Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/211

 

 

 

 

 

 

 

 

 

2021        06        30                                               2021/ШЦТ/211                            

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.Мөнхзулаас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ............. овогт Ад холбогдох 2121000000219 дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 24ий өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 06ы өдөр Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, .................-д жижүүр ажилтай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Дорнод аймгийн .................. тоотод оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ................ овогт А /РД: ................../

 

Шүүгдэгч Хавхчин овогт А нь 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 08-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын  9 дүгээр баг 15 дугаар байрны гадна иргэн Б.П-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж хэлэх зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

 

            Хохирогч Б.П мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 07-ны орой... эхнэр бид хоёр 15 дугаар байрны оёдолчны газарт ирээд унтаж байхад шөнө 01 цагийн орчим хаалга тогшоод онгойлгоход Ч эгч нэг танихгүй залуугийн хамт орж ирсэн. Тэгэхээр нь би тэр залууд энд байж болохгүй, энэ оёдлын газар, архи ууж, иддэг газар биш гэж хэлээд  нөгөө залууг аваад гадаа гарахад намайг шууд газар унагаад цохиод, өшиглөж эхэлсэн. Ингээд манай эхнэр Энх-Уянга араас гарч ирээд нөгөө залууг оёдлын газар оруулж ирээд цагдаад дуудлага өгсөн. ...” гэжээ. /хх-ийн 9-10/

 

            Гэрч Э.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хорооны эгч Чимгээтэй ажил дээрээ 2.5 литрийн савлагаатай пиво ууж байхад нөхөр Пүрэвжав ирээд дахин нэг пиво уусан. ...Зангиатын дэлгүүрээс пиво авч байхад нөхрийн танил Шар гэх залуу таараад манай гэрт ороод ууя гээд гуйгаад байхаар нь бид 3 гэрт нь дагаж орсон... ингээд нөхрийн хамт 15 дугаар байрны оёдлын газарт унтаж байхад шөнө хаалга тогшсон. Хаалгаа нээхэд Чимгээ эгч, нэг танихгүй залуугийн хамт ирсэн. ...манай нөхөр тэр залууд энд байж болохгүй гээд оёдлын газраас гаргасан. Тэгээд гадаа түжигнэх чимээ сонсогдоод манай нөхөр нүүр нь цус болоод орж ирсэн ...” гэжээ. /хх-ийн 30/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 08ы өдрийн 297 тоот дүгнэлтэд:                

1. Б.П-ын  биед зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт  гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтүүд нь  эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн өвдөгний зулгаралт нь гэмтлийн зэрэгт  хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/

 

А мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 07-ны орой хамаатан залуу Д-ийн гэрт пиво уугаад байж байсан чинь Дугарсүрэн гаднаас орж ирэхдээ 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн дагуулаад пиво бариад орж ирсэн. Ингээд бид хэд ууж байгаад П, Э нар түрүүлээд явсан. Тэр хоёрыг гэрээс гарахаар нь удалгүй гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Тэгээд Чимгээ гэх хүүхний хамт шөнө 00 цаг өнгөрөөгөөд 15 дугаар байрны оёдолчны газар очсон. Ороод миний гар утас хаана байна, та хоёр л авсан гэж хэлсэн чинь  Пүрэвжав нь хэвтэж байснаа босч ирээд намайг гаргах гэж зулгааж байгаад миний өмсөж явсан фудволкыг урахаар нь уур хүрээд газар унагааж байгаад баруун гараараа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон ...” гэжээ. /хх-ийн 47/

 

Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-ийн 3-4/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч А нь 2021 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын  9 дүгээр баг 15 дугаар байрны гадна иргэн Б.П-ыг зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Б.Пүрэвжав, гэрч Э.Энх-Уянга нарын мэдүүлэг, Яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 08ы өдрийн 297 тоот дүгнэлт, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

    

Шүүгдэгч А нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Шүүгдэгч Агийн үйлдлийн улмаас хохирогч Б.П-ын биед зүүн хөмсөгний зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхины цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 08ы өдрийн 297 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.  

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.П-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгч Ад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан. Шүүгдэгч Агийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг зэргийг харгалзан шүүхээс ..........овогт Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ад холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй тохиолдолд хамаарахгүй байх бөгөөд шүүгдэгч нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .............. овогт Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Аг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Пүрэвжав нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

  

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.НАМУУНТУЯА