Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

  Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

       Нэхэмжлэгч: ”Ш” ХХК /РД:2563177/

       Хариуцагч: ОАТХТУБ Б.Х, Б.Э нарт холбогдох

     “ОАТХТУБ Б.Э, Б.Х нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2,727,272.70 төгрөгийн торгуулийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2018/0028/з/ дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.С, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагч Б.Х, Б.Э, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч “Ш” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тус компаний захирал Л.С тайлбарлахдаа: ОАТХТУБ Б.Х, Б.Э нар манай компаний 2013-2016 онуудын санхүүгийн баримтанд шалгалт хийгээд 2,727,272.70 төгрөгийн торгууль, 3,696,552.30 төгрөгийн алданги төлүүлэхээр шийдвэрлэсэн. 2017-12-12-ны өдрийн 204201747 дугаартай актын зарим хэсгийг эс зөвшөөрч хуульд заасан журмын дагуу Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар уг зөвлөл 2018-04-05-ны өдрийн хурлаараа хэлэлцээд алдангийн 3,696,552.3 төгрөгийг хасч, торгуулийн 2,727,272.70 төгрөгийг хасалгүйгээр 01 дугаартай тогтоол гаргасан. Дээрх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаснаар тус зөвлөл 2018-07-10-ны өдрийн хурлаараа гомдлыг маань хянан хэлэлцээд Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2018-04-05-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хэвээр үлдээсэн.

      Торгуулийн 2,727,272.70 төгрөгийг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанууд гэвэл:

1-рт: Аж ахуй маань санхүүгийн нөхцөл доройтсон байдал,

2-рт: Монгол улсад Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулиар торгууль, алданги, хүүг өршөөн хэлтрүүлэхээр заасан байгаан дээр манай ХХК ийм байдлаар ямар нэгэн хөнгөлөлт эдлэж байгаагүй учир хуулийн энэ заалтад хамрагдах боломжтой гэж үзэж байна. Иймд улсын байцаагч нарын актын зарим хэсэг буюу торгуулийн 2,727,272.70 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

    Хариуцагч ОАТХТУБ Б.Х, Б.Э нар шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдааОАТХХШТТУБ Б.Э, Б.Х бид 2563177 тоот регистрийн дугаартай, 2011004101 тоот улсын бүртгэлийн дугаартай ”Ш” ХХК-тай холбоотой ЭУТасгаас ирүүлсэн шийдвэртэй танилцаад 2013-2016 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалтын тасгийн даргын олгосон томилолтын дагуу төлөвлөгөөт татварын хяналт шалгалтыг явуулж 204201747 тоот дугаартай шийтгэлийн хуудас үйлдсэн.

1. “Ш” ХХК нь 2015 онд ДХД ХХК-иас 0018073518 дугаартай барилгын материал худалдан авсан гэх хий бичилттэй падаан ашиглаж Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 9,090,909,09 төгрөгийн хасалт хийж, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ авч нөхөн татвар, хүү, торгууль ногдуулсан.

2. Татварын тайлангийн системд дээрх 0018073518 дугаартай падааны тайланд илгээгдсэн байдлыг шалгахад ДХД ХХК нь 18,181,818.18 төгрөгийн борлуулалттай, ногдсон НӨАТ нь 1,818,181.80 төгрөг нийт 20,000,000.00 төгрөгөөр, ”Ш” ХХК нь 90,909,090.90 төгрөгийн худалдан авалттай хасагдах НӨАТ нь 9,090,909.09 төгрөг нийт 100,000,000.00 төгрөг гэж зөрүүтэй тайлагнаж хий бичилттэй НӨАТ-ын падаан ашиглаж татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчил гаргасан нь тогтоогдсон.

Иймд ”Ш” ХХК-ийн энэхүү зөрчилд Улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 тоот шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 1.4.3-д Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж зааснаар, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйл: 74.1.4-д ...тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх гэж заасны дагуу арга хэмжээ авах үндэслэлтэй байсан тул ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын 9,090,909.09 төгрөгийн нөхөн татвар, 2,727,272.70 төгрөгийн торгууль, 3,696,552.30 төгрөгийн алданги нийт 15,514,734.10 төгрөгийн шийтгэл оногдуулахаар шийдвэрлэгдсэн. Гэтэл татварын Улсын байцаагчийн актын талаар “Ш” ХХК-ийн Орхон аймгийн Татварын маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг хянан хэлэлцээд “Ш” ХХК-д холбогдох 204201747 тоот шийтэлийн хуудсаар ногдуулсан төлбөрийг 3,696,552.30 төгрөгөөр багасгах буюу алдангийг хасаж тооцсон тогтоол гаргасан.

Орхон аймгийн маргаан таслах зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч ”Ш” ХХК нь Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан байна. Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь энэхүү гомдлыг хянан хэлэлцээд Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг хэвээр нь баталж шийдвэрлэсэн байна. Дээрх урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад тус компанид шийтгэлийн хуудсаар ногдуулсан нийт төлбөрөөс 3,696,552.30 төгрөгийн алдангийг хасаж тооцсон шийдвэр гаргасан нь тус компанийн санхүүгийн нөхцлийг харгалзан үзсэн шийдвэр болсон. Тийм учраас дахин хөнгөлөлт үзүүлэх боломжгүй юм.

Мөн тухайн компаний санхүүгийн зөрчил 2015 оны 8 дугаар сард үүссэн зөрчил байгаа. Өршөөл үзүүлэх тухай хууль нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх зөрчилд хамаарах тул өршөөл үзүүлэх боломжгүй гэж үзсэн болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартааХууль зүйн талаас нь би яръя. 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 шийтгэх хуудас нь Захиргааны ерөнхий хуульд заасан акт мөн үү биш үү гэдэгт анхаарал хандуулах хэрэгтэй. Хяналт шалгалт хийгээд ямар эрх зүйн акт гарах ёстой юм бэ? Шийтгэлийн хуудсыг харахаар Татварын ерөнхий хуулийг үндэслэсэн мөртлөө Зөрчлийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан байна. Татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудсыг бичих нь үндэслэлтэй юу? үгүй юу? Хяналт шалгалт хийхийн тулд хуульд заасан журмын дагуу томилолт болон удирдамж байх ёстой.

2013-2016 оны хооронд хяналт шалгалт хийсэн нь хууль зөрчөөгүй боловч Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх хэсэгт зааснаар акт, дүгнэлт тавих ёстой. Захиргааны ерөнхий хуульд заасан акт мөн үү гэдгийг анхаарах нь зүйтэй. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.11-д татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс бүртгэл, төсөл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авах, зөрчлийг тогтоон акт, дүгнэлт, холбогдох бусад баримт үйлдэх гэсэн байна. Хэд хэдэн практик судалгаа хийж үзэхэд шийтгэлийн хуудсыг акт гэж үздэггүй юм байна. Акт биш шийтгэлийн хуудас үйлдээд байгаа нь захиргааны акт биш. Мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх хэсэгт хяналт шалгалтыг удирдамж томилолтгүйгээр хийхийг хориглоно гэж заасан байгаа.

Уг гаргасан актандаа хүү, торгууль, алданги тооцсон байсан. Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх татварын маргаан таслах зөвлөл 3,696,552.30 төгрөгийн алдангийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Торгууль ногдуулсан нь өөрөө хууль зөрчсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. 30 хувиар торгууль тооцсон нь буруу 20 хувь байх ёстой байсан. Зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын 1 дэх хэсгийг баримтлан Татварын хэлтсийн улсын байцаагчийн хяналт шалгалтын үр дүнд гарч байгаа актаа шийтгэлийн хуудас болгон гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй. Хүчин төгөлдөр бус гэж үзэж байна гэв.

Шүүх хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч “Ш” ХХК нь ОАТХТУБ Б.Х, Б.Э нарт холбогдуулан “ОАТХТУБ Б.Э, Б.Х нарын 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2,727,272.70 төгрөгийн торгуулийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Ш” ХХК нь 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр татвар төлөгчийн 5240816 дугаартай ДХД ХХК-ийн 18073518 тоот падаанаар Барилгын материалын үнэ гэж 90,909,091.00 төгрөг бичигдсэн дүнгээр худалдан авалт хийж, 2015 оны 8 дугаар сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн Нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдсан авсан бараа хэсэгт тусган хасалт хийж, төсөвт төлөх татварын дүнг 9,090,909.10 төгрөгөөр бууруулсан зөрчил гаргасан болохыг холбогдох эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосон, мөн татвар төлөгч “Ш” ХХК-ийн татварын тайлан, маргаан бүхий №204201747 тоот шийтгэлийн хуудас болон нэхэмжлэгч /Л.С/-ийн тус өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

     Хариуцагч нараас дээрх зөрчлийг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн тул Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар өршөөл үзүүлэх боломжгүй гэсэн нь Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай /2015 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 /Энэ хууль 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна/-т заасантай нийцэж байх тул татварын Улсын байцаагч нарын 204201747 тоот шийтгэлийн хуудсаар оногдуулсан 2,727,272.70 төгрөгийн торгуулийг дээрх Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж дүгнэв.

Учир нь нэхэмжлэгчийн гаргасан дээрх зөрчил нь Өршөөл үзүүлэх /2015 он/ тухай хуулийг хэрэглэх хугацаанаас хойш гарсан зөрчил болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 1.4.3 /Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хувь хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ/-т заасны дагуу тухайн үед /зөрчил гарсан/ мөрдөгдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 /Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна/, 74.1.4 /тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх/-т зааснаар “Ш” ХХК-ийн гаргасан дээрх зөрчилд 9,090,909.09 төгрөгийн нөхөн татвар, 2,727,272.70 төгрөгийн торгууль, 3,696,552.30 төгрөгийн алданги нийт 15,514,734.10 төгрөгийн шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин “Ш” ХХК нь маргаан бүхий 204201747 тоот шийтэлийн хуудсыг зөвшөөрөхгүй Орхон аймгийн Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хянан хэлэлцээд 204201747 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 3,696,552.30 төгрөгийн алдангийг хассан нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар маргаагүй тул шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

    Нэхэмжлэгч нь нөхөн татвар болох 9,090,909.09 төгрөгийг төлөхөө зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.3, Татварын ерөнхий /2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлчилж байсан/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ш” ХХК-ийн ОАТХТУБ Б.Э, Б.Х нарын “2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 204201747 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 2,727,272.70 төгрөгийн торгуулийг хэрэгсэхгүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

     2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Орхон аймгийн төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.САРАНГЭРЭЛ