| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2017/01516/и |
| Дугаар | 00489 |
| Огноо | 2017-05-12 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 00489
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багт оршин суух, гэцэл лам овогт Батсүхийн Ууганжаргал /РЖ87080509/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компанид холбогдох
Ажилгүй байсан хугацааны болон дутуу олгосон цалин нийт 6.933.522 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 155/2017/01516// дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Адъяасүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч Т.Бурмаа, хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Ууганжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ууганжаргал миний бие Их-Уул дулаан ОНӨААТҮГ-т 2010 оны 10 сарын 01-ний өдрөөс эхлэн нягтлан бодогчоор ажиллаж байсан. Гэтэл 2015 оны 10 сарын 21-ний өдрийн Б/09 тоот тушаалаар намайг нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ тухай гомдлоо би Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан шийдвэрлүүлсэн. Тэгээд анхан шатны шүүхээс 2016 оны 01-р сарын 11-ний өдрийн 99 дугаартай шийдвэрээр ажил олгогч нь үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэж үзэж нягтлан бодогчийн албан тушаалд эргүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1.162.182 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хариуцагч энэ шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ч давж заалдах шатны шүүх 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 48 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байна гэж үзэж нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон. Гэтэл хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлж намайг эгүүлэн ажилд томилох байх гэсэн боловч томилохгүй удааширч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2016 оны 09 сарын 23-ны өдрийн Б/2 тоот захирлын тушаалаар ажилдаа эгүүлэн томилогдсон боловч хэдхэн хонуулаад буюу 2016 оны 10 сарын 11-ний өдрийн Б/03 тоот ажлаас чөлөөлөх тушаалаар эргүүлээд ажлаас үндэслэлгүй халсан. Энэ хугацаанд би ажлын 10 хоног ажилласан боловч цалин хөлсийг минь бүрэн бодож олгоогүй. Би энэ үед бага насны /дундах хүү 2 настай, бага хүү маань 9 сартай нялх/ хүүхэдтэй, аав маань хүнд өвчтэй Улаанбаатар хотод эмчлүүлэх зайлшгүй шаардлагатай байсан тул энэхүү тушаалд гомдол гаргаж чадалгүй байж байж байгаад хөөн хэлэлцэх 30 хоногийн хугацааг нь хэтрүүлсэн. Аав маань өвчний улмаас 2016 оны 12 сарын 05-ны өдөр нас барсан. Мөн энэ үеэр захирал Т.Бурмаа нь намайг иргэний хэргийн анхан шатны шүүхэд байгууллагад 1.490.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг шийдвэрлэгдээгүй байсан /одоо давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа/ тул энэ асуудлыг шийдвэрлүүлсний дараа хөдөлмөрийн маргаанаа шийдвэрлүүлж болно гэж бодоод 30 хоногийн хугацаа байдаг гэдгийг мэдэлгүй өнгөрөөсөн. Иймд би хариуцагчаас 2015 оны 10 сарын 21-ний өдөр ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөний улмаас 216 оны 09 сарын 23-ны өдөр ажилдаа орох хүртэл хугацааны цалин хөлс 6.760.568 төгрөг, 2016 оны 09 сарын 23-ны өдөр ажилд ороод 2016 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллах үед дутуу олгосон цалин хөлс болох 198.310 төгрөг, нийт 6.933.522 төгрөг нэхэмжилж байна. Хариуцагч ажлаас үндэслэлгүй чөлөөлж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй удаасны улмаас миний авах байсан цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилтийг хийлгэж өгнө үү. Цалин хөлсийг дараах байдлаар бодож тооцоолов. Хөвсгөл аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 11-ний өдрийн 99 дугаартай шүүхийн шийдвэрт дурдсан 3 сарын цалин 1.784.791 төгрөгийн дунджаас нэг сарын цалинг 594.930 төгрөг гэж тооцсоныг үндэслэн дараах байдлаар дутуу авсан цалин хөлсийг гаргав.
Жич: Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 48 тоот магадлалыг би тус шүүхээр хянагдаж байгаа Их-Уул дулаан ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй байгууллагад учирсан хохирол төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн тул надад үлдэх эх хувь байхгүй байх тул тус шүүхээр шийдвэрлэгдсэн хөдөлмөрийн маргаантай ажилд эгүүлэн тогтоолгосон 155/215/01082/2 дугаар индекстэй иргэний хэргийн материалаас Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 48 тоот магадлалыг нотлох баримтаар шинжлэн судалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Ууганжаргал нь 2011 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Их-Уул дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэгээд байгууллагад гэм хор учруулсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээр хэргийг шийдвэрлэж ажилдаа эгүүлэн тогтоогдож байсан. Гэвч ажилд нь эгүүлэн авах ажиллагааг бодитой хийж хэрэгжүүлээгүй учраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас албадан ажиллагаа хийлгэж байж 2016 оны 09 сарын 23-ны өдөр ажилдаа орсон боловч 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/03 тоот захирлын тушаалаар дахин прокурорын тогтоолыг үндэслэн ажлаас нь халсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн дагуу Хөдөлмөрийн хуульд заасны дагуу ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжлэх эрх зүйн үндэслэлтэй байдаг учраас цалин хөлс нь хөдөлмөрийн маргаанаас өөр тусдаа нэхэмжлэл байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа тоолох шаардлагагүй нэхэмжлэл гаргах эрхтэй юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч надад нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, ихэсгэх, багасгах эрх олгогдсон тул анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, багасгаж байна. Иймд Хөвсгөл аймгийн Их-Уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компаниас Б.Ууганжаргалын 2016 оны 01 сарын 12-ны өдрөөс 2016 оны 09 сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.273.879 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны дутуу олгосон цалин 335.207 төгрөг, нийт 5.609.086 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалгуулах шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагч Т.Бурмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Т.Бурмаа нь Хөвсгөл аймгийн Их-Уул дулаан орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар ажилладаг бөгөөд Б.Ууганжаргалын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Ж.Ууганжаргалыг ямар ч үндэслэлгүйгээр ажлаас халаагүй бөгөөд Б.Ууганжаргалын тус шүүхэд гаргасан ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 6.933.522 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Б.Ууганжаргал нь манай орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт нягтлан бодогчоор ажиллаж байхдаа Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, стандарт зөрчин үйлдвэрийн газрын мөнгө, хөрөнгийг ашиглан шамшигдуулж үйлдвэрт хохирол учруулж байсан. Ийнхүү ашиглаж шамшигдуулан хохирол учруулсан болохыг цагдаагийн байгууллага тогтоож тухайн үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан шалтгаанаар хэрэгсэхгүй болсон юм. Бид эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гарган Б.Ууганжаргалыг ажлаас чөлөөлсөн. Энэ нь манай байгууллагын эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. Иймд Б.Ууганжаргалын тус шүүхэд гаргасан Ажлаас үндэслэлгүйгээр халагдсаны улмаас дутуу авсан цалин хөлс 6.933.522 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатлгалыг нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Бурмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ууганжаргалын хийсэн үйлдэлд цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэж прокурорын байгууллагад шилжүүлж гэм хор учруулсан гэж тогтоосон байсан. Ийм учраас хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журмыг үндэслээд би өөрийн эрх мэдлийн хүрээнд Ууганжаргалыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Ингэж чөлөөлөхөөс өмнө шүүхийн шийдвэр гарсан учир 2016 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ор гэсэн тоот өгөхөд Ууганжаргал би Завхан аймагт явж байна гэсэн хариуг өгч байсан. Дараа нь дахин 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр захирлын тушаал гаргаж нэг хүнээр ажилд орох тухай тоот өгч явуулсан. Түүнээс хойш ажлаа тасалж байгаад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажлаа авсан. Манайх онцгой объект учраас олон хоног ажил таслах нь дотоод журам зөрчсөн гэж үздэг. Тушаал гарснаас хойш ажилд ирээгүй болохыг би ажлын бүртгэлээс харж байгаад ажлаа хүлээж авсан 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ажилласан цалинг нь гаргаж өгсөн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас би 2.968.404 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр 2016 оны 01 сарын 11-ний өдөр гарсан ба 2016 оны 7 сарын 20-ны өдөр ажилдаа орох тухай албан ёсоор мэдэгдэх хуудас өгсөн. Тийм учраас энэ хугацаааны цалинг би Б.Ууганжаргалын ажиллаж байхдаа авч байсан ТҮ-ийн 7-1-ээр бодож, үүнд нь нийгмийн даатгалд 240.000 төгрөг, ашгийн татварт 265.480 төгрөгийг оруулаад нийтдээ 2.968.404 төгрөгийг төлнө. Шимтгэлийг хасахаар 2.462.564 төгрөг гарт олгохоор байгаа юм. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинг нэхэмжилсэн байсныг шүүхээс хэрэгсэхгүй болгосон байгаа. Бид Б.Ууганжаргалыг шүүхийн шийдвэрээ аваад ирэх байх гэж харсан, хараад ирэхгүй болохоор нь ажилтнаараа дуудуулсан боловч ирээгүй, албан тоот явуулсан боловч мөн ирээгүй, 9 сарын 20-нд тушаал гаргаад явуулсан боловч ирээгүй ба 10 сарын 10-ны өдөр ажилдаа ирсэн. Цагийн бүртгэлээр ирсэн өдрөөр нь цалинг нь бодож гаргаж өгсөн. Б.Ууганжаргал нь намайг удирдах ажилтан гэдэг утгаар ч ойшоодоггүй, тушаал урдаг, явуулсан хүнийг хөөдөг, зоддог зан авиртай, харилцааны ёс зүй байхгүй, утсаар дуудахаар ирдэггүй, хүн явуулахаар мөн ирдэггүй, явуулсан тушаал албан тоотыг урж хаядаг ийм л хүн. Сүүлдээ тушаал гаргаж өгөөд явуулсан боловч ажилдаа ирээгүй шүү дээ гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Ууганжаргал нь Хөвсгөл аймгийн Их-уул сумын Их-Уул дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулж 2015 оны 10 сарын 21-ний өдрөөс 2016 оны 09 сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 6.760.568 төгрөг, 2016 оны 09 сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллах үед дутуу олгосон цалин 198.310 төгрөг, нийт 6.933.522 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж Хөвсгөл аймгийн Их-уул сумын Их-уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компаниас нэхэмжлэгч Б.Ууганжаргалын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 5.273.879 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны дутуу олгосон цалин 335.207 төгрөг, нийт 5.609.086 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 2.462.564 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Б.Ууганжаргалд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа эргэж орох талаар мэдэгдэл өгсөн боловч ирж ажиллаагүй, учир үлдэх мөнгийг зөвшөөрөхгүй, мөн 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацааны дутуу олгогдсон цалин 360.563 төгрөг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Б.Ууганжаргалыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ажлаас халах тухай Б/09 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн Их-Уул дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлснийг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх болон Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус тус хянан хэлэлцэж, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон болох нь Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 99 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 48 дугаартай магадлалын хуулбараар тус тус тогтоогдож байна.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-уул дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн Б/2 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Б.Ууганжаргалыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон байна.
Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг шаардсан нь үндэслэлтэй байна. Энэ хугацаанд ажил олгогчийн буруугаас ажил үүргээ гүйцэтгээгүй бөгөөд цалин хөлс аваагүй байх тул тухайн үеийн цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогчоос гаргуулах нь зүйтэй гэж үзэв.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7.а.д "...ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь 2015 оны 07 дугаар сард 556.393 төгрөг, 08 дугаар сард 643.102 төгрөг, 09 дүгээр сард 556.393 төгрөг авч байсан нь түүний 000011540 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул сүүлийн 3 сарын цалин 1.784.791 төгрөг: нэг сард 594.930 төгрөг, үүнийг ажлын 21.5 хоногт хуваахад нэг өдрийн цалин 27.671 төгрөг байна. Ажилгүй байсан хугацаа 2016 оны 01 дүгээр сард 14 хоног, 02 дугаар сард 18 хоног, 03 дугаар сард 22 хоног, 04 дүгээр сард 21 хоног, 05 дугаар сард 20 хоног, 06 дугаар сард 21 хоног, 07 дугаар сард 16 хоног, 08 дугаар сард 23 хоног, 09 дүгээр сард 15 хоног нийт 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажлын 170 хоногийн ажилгүй байсан хугацааны цалин 4.704.070 төгрөгийг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компаниас гаргуулж нэхэмжлэгч Б.Ууганжаргалд олгож, илүү нэхэмжилсэн 569.809 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул дулаан орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор хязгаарлагдмал хариуцлагатай компани болж хэлбэр өөрчлөгдсөн бүртгэлтэй талаар Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тус шүүхэд 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 1/533 дугаар албан бичгээр баримт ирүүлсэн, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компанид хариуцуулан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 4.704.070 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгах нь зүйтэй байна.
Мөн нэхэмжлэгч Б.Ууганжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ажилласан дутуу олгосон цалин 335.207 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Б.Ууганжаргалыг ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргасан боловч ажилдаа ирээгүй, ажил тасалж байгаад 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ажилдаа ирсэн, тул 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ажлаас нь чөлөөлсөн. Иймд дутуу олгосон цалин нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэгчийн дээрх дутуу олгосон цалинд нэхэмжилсэн 335.207 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь нэхэмжлэгч нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан гэдгээ нотолж чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх талаар нэхэмжлэгчийн эрх, үүргийг тодорхойлсны дагуу нэхэмжлэгч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх дутуу олгосон цалинд 335.207 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125.886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн хариуцагч Хөвсгөл аймгийн Их-уул сумын Их-Уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компаниас 4.704.070 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 90.215 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ууганжаргалд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компаниас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 4.704.070 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ууганжаргалд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 905.016 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Ууганжаргалд олгосон ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор 4.704.070 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган авч, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-Уул дулаан хязгаарлагдмал хариуцлагатай компанид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 125.886 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн хариуцагч Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Их-уул дулаан хязгаарлагдмал хариуцлагтай компаниас 90.215 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Ууганжаргалд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН