тариа байх шиг байсан. Хаанаас авсан юм бэ гэхэд айлаас карго авсан гэж хэлж байсан. Тэгээд би дагуулж гараад станцын ард байх нийтийн байр руу очиход хамт архи уусан гэх Г унтаж байхаар нь сэрээхэд Г босч ирээд өчигдөр хүний машинаас хайрцагтай зүйл хулгай хийсэн гэсэн утгатай яриа гараад байхаар нь миний санаа зовоод хайрцаган дээр бичээтэй байсан 86010257 дугаар руу Азаа гэх хүнтэй яриад алдсан эд зүйл нь энд байна гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 32-33/
Г мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн найз залуу Чинзоригийг утсаар дуудахад найз Мөнхчулууны хамт ирсэн. ...Өөрийн найз залуу Ч-ийн хамт унтаж байхад Сүхээ /Х/ намайг сэрээснээ Чинзоригтой хамт хэвтлээ гээд уурлаад байсан. Уг нь би С-тэй ямар ч холбоогүй, тэгэхэд С намайг Ч-той хардаад, өөртэй нь хамт байх ёстой гэсэн зүйл яриад над руу аяга авч шидсэн. Тэгээд аяганаас бултсан чинь С миний хөнжлийг сөхөөд миний зүүн гарыг хутгаар зүссэн. ...эмнэлэгт очоод зүүн гарын булчин хэсэгтээ 6 оёдол тавиулсан. ... 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Хийн эгч нь надад 100.000 төгрөг өгсөн. Түүнээс 2 хоногийн өмнө С надад 50.000 төгрөг өгсөн. Нийт 150.000 төгрөг авсан. Одоо түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй...” гэжээ. /хх-ийн 78-79, 80/
Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...гэнэт л Г гэх хүүхэн бахираад байхаар нь сэрээд харахад зүүн гарын булгалга хэсгээс нь цус гоожсон байдалтай байсан... Чинзориг орж ирээд гацаа С Гыг хутгалчихаад зугтаачихлаа би хойноос нь хөөгөөд гүйцсэнгүй, ямар хурдан гүйдэг юм гэсэн...” гэжээ. /хх-ийн 87-88/
Гэрч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 04 дүгээр сарын 12-ны орой 20 цагийн үед найз Г над руу залгаад хүрээд ир гэсэн. ... тэгээд миний авчирсан 0.5 литрийн хэмжээтэй архийг хувааж уугаад унтаад өгсөн. Тэгсэн чинь гэнэт Г бахираад орилсон. Тэгээд босоод юу болсон талаар асуухад С Гын гарыг хутгаар зүсээд гараад зугтаачихсан байсан. Би араас нь гүйгээд гүйцээгүй. Эргэж орж ирээд Гын гарыг даавуугаар боосон...” гэжээ. /хх-ийн 90/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221 тоот дүгнэлтэд:
1. Гын биед зүүн бугалганы зүсэгдсэн шарх, цээжний ард зүүн доод хэсгийн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 94-95/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5, 66/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 38/
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 39/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 40/
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх дрокурорын тогтоол /хх-ийн 58-59/
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 67-68/
Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл /хх-ийн 69/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 70-71, 73-74/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 72, 75/
Гэрч Б.Ө-ын мэдүүлэг /хх-ийн 24-25/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 105-106/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 111-115, 117-119,124-129, 131-139/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Х, Г нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г, Х нар нь бүлэглэн, согтуугаар 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунханы 80 дугаар байрны гадна үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрийн гадна байсан 12-55 ДОУ улсын дугаартай Toyota prius-41 маркийн тээврийн хэрэгслийн арын суудал дээр хайрцагтай байсан витамин-Д 30 ширхэг, орос нойтон сальфетка 30 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлж, хохирогч Л.Ад 645.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Х нь 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг станцын хойд талд байрлах нийтийн байранд Гыг Ч.Ч-той хардсаны улмаас маргалдан улмаар Гын биед зүүн бугалга, цээжний ар доод хэсэгт нь хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Л.А, гэрч Л.У, Ч.Ч, Б.Э, Л.М нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х, Г нар нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн, шүүгдэгч Х нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Хийн үйлдлийн улмаас Гын биед зүүн бугалганы зүсэгдсэн шарх, цээжний ард зүүн доод хэсгийн зүсэгдсэн шарх буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 221 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Х, Г нарт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х, Г нарыг бүлэглэн, согтуугаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г, Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, мөн шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Хэд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн шүүгдэгч Хэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Х нь Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар түүний эдлээгүй үлдсэн 03 сар 06 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон байна.
Гэвч шүүгдэгч Х нь хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан хяналтын хугацаанд Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Х нь Гтой бүлэглэн, согтуугаар 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр бусдын эд зүйлийг хулгайлах, 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Ийм шүүгдэгч Хэд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 06 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хэд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 06 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 90 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 03 сар 126 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь гэм буруугийн болон шудрага ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ад 645.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эд зүйлээ буцаан авсан тул шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэж, шүүгдэгч Хийн үйлдлийн улмаас Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд Г нь эмчилгээний зардалд 150.000 төгрөг авсан тул Хээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж тус тус мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар ногоон өнгийн ноосон цамц нэг ширхэг, ногоон өнгийн бариултай хутга нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Хийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд, шүүгдэгч Гын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............. овогт Х, .............. овогт Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............... овогт Хийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Хийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хэд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 06 хоногийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож 90 хоногийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 03 сар 126 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Хэд оногдуулсан 3 сар 126 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Гт оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Гт мэдэгдсүгэй.
7. Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар ногоон өнгийн ноосон цамц нэг ширхэг, ногоон өнгийн бариултай хутга нэг ширхэгийг тогоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Хийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд, шүүгдэгч Гын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Хэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА