Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0175

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0170/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Иргэдийн төлөөлөгч Э.Батболд,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч Ч.Э /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Ц овогт Ц-ын Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ч Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000051 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

  1. Монгол Улсын иргэн, Ц овогт Ц-ын Г /РД: ............ /, ..........   оны ......  дүгээр сарын ..... -ны өдөр .............  аймгийн ............  суманд төрсөн, ............ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., ............ аймгийн ..............  сумын ...........  дугаар багийн........  дугаар хэсэг ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

  1. Монгол Улсын иргэн, Б овогт Ч Э /РД: ............. /, .............  оны ......  дугаар сарын ........... -ний өдөр ............  аймгийн ............ суманд төрсөн, .............. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........, ............  нарын хамт ............... аймгийн .................  сумын .............. дугаар баг, .......... дугаар хэсэг, 1-74 тоотод оршин суух хаягтай, урьд:

1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар,

1999 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

2000 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

2000 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар,

2004 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар үйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ц.Г нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ..................  аймгийн .............. сумын ........... дугаар баг, ................  дугаар брак байрны ..............  тоотод хувийн маргааны улмаас иргэн У.Э-ын баруун гуяны дотор талд хайчаар хатгаж эрүүл мэндэд нь баруун гуяны дунд дотор хэсгийн артери судсыг тасалсан шарх бүхий хүнд хохирол учруулж алсан,

мөн тухайн цаг хугацаанд иргэн Ч.Э-ыг хайчаар хатгаж эрүүл мэндэд нь баруун, зүүн гуя, зүүн шилбэнд шарх, баруун гуяд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ч.Э нь согтуурсан үедээ дээрх цаг хугацаанд хувийн маргааны улмаас иргэн Э.Э-ыг зодож эрүүл мэндэд нь духанд шарх, баруун, зүүн зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г, Ч.Э нар мэдүүлэхдээ “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүйгэв.

 

Эрүүгийн 2118000000051 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[3],

 

Хохирогч Э.Б-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 11, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус мэдүүлсэн: “...У.Э бол миний аав. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аавд гэрийнхээ зурагтын удирдлагыг өгөөд янзлаад өг гэж хэлсэн чинь болохгүй байна гэж хэлэхээр нь удирдлагаа аваад гэр лүүгээ явсан. Тэгээд дахиж аавтайгаа уулзаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Аав хэдийгээр хүний гарт нас барсан ч гэсэн тухайн хүмүүстэйгээ найз нөхөд гэж адилхан архи ууж байгаад нас барсан учраас нэхэмжлэх зүйл байхгүй. Г-ын  ар гэрээс хохиролд 1,000,000 төгрөг төлсөн. Би тэр мөнгийг нь өөрийн төрсөн дүүгийн хадгаламжид хийсэн” гэх мэдүүлэг[4],

 

Э.Э-ын мөрдөн байцаалтад 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор, 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр тус тус мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 09-ний орой манай гэрт талийгаач Э болон Г, Э, манай эхнэр бид хэд хамт архи уусан. Архи ууж байсан чинь Э болон Г ах нар хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би Э ахыг гэр лүү нь явуулах гээд “та одоо яв” гэж хэлсэн чинь намайг түлхээд гэрийн цонх хагалсан. Тэгэхээр нь би уурлаад “та одоо яаж байгаа юм. Би энэ байрыг түрээсэлж байгаа. Хүний юм эвдээд хаях юм” гэхэд намайг татаж гудсан дээр суулгаад “Ах нь шиллэж өгнө” гэж хэлээд миний нүүр лүү арзгар юмаар цохисон. Тэгээд нүүрнээс цус гараад байсан. Дараа нь харахад дух, нүдний хажууд урагдсан байсан. Ингэж маргаан болоход Э ахтай Г ах маргалдаад барьцалдаж авсан. Тэр үед талийгаач Э ах Эыг газар унагаад дарсан чинь Г ах гартаа нэг юм барьчихсан Э, Э ах хоёрыг хатгаж байсан. Тэгэхээр нь Г ахын гараас татахад Г ах унасан. Тэгээд харахад Э ахын гуянаас цус гарсан байх шиг байсан. Гэрт эхнэр О , талийгаач Э нарын хамт хоноод 2021 оны 02 дугаар сарын 10-ны өглөө сэрэхэд талийгаач архи уумаар байна гээд би гарч Э гийн гэрт орсон. Тэнд Э ахтай таарсан. Тэгэхэд гуя нь бас хатгагдсан байсан. Намайг архи аваад ороход эхнэр маань талийгаач Э-тай хамт уусан. Тэгээд тухайн өдөр Э, Б, манай эхнэр, бид хэд манайд хоносон. 2021 оны 02 дугаар сарын 11-ний өглөө эхнэр бид хоёр гэрээ цоожлоод архи уухаар гарсан. Тэгээд гэртээ буцаж ирэхэд цагдаа нар ирсэн байсан. Ер нь Э, Г нар архи уухаараа хоорондоо таардаггүй юм.” гэх  мэдүүлэг[5] ,

 

Гэрч А.А-ын мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Одоогоос 20 гаруй хоногийн өмнөөс 30 гаруй насны хүүхэн залуу хоёр .............  сумын .......... дугаар баг ...............  дугаар хэсэг ............дугаар брак байрны ......... тоотыг түрээсэлж тэр өдрийнхөө оройноос эхлээд янз бүрийн хүмүүс цуглуулж архи уугаад эхэлсэн. Сүүлийн 4-5 хоногийн өмнөөс одоо нас барсан У.Э нь хамт архидаж эхэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 01 цагийн орчимд хоорондоо зодолдоод байгаа чимээ сонсогдож байгаад больсон. Маргааш өглөө нь хашааныхаа хогийг цэвэрлэсэн чинь хашааны гадна хаалганы дотор талын урд хэсгийн цемент дээр энд тэндгүй цус дусаж хөлдсөн байсан. Бас хашааны хойд талд юм шатаасан бололтой байсан. Би тэрийг нь цэвэрлэсэн. Тэгсэн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагаас эхлэн дахин архидаж хоорондоо маргалдаад зодолдож байгаа чимээ сонсогдохоор нь хэсгийн байцаагчид мэдэгдсэн.” гэх мэдүүлэг[6],

 

Гэрч Н.Э-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Г хайчаар талийгаачийн гуя руу хатгасан байна гэснийг Э  гэдэг хүнээс сонссон. Э  надад хэлэхдээ “Г Л-г хайчаар гуя руу нь хатгасан байна гэж сонслоо.” гэж 2021 оны 02 дугаар сарын 10-ны өглөө хэлсэн.” гэх мэдүүлэг[7],

 

Гэрч Г.Д-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед өрхийн эмнэлэг явж байхдаа үйлчилгээний хажууд Г-тай тааралдахад “Найз нь баларчхаад явж байна.” гэхээр нь юу болсон талаар асуухад “...Би өөрийн хөлсөлж байсан бракад 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Л, В, О , Этэй ууж сууж байхдаа тэр хэдтэй маргалдаад Лаг хайчаар хатгасан чинь нэлээн цус гарсан. Тэгээд их айгаад гэртээ очиж чадахгүй байна.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[8],

 

Гэрч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 10-ны үүрээр 03 цаг өнгөрч байхад манай дүү Г манайд ирээд “Би цуг архи ууж байгаад хүн хайчаар хатгачихлаа.” гэж хэлсэн.  Тухайн өглөө эхнэр лүү Л-ийн байсан айлаас хүн залгаад намайг ирж уулз гэхээр нь би эхнэр Н-аас утсыг нь аваад ярихад “Г байна уу, танай дүү Г шөнө Л-г хутгаар хатгачихсан байна.” гэхээр нь Батьлионд байгаа айл руу очиход гэрийн эзэн, эхнэр нь бас Э гэх залуу, Л нар байсан ба Л хэвтэж байсан. Тэд нар архи уусан байдалтай согтуу байсан. Намайг Л-тай уулзахад түүний бөгс орчимд шарх үүссэн нэлээн цус алдсан байдалтай байсан. Тэгэхээр нь Л-г эмнэлэг дуудаад үзүүл гэж хэлэхэд эмнэлэгт үзүүлнэ гэж хэлсэн.” гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.О ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр нөхрийн маань цалин буусан гээд гаднаас нэг шил 0,75 литрийн Хараа архитай орж ирсэн. Тэрийг нь Г ах, нөхөр бид гурав хувааж уугаад маргааш өглөө нь нөхөр дахин архи аваад ууж байтал орой 19-20 цагийн үед Л /Э, хогийн Э /Э/ ахтай цуг гаднаас халамцуу Түмний хишиг архитай орж ирсэн. Бид архиа хувааж ууцгаасан. Тухайн орой маргаан болж Э ахыг Г хайчаар хатгасан юм байна лээ. Тэр өдөр би нэлээн согтоод орой гэгээ тасраад удаагүй байхад эрт унтсан байсан. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өглөө сэрсэн чинь Э, Г хоёр манай гэрт байхгүй явчихсан байсан ба талийгаач Ла ах газар гудсан дээр хэвтчихсэн ёолоод байж байснаа “Г өчигдөр шөнө намайг хайчаар сийччихээд өөрөө гараад зугтаачихлаа” гэж хэлэхээр нь хартал ар нурууны доод хэсэгт гуянд нь хатгачихсан, хутгалуулсан газраас нь нэлээн цус гарсан байсан. Тэгж байтал Г-ын  төрсөн ах гээд Б гэж хүн ирээд “Г манай гэрт шөнө орж ирээд Ла ахыг хайчаар хатгачихлаа, та тамедин, боолт дөхүүлээд өгөөрэй гэж хэлээд өөрөө өглөө 06 цагт гараад явсан. Энд ирээгүй юм уу.” гэж хэлээд тамедины уусмал, нэг ширхэг бинт барьчихсан ирсэн. Бийг явснаас хойш Г ах өөрөө ирээд “Л ахаа дүүгээ уучлаарай” гээд шархыг нь цэвэрлэж арчаад байсан. Тэгээд Л ахын бөгснөөс цус гараад тогтохгүй байсан болохоор манай нөхөр Э, Г нар эмийн сан орж өвчин намдааж цус тогтоодог лаа авч ирээд Г ах өөрөө лааг нь хийж өгөөд тэр хавийн цусыг нь цэвэрлэсэн. Тэр хоёр эмийн сан явах замдаа архи авсан байсан учраас бид тэр архийг нь хувааж уусан.  Маргааш нь нөхөр бид хоёр А-ийн гэрт очиж болсон асуудлын талаар хэлэхэд “Г бас надад тэгж хэлсэн, надаас уг нь ямааны толгой хуйхлах гэсэн юм гээд хайч аваад явсан юм. Одоо өөрөө хаана байна” гэж асуугаад “Би Л дээр очоод ирье” гэж хэлээд явсан. Тэгээд удалгүй буцаж ирээд “Танай гэрийн хаалга цоожтой байна” гэж хэлэхээр нь би “Цоожлоогүй, онгорхой байх ёстой. Гэрт Л ах үлдсэн шүү дээ” гэж хэлсэн чинь “Тэгвэл Г эргэж очоод цоожилсон юм болов уу, би дахиж очоод үзээд ирье” гэж хэлчхээд эргэж ирээд “Би сая танай цонхоор чинь орлоо. Л ах гэрт чинь өнгөрчихсөн байна. Одоо цагдаа дуудъя” гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг[9],

 

Гэрч Б.Э гийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...Би 2021 оны 02 дугаар сарын 09-ний шөнө цагийг нь санахгүй байна. Г ах манай гэрт орж ирээд найз нь хүн алчих шиг боллоо” гэхээр нь “Хэнийг яасан гэнээ.” гэж асуухад “Л ахыг хайчаар хатгачихсан. Цус их гарсан. Тэгээд би гараад ирлээ.” гэж хэлээд манайхаас явсан. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед Г-ын  түрээсэлж байсан байранд очиход Э, О , Л гурав байсан ба Л ахын бие нэлээд тааруу байдалтай шалан дээр хөнжил нөмрөөд хэвтэж байсан. Л ахын нөмөрч байсан хөнжил нь цус болсон байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Г, Л-тай маргалдаад Л ахын гуя руу хайчаар хатгачихлаа гэж Э хэлсэн.  ...Э манай гэрт орж ирээд “Л хоёр хоног гэртээ ирээгүй. Хаана байж болох уу” гэхээр нь би Э-тэй хамт Ц.Г-ын хөлсөлж байсан бракт очоод цонхоор нь харахад Л ах хөнжил нөмөрсөн байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь цонхоор “Л ахаа” гээд зөндөө дуудсан боловч хөдлөхгүй байхаар нь цонхоор ороод үзэхэд нас барсан байсан. Тэгээд Л ахын дүү Э цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг[10],

 

Гэрч С.Н-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 14 цагийн орчимд Дархан захын гадна Ц.Г-тай таарч хаанаас явж байгааг нь асуухад “Батьлионоос дөнгөж сая алхаж ирлээ.” гэж хэлсэн. Тэгээд Г-тай хамт цаг гаруй хамт байсан. Тухайн үед Г хар өнгийн өвлийн зузаан куртик, цагаан өнгийн пүүз, саарал өнгийн өмдтэй байсан ба өмднийх нь хоёр өвдөг хэсэгт цусаар бохирлогдсон байсан.” гэх мэдүүлэг[11],

 

Гэрч Ц.С-ийн мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байхад манай ах Б над руу залгаад “Цаад Г чинь асуудал тарьчихлаа. Би Гантулгыг хайгаад гадуур явж байна. Танайхаар орж ирсэн үү.” гэж хэлсэн. 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Б ахтай утсаар яриад Г ахыг олсон эсэх, юу болсон талаар асуухад “Г хүнтэй зодолдоод нөгөө хүн нь нас барсан. Өөрөө амиа хорлоно гээд гадуур явж байгаа сурагтай байна. Олдохгүй байна.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[12],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай “...Талийгаачийн биед баруун гуяны дунд 1/3-н дотор хэсгийн гуяны артери судсыг тасалсан шарх, зүүн сарвуунд шарх, баруун шилбэ, зүүн гуя, зүүн шуу, духанд зулгаралт тогтоогдлоо. Талийгаачийн биед илэрсэн дээрх шарх, зулгаралт нь амьд ахуйд үүссэн гэмтэл болно. Хохирогч У.Э-ын биед илэрсэн баруун гуяны дунд 1/3-н дунд дотор хэсгийн гуяны артери судсыг тасалсан шарх, зүүн сарвуунд шарх нь хурц үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хохирогчийн биед илэрсэн баруун гуяны шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Хохирогчийн биед илэрсэн сарвууны шарх нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Хохирогчийн биед илэрсэн баруун шилбэ, зүүн гуя, зүүн шуу, духанд зулгаралт нь мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар хамрагдах талбай бага, эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь баруун гуяны дунд 1/3-н дотор хэсгийн гуяны артери судсыг тасалсан шархны улмаас хурц цус алдаж нас баржээ. Талийгаачийн биед архаг хууч өвчин болох зүрх, судас, элэг, хэвлийн наалдацт өвчин илэрсэн ба эдгээр нь үхэлд нөлөөгүй. Талийгаачийн цусанд спирт илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг BIII байна. Талийгаач 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 22:00 цагаас 00 цагийн орчим нас барсан байх боломжтой. Талийгаач Ухнаагийн Э нь гэмтэл авсан даруй эмнэлгийн яаралтай тусламж авсан бол амь насыг аврах боломжтой.” гэх шинжээчийн дүгнэлт[13],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай “...Шинжилгээнд авсан “Э” гэж хаягласан цусны бүлэг BIII байна.” гэх шинжээчийн дүгнэлт[14],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 09 дугаартай “...Шинжилгээнд авсан “Э” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спирт илэрсэнгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[15],

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[16],

 

Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №30/21 дугаартай “...Ц.Г нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно. Ц.Г нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болж өнгөрсөн үйл явдлыг бодитоор тусган авч, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл явдлыг үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай болно. Ц.Г нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай болно. Ц.Г нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир түүнд албадан эмчилгээ шаардлагагүй болно.” гэх магадалгаа[17],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 120 дугаартай “...Э.Э-ын биед духанд шарх, баруун, зүүн зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[18],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 118 дугаартай “...Ч.Э-ын биед баруун, зүүн шилбэнд шарх, баруун гуянд цус хууралт, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[19],

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 647 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм /пиджак/-д 36 мм, 4х9 мм, 9 мм, 10 мм, хөх өнгийн биеийн тамирын өмдөнд 9х7 мм, 4х3 мм, 9х4 мм, 4х4 мм, дулааны үйлчлэлээр гарсан шинэ түлэгдэлтүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн хүрэм /пиджак/-д 11 мм, 25 мм, улаан өнгийн цамцанд 35 мм, 22 мм, хөх өнгийн биеийн тамирын өмдөнд 50 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралууд байна. Шинжилгээнд ирүүлсэн хөх өнгийн биеийн тамирын 6 мм, хурц иртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт байна. Шинжилгээд ирүүлсэн улаан өнгийн цамцанд 9мм, оймсны нэг өмсгөлд 82 мм, эсгий гудсанд 75 мм эдэлгээний явцад гарсан хуучин урагдалтууд гарсан байна. Дээрх гэмтлүүд нь хэдэн удаагийн үйлчлэлээр болон ямар хугацаанд, хайчаар үүсгэгдсэн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн бусад хувцаснууд, эд зүйлүүд гэмтэлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[20],

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 646 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн өмдөнд 45х60 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Дээрх гэмтэл нь гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд болон хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Бусад хувцас гэмтэлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[21],

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 643 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн малгайтай хар өнгийн цамцанд 20 мм, хар өнгийн дотуур өмдөнд 10 мм ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлтүүд байна. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн дотуур өмдөнд 9х9 мм, 9х7 мм хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр гарсан шинэ халцралтууд байна. Дээрх гэмтлүүд хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болон хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Бусад хувцас гэмтэлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[22],

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 644 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн малгайтай хар өнгийн гадуур хүрэмд 110х60 мм талбайд хатуу гадаргуутай харилцан үйлчлэлээр гарсан шинэ халцралтууд, 30 мм татах чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт байна. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн ноосон цамцанд 50 мм, 60 мм, 50 мм татаж чангаах хүчний үйлчлэлээр гаран шинэ ханзралтууд байна. Дээрх гэмтлүүд нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд болон хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан болохыг тогтоох боломжгүй. Бусад хувцаснууд гэмтэлгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[23],

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1198 дугаартай “...Эсгий гудас, цэнхэр өнгийн цэцэгтэй, хөнжил, ягаан өнгийн хөнжлийн даавуу, хар өнгийн нэхий хүрэм, хар өнгийн пиджак, улаан өнгийн цамц, цагаан өнгийн майк, хөх өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн өмд, бор өнгийн тэлээ, дотоож, нилэнхийдээ улаан хүрэн өнгийн толботой, хар өнгийн нэг хос гутал, нэг хос оймс, гэрийн дотор талаас авсан цусны дээр гэж хаягласан бинтэд ороосон нунтаг толбонд цус илэрсэн. Хутган дээр цус илрээгүй. Үрийн шингэний толбо илрээгүй. 1-5 дугаартай тамхины иш дээр шүлс илэрсэн. Уг илэрсэн шүлс, цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэнэ. Эсгий гудас, цэнхэр өнгийн цэцэгтэй хөнжил, ягаан өнгийн хөнжлийн даавуу, хар өнгийн нэхий хүрэм, хар өнгийн пиджак, улаан өнгийн цамц, цагаан өнгийн майк, хөх өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн өмд, бор өнгийн тэлээ, дотоож, хар өнгийн нэг хос гутал, нэг хос оймс, гэрийн дотор талаас авсан цусны дээж гэж хаягласан бинтэд ороосон нунтаг толбонд нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн ба талийгаач У.Э-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. 1-5 дугаартай тамхины иш дээр нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн ба Э.Э-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ч.Э, Э.Э, Г.О , Ц.Г, талийгаач У.Э нарын гэх цусны ДНХ-ын тогтцыг тогтоов.” гэх шинжээчийн дүгнэлт болон хавсралтууд[24],

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1203 дугаартай “...Ц.Г-ын гэх цус нь АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна. Ч.Э-ын гэх цус нь AB/IV/ бүлгийн харьяалалтай байна. Г.О ийн гэх цус нь A/II/ бүлгийн харьяалалтай байна. Э.Э-ын гэх цус нь O/I/ бүлгийн харьяалалтай байна. Талийгаач У.Э-ын гэх цус нь  B/III/ бүлгийн харьяалалтай байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[25],

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1202 дугаартай “...Ч.Э-ын өмсөж явсан гэх юүдэнтэй зузаан дотортой хар өнгийн цамц, хар өнгийн зузаан дотортой өмд, саарал өнгийн малгай, хар хөх өнгийн нэг хос оймс, хөх өнгийн судалтай нэг хос оймс дээр цус илэрсэн. Үрийн шингэний толбо илрээгүй. Ч.Э, Э.Э, Г.О , Ц.Г, талийгаач У.Э нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Юүдэнтэй зузаан дотортой хар өнгийн цамц, хар өнгийн зузаан дотортой өмд дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн ба Ч.Э-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Саарал өнгийн малгай, хар хөх өнгийн нэг хос оймс, хөх өнгийн судалтай хос оймс дээр илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, хавсралтууд[26],

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1199 дугаартай “ ...Ц.Г-ын  өмсөж явсан гэх New York гэсэн бичигтэй хар өнгийн фудволк дээр цус илэрсэн. Саарал өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн ноосон малгай, цагаан өнгийн нэг хос пүүз дээр цус илрээгүй. Үрийн шингэний толбо илрээгүй. Ч.Э, Э.Э, Г.О , Ц.Г, талийгаач У.Э нарын цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. New York гэсэн бичигтэй хар өнгийн фудволк дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц илэрсэн ба Э.Э-ын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт болон хавсралтууд[27]

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай “...Шинжилгээнд авсан “Ц.Г 2021.02.12” гэж хаягласан цусанд 1,3 промилли спирт илэрсэн болно.” гэх шинжээчийн дүгнэлт[28],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай “... Шинжилгээнд авсан “Ц.Г 2021.02.12” гэж хаягласан цусны бүлэг нь ABIY,Rh /+/ байна.” гэх шинжээчийн дүгнэлт[29],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 24 дугаартай “...Шинжилгээнд авсан “Ч.Э 47 эр” гэж хаягласан цусанд спирт илэрсэнгүй.” гэх шинжээчийн дүгнэлт[30],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай “...Шинжилгээнд авсан “Ч.Э 47 эр” гэж хаягласан цусны бүлэг нь ABIY,Rh /+/ байна.” гэх шинжээчийн дүгнэлт[31],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 7 гарын мөрийн 2, 7  гэж дугаарласан гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцэх 2 дугаартай гарын мөр нь Э  овогтой Э-ын баруун гарын дунд хурууны дардастай тохирч байна. Чулуунбатын Э, Г-ын О , Э ийн Эын гарын хээ дардаснууд нь гарын хээний нэгдсэн санд байгаа эзэн холбогдогч нь тодорхойгүй хэргийн гарын мөрүүдтэй тохирохгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд[32],

 

Яллагдагч Ц.Г-ын  мөрдөн байцаалтад 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би өөрийн хуурай дүү нар болох Э, О  нарын хамт түрээсэлдэг байрандаа архи ууж байсан чинь танил ах Э, Э нар согтуу орж ирээд бид нар хамт архи ууж байхад Э хэрүүл маргаан үүсгээд намайг хэл амаар доромжилж байхад нь би хайчаар хатгах үед Э ах дундуур ороод гуяндаа болон гараа хатгуулсан. Тэгээд манай гэрт байж байгаад нас барсан.” гэх мэдүүлэг[33],

 

Ч.Эын мөрдөн байцаалтын шатанд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогчоор, 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр яллагдагчаар тус тус мэдүүлсэн: “...У.Э, Ц.Г, Э.Э, Б.Э  нарыг танина. Би эдгээр хүмүүстэй нийлж хамт архи уудаг болсон. 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Эын гэрт ороход түүний эхнэр О , Эын ах болох Л гэж дууддаг ах, Г нар 0,75 литрийн архи хувааж уугаад дуусаж байхаар нь Г бид хоёр 1 шил 0,75 литрийн Түмний хишиг нэртэй архи аваад буцаж орсон. Тэгээд тэндээс нэлээн орой гараад Э гийн гэрт орж хоносон. Маргааш нь миний гуя шарх болсон байсан. Тэгж байтал Э орж ирээд намайг болон Эыг талийгаач Г хутгаар хатгасан талаар хэлсэн. Намайг Эын гэрт ороход талийгаач газарт гудас дэвсээд хэвтэж байсан. Г намайг хайчаар хатгасан санагдаад байна. Би Этай уулзаад л Эын нүүр рүү цохиж гэмтэл учруулсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[34],

 

Ц.Г-ын  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[35], шүүгдэгч Ч.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон шийтгэх тогтоолын хуулбар[36], хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[37] зэрэг бичгийн нотлох баримтуудыг  талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, гэрч, шинжээч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Г, Ч.Э нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Г, Ч.Э нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Г нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Мангирт 55 дугаар брак байрны 03 тоотод хувийн маргааны улмаас иргэн У.Эын баруун гуяны дотор талд хайчаар хатгаж эрүүл мэндэд нь баруун гуяны дунд дотор хэсгийн артери судсыг тасалсан шарх бүхий хүнд хохирол учруулж алсан,

мөн тухайн цаг хугацаанд иргэн Ч.Эыг хайчаар хатгаж эрүүл мэндэд нь баруун, зүүн гуя, зүүн шилбэнд шарх, баруун гуяд цус хуралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Ч.Э нь согтуурсан үедээ дээрх цаг хугацаанд хувийн маргааны улмаас иргэн Э.Эыг зодож эрүүл мэндэд нь духанд шарх, баруун, зүүн зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай  болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Г нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангирт 55 дугаар брак байрны 03 тоотод иргэн У.Этай маргалдан улмаар гуяан тус газар нь хутгалж алсан, мөн тухайн цаг хугацаанд иргэн Ч.Этай маргалдан гуяанд нь хатгаж хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, 

шүүгдэгч Ч.Э нь согтуурсан үедээ иргэн Э.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогчийн нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Ч.Эыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.” гэв.

 Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар, шүүгдэгч Ч.Э нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Эыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч шүүгдэгч нь өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтээ бичгээр гарган өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй байх тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Г нь хүний амь насыг хохироосон, мөн бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан, шүүгдэгч Ч.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.”  гэв.

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг шүүгдэгч, хохирогчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Г нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн №30/21 дугаартай дугаартай магадалгаа[38]-аар тогтоосон байна.

Шүүгдэгч Ц.Г нь согтуурсан үедээ иргэн У.Эыг хайчаар хатгаж эрүүл мэндэд нь баруун гуяны дунд 1/3-н дотор хэсгийн артерийн судсыг тасалсан шарх бүхий гэмтэл учруулсны улмаас амь насыг хохироосон, мөн тухайн цаг хугацаанд иргэн Ч.Эыг хайчаар хатгаж эрүүл мэндэд баруун, зүүн шилбэнд шарх, баруун гуянд цус хууралт, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн  хохирол санаатай учруулсан, 

шүүгдэгч Ч.Э нь согтуурсан үедээ иргэн Э.Эыг зодож эрүүл мэндэд нь духанд шарх, баруун, зүүн зовхинд цус хуралт, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Г, Ч.Э нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.Г-ын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Ч.Эын үйлдэл нь мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг, шүүгдэгч Ч.Эыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор хуульчилжээ.

Шүүгдэгч Ц.Г нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б-д гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,000,000 төгрөг төлсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Б, хохирогч Ч.Э, Э.Э нар нь мөрдөн байцаалтад гомдол санал, нэхэмжлэх зүйл гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.Г, Ч.Э нараас гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах”, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг,

шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн  хохирол санаатай учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч дүгнэлдээ: “Шүүгдэгч Ц.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэх саналтай байна.

Харин шүүгдэгч Ч.Э нь 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсэгт 04 жил 08 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн ба түүний 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж байсан тул 2021 оны Өршөөлийн тухай хуульд хамрагдахгүй байна. Иймд шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Г-ын  өмгөөлөгч Б.Чинбаатар дүгнэлтдээ: Ц.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдож байгаа, урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай. Шүүгдэгч нь хохирогчтой маргах явцдаа хайчаар хатгасан. Тухайн үед хохирогч эмнэлгийн тусламж авсан бол нас барахгүй байсан гэж шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Ц.Г нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг журамлан ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгч Ц.Г-ын  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.Г нь урьд ял шийтгэлгүй, шүүгдэгч Ч.Э нь урьд 6 удаагийн ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна. Шүүгдэгч Ч.Э нь урьд 6 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

Шүүхээс шүүгдэгч Ц.Г, Ч.Э нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүгдэгч Ц.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Ч.Э нь урьд Өршөөлийн тухай хуульд хамрагдаж байсан тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамаарахгүй байх тул шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх  бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Г-ын  энэ хэрэгт цагдан хоригдсон 146 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон дотоож, хар өнгийн хос гутал, цус мэт зүйлээр бохирлогдсон пиджак, цус мэт зүйлээр бохирлогдсон эсгий, цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн куртик, цус мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн ноосон цамц, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн өмд, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн орны даавуу, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр цэцэгтэй цагаан өнгийн хөнжил, цус мэт зүйлээр бохирлогдсон хос оймс, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн куртик, хар өнгийн өмд, саарал өнгийн хос оймс, саарал өнгийн малгай, New York гэсэн бичиглэлтэй хар өнгийн фудволк, саарал өнгийн өмд, цагаан өнгийн хос пүүз, саарал өнгийн малгай, саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн дотоож, ногоон эрээн өнгийн хос оймс, бүрэн бор өнгийн хос гутал, хар өнгийн хос гутал, хар өнгийн нимгэн юүдэнтэй куртик, бор шар өнгө хосолсон ноосон цамц, биеийн тамирын өмд, саарал өнгийн хос пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Ч.Эт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол, шүүгдэгч Ц.Гд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.Г-ын  эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц овогт Ц-ын Г-ыг хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

Шүүгдэгч Б овогт Ч Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Гд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

              5. Шүүгдэгч Ч.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, эдлэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.

 

              6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Э нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

              7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ын  урьд цагдан хоригдсон 146 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хассугай.

 

              8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт зүйлээр бохирлогдсон дотоож, хар өнгийн хос гутал, цус мэт зүйлээр бохирлогдсон пиджак, цус мэт зүйлээр бохирлогдсон эсгий, цус мэт зүйлээр бохирлогдсон хөх өнгийн биеийн тамирын өмд, хар өнгийн куртик, цус мэт зүйлээр бохирлогдсон улаан өнгийн ноосон цамц, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн өмд, цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн орны даавуу, цус мэт зүйлээр бохирлогдсон цэнхэр цэцэгтэй цагаан өнгийн хөнжил, цус мэт зүйлээр бохирлогдсон хос оймс, бор өнгийн иштэй хутга 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, хар өнгийн куртик, хар өнгийн өмд, саарал өнгийн хос оймс, саарал өнгийн малгай, New York гэсэн бичиглэлтэй хар өнгийн фудволк, саарал өнгийн өмд, цагаан өнгийн хос пүүз, саарал өнгийн малгай, саарал өнгийн ноосон цамц, цэнхэр өнгийн өмд, саарал өнгийн дотоож, ногоон эрээн өнгийн хос оймс, бүрэн бор өнгийн хос гутал, хар өнгийн хос гутал, хар өнгийн нимгэн юүдэнтэй куртик, бор шар өнгө хосолсон ноосон цамц, биеийн тамирын өмд, саарал өнгийн хос пүүз зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Эт урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Ц.Гд урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ц.Г-ын  эдлэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

              11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Эт авсан хувийн баталгаа гаргах, шүүгдэгч Ц.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Н.ИДЭР

 

 

                           ШҮҮГЧИД                                     Г.ГЭРЭЛТ-ОД

 

 

                                                                                                З.ТӨМӨРХҮҮ

 

[1] 1 дэх хавтаст хэргийн 11-22 тал

[2] 1 дэх хавтаст хэргийн 24-27, 36-38, 40-43 тал

[3] 1 дэх хавтаст хэргийн 46-48 тал

[4] 1 дэх хавтаст хэргийн 58-59, 62 тал

[5] 1 дэх хавтаст хэргийн 65-66 тал

[6] 1 дэх хавтаст хэргийн 78-79 тал

[7] 1 дэх хавтаст хэргийн 81 тал

[8] 1 дэх хавтаст хэргийн 83 тал

[9] 1 дэх хавтаст хэргийн 101-102 тал

[10] 1 дэх хавтаст хэргийн 106-107 тал

[11] 1 дэх хавтаст хэргийн 11 тал

[12] 1 дэх хавтаст хэргийн 115-116 тал

[13] 1 дэх хавтаст хэргийн 126-128 тал

[14] 1 дэх хавтаст хэргийн 129-130 тал

[15] 1 дэх хавтаст хэргийн 131-132 тал

[16] 1 дэх хавтаст хэргийн 133-139 тал

[17] 1 дэх хавтаст хэргийн 146 тал

[18] 1 дэх хавтаст хэргийн 161-162 тал

[19] 1 дэх хавтас  хэргийн 169-170 тал

[20] 1 дэх хавтаст хэргийн 185-198 тал

[21] 1 дэх хавтаст хэргийн 205-209 тал

[22] 1 дэх хавтаст хэргийн 217-223 тал

[23] 1 дэх хавтаст хэргийн 231-238 тал

[24] 2 дахь хавтаст хэргийн 11-15 тал

[25] 2 дахь хавтаст хэргийн 20-22 тал

[26] 2 дахь хавтаст хэргийн 34-38 тал

[27] 2 дахь хавтаст хэргийн 47-50 тал

[28] 2 дахь хавтаст хэргийн 81-82 тал

[29] 2 дахь хавтаст хэргийн 83-84 тал

[30] 2 дахь хавтаст хэргийн 101-102 тал

[31] 2 дахь хавтаст хэргийн 103-104 тал

[32] 2 дахь хавтаст хэргийн 123-133 тал

[33] 2 дахь хавтаст хэргийн 167 тал

[34] 1 дэх хавтаст хэргийн 69, 89-90, 175 тал

[35] 2 дахь хавтаст хэргийн 241 тал

[36] 2 дахь хавтаст хэргийн 244 тал, 3 дахь хавтаст хэргийн 1-27 тал

[37] 2 дахь хавтаст хэргийн  199-239 тал

[38] 1 дэх хавтаст хэргийн 146 тал