Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

         Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

        Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******* төлөөлөгч, Тэргүүлэгч М.Д, Хурлын төлөөлөгч Г.Ч нарын  нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Аймгийн *******  дарга Л.Б-д холбогдох 2019 оны 7 дугаар сарын 17-нд хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2019 оны 08 дугаар сарын 15-ны  өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч М.Д, Г.Ч нар  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн ******* дарга Л.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-д заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д  Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан зохион байгуулж үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчим баримтална. 23 дугаар зүйл Хурлын хуралдаан 23.4, 23.7-д 23.7.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэсэн хуулийн заалтуудыг зөрчиж хурлын төлөөлөгчдийн олонхи ирээгүй байхад 20 төлөөлөгчтэйгээр хууль зөрчиж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулсан. Хурлын аливаа шийдвэр олонхийн зарчмаар шийдвэрлэгддэг бөгөөд ард иргэдийн төлөөлөл болсон төлөөлөгчдийн бүрэн эрхэд халдсан хууль бус үйлдэл боллоо.

 Олонхи болоогүй байхад онлайнаар хурал хийсэн. Бид нар аймгийн ******* төлөөлөгч нар учраас Говь-Алтай аймагт хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Өөрсдөө хуулиа хэрэгжүүлж байж цаашаа зөв шударгаар авч явах ёстой. Ирц хүрээгүй тохиолдолд гарсан бүх шийдвэр хууль бус гэж ойлгож байна. Ийм асуудлууд байгаа учраас нэхэмжлэл гаргасан. Манай намын бүлэг энэ хуралд оролцохгүй гэдгээ урьдчилж мэдэгдсэн. Тийм учраас бид нар ажиглаж байсан. Бид нарт утсаар хуралдаа суухгүй юм уу гэдэг талаар хүсэлт тавьсан. Бид хэд хэдэн шаардлага тавьсан, шаардлагын хариу өгөөгүй. Манайхаас зарим хүмүүс гадагшаа явсан. Зуны амралтын үе байсан учраас хурлын ирц бүрдэх боломжгүй байсан. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хурлын урилга ирсэн. Бид нарын ганц тавьсан шаардлага нь хугацаа байхгүй байна. Хүмүүсээ цуглуулж бид нар төсөв дээр хэсэг суух шаардлагатай, ороод гараа өргөөд хурал нэртэй юм болгодог бол тийм зүйл байхгүй. Бид нар төсвийн задаргаанууд дээр нэлээн суух шаардлагатай байна гэдэг асуудлаа тавьж байсан. Албан ёсоор бичгээр тавиагүй, амаар тавьсан. Бид нар хугацаа чинь хэтэрхий тулсан байна гэдэг дээр анхааруулж хэлсэн байгаа. Намын бүлэг ч хэлсэн, бид өөрсдөө ч ярьсан. Би өөрөө намын даргын хувьд Л.Б-д хэлсэн байгаа. Хугацаа чинь хэтэрхий давчуу байна материалтайгаа танилцаж чадахгүй, хууль бус юм болно. Хугацаа өгөөч гэсэн. Манай зарим төлөөлөгч нар 21 гэхэд гаднаас ирэх байсан. Бид нар бүлгийн тухайд төсөв төлөвлөгөө дээр сууж хэлэлцэх асуудал олон байсан учраас энэ асуудлыг ярилцах боломжгүйгээр баяр болоод амралтын дараа зарласан. Тийм учраас бид нар шаардлагаа ийм байдлаар өгсөн. Хуралд орохгүй гэдэг асуудал тавиагүй. Өнөөдөр материал аваад маргааш нь сууж хэлэлцэнэ гэвэл тэр худлаа. Хурал маргааш болох гэж байна нөгөөдөр болох гэж байна гэхэд материалаа өгдөг, төлөөлөгчид энэ материалтай танилцаж чаддаггүй. Төсвийн задаргаа дээр суусан хүмүүс нь ойлгоно уу гэхээс шинээр орсон төлөөлөгч нар ойлгохгүй байж байгаад аль дээр нь гар өргөхийг мэдэхгүй байж байгаад өнгөрдөг асуудал байгаа. Хурал болсны дараа ийм ийм зүйл дээр ярих байсан байна гэдэг учраас хурлаа хойшлуулж болдоггүй юм уу гэдэг асуудал тавьсан. Тэгэхэд эд нар хурал хойшлуулж болохгүй, 17-нд хийнэ гэдгээрээ хийсэн. Хуралд орохын өмнө буруу зөрүү канондсан баахан цаас өгдөг. Хурал дээр орохоор нөгөө цааснууд нь өөрчлөгддөг. Бид хурлыг 21, 22-нд болгож өг гэдэг хүсэлтээ албан ёсоор хоёр даргад нь ярьсан. Бид намын бүлгээр төсөв төлөвлөгөөтэй асуудал орж байгаа учраас нухацтай сууж ярилцах асуудал байсан. 15-нд хурлын урилга өгөхөөр 16-ны орой манай төлөөлөгч нар ирсэн бол намын бүлгээр хэлэлцэж чадахгүй нөхцөл бүрдээд байсан учраас бид энэ асуудлыг тавьсан. Бүх хүмүүс Улаанбаатар хот руу амраад явсан учраас бид ирүүлж хэлэлцэх боломжгүй байсан. 21, 22-ны өдөр хуралдуулаач хурлаа хойшлуулж өгнө үү гэдэг асуудал тавьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.   

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 20 төлөөлөгч зааланд, Ц.А төлөөлөгчийг онлайнаар оролцуулсан нь үнэн. Ц.А төлөөлөгч өөрөө би таслах эрхгүйгээр хуралд онлайнаар оролцъё гэсэн хүсэлтийг тавиад зааланд сууж байсан 20 төлөөлөгч Ц.А төлөөлөгчийн саналыг дэмжээд хурлын ирцийг 21 болгоод хуралдсан нь үнэн. Улс төрчдийн гэх юм уу үл ойлголцсон хүмүүсийн асуудлаас болж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол ойрын хэдэн жил хуралдаж чадахаа байсан. Хувийн болон хувьсгалын нөхцөл шаардлага тавьсан. Ийм нөхцөл байдлуудаас болоод хуралдаж чадахаа байсан. Зарим хүмүүс хуралд зориудаар оролцохоо больсон. Хурлыг мэдэж материалаа хүлээн авсан байж хуралдаа оролцохгүй ямар нэгэн байдлаар өөр хоорондоо асуудал ярьдаг. Ийм зүйлүүдээс болоод хурлын ирц бол 20 төлөөлөгч дээр онлайнаар нэг төлөөлөгч оролцуулж хуралдуулсан. 7 дугаар сарын 17-ны өдөр болсон хуралдааныг 6 дугаар сарын 25-ны өдөр 7 дугаар сарын 9-нд гэж зарлаад тухайн үед баяр наадам давхардсан учраас хуралдааны товыг хойшлуулах шийдвэр гаргаад 17-ны өдөр гэж зарласан. Материалыг 15-ны өдөр өгсөн. Г.Ч даргын хувьд намын бүлгээр танилцах боломжгүй байсан гэж байна. Тэгэхээр Монгол Ардын намын бүлгийн хурлаа хийгээд намын бүлгээр хэлэлцээд орсон. Хуралдаан заавал 17-ны өдрөө болох албагүй, бүх хүмүүс саналаа хэлээд нухацтай хандаад явъя гэх юм бол 2, 3 хоног хурал хуралдаж болно. Манай хуралдааны танхимд 40 инчийн хоёр телевизор байдаг. Ц.А төлөөлөгч хүсэлт гаргасны дагуу бид нар хурлын зааланд интернетийн сүлжээ оруулаад нөүтбүүк оруулаад проектортой холбоод телевизтэй холбоод мессенжер чатаар онлайнаар холболт хийж өгсөн. 21 болгоод 20 төлөөлөгчөөс санал асуухад бүгд оруулаад хурал эхлээд явъя гэдэг асуудлыг яриад хурал дэмжээд гар өргөөд явсан. Ирц хүрсэн гэж үзсэн учраас хуралдаан эхлээд процессын дагуу үргэлжлээд явсан.  Монгол ардын намаас 16 төлөөлөгч ирсэн, Ардчилсан намаас 1, Хувьсгалт намаас 2, бие даагч нэг, дээр нь Ц.А-г нэмээд 21 болсон. Монгол ардын намаас Г, О гээд 3 төлөөлөгч оролцоогүй, Ардчилсан намаас 16 төлөөлөгч оролцоогүй. Аймгийн ******* төлөөлөгчдөд 7 дугаар сарын 17-ны өдөр хурал болно гэдгийг ******* ажлын албанаас урилга материалыг хүргүүлсэн. Хуралдааны бэлтгэл зохион байгуулалтын ажлыг бүрэн хангасан байсан. Төлөөлөгчид хуралдаа суух боломжтой. Ямар нэгэн байдлаар хуралдаа суух боломжийг нь ажлын албанаас хааж боогдуулсан зүйл бол байхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах зүйлд 52.5.1 дэх хэсэгт Захиргааны акт захиргааны шийдвэрийг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар тодорхой байх ёстой гэж байгаа. Энэ маргааны хувьд нэхэмжлэгчийн хувьд ямар эрх ашиг нь хөндөгдөөд байгаа юм гэдэг нь тодорхойгүй байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсэгт хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар хурлын төлөөлөгч зориудаар хуралд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно гэж байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар Ардчилсан намаас сонгогдсон намын бүлгийн төлөөлөгч юм уу, Г.Ч дарга, намын бүлгийн дарга М.Д нар хуралд оролцож чадахгүй нь гэсэн тайлбар мэдээлэл иргэдийн хуралд ирүүлээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцохгүй байхыг хориглоно гэж нэгжийн хуульд заасан. 23 дугаар зүйлийн 23.9-д хуралдаанд зориудаар оролцоогүй буюу орхиж гарсан тохиолдолд хуралдаанд оролцож эсрэг санал өгсөнд тооцож санал хураалт явуулна гэж байгаа. Тэгэхээр Г.Ч даргын хувьд хуралдаан хэзээ болохыг мэдэж байсан. Ямар процесс болж байгааг мэдэж байсан, заалнаас мэдээлэл авч байсан. Бид нар тодорхой шалтгааны улмаас очиж суугаагүй гэж байгаа. Зориудаар хуралд оролцоогүй ийм тохиолдолд ирцэд тооцоод эсрэг санал өгсөн тооцоод хурлын процессыг хөтлөөд явсан бол илүү боломжтой байж гэж хариуцагчийн хувьд харж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Аймгийн ******* төлөөлөгч, Тэргүүлэгч М.Д, Хурлын төлөөлөгч Г.Ч нарын 2019 оны 07 дугаар сарын 17-нд хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбарт үндэслэн бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хуралдаж аймгийн *******  9 дүгээр хуралдааныг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Алтай хотод хуралдуулахаар товыг тогтоосон. Аймгийн ******* хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хуралдаж, 2018 оны Төсвийн гүйцэтгэл батлах тухай 06, Аймгийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай 07, Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах тухай 08, Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай 09, Төлөөлөгчдөд урамшуулал олгох журам батлах тухай 10 дугаар тогтоолуудыг батлан гаргасан байна.

         2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн аймгийн ******* хуралдааны тэмдэглэлд “...хуралдаанд ирвэл зохих 40 төлөөлөгчөөс 21 төлөөлөгч ирж, хурлын ирц 52,5 хувьтай байв. Л.Б Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу ирц бүрдсэн гэж үзэж байна. Учир нь: төлөөлөгч Ц.А хувийн хойшлуулшгүй ажлаар Улаанбаатар хотод байгаа ба хуралдаанд цахимаар /таслах эрхгүйгээр оролцох/ бололцоог хангаж өгнө үү гэдэг хүсэлт гаргасан. Түүний хуралдаандаа оролцох хүсэлтийг нь хангаж, дэмжиж байгаа төлөөлөгчид үнэмлэхээ өргөнө үү гэхэд хуралдаанд оролцож буй Төлөөлөгчид 100 хувь дэмжсэнээр хуралдааны үйл ажиллагаа эхлэв...” гэж тэмдэглэгдсэн мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “...2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 20 төлөөлөгч зааланд, Ц.А төлөөлөгчийг онлайнаар оролцуулсан ...Ц.А төлөөлөгч өөрөө би таслах эрхгүйгээр хуралд оролцъё гэсэн хүсэлт тавиад зааланд сууж байсан 20 төлөөлөгч Ц.А төлөөлөгчийн саналыг дэмжээд хурлын ирцийг 21 болгоод хуралдсан..” гэв.

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь орон нутгийн ээлжит чөлөөт сонгуулиар сонгогдсон төлөөлөгчтэй, түүнд тайлагнадаг гүйцэтгэх байгууллагатай, тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн асуудлыг иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэх эрх бүхий байгууллага юм. Харин Хурлын төлөөлөгч нь хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах, асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, сонгогчидтойгоо тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжилж хариуг хуульд заасан хугацаанд авах зэрэг бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр иргэдээс сонгогдсон төлөөлөл юм.

Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр болсон аймгийн ******* хуралдаанд хурлын төлөөлөгчийг цахимаар буюу онлайнаар таслах эрхгүйгээр оролцуулж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 зүйлийн 12.1.1-т “асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох” гэж заасан Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Хавтаст хэргийн материалд авагдсан хурлын тэмдэглэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараас үзэхэд Хурлын төлөөлөгчийн хуулиар олгогдсон асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох бүрэн эрхийг эдлүүлэхгүйгээр хуралд оролцуулан, хурлын ирц бүрдүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хуралдуулсан байгаа нь хууль бус байна.

         Өөрөөр хэлбэл цахимаар буюу онлайнаар таслах эрхгүйгээр хурлын төлөөлөгч Ц.А-г хуралдаанд оролцуулсаныг хуралд оролцсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд аймгийн ******* нийт 40 төлөөлөгчөөс 20 төлөөлөгч хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэж байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.7-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хуралдсан аймгийн ******* хуралдааны тэмдэглэлд Хурлын төлөөлөгч нар асуулт асуусан, санал хүсэлт гаргасан талаар тэмдэглэгдсэн байгаа боловч төлөөлөгч Ц.А-гийн гаргасан санал хүсэлт, асуулт тэмдэглэгдээгүй байгааг дурдах нь зүйтэй байна. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн  23.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Д, Г.Ч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2019 оны 7 дугаар сарын 17-нд хуралдсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хүчингүйд тооцож, хурлаас гарсан 06, 07, 08, 09, 10 дугаар тогтоолуудыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Э.ЗОЛБАДРАХ