Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0077/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.Ж /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ийн Ж-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн Ж, /регистрийн дугаар: ........... /, ............ оны ........  дүгээр сарын ........... -ны өдөр ............  аймгийн .......... суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........, эцэг, эхийн хамт .............  аймгийн ........сумын ......... дүгээр багийн ............-ийн байрны .......... тоотод  оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “Ундрам” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа 322 дугаартай өрөөнөөс иргэн Л.Б-ийн самсунг А51 маркийн гар утас, хар өнгийн хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 840,000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ж нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “Ундрам” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа 322 дугаартай өрөөнөөс иргэн Л.Б-ийн самсунг А51 маркийн гар утас, хар өнгийн хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 840,000 /найман зуун дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ж-ийн мэдүүлсэн: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцэх зүйлгүй.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 2118000000081 дугаартай хэргээс:

 

Зочид буудлын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[1],

 

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч ахлах дэслэгч Д.Энхтөрийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “...хар өнгийн Самсунг А51 маркийн гар утас, хар өнгийн хос гутал тус тус хураан авч тэмдэглэл үйлдэв.” гэх эд зүйл хураан авсан тэмдэглэл[2],

 

Дархан-Уул аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч дэслэгч Ш.Амарбаясгалангийн 2021 оны 03 дугаар сарын 15, 25-ны өдрийн “...хар өнгийн Самсунг А51 маркийн гар утас, хар өнгийн хос гутал тус тус хохирогч Л.Б-д хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв.” гэх эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд[3],

 

Хохирогч Л.Б-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 10, 15-ны өдөр тус тус мэдүүлсэн: “Би 2021 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед хамт ажилладаг найз Б, О нарын хамтаар Шинэ хорооллын “Ундрам” зочид буудлын 332 өрөөнд хоногоор тооцоо хийж орсон. Тэгээд бид 3 нийлж 0.75 литрийн Эдэн архи 1 ширхэг, 2.5 литрийн Сэнгүүр пиво 2 ширхгийг хувааж уугаад согтоод унтсан байсан. Би шөнө 2 цагийн үед сэрээд утсаа харах гэтэл байхгүй байсан ба өмсөж явсан гутал бас байхгүй болсон байсан.

...Би өөрийн гар утсаа, хар өнгийн гутал зэргээ хүлээн авсан тул одоо гомдол санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Ч.Б-ын мөрдөн байцаалтад 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...“Өчигдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед хамт ажилладаг ах болох Л.Б, О нарын хамтаар Шинэ хорооллын “Ундрам” зочид буудалд орж 0.75 литрийн Эдэн архи 1 ширхэг, 2.5 литрийн Сэнгүүр пиво 2 ширхгийг хувааж уугаад 23 цагийн орчим харих гээд гарсан. Тус өрөөнд Б, О хоёр хонох гээд үлдсэн. Тэгээд өнөө өглөө 9 цагийн үед Б ах над руу залгаад ахынхаа утсыг харсан уу гэхээр нь үгүй гэхэд алга болсон байна гэж байсан.” гэх мэдүүлэг[5],

 

 “Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “...иргэн Л.Б-ийн эзэмшлийн эрэгтэй хүний хагас түрийтэй гутал /хуучин/ 1 хос, Самсунг А51  маркийн 64 GB багтаамжтай гар утас /шинэ/ 1 ширхэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 840,000 /найман зуун дөчин мянга/ төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлтэд эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[6],

 

Б.Ж-ийн мөрдөн байцаалтад гэрчээр 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, яллагдагчаар 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тус тус үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд[7],

 

Шүүгдэгч Б.Ж-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас[8] болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах саналтай байна.” гэв. 

 

Шүүгдэгч Б.Ж нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Б.Ж-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохоо шүүх хуралдаанд илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ж-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн   шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Хохирогч Л.Б нь эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирлыг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг шүүгдэгч зөвшөөрсөн байна.

 

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Ж-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Ж-г 1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хязгаарлах хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэгтэй сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

 

[1] Хавтаст хэргийн 6, 8 тал

[2] Хавтаст хэргийн 10 тал

[3] Хавтаст хэргийн 13, 14 тал

[4] Хавтаст хэргийн 17, 19 тал

[5] Хавтаст хэргийн 23 тал

[6] Хавтаст хэргийн 30-31 тал

[7] Хавтаст хэргийн 23, 41 тал

[8] Хавтаст хэргийн 45 тал