Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0130

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0067/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э,

Насанд хүрээгүй хохирогч Э.Б,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М-ын Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000066 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1955 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17 дугаар хороо, ....... оршин суух, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2, 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ын Г /РД:ХХХХХХХХ/,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Г нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр багт байрлах “Болор-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн зүүн талд байрлах асфальтан зам дээр *****улсын дугаартай, Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж зам тээврийн осол гарган Э.Б-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

 

Насанд хүрээгүй хохирогч Э.Б-ийн  “...дүү Б-ийн хамт ээжийнхээ гэр лүү явах гээд машин замын цаад талаас таксинд суух гээд зам гарахаар 2 тийшээ хараад зам руу гүйгээд гартал манай дүү хойд талаас ахаа машин гэж хэлэхээр нь эргээд харахын завдалгүй машин намайг мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Б-ийн “...2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 14 цаг өнгөрөөгөөд вокзалын наана байдаг аав болох Э-ын гэр рүү нь буцах гээд олон дэлгүүрүүд байдаг 6-ийн буудлаас таксинд суух гээд бид хоёр зам гарахаар явж байсан. Манай ах Б түрүүлээд алхсан чинь зүүн талаас нь гэнэт хар өнгөтэй машин гарч ирээд ахыг мөргөж шонгийн модны хажуу талд газарт унасан. Би ах руу гүйж очоод ахыгаа хартал хамраас нь их цус гарсан, нүд нь том хавдсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47/,

 

Гэрч Р.Б-ийн “...2021 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг өнгөрөөд миний бага охин Б нь гэрээсээ хаягийг нь сайн мэдэхгүй байна, вокзалын ойролцоо байх гудамжинд оршин суудаг аав болох Э-тай золгоно гэж хэлээд гарсан. Тухайн үед миний хүү Б над дээр ирж золгоно гээд Б-тэй хамт Э-ын гэрээс өдөр 14 цагийн үед гарсан юм шиг байгаа юм. Гарахдаа тэр хоёр над руу ярьж хэлээгүй. Тэгээд манай охин Б над руу хүний утсаар залгаж ах машинд мөргүүлчихлээ гэж хэлэхээр нь би очсон” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

 

Гэрч Г.Ж-ийн  “...2021 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 12 цагийн үед ээжийнд очсон. Бас том ах эгчийнхээ гэрээр орчхоод 14 цагийн орчим гэр лүүгээ харих гээд  явсан. Манай нөхөр жолоогоо бариад би хажуу талд нь суугаад явж байхад жолооч талын замаас хоёр хүүхэд гэнэт гүйгээд гарч ирэхээр нь манай нөхөр машиныхаа рулийг зүүн гар тийш ээ дарахад нэг эрэгтэй хүүхэд жолооч талын хэсгээс тулж ирээд мөргөлдсөн. Манай нөхөр зогсоод цагдаа бас эмнэлэг рүү залгаад байсан. Хэдэн километр цагийн хурдтай явж байсныг анзаараагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 50/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 121 дугаартай “...Э.Б-ийн биед  тархины дунд зэргийн няцрал, зүүн нүдний ухархайн дээд, доод, гадна хананы хугарал, зүүн хацар ясны хугарал, зүүн нүдний зовхи орчмын цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Э.Б-ийн биед учирсан гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 55-57/,

 

Тээврийн хэрэгслийн техникийн байдлыг шалгасан тухай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 048 дугаартай “...*****улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн болон ашиглалтын нөхцөл шаардлагад үзлэг хийхэд Авто тээврийн  хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS4598:2011 улсын стандартын 5.5 дахь заалтын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр зам, тээврийн хөдөлгөөнд оролцсон байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/,

 

Мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “...жолооч ***** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг зөрчсөн” гэх магадалгаа /хх-ийн 76-77/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-11/,

 

Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 12-13/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч М.Г-ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч М.Г нь эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг төлсөн байх ба насанд хүрээгүй хохирогч Э.Б-ийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ын нотлох баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлыг бүрэн төлсөн байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч цаашид гарах эмчилгээний зардалд 8,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэх боловч холбогдох баримтыг гаргаж өгөөгүй тул энэ шийтгэх тогтоол гарсан өдрөөс хойш,  зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн жич иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Явган зорчигч” гэж замаар явган яваа /зам дээр ажил үүрэг гүйцэтгэж яваагаас бусад/ хүн, жагсаалаар яваа болон хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй, түүнчлэн тэрэг түрж, чарга чирч мотоцикл, мопед унадаг дугуйг хөтөлж яваа хүнийг ойлгохоор заасан.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн тухай хуулийн 5.6 дугаар зүйлд  “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэж заасан ба насанд хүрээгүй хохирогч нь ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг харалгүй урдуур нь гүйсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.

 

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцох бөгөөд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэгт хамаарна.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, дээр дурдсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн сарын орлогын хэмжээ зэргийг харгалзан  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг  хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргахыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт М-ын Г-ийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-д оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ц.Э нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбогдон цаашид гарах зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг си-диг хавтаст хэргийн хадгалах хугацаа хүртэл хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГЭРЭЛТ-ОД