Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар /00490

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай  

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 05 дугаар багт оршин суух, Зэлмэ овогт Дэмбэрэлийн Даваажаргал /РТ70040984/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн 2-11 тоотод оршин суух Халзан овогт Жарантайгийн Давааням /РА68042916/ -д холбогдох

Торхны үнэ 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2017/00266/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Адъяасүрэн, нэхэмжлэгч Д.Даваажаргал, хариуцагч Ж.Давааням нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 10 сарын 07-ны өдөр иргэн Жарантайгийн Даваанямд 7х7 байшингийн торх 1.500.000 төгрөгөөр үнэлж өгсөн боловч удахгүй 2-7 хоног дотор үнэ өлтгийг нь өгнө гэж хэлээд 2015 оны 10 сарын 07-ны өдөр Мөрөн лүү ачаад явсан. Тухайн үед 1.500.000 төгрөгөөр үнэлгээ хийж тохиролцсон боловч өдий болтол нэг ч төгрөг өгөхгүй залилж яваа тул иргэн Жарантайгийн Даваанямаас 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Даваажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Уг нь манай талийгаач нөхөртэй 1.500.000 төгрөгөөр тохирч торхоо зарж байсан боловч одоо өгнө гэж зөвшөөрч байгаа 750.000 төгрөгийг гаргуулж авъя гэв.

Хариуцагч Ж.Давааням шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2015 оны 10 сарын 07-ны өдөр Чандмань-Өндөр суманд ногоон пад трактор ачиж очиж байсан. Хоёр залуу хүрч ирээд ах надад ногоон пад олж өгөөч гэсэн. Надад хоёр ногоон пад трактор байсан. Тэгэхээр нь үнэнд нь чи юу өгөх юм гэж асуусан. 7х7-ийн 44 ширхэг мод өгнө. Хоёр сая төгрөг өгнө, нэг хайнагийн шар өгнө гэж наймаа хийхээр тохирсон. Гэтэл өвөл болоод пад трактор авчрах гэсэн авчирч чадаагүй. Хавар нь пад трактороо аваад ирсэн чинь авахгүй, модоо авна гэсэн. Тэгэхээр нь Чандмань-Өндөр сумын иргэн Төмөрөө заанд 400.000 төгрөг өгөөд хийгээд өгчих гэсэн. Тэгсэн чинь мод авахгүй, чамаас 1.500.000 төгрөг авна гэж хэл үгээр доромжилсон. Тэгэхээр нь Төмөрөө заанаас 400.000 төгрөг ав гэсэн чинь чамаас би шүүхээр 1.500.000 төгрөг авна гэсэн, би тэг гэсэн. Одоо би 7х7-ийн 44 ширхэг бэлдцийг 400.000 төгрөг тавсан. Түүнтэй ижил 400.000 төгрөг бэлэн гаргаж өгч болно. 7х7-ийн 44 ширхэг модыг газар дээр нь хийж өгнө гэжээ.

Хариуцагч Ж.Давааням шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 7х7-ийн харьцаатай хийсэн торх аваагүй, харин бэлдцийг Даваажаргалын хүүтэй наймаа тохирч 400.000 төгрөгөнд бодож авсан. Надаас пад трактор авах, уг тракторын үнэнд оруулж 44 ширхэг бэлдэц авч байсан. Торхны үнэ гэж нэхэмжлээд байгааг нь зөвшөөрөхгүй. Хугацаа удаасан, дээр нь нэхэмжлэгчийн Мөрөн, Чандмань-Өндөр сумын хооронд ирж очсон замын зардал зэргийг нь харгалзаад 750.000 төгрөгийг өгөхийг зөвшөөрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Д.Даваажаргал нь хариуцагч Ж.Даваанямд холбогдуулан торхны үнэ 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагч Ж.Давааням нь нэхэмжлэгч Д.Даваажаргалд торхны үнэнд 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлөхөөр зохигч эвлэрч байх бөгөөд энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсн 40.000 төгрөгийг улсын орлогод хэвэр үлдээж, илүү төлсөн 1.050 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Даваанямаас 750.000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 22.550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Д.Даваажаргалын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Даваанямд холбогдох торхны үнэ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн зохигч 750.000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн хэмжээнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Даваажаргалын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 40.000 /дөчин мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 1.050 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Даваанямаас 22.550 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Даваажаргалд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН