Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 00530

 

 

 

 

 

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2017/00530

Хөвсгөл аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 33-02 тоотод оршин суух, РЗ63091000 дугаар регистртэй, Шарнууд овогт Төмөр-Очирын Цэцэгнамжилын

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2017/00339/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Т.Цэцэгнамжил нар оролцлоо.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Цэцэгнамжил шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1978 оноос 1985 оныг дуустал хугацаанд барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан. Түүнээс хойш Рашаант суманд ажилласан. Миний ажиллаж байсан үеийн цалин хөлсний баримтад Лувсандоржийн Цэцэгмаа, Лувсандоржийн Цэцгээ, Л.Цэцэгнамжил гэж овгийг миний хойд эцгээр, миний нэрийг нутгийн болон эцэг, эхийн дууддаг нэрээр өөр, өөрөөр бичсэн байгаа юм. Би төрсөн эх Төмөр-Очироор овоглож Цэцэгнамжил нэрээр бүртгэлтэй байдаг бөгөөд аав, ээж хоёр маань намайг төрснөөс хойш гэр бүл болсон байдаг боловч гэрлэлийн бүртгэлд байхгүй байна. Холбогдох лавлагааг шүүлгэж хэргийн материалд өгсөн. Тухайн нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан боловч 1984 оны цалин хөлсний баримтад миний нэр бичигдээгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн бусад бичиг баримт олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1978 оны 04 сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Т.Цэцэгнамжил нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т.Цэцэгнамжил нь эх Д.Төмөр-Очир, хойд эцэг П.Лувсандорж нарын хамт амьдарч байсан, түүнийг “Цэцэгмаа, Цэцгээ” гэх нэрээр нэрлэдэг байсан болох нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Тус сумын иргэний гэр бүлийн бүртгэлийн журнал 1981 оноос 2016 оныг дуустал хадгалагдаж байгаа тул РА13062015 Пагамын Лувсандорж, РА41020502 Дамдины Төмөр-Очир нарын 1966 онд гэр бүл болсон бүртгэл байхгүй” гэх бичилттэй 3/177 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн “Пагамын Лувсандорж /ра13062015/, Дамдины Төмөр-Очир /ра41020502/ нарын гэрлэлтийн бүртгэл нь Алаг-Эрдэнэ сумын 1966-1976 оны бүртгэлд бүртгэлгүй байна” гэх бичилттэй 1/598 дугаартай тодорхойлолт, 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Төмөр-Очирын Цэцгээ /рз63091000/ Цэцэгмаа нэрээр бүртгэлийг регистрийн дугаараар шалгахад мэдээллийн санд бүртгэлгүй болно” гэх бичилттэй 1/532 дугаартай тодорхойлолт, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын улсын бүртгэгчийн бүртгэсэн “хүүхдийн овог: Төмөр-Очир, нэр: Цэцэгнамжил, эмэгтэй, 1963 оны 09 сарын 10-нд төрөх газар төрснийг ИГББ-ийн төрсний бүртгэлд 1963 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов” гэх бичилттэй №0000487955-88 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбар,

Гэрч П.Баянжаргалын “...Төмөр-Очирын Цэцэгнамжил гэдэг юм. Төмөр-Очир нь Цэцэгнамжилын ээж бөгөөд 1990 оны үед нас барсан санагдаж байна. Лувсандорж аав нь байгаа юм... нэгдлийн барилгын бригадад даамал хийдэг байсан... Цэцэгнамжил нь тус айлын хамгийн том хүүхэд...” гэх мэдүүлэг, гэрч Л.Энхбаярын “...Цэцэгнамжил гэдэг юм. Хүмүүс Цэцэгмаа, Цэцгээ гэдэг. Голдуу Цэцгээ гэдэг... ээж Төмөр-Очир нь эгч Цэцэгнамжилыг төрүүлсэн байсан. Тэгээд сүүлд нь манай аав Лувсандоржтой суусан юм билээ. Тэгээд ээжээр овоглосон байх. Дүү нар бид бол аав Лувсандоржоор овоглодог. 1966 оны үед Төмөр-Очир болон Лувсандорж нар нь нэг гэртээ ороод Лхагвасүрэн эгчийг төрүүлсэн гэдэг...” гэх мэдүүлэг, гэрч Д.Баасанжавын “...Цэцгээ, Цэцэгмаа л гэдэг. Голдуу Цэцгээ нэрээр нь дууддаг... эцэг, эхээс олуулаа... гэр дотор нь Цэцэг нэртэй хүн байхгүй... Хамт ажилладаг хүмүүс дотор Цэцгээ нэртэй хүн байгаагүй. Төмөр-Очирын Цэцгээ л гэдэг байсан. Энэ хүнийг л гэж ойлгоно...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Пагамын “...жинхэнэ нэр нь Цэцэгнамжил юм. Нутгийн хүмүүс бол Цэцэгмаа гэдэг. Заримдаа Цэцгээ нэртэй болчихсон хэлж байдаг. Түүгээр нь хольж солиод бичсэн байх. Эцэг, эхээс арав гаран байх... Өөр Цэцэг нэртэй хүн байхгүй юм байна... барилгын бригад дотор Цэцэг нэртэй хүн байхгүй байсан...” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдэлд 1978 оны 4 дүгээр сараас 1985 оныг дуустал хугацаанд “Лувсандоржийн Цэцэгмаа, Лувсандоржийн Цэцгээ, Л.Цэцэгнамжил” нэрээр бичигдсэн цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбаруудыг үнэлсэн болно.

Нэхэмжлэгч Т.Цэцэгнамжил Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1978 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын архивын 70 дугаар данснаас түүвэрлэсэн цалин хөлсний лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд, 1981-1985 оны 7 дугаар таван жилийн гавьшгайчийн тэмдэг,

Гэрч Д.Баасанжавын “...Т.Цэцэгнамжил нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил”  нэгдлийн туслах үйлдвэрт 1978 оны 04 сараас эхлэн 1985 оныг дуустал хугацаанд туслах ажилтнаар... тасрахгүй ажиллаж байсан... Би “Хөгжил” нэгдэлд 1978 оны 01 сараас 1991 он хүртэл барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан.. Надаас арай хойно орсон юм... Т.Цэцэгнамжил нь аварга ажилчин байсан ба 1 удаа таван жилийн гавшгайч болж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ж.Пагамын “...Т.Цэцэгнамжил нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил”  нэгдлийн туслах үйлдвэрийн 4 дүгээр бригадад 7-р анги төгсөөд 1978 оны 04 сараас эхлэн туслах ажилтнаар ажиллаж байсан. 1985 оныг дуустал ажиллаад Рашаант суманд шилжсэн хүн байгаа юм... тасрахгүй ажиллаж байсан. Туслах үйлдвэрт барилгын шавар, шохой, будаг хийх зэрэг барилгын ажил хийдэг байсан...Би “Хөгжил” нэгдэлд 1968 оноос туслах үйлдвэрт мөн туслах ажилтан, барилгачин, хөрөө рамны ажилчнаар ажиллаж байсан. 1991 он хүртэл ажилласан...” гэх мэдүүлэг, гэрч П.Баянжаргалын “...Т.Цэцэгнамжил нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил”  нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1978 оны хавар 3, 4 сарын үеэс эхлэн 1985 оныг дуустал хугацаанд туслах ажилтнаар... тасрахгүй ажиллаж байсан... Би “Хөгжил” нэгдэлд 1973 оноос 1980 он хүртэл мал маллаж байсан. 1980 онд Сэлэнгэ аймагт ТМС төгсөөд тэгээд сумандаа ирж 1987 он хүртэл “Хөгжил” нэгдэлд ажилласан... Т.Цэцэгнамжил нь гавшгайч болж байсан. 5, 5 жилээр болзолт уралдаан зарладаг байсан...” гэх мэдүүлэг, гэрч Л.Энхбаярын “...эгч Т.Цэцэгнамжил нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил”  нэгдлийн барилгын бригадад ажилладаг байсан. 1985 он хүртэл ажиллаад Рашаант сумруу явсан. Манай аав, ээж бүгд барилгын бригадад ажилладаг байсан. Яг хэдэн оноос эхлэн ажилласан талаар мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.

Т.Цэцэгнамжилыг ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тухай тушаал байхгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017  оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн 1978-1985 оны даргын тушаал шүүж үзэхэд Т.Цэцэгнамжилыг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй байх тул холбогдох лавлагаа гаргаж өгөх боломжгүй” гэх бичилттэй 10/143 тоот тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтыг үндэслэн хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

1985 оны 12 дугаар сарын 31-ний өдөр олгосон баярын бичигт бичигдсэн “Т.Цэцэгнамжил” гэх нэрийг гараар засварлаж бичсэн тул нотлох баримтад үнэлээгүй болохыг дурьдлаа.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шарнууд овогт Төмөр-Очирын Цэцэгнамжилын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын “Хөгжил” нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1978 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА