Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 621

 

 

 

 

 

 

 

 

 

     Г.Х, Г.И, Г.Жнарт

   холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Эрдэнэбат,

шүүгдэгч Г.Ж/цахим сүлжээгээр/,

шүүгдэгч Г.Х, Г.И,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг, Г.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Т.Эрдэнэбатын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Г.Х, Г.И, Г.Жнарт холбогдох 1711008880148 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Тулчин овогт Г-н Ж, 1993 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 14 дүгээр баг, Говил булагтын А2 гудамжны 16 тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ИЖ93082010/,

- Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145. 2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

- Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил хорих ялаар шийтгүүлж, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 84/20 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 10 сар 14 хоногийн хорих ялыг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу өршөөн хэлтрүүлсэн,

- Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, мөн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 154 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 6 сар 6 хоногийн хорих ялыг тэнсэж, суллагдсан.

2. Дунж овогт Г-н И, 1999 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Булган аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 20 дугаар баг, Даваат зураа 9 гудамжны 17 тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ФЖ99100314/,

3. Тогоруутан овогт Г-н Х, 1999 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Орхон аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 10 дугаар баг, Наран 19 гудамжны 3 тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ФБ99100471/,

Г.Х, Г.И, Г.Жнар бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Тасганы овооны хойд талын замаар явж байсан хохирогч Г.Аг “Зодно, хойд жалганд аваачаад булна” гэж хүч хэрэглэхээр заналхийлж, “Iphone-5” загварын гар утсыг нь авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Г.Х, Г.И, Г.Жнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.Жавхланбаяр, Г.Х, Г.И нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Тулчин овогт Г-н Ж, Дунж овогт Г-н И, Тогруутан овогт Г-н Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэж авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жавхланбаярыг 1(нэг) 6(зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.И, Г.Х тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жавхланбаярын Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 60 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялаас эдлүүлээгүй үлдсэн 6 сар 6 хоногийн хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 жил 6 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жавхланбаярт оногдуулсан 2 жил 6 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Х, Г.И нарт тус бүрт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Жавхланбаярын цагдан хоригдсон 201 хоног, шүүгдэгч Г.Хы цагдан хоригдсон 27 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.И цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,

Шүүгдэгч нараас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.И, Г.Х тус бүрт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.И, Г.Х нар нь дээрх хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,

Шүүгдэгч Г.Жавхланбаярт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Х, Г.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Т.Эрдэнэбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Энэ хэрэг нь анхан шатны шүүхээр 2 удаа, давж заалдах шатны шүүхээр 1 удаа хянан хэлэлцэгдсэн. Шүүгдэгч Г.Жавхланбаяр, Г.И, Г.Х нар нь хохирогч Г.Адьяаг “Зодно, хойд жалганд аваачаад булна” гэж хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл байна гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үзэхэд Г.Жавхланбаяр, Г.И, Г.Х нар нь хохирогч Г.Адьяаг огт танихгүй. Гэтэл Г.И нь эхлээд “чи намайг зодсон залуу мөн байна” гээд очсон. Дараа Г.Х очиж “чи манай дууг бааранд зодолдсон, одоо зодолд” гэсэн асуудлыг тавьдаг. Харин хамгийн сүүлд нь Г.Жочиж “чи гар утсаа өг” гэсэн асуудлыг хэлж хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл хийсэн. Дараа нь гар устыг нь аваад кодоо өг гэсэн. Тэгэхэд хохирогч “би кодоо өгөхгүй, би та нарт дансанд байгаа 10.000 төгрөгөө өгье” гэж хэлэхэд “чиний 10.000 төгрөг хэрэггүй, зөвхөн чиний гар утас хэрэгтэй” гэх байдлаар хүч хэрэглэхээр заналхийлсэн. Хохирогчийг гар утасны кодоо өгөхгүй болохоор нь “чамайг зодно, хойд жалганд аваачиж булна” гэсэн үйдлийг хийж дээрх гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авсан байдаг. Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд дээрх үйлдэл нь хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдэл байна. Үүнд дүгнэлт хийж зүйлчлэх шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргаж анхан шатны шүүхэд буцаасан боловч анхан шатны шүүх хэргийг дахин хэлэлцээд зүйлчлэлийг дахин өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг болгон өөрчилсөн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.

Шүүгдэгч Г.Жавхланбаяр, Г.И нар тус шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй гэв.

Шүүгдэгч Г.Х тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ална, хойд жалганд аваачиж булна гэж огт хэлээгүй. Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ш.Бадмаараг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгч нар хохирогчоос гар утсыг нь авахдаа хүч хэрэглэхээр заналхийлж авсан гэдэг. Тэгэхээр эсэргүүцэлд бичигдсэнээр хохирогчийн мэдүүлгийг уншихад “намайг утсаа өгөөч гэхээр нь би нээх их юм бодохгүйгээр өгсөн” гэдэг. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт зодно, хойд жалганд аваачиж булна гэдэг үгийг хэлээгүй гэж хэлдэг. Шүүгдэгч нар нь хэлэхдээ “би утас авахдаа ямар нэгэн хүч хэрэглэхээр заналхийлсэн зүйл байхгүй” гэдэг. Мөн хохирогч Адъяа нь утсаа унтраагаад өгчихсөн. Г.Жнь утсыг нь авч оролдож байгаад “та утсаа нээгээд өгчих л дөө” гэж хэлсэн байдаг. Хохирогчийн хэлсэн зодно, хойд жалганд аваачиж булна гэж асуудал нь хавтаст хэрэгт авагдсан материалаар биелэгдэх боломжгүй гэдэг нь нотлогдсон. Яагаад гэхээр зодно гэж хэлсэн боловч нэг ч удаа гар хүрээгүй. Хохирогчийн мэдүүлэг тэгэхээр худлаа байгаа юм.  Мөн утасны код гэдэг нь эд хөрөнгө биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.1 дэх хэсэгт эд хөрөнгийн гэж тодорхой заасан байдаг. Анхан шатны шүүх энэ байдлыг дүгнэж зүйл ангийн хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг үйлдсэндээ маш их гэмшдэг. Иймд зүйл ангийн хөнгөрүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн эсэргүүцэл нь үндэслэл муутай байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад 2 удаа шүүхээр шийдвэрлэсэн. Өмгөөлөгчийн зүгээс хүч хэрэглэсэн айлган сүрдүүлсэн гэмт хэргийн шинж байхгүй гэж үзэж байна. Тухайн шүүгдэгч нарын хэлсэн үг нь бодитоор биелэгдэх боломжгүй байсан. Тухайн хэргийн газар нь хойд талдаа жалга гэх зүйл байхгүй. Шүүгдэгч нар нь хохирогч нь тухайн үгийг зохиож хэлсэн гэж мэдүүлсэн байдаг. Хохирогчийн хэлснээр утасны код авах зорилгоор айлган сүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Анх Г.Жнь утсаар нь яриад өгье гэж хэлээд авсан байдаг. Аваад утсаар ярих гээд кодыг нь гаргаж чадахгүй болохоор кодыг нь гаргаад өгөөч гэж хэлээд Г.Х дагуулж нарийн замаар явсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хохирогч болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн  мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгч Г.Жавхланбаяр, Г.И, Г.Х нар нь хохирогч Г.Аг “Чи яагаад манай дүүг зодсон юм бэ” гэх зэргээр айлган сүрдүүлж, мөн “Одоо нэг нэгээрээ үзээч”, “Утасны кодоо өгөхгүй бол зодно, хойд жалганд аваачаад булна” гэх зэргээр хүч хэрэглэхээр заналхийлсэн шинжтэй нөхцөл байдал бий болсон байхад анхан шатны шүүхээс хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан булаах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хэргийг зүйлчилсэн нь буруу  байна. 

Түүнчлэн шүүгдэгч Г.И /РД: ФЖ99100314/, Г.Х /РД: ФБ99100471/ нар нь 18 насанд хүрсэн байхдаа гэмт хэрэг үйлдсэн байхад шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэгт заасан гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн бөгөөд 18 насанд хүрээгүй хүнд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн хүлээлгэх талаар зохицуулсан хуулийн заалтыг хэрэглэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг тус тус хойшлуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 18 насанд хүрсэн хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болох хэдий ч шүүгдэгч Г.И, Г.Хүдэрчулуун нарыг сэтгэцийн болон биеийн байдлаар нь насанд хүрээгүй хүнтэй адилтган үзэж болох талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байхад шүүх хуулийн энэ зохицуулалтыг хэрэглэх боломжгүй юм.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Г.Жаргалбаярт ямар ял оногдуулсан нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл “...1 (нэг) 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял” гэж шийтгэх тогтоол болон шүүх хуралдааны тэмдэглэлд бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгааг дурдах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд прокурор Т.Эрдэнэбатын бичсэн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Х, Г.И, Г.Жнарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Х, Г.И, Г.Жнарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.Жавхланбаярт урьд авсан цагдан хорих, шүүгдэгч Г.Х, Г.И нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                      Ц.ОЧ