| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2021/0014/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0181 |
| Огноо | 2021-07-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0014/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Ж.Ц М.Д, тэдний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж-ийн Ц, Х овогт М-ын Д нарт холбогдох эрүүгийн 2018000000479 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Ж.Ц, М.Д нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 00 цагийн үед ............... аймгийн ............ сумын ................. дугаар багийн “Э” гэх газар оршин суух иргэн Д.Н-ийн хүн амьдрах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг буюу сүх хэрэглэж хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, гагнуурын аппарат, хонда маркийн цахилгаан өвсний хадуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Ц мэдүүлэхдээ: “Урьд мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Д мэдүүлэхдээ: “Урьд мөрдөн байцаалтад үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Эрүүгийн 2018000000479 дугаартай хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
Хохирогч Д.Н-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: "...2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 00 цаг 00 минутын үед .............. сумын .......... дугаар баг Э гэх газар байх манай байгууллагын хашаанаас хоёр хүн хулгай хийсэн байж болзошгүй гэсэн мэдээллийн манаач Н-аас утсаар авсан юм. Наран надад “Өрөөнд дохиолол дуугарч хашаагаа үзтэл хоёр сэжигтэй хүн манай байгууллагын байшин дотроос гарч байгаатай таарсан. Ямар учиртай хүмүүс талаар асуухад олс хайж байна гэж хэлээд яваад өгсөн." гэж хэлсэн талаар хэлсэн. Мөн байшин дотроос гагнуурын аппарат, цахилгаан өвсний хадуур гаргаж ирээд байшингийн гадна тавьсан байсан гэж хэлсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[2],
Гэрч Н-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 27-ны орой 22 цаг 20 минутын үед ............ сум ............... дугаар багт айлуудын эргэн тойронд шалгалт хийж байхад Б гэх хүний хашааны дотор дуу гарахаар нь яваад очтол тээшнийхээ дээр өвс ачсан машин зогсож байхаар нь яваад ортол 2 хүн өөдөөс ирсэн. Тэгэхээр нь юу хийж байгааг нь асуухад машиндаа суугаад яваад өгсөн. Тэгэхээр нь сэжиглээд байшин руу дөхөхөд байшингийн зүүн талд байх амбаарын цонхны төмрийг хуга татаад дотор нь ороод гагнуурын аппарат болон хадуурыг гадагш гаргаад газарт тавьсан байсан. Би энэ тухай гэрийн эзэн болох Б-д мэдэгдсэн.” гэх мэдүүлэг[3],
Гэрч Б.Ч-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Би Д,Ц нарыг танихгүй. 2020 оны 10 дугаар сарын 27-ны орой газар дээрээс нь 200 ширхэг ногоон тэжээлийг 2 залууд 1,400,000 төгрөгөөр зарсан. Тэр хоёр залуу цагаан өнгийн ачаатай Япон улсын автомашинтай байсан.” гэх мэдүүлэг[4],
Капитал зууч ХХК-ийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “...иргэн Д.Н-ийн эзэмшлийн байшингаас алдагдсан 2019 оны 06 дугаар сард Улаанбаатар хотоос худалдан авсан металл гагнуурын аппарат /хэрэглэж байсан/ 1ш, 2020 оны 07 дугаар сард Дархан захаас худалдаж авсан Хонда маркийн цахилгаан өвчний хадуур /хэрэглэж байсан/ 1, зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 780,000 /Долоон зуун наян мянга/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[5],
Ж.Ц-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өвс татах уяа хайгаад эзэнгүй айл байхаар нь хашаа руу нь яваад орсон. Тэгээд Д бид хоёр ярилцаж тухайн байшин руу Д орохоор болж би гадна хүн харж үлдэхээр болсон. Бид хоёр анх уяа хайж тухайн хашаа руу орсон. Уг хашаа эзэнгүй байсан болохоор байшинд байсан гагнуурын аппарат, цахилгаан өвчний хадуурыг аваад явъя гэж бодсон юм. Гагнуурын аппарат, цахилгаан өвсний хадуурыг газарт би тавьсан. Бид хоёр авсан зүйлээ хэрэгцээндээ зарцуулах гэж байсан юм. Би тухайн үйлдлийг хийсэн нь миний буруу. Гэмшиж байна.” гэх мэдүүлэг[6],
М.Д-ийн мөрдөн байцаалтад 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Би өвс татах уяа хайж байгаад эзэнгүй айл байхаар нь хашаа руу яваад орсон. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад тухайн байшин руу би орж, Ц-г гадна хүн харж үлдээхээр болсон. Тэгээд би газарт сүх байхаар нь байшингийн хаалганы цоожийг эвдэлж ороод байшин дотор байсан гагнуурын аппарат, цахилгаан өвсний хадуурыг Ц-д цонхоор дамжуулж өгсөн. Тэгээд байшингаас гартал хүн ирэхээр нь байшингийн гадна тавьсан гагнуурын аппарат, цахилгаан өвсний хадуурыг үлдээгээд явсан. Би хоёр авах гэж байсан гагнуурын аппарат, цахилгаан өвсний хадуурыг хэрэг болох байх гэж бодоод ашиглах гээд авсан юм.” гэх мэдүүлэг[7],
Шүүгдэгч Ж.Ц, М.Д нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[8] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалж, эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Ж.Ц, М.Д нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Ц, М.Д нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 00 цагийн үед .............. аймгийн ............... сумын ................ дугаар багийн “Э” гэх газар оршин суух иргэн Д.Н-ийн хүн амьдрах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг буюу сүх хэрэглэж хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, гагнуурын аппарат, хонда маркийн цахилгаан өвсний хадуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ж.Ц, М.Д нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 27-ны шөнийн 00 цагийн үед ........ аймгийн .......... сумын ..................... дугаар багийн “Э” гэх газар оршин суух иргэн Д.Н-ийн хүн амьдрах зориулалттай орон байранд учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг буюу сүх хэрэглэж хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, гагнуурын аппарат, хонда маркийн цахилгаан өвсний хадуур зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Ц, М.Д нар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна.” гэв.
Шүүгдэгч Ж.Ц, М.Д, тэдний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Ц, М.Д нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, тэдний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, шүүгдэгч Ж.Ц, М.Д нарыг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ж.Ц, М.Д нарын шунахай сэдэлт, амар хялбар аргаар амьдрах, орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Шүүгдэгч Ж.Ц, М.Д нар нь хохирогчийн эд зүйлийг биет байдлаар хүлээлгэн өгсөн тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Улсын яллагч дүгнэлтдээ: Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Ц М.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар 1 дэх хэсгийн зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 хэсэгт зааснаар бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдож байгаа учраас мөн хуулийн 7.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 01 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольж, хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Албанд даалгах, хохирогч Д.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сүхийг хохирогч Д.Н-д буцаан олгох саналтай.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Ц, М.Д нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээдүүд байна.
Шүүгдэгч Ж.Ц, М.Д нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Ж.Ц, М.Д нарт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Ц, М.Д нар нь бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр үйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Ц, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ж-ийн Ц, Х овогт М-ын Д нарыг бүлэглэн, учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг хэрэглэж, хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Ц, М.Д нарт тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Ц, М.Д нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.
4. Шүүгдэгч Ж.Ц, М.Д нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ц, М.Д нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Ц, М.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Д.Н-д буцаан олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР