| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0143/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/144 |
| Огноо | 2021-06-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0143/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч З.Ч, түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт З-ийн Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2118000000163 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х овогт З-ийн Ч, /РД ......................./, .......... оны ........... дугаар сарын ......... -ны өдөр ............. аймгийн .............. суманд төрсөн. .......... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .......... , ..........-ийн хамт ................ аймгийн ................ сумын .............. дугаар баг ........... дугаар хороолол ................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч З.Ч нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 9 цаг 45 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тээвэрчдийн тойргийн авто зам дээр .......... ДАР улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн Ц.С-ын эрүүл мэндэд баруун талын умдаг ясны өмнөд доод хүрээнд зөрүү бүхий хугарал, зүүн гуя баруун өгзөг, зүүн шилбэ, зүүн хөлийн сарвуунд цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З.Ч-ийг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Ч нь 2021 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 9 цаг 45 минутын үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Тээвэрчдийн тойргийн авто зам дээр ............ ДАР улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж иргэн Ц.С-ын эрүүл мэндэд баруун талын умдаг ясны өмнөд доод хүрээнд зөрүү бүхий хугарал, зүүн гуя баруун өгзөг, зүүн шилбэ, зүүн хөлийн сарвуунд цус хуралт, зүүн тохойд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Ч-ийн мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу.” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2118000000163 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
Хохирогч Ц.С-ын мөрдөн байцаалтад 2021 оны 05 дугаар сарын 09, 05 дугаар сарын 25-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг 30 минутад гараад Парк руу алхаж байсан юм. Тэгээд Бурхантай уулын хажуугаар гараад тойргийн замаар Парк руу гарах гэтэл тойрог талаас цагаан өнгийн тоёота приус-20 маркийн машин ирээд намайг мөргөсөн. Тухайн үедээ мөргүүлээд дээшээ үсрээд унаснаа санаж байна.” гэх мэдүүлэг[2],
Яаралтай тусламжийн “...хэсэг газрын үзлэгээр: Баруун түнхээр эмзэгшсэн. ...урьдчилсан онош: баруун түнх орчмын зөөлөн хэсэг гэмтсэн, ...төрөлжсөн мэргэжлийн эмчийн онош: рентген зурагт ясны хугарал.” гэх хуудас[3],
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаартай “...Ц.С-ын биед баруун талын умдаг ясны өмнөд доод хүрээнд зөрүү бүхий хугарал, үүн гуя баруун өгзөг, зүүн шилбэ, зүүн хөлийн сарвуунд цус хуралт, зүүн тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Одоо нуруу, хүзүү, суга, шилбэ хөл өвдөж байгаа. Сүүжний яс хугарсан болохоор эмчилгээ хийлгээд хэвтэрт дэглэм сахиж байгаа.” гэх шинжээчийн дүгнэлт[4],
Гэрч Ш.А-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мэдүүлсэн: “...2021.05.09-ний өдөр 08 цагийн үед миний төрсөн охин С над руу залгаад машинд мөргүүлсэн гэж ярьсан. Тэгээд миний бие эхнэрээ дагуулаад очтол замын хажуу талын шороон дээр бөгсөөрөө суучихсан хувцас нь шороо болчихсон байсан. Ойролцоо нь цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл салхины шил нь хагарсан, бяцарсан байдалтай жолооч гэх эрэгтэй хүн нь сандарсан байсан. Машины жолооч хүн орж ирэхээр нь сандарсандаа тоормосоо гишгэх гэж байгаад хаазаа гишгэсэн гэж ярьж байсан. Тэгээд удалгүй түргэний машин ирээд Саран эмнэлэг рүү миний охиныг авч явсан.” гэх мэдүүлэг[5],
Гэрч М.Б-ын 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2021 оны 05 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг 20 минутын үед Дархан сумын 4 дүгээр баг Төмөр замын 13 дугаар байрнаас гэрээсээ гараад Дархан сумын 15 дугаар баг Ургамал газар тариалангийн хүрээлэн рүү ажилдаа явж байсан юм. Бурхантай уул буюу аюулгүйн тойргийн тэр хавьд явж байсан чинь гүүрэн доогуур Петровис колонкын үнийн самбарын тэр хавьд овоолсон шорооны орчим гэж санаж байна. Цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл хүүхэд мөргөөд тас хийгээд дугарсан. Тэгээд яваад очсон чинь мөргүүлсэн хүүхдийн гутал нь шидэгдээд сугараад уначихсан байхаар нь гутлыг нь өмсүүлээд зүгээр үү ахын дүү гэж асуугаад түргэн дуудсан. Жолооч нь их сандарсан байдалтай юм ярьж чадахгүй утсаараа залгах үйлдэл хийж чадахгүй байсан.” гэх мэдүүлэг[6],
Автотээврийн шинжээчийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5 дугаартай “...З.Ч нь 4058 ДАР улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2021 онд оношилгоонд оруулаагүй. Зам тээврийн осол үйлдэхээс өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо техникийн стандартыг хангаж оролцсон байна. Тоормосны эд анги нь гэмтэл, эвдрэлгүй байсан нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй болно. ............ ДАР улсын дугаартай тэврийн хэрэгсэлд үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглоогүй. Тухайн тээврийн хэрэгсэл нь ослын өмнө эд анги эвдрэлгүй байсан ослын дараа урд салхины шил хагарсан, урд гопуд хонхойсон, урд куперны баруун урд хэсэгт хонхойж будаг ховхорсон зэрэг эвдрэлүүд үүссэн. Тээврийн хэрэгслийн тоормосны эд анги ямар нэгэн гэмтэлгүй ажиллаж байсан байна. Тээврийн хэрэгслийн хурдны хэмжүүр хурд зааж байна. Иймд тухайн үеийн тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Харин камерын тусламжтай эсвэл жолооч өөртөө тодорхойлох боломжтой юм.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт[7] зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч З.Ч нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэв.
Шүүгдэгч З.Ч болон түүний өмгөөлөгч Н.Баттунсаг нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ц.С-ын эрүүл мэндэд учирсан баруун талын умдаг ясны өмнөд доод хүрээнд зөрүү бүхий хугарал, үүн гуя баруун өгзөг, зүүн шилбэ, зүүн хөлийн сарвуунд цус хуралт, зүүн тохойд зулгаралт хохирол нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтлийн шинжийг хангаж байна.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд жолоочийн хайхрамжгүй байдал, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч З.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч З.Ч-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч нь 2021 оны 06 дугаар сарын 18-ы өдөр Дархан-Уул аймгийн Прокурорын газарт “...Одоогоор 1,000,000 төгрөгийн зардал гарсан. Буруутай этгээд З.Ч нь 4,500,000 төгрөгийг төлж хохирлоо барагдуулсан. Миний зүгээс гомдол байхгүй. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэх хүсэлт гаргасан байх тул энэ тогтоолоор шүүгдэгч З.Ч-ээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын яллагчаас “Шүүгдэгч нь үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө барагдуулж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Тиймээс шүүгдэгч З.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч З.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Хохирол төлбөрөө төлж улсын яллагчтай ял тохиролцсон. Тиймээс тохиролцсон ялыг оногдуулж өгнө үү.” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар, ямар нэгэн дарамт шахалтгүй хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь прокурорын сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг зөвшөөрсөн байна.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч З.Ч-д прокурорын сонсгосон ялын хүрээнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч З.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт З-ийн Ч-ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ч-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ч-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч Ц.С нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР