Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 00485

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, Бор толгой овогт Бат-Очирын Дашдулам /РЕ66120162/-ын хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 155/2017/00340/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Адъяасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Дашдулам шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн 8 дугаар ангийг 1982 онд төгсөж улмаар илгээлтийн эзэн болж тус сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт 1982 оны 07 дугаар сараас эхлэн туслах ажилчин, туулай маллагч зэрэг ажлыг 1989 оны 07 дугаар сараас эхлэн тасралтгүй хийж байсан юм.

Тус шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгосон ба 1985 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 05 сарын 18-ны хороондох хугацааг зайлшгүй сэргээн тогтоолгох шаардлагатай байна.

Тэр үед ажил төрөлгүй нэг ч хүн байгаагүй бөгөөд харин ажлын хөлс, ажилтны хөдөлмөрлөх эрхтэй холбоотой баримтад хагас дутуу бичилт хийх, алдаатай бичих, төрсөн эцэг, эхийг болон өөрийн нэрийг өөрөөр бичих, авгайлж дууддаг нэрээр бичих, цалин хөлсийг сар бүрээр бус хагас дутуу бичих, аав, ээж, нөхрийн нэрээр бичих зэргээс болж одоо ирж миний эрх ашгийг хохироход хүрч байна.

Дээрх байдлыг шүүх судалж тогтоох ёстой бөгөөд зөвхөн таны шүүхэд ирүүлсэн баримт чинь ийм байна гэсэн байдлаар хандалгүй миний ажилласан байдлыг тогтоож өгнө үү.

Иймд миний 1985 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 сарын 18-ны хоорондох хугацаанд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Дашдулам нь 1982 оны 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад туслах ажилчнаар 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажиллаж байсан боловч Б.Дашдуламын 1985 оны 05 сарын 15 ны өдрөөс 1988 оны 05 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаа улсад ажиллаж байснаар тооцогдохгүй байгаа юм. Иймд дээрх хугацааг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Б.Дашдулам нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар, ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг гаргасан байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Б.Дашдулам нь шүүхэд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь Бат-Очир овогтой Дашдуламд Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлээс 1989 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Дашдуламын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн Туслах үйлдвэрийн бригадад ажиллаж байсан хугацааны цалингийн баримт, 70 дугаар дансны хуулбарууд, гэрч Н.Одгэрэл, Ц.Алтанцэцэг нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бортолгой овогт Бат-Очирын Дашдуламын Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Улаан туг нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 05 сарын 15-ны өдрөөс 1988 оны 5 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаанд туслах ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН