Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1254

 

 

“Номин Юнион” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/01002 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Номин Юнион” Хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Саранцэцэг, Б.Болд нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 76 289 163 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Нацагдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Саранцэцэг, Б.Болд нар нь 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Номин Юнион” ХЗХ-той ЗГ20161002-7652 тоот зээлийн гэрээ байгуулан 60 000 000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар, жилийн 35.88 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар авсан. Үл хөдлөх хөрөнгөө буюу Д.Саранцэцэгийн нэр дээрх 4 өрөө байр барьцаалагдсан. Зээлдэгч Д.Саранцэцэг, Б.Болд нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн, хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлбөр хийснээс хойш дахин төлбөр хийгээгүй болно. Энэ хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар манай байгууллагаас мэдэгдэл өгч, шаардаж байсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх талаар огт санал санаачлагагүй байсаар өнөөдрийг хүртэл төлбөрөө барагдуулаагүй. Нэхэмжлэл гаргасан өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 60 000 000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 14 411 800 нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1 866 963 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 10 400 төгрөг, нийт 76 289 163 төгрөгийн өртэй байна. 76 289 163 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч нь ЗГ/20161002-7652 тоот зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг тооцон нийт 71 352 864 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийн биелэлтийн хүрээнд хариуцагч нар нь төлбөл зохих мөнгөн дүн гэж тооцон нэхэмжлэгч талтай эвлэрэх саналтай байгаа. Харин 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан 76 289 163 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэлийн шаардлагын нэмэгдүүлсэн хэсэг нь ойлгомжгүй байна. Учир нь нэхэмжлэгч талаас 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд хандан үндсэн зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тооцон нэхэмжилсэн хэрнээ шүүхэд хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү зэргийг үндэслэлгүйгээр нэмж нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хариуцагч нар 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 71 352 864 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд харилцан тохиролцож 2017 оны 8 дугаар сарын 30-ны дотор төлөх байдлаар эвлэрэх саналтай байна... гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Саранцэцэг, Б.Болд нараас зээлийн гэрээний үүрэг нийт 76 289 163 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Номин Юнион” ХЗХ-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 514 715 төгрөг, 24 681 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 514 715 төгрөг, 24 681 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзлээ...” нэхэмжлэгч үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар ямар нэг баримт ирүүлээгүй, шүүхэд нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагаа ирүүлэх хүртэлх хугацаанд хариуцагч нар зээлийн төлбөрөөс эргэн төлөлт хийгээгүй, мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү зогсох талаар гэрээнд ямар нэг тохиролцоо зохигчдын хооронд байгуулаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх хуульд заасан эрхийн хүрээнд шаардлагаа нэмэгдүүлсэнийг шүүх үндэслэлгүй гэж үзэх боломжгүй юм..." гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг илт үгүйсгэж, хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр гаргасан, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан 71 352 864 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч төлбөр төлөх бодитой хугацаа буюу 2017 оны 8 дугаар сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах тухай нэхэмжлэгч талтай эвлэрэх саналыг гаргасан бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд мөн дээрх саналыг гаргахад нэхэмжлэгчийн төлөөлөгч хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагчийн төлөөлөгч миний бие Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлт гаргахад хүлээн авахаас татгалзсан бөгөөд тус шүүгчийн захирамжтай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу үндэслэл муутай захирамжиндаа өөрчлөлт оруулах хүсэлт гаргахад анхан шатны шүүгч шүүх хуралдааны дэг зөрчсөн үндэслэлээр захиргааны арга хэмжээ авсан тул аргагүйн эрхэнд хуулиар олгосон эрхээ эдлэхэд саад учруулсан тус шүүгчээс татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэж буй шүүгчээс хэргийн оролцогчид татгалзсан тохиолдолд тухайн шүүхийн Ерөнхий шүүгч татгалзлын асуудлыг шийдвэрлэх зохицуулалттай байхад Ерөнхий шүүгчийн гаргах шийдвэрт урьдчилсан байдлаар, бат итгэлтэйгээр дүгнэлт хийж дараагийн шүүх хуралдааны товыг зарласан нь тухайн хэрэг маргаанд хувийн сонирхолтой, шударгаар шийдвэрлэж чадахгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн эргэлзээ нь үндэслэлтэй байсныг тодорхой харуулж байна. Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан зөвлөмжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдын өмгөөлүүлэх эрхээр анхан болон давж заалдах шатны шүүх хангаагүйгээс шалтгаалан хяналтын шатны шүүхээс тухайн хэрэг маргааныг дахин шийдвэрлүүлэхээр буцаах тохиолдолд нилээдгүй гарсаар байгааг анхааруулсаар байхад анхан шатны шүүх алдаа гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч “Номин Юнион” Хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч Д.Саранцэцэг, Б.Болд нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 10 285 600 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 056 864 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 10 400 төгрөг, нийт 71 352 864 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсанаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 76 289 163 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар нэхэмжлэлээс 71 352 864 төгрөгийг зөвшөөрч, 4 936 299 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч 60 000 000 төгрөгийг, 12 сарын хугацаатай, сарын 2,99 хувийн хүүтэй, зээлүүлэх тухай 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/20161002-7652 тоот зээлийн гэрээ болон барьцааны БГ/20161002-7652 тоот гэрээг хариуцагч нартай байгуулж, Д.Саранцэцэгийн өмчлөлийн орон сууцыг барьцаалж зээл олгосон байна.

 

Дээрх зээл болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээнд заасны дагуу 60 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагч нарт шилжүүлсэн талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээнүүд хүчин төгөлдөр байна.

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээл, зээлийн хүү төлөх хуваариас үзвэл талууд зээл, зээлийн хүү төлөх хуваарийг баталсан, талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.6-д “зээлдэгч энэхүү гэрээний 2.1.3-д заасан хугацаанд зээл, зээлийн хүүний төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн гэрээг ноцтой зөрчсөнд тооцох ба хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн гэрээний 2.1.1-д заасан зээлийн хүүг болон уг хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлөх”-өөр талууд тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 451, 452, 453 дугаар зүйлд банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээл, зээлийн хүүг буцаан төлөх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар зохицуулагдсан байна.

 

Хариуцагч нар нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

            Анхан шатны шүүх хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 60 000 000 төгрөг, зээлийн хүү 14 411 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 866 963 төгрөг, нотариатын үйлчилгээний хураамж 10 400 төгрөг, нийт 76 289 163 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв байв.

 

            Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.11-д “зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн зээлдүүлэгч нь өмгөөлөгч болон эрх бүхий холбогдох байгууллагын туслалцаа авсан бол үүнтэй холбогдон гарсан /улсын тэмдэгтийн хураамж, нотариатын үйлчилгээний хураамж, шинжээчийн ажлын хөлс, унаа, харилцаа холбоо,SMS banking үйлчилгээ, томилолтын зардал болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, барьцааны зүйлийг үнэлэх, хураах, тээвэрлэх, хадгалах, худалдаалахтай холбогдох г.м/ бүхий л зардлыг зээлдэгч хариуцан төлөх”-өөр тохиролцсон байх тул нотариатын үйлчилгээний хураамж 10 400 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж шиийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч хэргийг шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Шүүх хариуцагчид 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн ба шүүх хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаагүй ч хариуцагчид өмгөөлөгч авах хангалттай хугацаа байсан, хариуцагч нь өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хэрлэнхүү нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад гарын үсэг зуруулсан ажиллагааг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул шүүх хуралдааныг урьдчилсан байдлаар товлосон гэх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2017/01002 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 539 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      С.ЭНХТӨР

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ