Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2021/0089/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуяа,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Хт холбогдох эрүүгийн 2118000000074 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б.Х /РД: /, 1988 оны 7 дугаар сарын 26-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хэрэг хариуцах чадвартай, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам нь шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын ** дугаар гудамжны ** тоот гэртээ хамтран амьдрагч Д.Аийг зодож эрүүл мэндэд нь баруун зүүн зовхинд цус хуралт, хоёр нүдний зовхи болон хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун хацрын төвгөр, дээд уруул, дээд уруулын дотор салст, баруун мөр, даланд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хэрэгт авагдсан:

- ...Х надад хандаж “чи муу “Рояал” зочид буудалд ордог хэн юм бэ?” гээд намайг үстэж дараад нүүр лүү 5-6 удаа өшиглөөд, толгой руу гараа атгаж олон удаа цохиж, миний нуруунаас 3 удаа хазсан. Тэгээд никель төмөр саваар толгой руу 3 удаа цохиод, намайг дээш харуулж миний дээр гарч суугаад зүүн хацраас хазсан. Тэгэхэд Хын найз Нэмэхээ салгасан. Х надад эм, сорвины тос зэрэг эд материалын зүйлээр хохирол нөхөн төлбөр төлсөн. Баримт байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хохирогч Д.Аийн мэдүүлэг /хх-ийн 18, 20/,

- ...эгч А 20 цаг 30 минутын үед над руу залгаад “Х намайг гамбир болтол нь зодчихлоо, би одоо Оыг аваад гарлаа” гэж хэлсэн. Тэгээд 30 минут орчмын дараа А, манай хүү Отай цуг орж ирэхэд Аийн нүүр хэсэг хавдаад зүүн талын хацар дээрээ хазуулчихсан байсан... гэх гэрч Д.Эийн мэдүүлэг /хх-ийн 22/,

- ...Тэгээд Х ах хоолны тогоогоор А эгчийн толгой руу цохисон. Ингээд хажууд байсан танихгүй ах салгасан. Х ах, А эгч хоёр хоорондоо ярилцаж байтал Х ах А эгчийн үснээс зулгааж, нүүр рүү нь зөндөө цохиод байсан... гэх насанд хүрээгүй гэрч О.Оын мэдүүлэг /хх-ийн 24/,

- ...намайг буцаад Хгийн гэрт ороход А жоохон хүүхэдтэй ирчихсэн байсан ба А, тэр хүүхэд хоёр уйлсан байдалтай байсан. Тэгээд Х А рүү агсам тавиад байхаар нь би салгасан... гэх гэрч У.Нын мэдүүлэг /хх-ийн 28/,

- ...Тэгээд би Атэй “Рояал” зочид буудал руу хэнтэйгээ цуг яваад байдаг юм” гэж хэлээд бид 2 хэрүүл маргаан хийсэн. Би тухайн үед согтуу байсан болохоор зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Ямар ч байсан Аийн биед гэмтэл учруулж зодсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна... гэх шүүгдэгч Б.Хын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 38/,

- Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын ** дугаар гудамжны ** тоотод байх ба Х нь Аийн цохисон гэх тогоог гаргаж өгөхөд дугуй хэлбэрийн төмөр хийцтэй 17 сантиметр радиустай бариулгүй байв... гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-10/,

- хэргийн газрын үзлэгт тусгагдаж хураан авсан дугуй хэлбэрийн төмөр хийцтэй 17 сантиметр радиустай бариулгүй, гадна болон дотор тал бохирлогдсон зүйлгүй 1 ширхэг тогоог эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зураг /хх-ийн 11-13/,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 3 дугаар сарын 09-ний 154 дугаартай “Д.Аийн биед баруун зүүн зовхинд цус хуралт, хоёр нүдний зовхи болон хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун хацрын төвгөр, дээд уруул, дээд уруулын дотор салст, баруун мөр, даланд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/,

- Д.Аийн хоёр нүдний зовхи, хацар, уруул хавдаж хөхөрсөн гэх яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 33-34/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Х, хохирогч Д.А нар нь хамтран амьдрагч буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Энхцэцэг, насанд хүрээгүй гэрч О.Отгонбаяр болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Аийн биед баруун зүүн зовхинд цус хуралт, хоёр нүдний зовхи болон хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун хацрын төвгөр, дээд уруул, дээд уруулын дотор салст, баруун мөр, даланд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Аийн “...Х надад эм, сорвины тос зэрэг эд материалын зүйлээр хохирол нөхөн төлбөр төлсөн. Баримт байхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 20/, “...Б.Х хэрэгт шалгагдах хугацаандаа хохирол барагдуулсан. Иймээс гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 105/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Хын 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн Чулуутын ** дугаар гудамжны ** тоот гэртээ хамтран амьдрагч Д.Аийг зодож эрүүл мэндэд нь баруун зүүн зовхинд цус хуралт, хоёр нүдний зовхи болон хацарт зөөлөн эдийн няцрал, хүзүү, баруун хацрын төвгөр, дээд уруул, дээд уруулын дотор салст, баруун мөр, даланд цус хуралт, зүүн хацарт зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. 

Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Хт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Х нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд түүний бусад орлого олох боломж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд сар бүр 150.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан дугуй хэлбэрийн төмөр хийцтэй 17 сантиметр радиустай бариулгүй 1 ширхэг тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Хт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугуй хэлбэрийн төмөр хийцтэй 17 сантиметр радиустай бариулгүй 1 ширхэг тогоог шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.ИХТАМИР