Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0214

 

 

“С” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Нэхэмжлэгч: “С” ХХК

Хариуцагч: Эрчим хүчний зохицуулах хороо

Нэхэмжлэлийн шаардлага: 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах, мөн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2020/0157/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр:

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.2, Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.2-т тус тус зааснаар “С” ХХК-ийн гаргасан тус компанийн 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах, мөн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх "С" ХХК-ны 09/*** тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны эс үйлдэхүй" хууль бус болохыг тогтоож сунгахыг даалгах мөн хорооны 2022 оны 01-р сарын 27-ны өдрийн 126 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дутуу үнэлсэн хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

2.2.Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичигдсэн нэхэмжлэлийн шаардлага болох 126 тоот тогтоолыг хүчингүй болгох шаардлагын тухайд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн шатанд захиргааны хэрэг үүсэж ажиллагаа хийгдэж байх үеийн цаг хугацааны нөхцөл шаардлагын биелэлтийг дүгнэсэн. Тухайн цаг үед тусгай зөвшөөрөл сунгагдаагүй техникийн нөхцөлийг тусгай зөвшөөрөл сунгагдсан тохиолдолд "Эрчим хүчний яам сунгана гэсэн нөхцөлтэйгөөр эвлэрч хэргийг хэрэгсэхгүй болгосон цаг хугацаанд үйл ажиллагаа хангалтгүй байна" гэж дүгнэсэн хариуцагчийг 2019 оны 181 дүгээр тогтоолоор баталсан тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 6.7, 6.8-д заасны дагуу дүгнэсэн гэж үзсэн.

2.3.Гэтэл тус дүрмийн 6.5-д Эрчим хүчний тухай хуулийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын тухайн оны зорилтын биелэлтийг дүгнэхдээ техникийн болон санхүүгийн уйл ажиллагааны үндсэн хүчин зүйлийн бодит өөрчлөлт, "Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолын шийдвэрийн биелэлтийг харгалзан үзнэ" гэснийг шүүх харгалзан үзсэнгүй. Өөрөөр хэлбэл үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан хүчингүй байхад шүүхээс нэхэмжлэгч компанийг үйл ажиллагаа явуулаагүй тул хариуцагчийн хангалтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн нь буруу юм.

2.4.Мөн шүүх "Нөхцөл шаардлага тухайн оны зорилтыг дараах аргачлалаар үнэлнэ" гэж заасанд нийцсэн байх тул хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь хэрэглэвэл зохих Эрчим хүчний тухай Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудын холбогдох заалтыг хэрэглээгүй дээрх хуулийн зарим заалтыг буруу тайлбарлаж нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлт хийсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэгдэхэд зайлшгүй хэрэглэгдэх хуулийн заалтыг хэрэглэхгүй дүрмийн заалтыг буруу тайлбарлаж шүүх шийдвэртээ нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн дагуу хийгдсэн ажлын талаарх тайлбарыг түүний эсрэг баримт болгосон байна.

2.5.Түүнчлэн төрийн захиргааны байгууллагын албан тушаалтнууд нэхэмжлэгч "С" ХХК-д тусгай зөвшөөрөл техникийн нөхцөл олгож үйл ажиллагааг эхлүүлэн их хэмжээний зардал гаргуулан гадаадын улстай төсөл хэрэгжүүлж эхлүүлсэн атлаа сайд солигдох, сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулна, эрчим хүчийг шингээх боломжгүй гэх мэт хэзээ биелэгдэх нь тодорхойгүй хуульд заагдаагүй шалтгаан тоочин хууль бус эс үйлдэхүй гаргаж нэхэмжлэгч компанийг хохироосон байхад шүүх дээрх эс үйлдэхүй захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан эс үйлдэхүйд хамаарахгүй хэмээн хариуцагч албан тушаалтнуудад давуу байдал олгож нэг өгүүлбэрээр хуулийг буруу тайлбарлаж хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхгүй тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ шударга шүүхээр хамгаалуулах боломжийг алдагдуулж "С" ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчлөө.

2.6.Төрийн захиргааны байгууллагаас хуульд олгосон тусгай зөвшөөрөл сунгах хэрэгжүүлэхгүй жил дамнан олон удаа чирэгдүүлж тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд хийж гүйцэтгэсэн өртөг өндөртэй ажлыг үнэгүйдүүлж элдэв саад хийж байсан учраас нэхэмжлэгч "С" ХХК өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдгээ баримтаар нотолж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсгийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгон захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээг гэж буруу тодорхойлон нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг буруу шийдвэрлэлээ.

2.7.“С" ХХК тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн техник технологийн хувьд цаашид үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжийг бүрдүүлсний дараа Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахаар 180 хоногийн өмнө захиргааны байгууллагад хандсан боловч хууль бус эс үйлдэхүй" гаргаж тусгай зөвшөөрөл сунгахгүй байгаа нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

2.8.Тусгай зөвшөөрөл Эрчим хүчний тухай хууль болон Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд заасны дагуу зөвлөл буюу эрх бүхий хэд хэдэн албан тушаалтан оролцож тусгай зөвшөөрлийг хуулийн хугацаанд хамтын зарчмаар эцсийн шийдвэрийг гаргахаар хуульчлан заажээ. Эрчим хүчний зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтнууд дээрхи хуульд заасан шийдвэрийг хамтын зарчмаар хуулийн хугацаанд шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус эс үйлдэхүй гаргасан бөгөөд шуух дээр маргаантай 2 жил болсны дараа нэхэмжлэгч компанийг үйл ажиллагаа хангалтгүй гэж дүгнэсэн нь хууль бус болно.

2.9.Эрчим хүчний тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт хуульд заасан хугацаанд Эрчим хүчний зохицуулах хороонд өгсөн. Уг хүсэлтэд Эрчим хүчний зохицуулах хороо нь хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй сунгаагүй байж үйл ажиллагаа нь хангалтгүй байна гэж дүгнэснийг анхан шатны шүүх буруу дүгнэсэн болно.

2.10.Мөн түүнчлэн шүүх хэрэгт авагдсан дүрмийг улсын бүртгэлд хэрхэн бүртгэгдсэн дүрмийн заалт биелэгдэх боломжтой эсэхийг шалгаж нягтлаагүй Иймээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг буруу үнэлсэн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учир тус шүүхийн 2022.12.26-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэв:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

1.1.Анх нэхэмжлэгч “С” ХХК-аас Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороонд тус тус холбогдуулан гаргасан “70/2017/22 тоот техникийн нөхцөл болон 09/*** тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээр захиргааны хэргийг 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр үүсгэжээ[1].

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “70/2017/22 тоот техникийн нөхцөл сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзахаар харин хариуцагч Эрчим хүчний яамнаас “С” ХХК-ийн 09/2017 тоот тусгай зөвшөөрөл сунгагдсан тохиолдолд Төв аймгийн Баянчандмань сумын нутагт баригдах 21 мвт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох техникийн нөхцөлийг Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрэм”-д заасны дагуу холболтын цэг өөрчлөхгүйгээр сунгахаар” тохиролцож Эвлэрлийн гэрээ байгуулсан.

Уг нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 248 дугаар захирамжаар[2] баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

1.3.Нэхэмжлэгч “С” ХХК-ийн “09/*** тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах, мөн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий Эрчим хүчний зохицуулах хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хүрээнд анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хоёр.Нэхэмжлэгчийн 09/*** тоот тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд сунгаагүй, түүний хүсэлтийг шийдвэрлэхгүй орхигдуулсан хариуцагчийн  эс үйлдэхүйн тухайд:

2.1.Маргааны үйл баримтын талаар:

2.1.1.Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор[3] Эрчим хүчний тухай хуулийн хуулийн 12.1.11, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр буюу эрчим хүчний барилга байгууламжийг барихаар хүсэлт гаргасны дагуу Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан шаардлагыг хангасан гэж үзэн “Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт 21 МВт-ын Нарны цахилгаан станц барих” тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай нэхэмжлэгч компанид олгожээ.

2.1.2.Нэхэмжлэгчээс “тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлж ирсэн бөгөөд цаашид техник, технологи, санхүүгийн хувьд үйл ажиллагаагаа хэвийн явуулах чадавхитай ба энэ өргөдөлд тусгай зөвшөөрлийг сунгуулахад шаардлагатай баримт бичгийг үнэн зөв гаргаж хавсаргав... тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай сунгах асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг анх 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд хандан гаргасан.

2.1.3.Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрөл авсан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх 2 жил 6 сарын хугацаанд  цахилгаан станц барихаар дараахь ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Монгол Япон Улсын эдийн засгийн түншлэлийн гэрээний хүрээнд Япон Улсын Sharp  корпорацитай хамтран цахилгаан станц барих хөрөнгө оруулалтыг асуудлыг эцэслэн тохиролцсон, төслийн үйл ажиллагааг эхлүүлсэн[4],

-Диспетчерийн үндэсний төвтэй Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг хийсэн[5],

-Техник, эдийн засгийн үндэслэлийг шинэчлэн боловсруулахаар ажил гүйцэтгэх гэрээ хийсэн[6],

-Техникийн нөхцөлийг эрх бүхий этгээдээр батлуулсан[7],

-Байгаль орчны ерөнхий үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын яамаар хийлгүүлсэн[8],

-Эрх бүхий этгээдээр цахилгаан станцаас цахилгаан үйлдвэрлэх тарифийг батлуулсан[9],

-“Нарны цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл”-ийн зориулалтаар газар эзэмших эрхийг 30 жилийн хугацаатай авч, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан[10],

-Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайлан болон тухайн жилийн менежментийн төлөвлөгөө боловсруулахаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан[11],

-Төв аймгийн Баянчандмань сумын иргэдээс цахилгаан станц барих саналыг орон нутгийн эрх бүхий этгээдээр дамжуулан авсан[12],

-Нийгмийн хариуцлагын гэрээг орон нутгийн удирдлагын байгууллагатай байгуулсан[13],

- Техникийн нөхцөлийн нэг жилийн хугацаа дууссан тул сунгуулахаар эрх бүхий этгээдэд хандсан [14],

-техникийн нөхцөл сунгуулахтай холбоотойгоор нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллах горимын тооцоог хийлгэх хүсэлтийг шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд хандсан[15].

2.1.4.Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 517 дугаар тогтоолоор[16] “С” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг “Дунд” гэж дүгнэсэн байна.

2.1.5.Мөн хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/92[17] дугаар албан бичгээр “...нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллах үеийн горим тооцоог дахин хийлгэх, техник эдийн засгийн үндэслэлээ тодотгож, Эрчим хүчний яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр батлуулах, шинэчлэн батлагдсан ТЭЗҮ-ийг үндэслэн нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх тарифын саналаа ирүүлж, дахин хянан батлуулах, нарны эх үүсвэрийн нэгдсэн системд холбогдох техникийн нөхцөлийг сунгуулах  зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэн ирүүлсний дараа тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай асуудлыг хэлэлцүүлэх боломжтой" гэсэн хариуг нэхэмжлэгчид хүргүүлжээ.

2.1.6.Техникийн нөхцөлийн хугацаа дуусч сунгуулахаар өгсөн боловч эрх бүхий Эрчим хүчний яамнаас сунгаагүй, үүнээс шалтгаалж төслийн барилгын ажлыг эхлүүлэхэд хүндрэлтэй болсон талаар нэхэмжлэгчээс хариуцагчид удаа дараа албан бичиг хүргүүлсэн[18], мөн техникийн нөхцөл сунгагдсан нөхцөлд төслийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа талаар Японы талаас хүсэлтээ илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлууд[19] хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдож байна.

2.2.Маргааны үйл баримттай холбоотой хууль зүйн үндэслэлийн талаар:

2.2.1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан.

2.2.2.Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай /2001 оны/ хуулийн  6 дугаар зүйлийн 6.3-д “Хэрэв хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 13.1-д заасан нөхцөл байдал илрээгүй тохиолдолд зөвхөн зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгана.”, 15 дугаар зүйлийн 15.8 Түлш, эрчим хүчний чиглэлээр:”, 15.8.2-д “эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах”,

2.2.3.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ.” гэжээ.

2.2.4.Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана.” гэж заасан.

2.2.5.Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 9.2-т “Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөхцөл, шаардлага, тухайн онуудын зорилтыг энэ дүрмийн 6.7 дахь заалтын дагуу үнэлж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 22.2 дахь заалтыг үндэслэн сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.”,

...9.3-д “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа нөхцөл, шаардлагын биелэлтийг дараахь байдлаар авч үзнэ.”, 9.3.2-т “эрчим хүчний тухай хуулийн 12.1.11 дэх заалтад заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэхдээ нийт олгосон хугацааны дундаж дүнг өссөн дүнтэй харьцуулж авч үзнэ.” гэж тус тус заасан.

2.3.Шүүхийн дүгнэлтийн тухайд:

2.3.1.Маргааны тохиолдлын хувьд, нэхэмжлэгч компаниас “нарны цахилгаан станц барих” тусгай зөвшөөрлийг  Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180 хоногийн өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл авснаас хойш 2 жил 6 сарын хугацаанд тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагатай холбоотой тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

2.3.2.Мөн Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 161 дүгээр тогтоол буюу нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийн хавсралтаар[20] баталсан Эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн шаардлагын 4.4-т “Тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагчтай эцэслэн тохиролцож гэрээ хэлцэл байгуулсан байх”, 4.5-д “Барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулах нөхцөл биелэгдсэнээс хойш 12 сарын дотор эхлүүлсэн байх” гэсэн шаардлагыг нэхэмжлэгч зөрчөөгүй гэдэг нь мөн тогтоогдов.

2.3.3.Гэтэл хариуцагчаас Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 9.2, 9.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын биелэлтийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 517 дугаар тогтоолоор[21]  “Дунд” гэж дүгнэсэн атлаа  Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай /2001 оны/ хуулийн  6 дугаар зүйлийн 6.3-д заасан 3 өдрийн дотор болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 30 хоногийн хугацаанд хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн нэхэмжлэгчийн хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүйг гаргасан байна.

2.3.4.Үүнээс гадна, хариуцагчаас нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш 2 сарын дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5/92[22] дугаар албан бичгээр тусгай зөвшөөрөл анх авахад шаардах Эрчим хүчний тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан баримтуудыг нэхэмжлэгчээс гаргаж өгөхийг шаардсан, мөн нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг авснаас хойш 2 жил 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг дахин тодотгох, дахин хийхийг шаардсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэгчээс анх тусгай зөвшөөрөл авахдаа техник эдийн засгийн үндэслэлээ батлуулсан, мөн тусгай зөвшөөрлийн хугацаанд техникийн нөхцөл, нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллах үеийн горим тооцоог хийлгэсэн, нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх тарифыг батлуулсан байхад дахин батлуулж, дахин тодотгож ир гэж хариуцагчаас шаарджээ.

2.3.5.Мөн нэг жилийн хугацаатай олгогдсон техникийн нөхцөлийг сунгуулахаар болон түүнийг авахад шаардлагатай нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллах үеийн горим тооцоог дахин хийлгэхээр удаа дараа эрх бүхий этгээдэд хүсэлтээ нэхэмжлэгчээс гаргасан боловч нэхэмжлэгчээс үл шалтгаалах үндэслэлээр эрх бүхий этгээдээс сунгаагүй, үүнээс шалтгаалж нэхэмжлэгч барилгын ажлыг эхлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байхад хариуцагчаас энэхүү бодит нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийг техникийн нөхцөлийг сунгуулах, горимыг тооцоог хийлгэхийг шаардсан байна.

2.3.6.Эдгээр нөхцөл байдлаас дүгнэхэд, хариуцагч захиргаа нь хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “Дунд” гэж дүгнэсэн атлаа түүний тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд сунгаагүй, цаашлаад нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг авснаас хойш 2 жил 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлуудыг дахин тодотгох, дахин хийхийг шаардсан, нэхэмжлэгчээс үл шалтгаалах үндэслэлээр эрх бүхий этгээдээс техникийн нөхцөлийг сунгаагүй, горимын тооцоог хийгээгүй байхад түүнийг сунгуулж ирэх шаардлагыг тавьж нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг сунгалгүйгээр орхигдуулсан эс үйлдэхүй гаргажээ.

Энэхүү хариуцагчийн эс үйлдэхүй нь Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа нь “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг тус тус зөрчсөн бөгөөд хариуцагчаас хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Гурав.Маргаан бүхий 126 дугаар тогтоолын тухайд:

3.1.Маргааны үйл баримтын талаар:

3.1.1.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч компаниас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 21/124 албан бичгээр[23] тусгай зөвшөөрлийн дагуу хэрэгжүүлэх төслийн талаар хийж гүйцэтгэсэн ажлын тайлан хүргүүлж, 09/2*** тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ үргэлжлүүлэн гаргажээ, мөн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/125[24],  2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22/01[25] албан бичгээр тус тус төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн, хийж байгаа, цаашид хийх ажлын талаар тайлбарлан, тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг 4 дэх удаагаа гаргасан байна.

3.1.2.Хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн хурлаар[26] нэхэмжлэгч “С” ХХК-ийн эрчим хүчний барилга, байгууламж барих 09/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийн дүнг дахин хуралдаанаараа хэлэлцэн, мөн өдрийн “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэх тухай” 126 дугаар тогтоолоор[27] нэхэмжлэгч компанийг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагыг “Хангалтгүй” гэж дүгнэжээ.

3.1.3.Үүний дараа хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч “С” ХХК-ийн эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байх тухай асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн, мөн өдрийн 194 дүгээр тогтоолоор[28] нэхэмжлэгч компанийн 09/*** дугаар тусгай зөвшөөрлийг сунгахгүй байхаар шийдвэрлэсэн байна.

3.2.Маргааны үйл баримттай холбоотой хууль зүйн үндэслэлийн талаар:

3.2.1.Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах”,

...22 дугаар зүйлийн 22.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зохих ёсоор биелүүлсэн бөгөөд техник, технологийн хувьд цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл, боломжтой гэж тусгай зөвшөөрөл олгогч үзвэл тусгай зөвшөөрлийн хугацааг 25 хүртэл жилээр сунгана.”, 22.3-д “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 180-аас доошгүй хоногийн өмнө гаргана.” гэж тус тус зохицуулсан.

3.2.2.Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 6.7-д “Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын тухайн оны зорилтын үзүүлэлтүүдийн биелэлтэд өгсөн онооны нийлбэрээр дараахь байдлаар дүгнэнэ.”,

Нөхцөл, шаардлагын

зорилтын биелэлт (%)

Үнэлгээ

90-ээс 100 хүртэл

Хангалттай сайн

75-аас 90 хүртэл

Сайн

60-аас 75 хүртэл

Дунд

60 хүртэл

Хангалтгүй

 

...6.8-д “Нөхцөл, шаардлага, тухайн оны зорилтыг дараахь аргачлалаар үнэлнэ.”, 6.8.3-д эрчим хүчний барилга, байгууламж барих тусгай зөвшөөрлийн хувьд”, 6.8.3.4-д “тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс хойш 24 сарын дотор барилга байгууламжийг заасан хугацаанд барьж ашиглалтад оруулахад шаардагдах хөрөнгийг санхүүжүүлэх талаар хөрөнгө оруулагч талуудтай гэрээ эцэслэн байгуулж, баталгаажуулсан хувийг ирүүлэх”, ...Хөрөнгө оруулагч талтай Хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн байгуулсан бол 40%..., 6.8.3.5-д ...Эх үүсвэрийг барих газрын гэрчилгээтэй нөхцөлд 10%..., ...Эрчим хүчний яамнаас Техникийн нөхцөл олгосон бол 50 хувь...”,

...9.2-т “Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд нөхцөл, шаардлага, тухайн онуудын зорилтыг энэ дүрмийн 6.7 дахь заалтын дагуу үнэлж цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжтой тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний тухай хуулийн 22.2 дахь заалтыг үндэслэн сунгах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.”,

...9.3-д “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа нөхцөл, шаардлагын биелэлтийг дараахь байдлаар авч үзнэ.”, 9.3.2-т “эрчим хүчний тухай хуулийн 12.1.11 дэх заалтад заасан тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дүгнэхдээ нийт олгосон хугацааны дундаж дүнг өссөн дүнтэй харьцуулж авч үзнэ.” гэж тус тус заасан.

3.3.Маргаан бүхий 126 дугаар тогтоолын шүүхийн дүгнэлтийн тухайд:

3.3.1.Хариуцагч захиргаа нь нэхэмжлэгчээс гаргасан тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах анхны хүсэлттэйгээ ижил агуулгатай хүсэлтийг удаа дараа үргэжлүүлэн гаргасан боловч уг хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 517 дугаар тогтоолоор[29] нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг “Дунд” гэж дүгнэсэн.

3.3.2.Гэсэн атлаа уг дүгнэлт гарснаас хойш 2 жил гаруйн дараа нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааны нөхцөл, шаардлагын биелэлтийг дахин авч хэлэлцэн  “хангалтгүй” гэж өмнөх шийдвэрээсээ өөрөөр дүгнэжээ.

3.3.3.Түүнчлэн нэхэмжлэгчийн 2 жил 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлыг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлттэй холбогдуулан бодитойгоор дүгнээгүй, Эрчим хүчний яамнаас нэхэмжлэгч компанид техникийн нөхцөлийг сунгахыг хүлээн зөвшөөрч шүүхийн шатанд эвлэрсэн зэрэг нөхцөл байдлыг мөн харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг дахин дүгнэхдээ “Хангалтгүй” гэж дүгнэсэн маргаан бүхий 126 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан “хуульд үндэслэх” зарчим, Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж

ахуйн харилцааны дүрэм”-ийн 6.7, 6.8, 9.2, 9.3-т заасантай нийцээгүй байна.

Дөрөв.Нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаагүй эс үйлдэхүй болон маргаан бүхий 126 дугаар тогтоолын улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн үндэслэлийн тухайд:

4.1.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:”, 4.2.1.хуульд үндэслэх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан бөгөөд “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” гэж “нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж тодорхойлжээ.

4.2.Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “"хөгжлийн бодлого" гэж улс, салбар, салбар хооронд болон бүс, орон нутгийн түвшинд, урт, дунд, богино хугацаанд хөгжлийн тодорхой асуудлаар ахиц дэвшилд хүрэхээр дэвшүүлсэн хэмжигдэхүйц зорилго, зорилт, тэдгээрийн суурь түвшин, хүрэх үр дүн, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, санхүүжилтийн эх үүсвэрээр баталгаажсан төсөв, хэрэгжилтийг хянах шалгуур үзүүлэлтийг тусгасан эрх бүхий этгээдээс баталсан баримт бичгийг”,

... 5 дугаар зүйлийн 5.1-д “Хөгжлийн бодлого, төлөвлөлтөд дараах зарчмыг баримтална:”, 5.1.3-д “нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх”, 5.1.4-д “тогтвортой, тасралтгүй, залгамж чанартай байх”,

...5.2-д “Энэ хуулийн 5.1-д заасан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн зарчмыг доор дурдсан агуулгаар ойлгоно:”, 5.2.3"нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, мэдээлэл, аргачлал нь нэгдмэл, уялдаатай байж, бодлогыг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагааны нэгдмэл байдлыг”,

... 5.2.4-т “"тогтвортой, тасралтгүй, залгамж чанартай байх зарчим" гэж хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулах, төлөвлөх, батлах, хэрэгжүүлэхдээ бодлогын тогтвортой байдлыг хадгалж, өмнө батлагдсан хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийн үр дүн, үнэлгээнд үндэслэхийг”,

...8 дугаар зүйлийн 8.2-т “Энэ хуулийн 8.1-д зааснаас бусад төрийн захиргааны байгууллага, ... төрийн гүйцэтгэх байгууллагын чиг үүргийг эрхлэн гүйцэтгэгчид, ... болон хувийн хэвшлийн хуулийн этгээд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагаанд оролцоно.” гэж тус тус заасан.

4.3.Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Эрчим хүчний зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ нь эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, диспетчерийн зохицуулалт хийх, хангах үйл ажиллагааг зохицуулах, үнэ тарифыг тогтоох, эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байна.”,

... 9 дүгээр зүйлийн 9.1-д “Зохицуулах хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.2-т “энэ хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох”,

9.1.3-д “тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тогтоох, хэрэгжилтийг хянах” гэж заасан.

4.4.Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1"сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр" гэж нар, салхи, усны эрчим болон газрын гүний дулаан, биомасс зэрэг байгалийн байнга нөхөн сэргэх нөөцийг”, 4.1.3"сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр" гэж энэ хуулийн 4.1.1-д дурдсан эх үүсвэрийг ашиглан цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийг”, 4.1.4-т “"сэргээгдэх эрчим хүч" гэж энэ хуулийн 4.1.3-т заасан байгууламжийг ашиглан үйлдвэрлэсэн цахилгаан, дулааныг” хэлэхээр,

...6 дугаар зүйлийн 6.1-д “Сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих хуулийн этгээд нь Эрчим хүчний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан эрчим хүчний барилга байгууламж барих тусгай зөвшөөрөл авна.”, 6.2-т “Энэ хуулийн 6.1-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгч байж болно.

 ...9 дүгээр зүйлийн 9.3-д “Тусгай зөвшөөрөл олгох, ... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, ... харилцааг Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу зохицуулна.” гэж тус тус заажээ.

4.5.УИХ-ын 2015 оны 63 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-ын 3.1.4-д “эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан, зохицуулалттай өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх”, 3.1.6-д “сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ...”, 3.2.4.2-т “эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангаж хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх”, 3.2.6.стратегийн зургадугаар зорилго буюу сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ... хүрээнд: 3.2.6.2.”эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх”, 3.2.6.4.”айл өрх, аж ахуйн нэгж, алслагдсан суурин, баг, бие даасан хэрэглэгчийн эрчим хүчний хангамжид нар, салхи, биомасс, шингэн болон хийн түлш, газрын гүний дулаан, түлшний элемент, бусад шинэ эх үүсвэрийг ашиглах, илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэхийг дэмжих”,  5.3.Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх үндэсний хөтөлбөрийг дараах эх үүсвэрээр санхүүжүүлнэ: 5.3.1.”төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт гэж тус тус заасан.

            4.6.Дээр дурдсан УИХ-ын 2015 оны 63 дугаар тогтоолыг үндэслэн Засгийн газрын 2018 оны 325 дугаар тогтоолыг баталсан бөгөөд уг тогтоолоор Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогод дэвшүүлсэн зорилго, зорилтыг 2018-2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр /2018-2023/-ийг баталжээ.

Уг хөтөлбөрийн 3.20.4-т “эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг санхүүгийн бодлогоор дэмжих”,  3.23-д “Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:”,

3.23.1-д “нарны 60 МВт-ын чадал бүхий эх үүсвэрийг ашиглалтад оруулах”, 3.24.1-д “сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импорт, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих”, 3.26.1-д “хүлэмжийн хийг бууруулах олон улсын хамтын ажиллагааны механизмыг ..., сэргээгдэх эрчим хүчний төслийн үйл ажиллагаанд ашиглах, хамтран ажиллах” гэж заасан.

4.7.УИХн 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 2.1-д “Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж байгуулан хүчин чадлыг өргөтгөн нэмэгдүүлж, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ.”, 2.2-т “Сэргээгдэх эрчим хүчийг зохистой харьцаагаар хөгжүүлэн усан болон хуримтлуурын станц барьж, эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай, тогтвортой  байдлыг хангана. Төвийн бүсийн эрчим хүчний системд давтамж, хүчдэл тохируулах туслах үйлчилгээг үзүүлэх, эрчим хүчний чанарын үзүүлэлтийг сайжруулах, системийн тогтвортой байдлыг хангах хуримтлуур ашиглалтад орсон байна.” гэжээ.

            4.8.Эрчим хүчний зохицуулах хорооны 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191 дүгээр тогтоолоор баталсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 2.1.1-д “эрчим хүчний салбарын талаар төрөөс баримтлах бодлого, Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөр (2018-2023)…-тэй уялдсан байх нь тусгай зөвшөөрлийн зохицуулалтын тулгуур асуудал байна.”, 2.1.4-т “ногоон эрчим хүч буюу сэргээгдэх эх үүсвэрийг дэмжих чиглэл баримтална.” гэж заасан.

            4.9.Маргааны хувьд, хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос нэхэмжлэгч компанийг хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэн “Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт 21 МВт-ын Нарны цахилгаан станц барих” тусгай зөвшөөрлийг анх 2017 онд олгож, нэхэмжлэгч компанийг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхийг нээж өгснөөр нэхэмжлэгчээс “нарны цахилгаан станц” барихтай холбоотой гадаадын компанитай хөрөнгө оруулалтын гэрээ хийх, станц барихтай холбоотой олон ажлуудыг хийж гүйцэтгэж цаг хугацаа, мөнгө санхүүгийн хувьд эрх зүйн үр дагаврууд бий болсон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            4.10.Мөн нэхэмжлэгч нарны цахилгаан станц барих тусгай зөвшөөрөл авсан болон түүний хугацааг сунгуулахаар хариуцагч байгууллагад хандаж байсан цаг хугацаанд болон өнөөдрийн цаг хугацаанд ч мөн адил Эрчим хүчний тухай хууль, Сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, УИХ, Засгийн газрын тогтоолуудаар эрчим хүчний талаар гарсан бодлогын баримт бичгүүдэд “хүлэмжийн хийг бууруулахаар олон улсын хамтын ажиллагааны механизмыг сэргээгдэх эрчим хүчний төслийн үйл ажиллагаанд ашиглах, хамтран ажиллах, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангаж хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, эрчим хүчний хангамжид нарны шинэ эх үүсвэрийг ашиглах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих”-ээр заажээ.

            4.11.Үүнээс гадна, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиар хөгжлийн бодлого нь нэгдмэл, цогц, харилцан уялдаатай байх, хөгжлийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангаж ажиллахыг бодлогыг төлөвлөгч, хэрэгжүүлэгч байгууллагуудад үүрэг болгожээ.

            4.12.Гэтэл эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлэгч үүрэгтэй хариуцагч Эрчим хүчний зохицуулах хорооноос хүлэмжийн хийг бууруулахад хувь нэмэр оруулах, сэргээгдэх эрчим болох нарны цахилгаан станцыг гадаадын хөрөнгө оруулалтаар барьж байгуулахаар ажиллаж байгаа хувийн хэвшлийн байгууллага нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд сунгаагүй, мөн хуульд нийцээгүй шаардлага тавьж түүний зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэлгүй орхигдуулсан.

Улмаар нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан хүсэлтийг хуульд нийцээгүй үндэслэлээр дахин шийдвэрлээгүй орхигдуулж, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг хангаагүй мэтээр дүгнэсэн зэрэг үйлдэл нь сэргээгдэх эрчим хүчийг гадаадын хөрөнгө оруулалтаар шинээр барьж байгуулах хувийн хэвшлийг дэмжихээр төлөвлөсөн бодлогыг бодит байдалд хэрэгжүүлээгүй, өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашиглаж, эрчим хүчний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч хувийн хэвшлийн байгууллагыг удаа дараа чирэгдүүлж, түүний хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчсөн эс үйлдэхүй, үйлдэл гаргасан гэж үзэхээр байна.

            4.13.Уг хариуцагч захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй, үйлдлийн улмаас нэхэмжлэгч компани нь 3 жил гаруй хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулж чадаагүй, нарны цахилгаан станц барих ажлаа эхлүүлж чадаагүй зэргээр цаг хугацаа болон эдийн засгийн хувьд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн гэж үзэхээр байх тул түүний зөрчигдсөн эрхийг захиргааны шүүхээс сэргээн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

            4.14.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана.” гэж зохицуулсан.

            4.15.Хариуцагчаас өөрт хуулиар олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан, хуульд үндэслэх зарчмыг хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн цахилгаан станц барих тусгай зөвшөөрлөө сунгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэдэг нь тогтоодож байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “С” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг ханган шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.3, 22 дугаар зүйлийн 22.2, Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасныг тус тус баримтлан “С” ХХК-ийн гаргасан “тус компанийн 09/*** тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгах, мөн хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “С” ХХК-ийн 09/*** тоот тусгай зөвшөөрлийг сунгахгүй байгаа Эрчим хүчний зохицуулах хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Эрчим хүчний зохицуулах хорооны 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 126 дугаар тогтоолыг хүчингүй болгож, “С” ХХК-ийн 09/2017 тоот тусгай зөвшөөрлийг хугацааг сунгахыг хариуцагч Эрчим хүчний зохицуулах хороонд даалгаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                       Г.МӨНХТУЛГА

 

 

ШҮҮГЧ                                                       О.ОЮУНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 90 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 146-148 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 13 дахь тал

[4] Хэргийн 3-р хавтас 173-178, 183-188 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 3-р хавтас 219-240 дэх тал

[6] Хэргийн 1-р хавтас 58-61 дэх тал

[7] Хэргийн 1-р хавтас 14-16 дахь тал

[8] Хэргийн 1-р хавтас 24 дэх тал

[9] Хэргийн 1-р хавтас 17 дахь тал

[10] Хэргийн 1-р хавтас 19-22 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 30-31 дэх тал

[12] Хэргийн 1-р хавтас 12-13, 26 дахь тал

[13] Хэргийн 1-р хавтас 26-28 дахь тал

[14] Хэргийн 1-р хавтас 39-40 дэх тал

[15] Хэргийн 1-р хавтас 42-43 дахь тал

[16] Хэргийн 1-р хавтас 65 дахь тал

[17] Хэргийн 1-р хавтас 67 дахь тал

[18] Хэргийн 3-р хавтас 168-170 дахь тал

[19] Хэргийн 3-р хавтас 168-171 дэх тал

[20] Хэргийн 3-р хавтас 198-200 дахь тал

[21] Хэргийн 1-р хавтас 65 дахь тал

[22] Хэргийн 1-р хавтас 67 дахь тал

[23] Хэргийн 3-р хавтас 204-206 дахь тал

[24] Хэргийн 3-р хавтас 168-170 дахь тал

[25] Хэргийн 3-р хавтас 158-159 дэх тал

[26] Хэргийн 3-р хавтас 242-248 дахь тал

[27] Хэргийн 3-р хавтас 136 дахь тал

[28] Хэргийн 4-р хавтас 24 дэх тал

[29] Хэргийн 1-р хавтас 65 дахь тал