Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2019/0244/Э/001/2019/0619

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг, Ц.Наранзаяа

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Я.О, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа,

Шүүгдэгч Б.З, түүний өмгөөлөгч Ө.Ганзориг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О овогт Б З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818005610045 дугаартай эрүүгийн хэргийг Монгол Улсын дээд шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, О овогт Б Золжаргал, /РД: ........... / ............  оны ..........  дугаар сарын ......... -ны өдөр  .............  аймгийн ........... суманд төрсөн, ..........  настай эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “............ ” ХХК-д ........................  ажилтай, ам бүл ............ , .................-ийн хамт ............. ..........  аймгийн ............ сумын ............ дугаар багийн .............. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.З нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим ...................  аймгийн .............  сумын ............  дугаар багийн ............ дугаар хороолол ....... дүгээр байрны урд замын зорчих хэсэгт ......... ДАР улсын дугаартай Хьюнда соната-7 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.17 дахь хэсэгт заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Я.О-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ: “Би тухайн өдрийн өмнөх шөнө Улаанбаатар хотоос ирэхэд байрны гадна зогсоол дээр зай байгаагүй тул 6 дугаар орцын үүдэнд машинаа тавьсан байсан. Өглөө зогсоол дээр зай гарсан байхаар нь би машинаа тавихаар ухарч байхдаа баруун талын толинд харахад энэ эмээ газар унасан байсан би машинаа зогсоож, машинаасаа буугаад та яасан бэ гэхэд чамаас айгаад үсрээд уначихлаа гээд цагдаа дуудаад яах вэ эмнэлэг явъя гээд би энэ эмээг аваад эмнэлэг рүү явсан. Хохирогч эмнэлэг дээр очсоны дараа цагдаа дуудсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.О мэдүүлэхдээ: “Шүүгдэгчийн хэлж байгаа бүгд худал байна. Намайг орцоос гараад явж байхад энэ хүүхдийн машин 5 дугаар орцын үүдэнд зогсож байсан. Хаалга, тээш нь онгорхой байсан учир машиндаа засвар хийж байгаа юм байхдаа, зогсоод зай байхад яагаад орцын үүдэнд тавьсан юм бол гэж бодож байтал машин гэнэт хүчтэй ухраад ороод ирсэн, би айж сандраад, тулаад ирэхэд нь баруун гараараа тулаад саваад газарт унасан. Шүүгдэгчийн машины хаалга, тээш нь онгорхой байсан, намайг яаж байна аа гээд орилоход шүүгдэгч машинаа зогсоосон. Намайг унасан байхад миний хөл дээгүүр гарах гээд байхад нь манай хүүхэд ирээд урагшаа машинаа гаргаач гэж манай хүү хэлээд явсан. Намайг босгох гэж байхад шүүгдэгчийн бие салгалж байдалтай, миний цүнхтэй бичиг баримтыг надад өгсөн. Энэ хүүхдээс болж өдий хүртэл ийм байдалтай явж байгаад гомдолтой байна. Би бие эрхтнээрээ хохирч байна, одоо хүртэл айдас гарахгүй, чих дүлийрээд, ярьж чадахгүй болж, бие салгалаад байна. Тухайн үед намайг эмнэлэгт хэвтэж байхад ядаж нэг памперс аваад ирсэн бол өдий хүртэл ингээд гомдоод явахгүй байсан. Осол гарсны дараа миний цүнх задарсан учир шүүгдэгч өөрөө миний бичиг баримтыг авч өгсөн шүү дээ. Би хүнийг гүтгэхгүй, надад чам шиг хүүхдүүд байгаа, яагаад намайг гүтгээд байгаа юм. Чи орчин тойрноо гарч хараагүй, машин дотроо байсан. Би уушгиндаа хагалгаа хийлгэж байсан, бөөр, элэг, тархи өвдөж байгаа. Одоо хүртэл янз бүрийн эмчилгээ хийлгэж байна. Ослын улмаас би 1 жил гаруй хэвтэрт байсан, манай хүүхэд намайг асарч гэрт байсан учир асарсны хөлс гэж шүүгдэгчээс нэхэмжилсэн.” гэв.

 

Эрүүгийн 1818005610045 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],

 

Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2],

 

Мэдүүлгийг газар  дээр нь шалгасан тэмдэглэл[3],

 

Хохирогч Я.О-ийн мөрдөн байцаалтад 2018 оны 08 дугаар сарын 01, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 12 дугаар баг 23 дугаар байрны подвальд байрлах ажлаасаа 13 цагийн үед гарч яваад 21 дүгээр байрны урд ажлын хүмүүстэйгээ уулзахаар утсаар яриад явж байтал 5 дугаар орцны 2 хаалга, багаж нь онгорхой нэг машин зогсож байсан. Гэтэл гэнэт тэр машин ухраад ороод ирсэн. Тэгээд би орилоод хойшоо ухрахад тэр машин зогсохгүй байсан ба ямар ч байсан 2 гараараа түлхэхэд цохигдож 6 дугаар орцны урд тал руу газар унасан. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 10 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд эм, тариа, том хүний живх, тэргэнцэр, таяг, миний охины намайг сахисан хугацааны буюу ажилгүй байсан хугацааны цалинг бодож нийт 3,258,560 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн үүн дээр дараагийн сарын живхний хэрэглээний мөнгө болох 3,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. ” гэх мэдүүлэг[4],

 

Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 16 цагийн үед Я.О гэх эмэгтэй хүлээн авахаар үзүүлсэн ба түнхээр өвдөнө гэсэн зовууртай ирсэн. Яагаад гэмтсэнийг асуухад “байрны гадаа машин ухарч байхад ирэхэд нь айж зугтааж байгаад унасан” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[5],

 

Гэрч Д.Ү-ын мөрдөн байцаалтад 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр цагдаагийн жижүүрийн албанаас зам тээврийн ослын талаар дуудлага ирсний дагуу Нэгдсэн эмнэлэгт очиж жолооч нь болох 20 орчим насны залуутай уулзаад осол болсон газар луу хамт явсан. Явган зорчигч ........... болон жолоочийн өгсөн мэдүүлгээр Б-2 цэгийг, жолоочийн зааж өгсөн мэдүүлгээр Б-1 ............ ДАР улсын дугаартай Х/Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл болох цэгийг тус тус тэмдэглэсэн.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Б.Г-ийн мөрдөн байцаалтад 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагчид иргэн З-аас ...........  дугаарын утсаар “Байрны гадна машинаараа ухарч байгаад хүн шүргэчих шиг боллоо” гэсэн утгатай дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Ц.Э-ын мөрдөн байцаалтад 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажлаа хийж байтал .......... эгч утсаар яриад “Ажил дээр ирсэн чинь цоожтой байна” гэхээр нь “хүрээд ир” гэж хэлсэн. Тэгсэн 2-3 минутын дараа .............  эгч залгаад “намайг машин дайрчихлаа, босож чадахгүй байна. Гарч ирээд аваач” гэж ярихаар нь гүйгээд гарсан. Тэгтэл 21 дүгээр байрны 6 дугаар орцны урд талд .................  нь бүсэлхийнээс доош хэсэг нь авто машины зам дээр, бүсэлхий хэсэг нь замын хашлага дээр, биеийн цээж хэсэг нь явган хүний зам дээр орц талд дээшээ хараад ёолоод хэвтэж байсан. ...............-ээс юу болсон талаар асуухад тэр хүүхэд намайг дайрчихлаа гээд 21 дүгээр байрны 5 дугаар орцны хаалганы баруун талд цагаан өнгийн суудлын авто машины хажууд зогсож байсан залууг гараараа заасан. Тэр залуу нь “би ухарч байхдаа анзаарсангүй” гэж хэлсэн. Машин болон жолооч нь 5 дугаар орцны үүд орчимд, ...............  нь 6 дугаар орцоос 5 дугаар орц руу явах талд 1 алхам орчим зайд газарт дээшээ хэвтэж байсан.” гэх мэдүүлэг[8],

 

Гэрч Э.Б-ний мөрдөн байцаалтад 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр мэдүүлсэн: “....2018 оны 07 дугаар сарын үед 13-14 цагийн орчим гэрээсээ гараад явж байтал эмээтэй хамт ажилладаг Э “Эмээтэйгээ утсаар ярьсан уу, манай байрны 06 дугаар орцны гадаа машинд мөргүүлчихлээ гэж над руу залгасан. Намайг эмээ дээрээ очиход замын хөвөөн дээр бөгсөн биеэ бариад хэвтэж байсан. Тэр үед эмээг мөргөсөн гэх .............  ДАР улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийн жолооч “эмээг чинь байгааг харсангүй” гэж хэлсэн. Тэгээд жолоочтой хамт эмээг эмнэлэгт хүргэж өгөхөд эмч хүнд гэмтсэн байна хөдөлгөж болохгүй, гипс тавих шаардлагатай гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[9],

 

Гэрч Ч.Э-ны мөрдөн байцаалтад 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр мэдүүлсэн: “Би 2018 оны 07 дугаар сарын 08-ны орой Улаанбаатар хотоос ирсэн. Тухайн үед машин зогсоолд тавих зайгүй байсан тул 5 дугаар орцны урд нэг жижиг машины хойно миний хүү З машинаа байрлуулаад амарцгаасан. Өглөө нь 10 цагийн үед бид босож хүү З маань машинаа цэвэрлэлээ гэж хэлээд гарсан. Би хүүгээ гарснаас хойш 10-20 минутын дараа гал тогооны цонхон дээр очиход мөргүүлсэн гэх эмээгийн зээ хүү Б хар өнгийн хувцастай түүний эмээ ягаан өнгийн хувцастай, түүний хажууд улаан шаргал өнгийн хувцастай эрээн алчуур зүүсэн эмэгтэй хүн тэр эмээг түшээд зогссон. Мөн хажууд нь манай хүү З зогсож байсан. Тэдгээр хүмүүс 6 дугаар орцны зүүн урд хэсэгт явган хүний зам дээр зогсож байсан. Тэгээд манай хүү машин руугаа очоод машинаа ухраагаад нөгөө 3 хүний харалдаа очиж зогсоод эмээг жолоочийн хажуугийн суудалд суулгаад, Б арын суудалд суусан. Тэгэхээр нь удалгүй хүү рүүгээ залгаад хаачих гэж байгаа юм бэ гэж асуухад “эмнэлэг ороод ирье.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[10],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн их эмч н.Э-ын 07 дугаар сарын 09-ний өдрийн “ Я.О 68 настай эмэгтэй. Машинд мөргүүлсэн. Баруун түнхээр өвдөнө. Рентгенд баруун дунд чөмөг чөмөг төвгөр дайрсан хугаралтай.” гэх тодорхойлолт[11],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 751 дугаартай “...Я.О-ийн биед баруун дунд чөмөгний битүү хугарал, баруун шуу, сарвуу, умдаг, гадна бэлэг эрхтэн, цавь орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хатуу гадаргуу дээр унах, цохигдох үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт[12],

 

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лх-ийн 2018 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай “...Б.З-ын жолоодож явсан ...............  ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, ямар нэг эд анги эвдрэлгүй, осол гарахад нөлөөлсөн зүйлгүй. Техникийн бүрэн бүтэн эврэлгүй тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй. Ослын дараа болон өмнө техникийн ямар нэгэн гэмтэлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг, хяналтын дүгнэлтийн хуудас[13],

 

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Н-ын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 48 дугаартай “Б.З нь .......... ДАР улсын дугаартай Хьюндай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 бүлгийн 7.17-д “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэж заасныг зөрчсөн. Явган зорчигч Я.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй” гэх шинжээчийн дүгнэлт[14],

 

Б.З-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 08-ны шөнө 02 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос ирээд машинаа 5 дугаар орцны урд талд замын догол хэсэгт байрлуулж тавиад гэртээ орж амарсан. Маргааш өглөө нь 10 цаг өнгөрч байхад босоод гарч өөрийн машинаас суудлын бүрээсээ гэрт оруулж ээжээр угаалгахаар өгчхөөд машины дотор болон гадна талыг цэвэрлэхээр гараад ирсэн чинь 5 дугаар байрны орцны урд талын зогсоол дээр нэг машин байрлуулах зай гарсан байхаар нь машинаа асаагаад хойшоо ухарч байгаад баруун талынхаа толинд харахад газарт эг эмээ уначихсан байсан. Тэгээд машинаасаа бууж очоод “Яасан эмээ гайгүй юу” гэж асуухад “Чамайг ухарч байхад айгаад хойшоо үсэрчихлээ” гэж хэлсэн. Тэгээд тэр эмээ ач хүүгээ дуудсан. Тэгээд ач хүү Билгүүнтэй нь нөгөө эмээг хамжиж босгоод машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлэг[15],

 

Шүүгдэгч Б.З-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16] болон хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд, хохирогчийн эмчилгээний зардалтай холбоотой бусад баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Зын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.З нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 6 дугаар хороолол 21 дүгээр байрны урд замын зорчих хэсэгт ............  ДАР улсын дугаартай Хьюнда соната-7 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7 дугаар зүйлийн 7.17 дахь хэсэгт заасан “бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Я.О-ийн эрүүл мэндэд баруун дунд чөмөгний битүү хугарал, баруун шуу, сарвуу, умдаг, гадна бэлэг эрхтэн, цавь орчмын цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрчийг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.З нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргаж, хохирогч Я.О-ийн биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь замын цагдаагийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч нь анх мэдүүлэг өгөхдөө хохирогчийг харсангүй гэсэн байдаг, хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгчийн тээврийн хаалга нь онгорхой, тээш онгорхой байсан, би баруун гараараа машин дараад унасан гэсэн ба хохирогчийн баруун сарвуунд гэмтэл тогтоогдсон байгаа зэргээр нотлогдож байна. Хохирогч хашлага давж зугтаж байгаад унасан гэсэн мэдүүлгийг шалгахад зугтаж байгаад унасан нь тогтоогдоогүй, мөргүүлээд унасан болох нь тогтоогдсон, хохирогчийн зүгээс залуу хүүхдийг хэрэгт оруулахгүйн тулд тийм мэдүүлэг өгсөн гэж хэлж байна. Хэн нэгэн харагдаагүй гэж байгаа боловч жолооч ухрахдаа аюулгүй байдал хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, ослын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэг нь гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж байсан ба шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатнаас хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байгаа. Прокурор Н.Д энэ хэргийг гэмт хэрэг биш байна гэж хэрэгсэхгүй болгож байсан боловч дээд шатны прокурорт гомдол гаргаж хэргийн сэргээн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлэхэд анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсан байдаг. Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд ХХ-ийн 227 дугаар талд хохирогч осол гарахад эрүүл саруул явж байсан уу гэсэн асуултад хохирогч эрүүл саруул явж байсан гэсэн хариулт байгаа. Мөн шүүгдэгч ухарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, тухайн өдөр хохирогч эрүүл саруул, бусдад туслах аяндаа оролцохоор явж байсан нь тогтоогддог. Шүүгдэгч осол гаргаагүй гэдэг боловч хохирогч нь ухарсан авто машинаас зугтсандаа унасан эсэх нь хэрэгт ач холбогдолгүй, ухарч буй машин болон хохирогчид учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоотой гэж үзэж байна. Шүүгдэгч ухрах үйлдэл хийхдээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх дүгнэлттэй маргаагүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн.  Шүүгдэгч хэдийгээр санаатай хэрэг хийгээгүй, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн боловч энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй нь харамсалтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн Ө.Ганзориг, Г.Энхцэцэг нар нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  ...Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, бидний зүгээс гэм бурууг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шүүгдэгч Б.З-ын гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Яллах дүгнэлтэд тухайн тээврийн хэрэгсэл ухарч байхдаа иргэн Я.О-ийн биед хүндэвтэр хохирол учруулаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж байгаагаас харахад шүүгдэгч Б.З нь тээврийн хэрэгсэл жолоодон ухарч байхдаа мөргөсөн, шүргэсэн, өөрөө зугтаж байгаад унасан уу гэдгийг тогтоогоогүй байна. Хохирогчийн гэмтсэн нь шүүгдэгчийн ухарсан үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэхийг тогтоох ёстой. Энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээтэй зүйл маш их байна. Хохирогч Я.О-ийн мэдүүлэгт “би өөрөө зугтаж байгаад, замын хашлага дээр тээглээд унасан” гэдэг. Уг мэдүүлгийг авахад хууль сануулсан. Өнөөдөр шүүх хуралдаанд хохирогчийн байр суурь өөрчлөгдөж, намайг мөргөсөн, би гараараа түлхээд унасан гэж мэдүүлэг өгч байгаа нь өөрөө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл гэж үзэж байна. Хохирогч Я.О гэдэг хүн мөргүүлж унасан юм уу, зугтаж байгаад унасан эсэхийг улсын яллагч шалгах ёстой. Хэрэв шалгаж тогтоосон бол өнөөдөр Б.З гэмт хэрэг үйлдсэн эсэх дээрээ маргахгүй байсан. Хохирогчийн хувьд хууль хяналтын байгууллагаар тоглож болохгүй. Дээд шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт “мөргүүлж унах, түлхэгдэж унах нь шүүгдэгчийн гэм буруутай болохыг өөрчлөхөд ялгаа байхгүй” гэсэн байна. Гэтэл энэ буруутгаад байгаа зүйл анги нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж ухрах үйлдэл хийсэн нь хохирогчийн гэмтсэнтэй шууд шалтгаант холбоотой байвал гэм буруутайд тооцох ёстой. Дээд шүүхээс ийм шийдвэр гаргах ёстой байсан гэдэг агуулгаар тогтоол гаргасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй гэсэн байхад шүүгдэгч Б.З нь хохирогчийг шүргэсэн байхад гэсэн байгаа нь гэм бурууг тогтоосноос ялгаагүй байна гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлгийг үзэлгүйгээр нэг талыг баримталж Б.З-ыг гэм буруутай гэсэн байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Анхан болон давах, хяналтын шатны шүүхүүд нь тусдаа эрх хэмжээтэй шүүхүүд юм. Гэтэл дээд шүүхээс ийм байдлаар шийдвэрлэ гэж чиглүүлээд байна гэж харж байна. Иймд анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд энэ хэргийг шийдвэрлэх байх гэж бодож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутай эсэх эргэлзээ төрөх юм бол шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу Б.Зд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Я.О-ийн эрүүл мэндэд учирсан баруун дунд чөмөгний битүү хугарал, баруун шуу, сарвуу, умдаг, гадна бэлэг эрхтэн, цавь орчмын цус хуралт бүхий хүндэвтэр хохирол нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтлийн шинжийг  хангаж байна.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд жолоочийн хайхрамжгүй байдал, Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг биелүүлээгүй нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Б.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Я.О эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирогч нь шүүгдэгч Б.З-аас мөрдөн байцаалтад эмчилгээний зардалд 1.865.735 төгрөг[17], шүүхийн хэлэлцүүлэгт 964.679 төгрөг[18], 3 сарын асаргаа сувилгааны зардалд 1.800.000 төгрөг[19], сүлжээний бүтээгдэхүүн захиалсан 12.905.000 төгрөг[20], нийт 17.535.414 төгрөгийг нэхэмжилжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтуудыг нэг бүрчлэн судлан үзэж, шүүгдэгч Б.З-аас эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн 2.530.414 төгрөгийг гаргуулж хохирогч Я.От олгох, баримтгүйгээр нэхэмжилсэн 3 сарын асаргаа сувилгааны зардалд 1.800.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн ба хохирогч нь сүлжээний бүтээгдэхүүн захиалсан 12.905.000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсан болно.

Хохирогч Я.О нь шүүхээс хэлэлцэхгүй орхисон болон тус тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.З-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч нь 2.830.414 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, тээврийн хэрэгсэл битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч Б.З-д эрүүгийн хариуцлага оногдуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байна. Учир нь 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байгаа. Б.З-ын үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10, 1.9, 1.8 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.З-д холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй.” гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.З-д холбогдох эрүүгийн 1818005610045 дугаартай хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Б.Зын эзэмшлийн 8454 ДАР улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О овогт Б З-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.З-д холбогдох эрүүгийн 1818005610045 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, Б.З-ын эзэмшлийн ......... ДАР улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

4. Хохирогч нь энэ тогтоолоор тогтоогдсон гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.З.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.ИДЭР

 

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 13-17 тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 18-22 тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 23-24, 24-26  тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 42-43, 47 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 52 тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 58 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 60 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 62-63 тал

[9] 1 дэх хавтаст хэргийн 64-65 тал

[10] 1 дэх хавтаст хэргийн 67-68 тал

[11] 1 дэх хавтаст хэргийн 76 тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 80 тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 83 тал

[14] 1 дэх хавтаст хэргийн 90 тал

[15] 1 дэх хавтаст хэргийн 72-73 тал

[16] 1 дэх хавтаст хэргийн 111 тал

[17] Хавтаст хэргийн 117-127, 188  тал

[18] 2 дахь хавтаст хэргийн 19-22 тал

[19] Хавтаст хэргийн 114 тал

[20] Хавтаст хэргийн 189 тал