| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 187/2018/0118/Э |
| Дугаар | 620 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Хан-Уул дүүргийн Прокурорын газар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 620
Н.Бд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Гүнсэл /томилолтоор/,
нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Н.Бд холбогдох 1710007310059 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Жаран овогт Н-н Б, 1968 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаар, Хан-Уул дүүргийн ................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../,
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 1997 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 272 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2001 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 209 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2, 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийг өршөөн хасч, үлдэх 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан.
Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны орой 18 цагийн орчим согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 2 дугаар гудамжинд иргэн Б.Нтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Жаран овогт Н-н Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,
Эрүүгийн 1710007310059 тоот хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнсэн харгалзах ялыг нэмж нэгтгэсэн байдлыг сайтар хянаж өгнө үү. 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээр хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан хэсэг байхгүй болсон. 2017 оны 7 дугаар сараас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээдүүд хорих ялаас шууд чөлөөлөгдөн суллагдсан. Хуучин хуулийн заалт ач холбогдлоо алдсан учир дээрх хуулийн заалтаар тэнсэн харгалзах ялтай байсан миний ял хэрэгсэхгүй болох ёстой гэж үзэж байна. Иймд миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, ял шийтгэлийг нэмж нэгтгэхгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэжээ.
Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна” гэж заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” асуудлыг заасан. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт “Тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулна” гэж заасан. Н.Б нь тэнсэж хянан харгалзаж байх хугацаанд 2002 оны Эрүүгийн хуулиар ч гэсэн, одоо үйлчилж буй Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар ч гэсэн тэнсэгдсэн этгээд нь шинээр гэмт хэрэг үйлдсэн бол ял оногдуулахаар заасан байх ба Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар Н.Бгийн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны орой 18.00 цагийн орчим согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 2 дугаар гудамжинд иргэн Б.Нтэй “Надаас тамхи нэхдэг хэн бэ чи” гэх зэргээр маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
шүүгдэгч Н.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би Б.Нг баруун гараараа 2-3 удаа цохиж унагаад, дээрээс нь нэг удаа өшиглөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
хохирогч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Н.Б гэх эрэгтэй нь нилээн согтуу байсан, “чи надаас тамхи нэхдэг хэн бэ” гээд миний куртикны захаар заамдаад бариад авахаар нь би өөдөөс нь зөрүүлээд заамдсан чинь шууд боогоод мөргөх гэж байснаа гараараа нүүр рүү цохиод газар унагасан. Тэгсэнээ дээрээс хөлөөрөө дэвсээд, үснээс зулгаагаад толгойны дагз хэсгээр газар савж мөргүүлсэн. Би тухайн үед ухаан балартаад босч ирээд “болъё, уучлаарай” гээд эгчийнхээ гэр рүү орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Нгийн хамарт шарх, баруун гарын долоовор, дунд хуруунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.” гэх 13272 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.
Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр Н.Бгийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Н.Бгийн гаргасан “...ял шийтгэлийг нэмж нэгтгэхгүйгээр үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүнээс дүгнэв.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилсан бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ял шийтгэл дээр нэмж нэгтгэхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй юм.
Харин анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Бгийн урьд ял шийтгүүлсэн байдлыг дүгнэхдээ “...Эрүүгийн хуулиар “танхайрах” гэмт хэргийг “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг болгон өөрчилж, оногдуулах ялын доод хэмжээг 1 жил хорих ял болгож хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх үндэслэл болох бөгөөд Н.Бд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг шинэ хуульд нийцүүлэн 1 жилийн хорих ял болгон тооцож, ...нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тогтоов.” гэж ерөнхий дүгнэлт хийж, түүний урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ял шийтгэлийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд дүйцүүлэх, үүний дараа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах эсэх талаар хууль хэрэглэхдээ алдаа гаргаж шүүгдэгчид өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг буруу нэмж, түүний биечлэн эдлэх ялыг тогтоосон нь үндэслэлгүй болжээ.
Иймд давж заалдах шатны шүүхээс дараахь байдлаар дүгнэж шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэн болно. Үүнд:
Шүүгдэгч Н.Бгийн урьд шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 буюу “догшин авирлаж, бүлэглэж танхайрах” гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэмт хэргийн шинжид хамаарч байна.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн этгээдэд гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар,
2015 онд баталсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус хуульчилжээ.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэж тодорхой заасан байх тул Хан-Уул дүүргийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар Н.Бд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын хэмжээтэй дүйцүүлж үзэхэд 2 жил хорих ял гэж үзэх тооцоо гарч байна.
Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасах” гэж хуульчилсан тул түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг өршөөсөн гэж үзэхээр байх тул өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан дээрх ялаас нэмж нэгтгэх ял байхгүй байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг ... нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар ... тооцож эдлэх ялаас хасна” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл энэ хэрэгт 88 хоног, өмнөх хэрэгт 85 хоног, нийт 173 хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний цагдан хоригдсон дээрх хугацааг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцоход 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлж дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байх тул түүнийг нэн даруй суллах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоох хэсэгт:
“3. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Бд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тогтоосугай.” гэж,
“4. Шүүгдэгч Н.Бд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөсүгэй.” гэсэн нэмэлт заалт тус тус оруулсугай.
2. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бгийн цагдан хоригдсон нийт 173 хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцож түүнийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож, нэн даруй сулласугай.
4. Шүүгдэгч Н.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МЯГМАРЖАВ
ШҮҮГЧИД Б.ЗОРИГ
Ц.ОЧ