Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0019/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Н.Л /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ын Л-д холбогдох эрүүгийн 2018000000497 дугаартай хэргийг 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Н-н Л /регистрийн дугаар: .................. /, ...............   оны .......  дүгээр сарын .......... -ны өдөр ..........  суманд төрсөн, ...............  настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........ , эхнэр хүүхдүүдийн хамт ..............  аймгийн ...........  гол сумын ...............  багийн ........ тоотод оршин суух хаягтай, /.......... аймаг, ........... сум, .......  дүгээр баг, ....... баг, ...... давхар ........  байр, ....... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй/,  урьд:

.......... аймгийн шүүхийн .............  оны ........ дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63б, 109б-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял,

..............  аймгийн ...............  сумын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ........... оны ....... дүгээр сарын ......... -ны өдрийн ......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63б-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

......... дүүргийн шүүхийн ................. оны   .......... дугаар сарын ..........-ны өдрийн .......... дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Н.Л нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ...............  аймгийн ........... гол сум ............... багийн ..........  дугаар байрны ...... дүгээр орцод хувийн маргааны улмаас иргэн Л.Б-ийг зодож эрүүл мэндэд нь хүзүү хоолой, зүүн гуя, цээжний баруун өвдөг, зүүн гарын бугалган дахь зөөлөн эдийн цус хуралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Л мэдүүлэхдээ: “...Намайг гэрээсээ гараад хүүхдүүддээ юм аваад ирэхэд хохирогч хаалга өшиглөөд Чи муу гэртээ тамхи татлаа гэж хэлсэн. Манай хаалгыг 10 гаруй удаа өшиглөсөн, аргаа бараад цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тэгтэл чи муу өргөдөл өглөө, ална тална, яасан ч яадаг юм гэсэн. Мөн маргааш нь дахин манай хаалгыг өшиглөж охины маань 4 настай хүүхдийг айлгасан. Би арга бараад, хаалгаа тайлаад Чи яагаад байгаа юм гэхэд Чамайг яасан ч яадаг юмгэж хэлсэн. Би хохирогчийн хоолойны захаас барьсан нь үнэн. Надад хохирогчийг зодож цохисон асуудал байхгүй. Харин хохирогчийг миний гараас угзрахад нь л ойчоод өгсөн. Тэгж байхад л биедээ гэмтэл авсан байх. гэв.

 

Эрүүгийн 2018000000497 дугаартай хэргээс:

 

Хохирогч Л.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчим гэртээ зүрх тайвшруулах эм уугаад хэвтэж байхад манай гэрийн хаалгыг нэг хүн хүчтэй өшиглөсөн. Тэгэхээр нь босоод хаалгаа онгойлгоод харахад Л архи уусан согтуу байдалтай хажууд нь Баярхүү хамт зогсож байсан. Тэгэхээр нь Яагаад хаалга үүд өшиглөөд байна гэхэд Л өөдөөс Юу гээд хуцаад байгаа гичий вэ, бид нар гэртээ архиа ууна уу, зодолдоно уу чамд ямар хамаатай юм. гэх мэт үг хэлж хэрүүл маргаан хийсэн. Тэгснээ шууд миний өмссөн байсан гэрийн халаадны энгэрээс гараараа боохоор нь би өөрийгөө хамгаалж гараараа нүүр рүү нь нэг удаа түлхсэн. Тэгэхэд хажуу талаас Баярхүү Хүүе та болиоч ээ эмэгтэй хүн шүү дээ, наад хүн чинь бие муутай та болиоч, та согтуу байна гэж хэлсэн чинь Л Энэ гичийг алсан ч яадаг юм. Энэ муугийн дураар амьдарна гэж юу байдаг юм гэж хэлээд дайрч давшлаад намайг газар унагаж миний дээр суучхаад цээжний баруун талын хэрэг рүү 1-2 удаа цохиж үүний дараа намайг босгож ирээд баруун өвдөг рүү өшиглөж зодсон. гэх мэдүүлэг[1],

 

Гэрч Ц.Т-ын мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 07, 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 14 цаг өнгөрч байхад манай нөхрийн найз болох хоёр хүн манайд орж ирээд нэг шил 0,75 литрийн архийг нөхөртэй маань хувааж уусан. Тэр хүмүүсийг манайд архи ууж байхад гэрээсээ гараад найз Оюунаагийн гэрч очоод замдаа тамхи татчихаад тэр айлд цай уугаад гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд тэр хүмүүс архиа ууж дуусаад гараад явсан байсан ба манай нөхөр согтуу байдалтай Б-Э-тэй байрны орцонд хэрэлдээд зогсож байсан ба нүүр ам нь шороо болсон, эрүүнийхээ доор маажуулсан байсан. Б-Э намайг загнаад хэрэлдээд байсан. Ингээд цагдаа ирээд нөхрийг маань аваад явсан. Б-Э нь манай үүд хаалгыг өшиглөж байдаг юм. Ингээд өнөөдөр нөхөр согтоод Болор-Эрдэнийн хаалгыг өшиглөсөн юм. Гэтэл Б-Э нь гарч ирээд уурлаад манай нөхөртэй маргаж муудсан байна. гэх мэдүүлэг[2],

 

Гэрч Ч.Б-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 15 цагийн орчимд манай байрны Л ах нэлээн халамцуу байдалтай орж  ирээд ахынхаа гэрийн хаалгыг онгойлгоод өгөөч гэж гуйсан. Учир нь тэдний хаалганы цоож нь эвдэрсэн болохоор гаднаас нь хоолны халбагаар хөшиж онгойлгодог юм. Тэгээд Л ах бид хоёр манай гэрээс гарахад Л ах Б-Э гэх эмэгтэйн гэрийн хаалгыг гаднаас нь өшиглөсөн. Гэтэл Б-Э хаалгаа онгойлгож гарч ирээд Л ах руу дайрч давшлаад Өнөөдөр би чамтайгаа шүү гэх мэтээр хэрүүл хийгээд байсан. Тэгснээ Л ах Б-Э хоёр бие биеэ боохоор нь би айгаад орцноос гарч гүйгээд Л ахын эхнэр Туул эгчийг хайсан. Тэгээд удалгүй Туул эгч байр луу орж яваа харагдсан. Тэгэхээр нь араас нь ороход Б-Э гэртээ орсон. Л ах орцондоо зогсож байсан. гэх мэдүүлэг[3],

 

Шарын гол сумын эмнэлгийн жижүүр эмч Ж.Г-ийн 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...Л овогтой Б-Э, бусдад зодуулсан. Ирэх үед толгой өвдөнө, толгой эргэж дайвалзана, нуруу өвдсөн байдалтай байсан ба үзлэгээр биеийн байдал дунд, зүрхний авиа бүдэг, хэм жигд, хүзүүний урд хэсэгт улайсан, зүүн эгмийн доор мөрний урд хэсэгт зөөлөн эд гэмтэж хөхөрсөн зүүн хөлийн гуяын дотор талд зөөлөн эд гэмтэж хөхөрсөн. гэх тодорхойлолт[4],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 925 дугаартай ...Л.Б-ийн биед хүзүү хоолой, зүүн гуя, цээжний баруун өвдөг, зүүн гарын бугалган дахь зөөлөн эдийн цус хуралтууд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүгэгдэх боломжтой. Л.Б-ийн биед учирсан гэмтэл нь 2020  оны 11 дүгээр сарын 07-нд үүссэн байх боломжтой. Л.Б-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Л.Б-Э-ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт[5],

 

Н.Л-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн яллагдагчаар мэдүүлсэн: ...2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ сууж байтал гэрийн хаалганы гаднаас нэг хүн маш чанга өшиглөхөөр нь гайхаад хаалгаа онгойлгоход Б-Э гэх хүүхэн зогсож байсан бөгөөд Чи хүний эрх зөрчлөө. Гэртээ тамхи татсанаас болж манай гэрт утаа чинь ороод байна. гэж хэлэхээр нь дуугүй зогсож байгаад хаалгаа хаасан. Тэгээд удалгүй би гэрээсээ гарчхаад эргэж орохдоо хаалгаа онгойлгож чадахгүй Б гэх танил хүүхний гэрээр орж хаалгаа онгойлгоод өгөөч гэж гуйсан. Тэгээд хамт гэрээс нь гарахдаа хажуугийн Б-Э гэх эмэгтэйн хаалгыг нэг удаа өшиглөсөн юм. Гэтэл Б-Э гэрээсээ гарч ирээд Чи хүний эрх зөрчөөд байна гэж орилоод миний өөдөөс дайрч цамцны захаас зуураад авсан. Тэгэхээр нь би өөдөөс нь зуурч аваад хэсэг ноцолдсон боловч түүнийг дийлэхгүй газар унасан. Харин Б-Э дээрээс өвдөглөж байгаад миний нүүрийг маажсан. Би Б-Э-ийг цохиж зодоогүй. Харин түүнийг заамдахад хүзүү нь улайж хөхөрсөн байх, мөн миний дээрээс өвдөглөж дарахдаа өвдгөө газар цохисон байх. Бас барьцалдаад ноцолдох үедээ зүүн гар нь хөхөрч зөөлөн эдийн цус хуралт үүссэн байх боломжтой. Үүнийг хүлээн зөвшөөрч байна.гэх мэдүүлэг[6],

 

Шүүгдэгч Н.Л-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[7] болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Н.Л-ийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.Л нь согтуурсан үедээ 2020 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ................. аймгийн ..............  гол сум ................. багийн .......... дугаар байрны 1 дүгээр орцод хувийн маргааны улмаас иргэн Л.Б-Э-ийг зодож эрүүл мэндэд нь хүзүү хоолой, зүүн гуя, цээжний баруун өвдөг, зүүн гарын бугалган дахь зөөлөн эдийн цус хуралтууд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Н.Л нь хохирогч Л.Б-Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Н.Л нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Н.Л-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.Л-ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал, мөн шүүгдэгч, хохирогч нарын зан харилцаа, ёс суртахууны хэм хэмжээ зөрчсөн байдал зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэлээ.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Л.Б-Э-ийг зодож биед хүзүү хоолой, зүүн гуя, цээжний баруун өвдөг, зүүн гарын бугалган дахь зөөлөн эдийн цус хуралтууд бүхий гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Л-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч,хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Хохирогч Л.Б-Э гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчээс энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Харин хохирогч Л.Б-Э нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Л нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Н.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

Шүүхээс шүүгдэгч Н.Л-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Н.Л-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-н Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Л.Б-Э нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Л нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 12-13 тал

[2] Хавтаст хэргийн 15, 16 тал

[3] Хавтаст хэргийн 17 тал

[4] Хавтаст хэргийн 21 тал

[5] Хавтаст хэргийн 23-24 тал

[6] Хавтаст хэргийн 29-30 тал

[7] Хавтаст хэргийн 48 тал