Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 110/2022/0453/З |
Дугаар | 221/МА2023/0232 |
Огноо | 2023-04-11 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2023/0232
Б.А нарын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Билгүүн
Илтгэгч: шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц
Нэхэмжлэгч: Б.А
Нэхэмжлэгч: О.Г
Нэхэмжлэгч: С.Ж
Нэхэмжлэгч: Т.Б
Нэхэмжлэгч: Ц.С
Нэхэмжлэгч: Л.Б
Нэхэмжлэгч: Т.М
Нэхэмжлэгч: Н.Ж
Хариуцагч: Баянгол дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн 164 дүгээр цэцэрлэгийн ард талын гараашийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 129 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.А
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч: Б.Ц
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0453/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Н, О.Г, С.Ж, Т.Б, Ц.С, Л.Б, Т.М, Н.Ж нар нь Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн 164 дүгээр цэцэрлэгийн ард талын гараашийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 129 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн 164 дүгээр цэцэрлэгийн ард талын гараашийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий Б.Н, О.Г, С.Ж, Т.Б, Ц.С, Л.Б, Т.М, Н.Жнарын нэхэмжлэлтэй Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Нэхэмжлэгч нарын хувьд, Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн 164 дүгээр цэцэрлэгийн ард талын гараашийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үүнтэй холбоотой тайлбар болон үндэслэлээ тодорхой гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны болон үндэслэл бүхий байх, нотлох баримтад үндэслэсэн байх зарчимд бүрэн нийцээгүй тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байгаа болно.
3.2. Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан С.Эрдэнийн 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 дугаар захирамжаар 164 дүгээр цэцэрлэгийн хойд талд 28 машины гарааш барих 0,1 га газрыг “Т... и...” ХХК-д олгож, автомашины гараашийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр барьж байгуулсан. Ийнхүү нэхэмжлэгчид нь худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулан гараашийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бөгөөд газрын төлбөрийн байцаагч болон Баянгол дүүргийн газрын алба нь “Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт”-ыг бичгээр үйлдэж, актад заасан журмын дагуу газрын төлбөрийг төлүүлсээр ирсэн.
3.3. Гэтэл анхан шатны шүүхээс газрын төлбөр төлөгч гэж хэн болох, хуульд заасан ямар үндэслэлээр газрын төлбөрийг төлдөг талаар үндэслэл бүхий тайлбар хийлгүйгээр шууд газар эзэмших эрх олгосон захирамж, хугацаа төлбөр, зориулалтыг тогтоосон эрхийн гэрчилгээ олгогдож, гэрээ байгуулагдаагүй байхад төлбөр төлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэн нь бодит нөхцөлд тохироогүй үндэслэл дүгнэлт болсон. Мөн шүүхээс захиргааны байгууллага өөрийн үйл ажиллагаа буюу үйлдлээрээ газар эзэмшигч, ашиглагчийн үүргийг нэхэмжлэгч нарт хүлээлгэж, гараашийг худалдаж авахад төлбөрийн актыг шилжүүлж байгаад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
3.4. Аливаа захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаа нь олон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгыг агуулж болох хэдий ч ийнхүү тус зорилгоо хэрэгжүүлэхдээ гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөх, түүний хуулиар эдлэх эрх, тэр дундаа Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг дордуулах ёсгүй юм.
3.5. Гэтэл захиргааны байгууллагаас тус шийдвэрийн үр дагаварт аливаа этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх боломжтой эсэхийг ч шийдвэрлэлгүйгээр ийнхүү шийдвэр гаргаж, хөрөнгө мөнгө зарцуулан бий болгосон эд хөрөнгийг нураасныхаа дараа нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж ийнхүү тайлбарлаж байгаа нь захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргах үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3.6. Түүнчлэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд зааснаар хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу хэрэгжих ёстой бөгөөд аливаа төслийг хэрэгжүүлэхээс өмнө газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, эрх шилжүүлэлт, нөхөх олговор зэрэг асуудлыг бүрэн тусгасан төлөвлөгөө боловсруулж, тус төлөвлөгөөг харилцан зөвшилцөж, саналыг тусган эцэслэн боловсруулах ба үүний дараа Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эцсийн шийдвэр гаргах шаардлагатай.
3.7. Ийнхүү захиргааны байгууллага хуульд заасан журмын дагуу шийдвэр гаргаж, тус шийдвэр гаргах ажиллагааны журмыг дагаж мөрдөх үүргийг хуулиар хүлээсэн боловч үйл ажиллагаандаа баримтлах үе шатыг үл хамааран, үндэслэлгүй шийдвэр гаргасан байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх”, “захиргааны байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй байх”, “шийдвэр нь үндэслэл бүхий байх” болон “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг ноцтой зөрчсөн юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2023/0129 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
3. Шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Б.Н, О.Г, С.Ж, Т.Б, Ц.С, Л.Б, Т.М, Н.Ж нараас Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан “Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжийн 164 дүгээр цэцэрлэгийн ард талын гараашийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
3.2. Баянгол дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/60 дугаар захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт Улс, Нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажил, авто зам, гудамж талбайн тохижилтын ажлыг эрчимжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, Нэгдүгээр хавсралтын 4 дүгээр багцын 4-т 164 дүгээр цэцэрлэгийн ард байрлах 23 гараашийг буулгаж газрыг чөлөөлж, авто зогсоол, ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр шийдвэрлэсэн байна.
3.3. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.2-д “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэсэн хуулийн зохицуулалттай.
3.4. Анхан шатны шүүхээс “...Анх тус гараашууд нь Баянгол дүүргийн Засаг даргын 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/98 дугаар захирамжаар газар нь олгогдож баригдсан боловч нэхэмжлэгч иргэдийн хувьд тухайн гараашийг өмчлөх, түүний доорх газрыг эзэмших эрхтэй этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй...” хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.
3.5. Тодруулбал, Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдээс газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байхад нэхэмжлэгч нар уг маргаан бүхий газар дээр барьсан гараашийг худалдан авч, газрын төлбөрийг төлөх замаар уг газарт үүсгэсэн эзэмшил нь хууль бус байх тул хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн /2002 оны/ 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий актаар нэхэмжлэгч нарын маргаж буй гараашийн доорх газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх боломжгүй.
3.6. Түүнчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах” нь Аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээний асуудал байхаар, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаар хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга “газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй, анх олгосон газар ашиглах эрхийн хугацаа дууссан, үүнийг сунгаагүй энэ тохиолдолд уг зөрчилтэй газар дээр барьсан гараашийн доорх газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол нийслэлийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах” бүрэн эрхтэй гэж үзнэ.
3.7. Газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах аливаа эрх хамгаалагдахгүй бөгөөд энэ тохиолдолд зөвхөн газрын төлбөрийг төлснөөр газар эзэмших эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй.
3.8. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгчид нь худалдах, худалдан авах гэрээ, хэлцэл байгуулан гараашийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан бөгөөд газрын төлбөрийг байцаагч болон Баянгол дүүргийн газрын алба нь “Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт”-ыг бичгээр үйлдэж, актад заасан журмын дагуу төлүүлсээр ирсэн, мөн анхан шатны шүүхээс газрын төлбөр төлөгч гэж хэн болох, хуульд заасан ямар үндэслэлээр газрын төлбөрийг төлдөг талаар үндэслэл бүхий тайлбар хийлгүйгээр... дүгнэсэн нь бодит нөхцөлд тохироогүй...” гэж тайлбарлаж байна.
3.9. Энэ тохиолдолд газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлж, ашиглуулах бөгөөд хүн өөрийн хувийн өмчийн “автомашины гарааш”-ийг төрийн өмчийн газар дээр барьснаар тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх шууд дагаж үүсэхгүй тул энэ талаарх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
3.10. Харин нэхэмжлэгч нар нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх …үүргийг …хүлээнэ” гэж заасны дагуу эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдан авснаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэхэд энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 129 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА