Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2020/0246/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш овогт Б-н Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018000540270 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2000 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Баянгол дүүрэг 22-р хороонд оршин суух, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б-н Б /РД:ХХХХХХХХ/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Золжавхлан зочид буудалд иргэн Д.Э-гийн нөүтбүүкийг барьцаанд тавиулж эргэж ирээд аваад өгье гэж бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж нөүтбүүкийг авч 800,000 төгрөгийн хохирол,

2020 оны 01 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р баг ШУТИС-ын оюутны дотуур байрны гадна гар утсаар чинь яриад өгье гэж хуурч иргэн Д.Э-гийн Самсунг А50 маркийн гар утсыг авч 860,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Хохирогч Д.Э-гийн “…С бид хоёр Зулжавхлан гэх нэртэй зочид буудалд 2019 оны 12 сарын 28-наас 29-нд шилжих шөнө хоноод өглөө гарах гэтэл мөнгөгүй байсан тул С нөүтбүүкийг барьцаанд тавьж үлдээгээд эргээд мөнгө олж ирээд аваад өгөхөөр болоод миний нөүтбүүкийг барьцаанд үлдээсэн. Тэгээд мөнгө олоод нөүтбүүк авчхаад надад хэлэлгүй авсан байсан. Дараа нь залгаж арай гэж хийж холбогдоход миний нөүтбүүкийг ломбардад тавьсан гэж хэлээд алга болсон. …2020 оны 01 сарын 07-ны өдөр би ШУТИС-ын дотуур байранд найзындаа байж байтал орой 21 цагийн үед С залгаад хаана байгаа юм гэхээр нь байгаа газраа зааж өгөөд уулзсан. С ирэхдээ нэг такситай ирсэн бөгөөд бууж ирээд гар утсаа өгч байгаач ганц ярьчхаад өгье гэж хэлээд утас авснаа шууд гүйж ирсэн таксиндаа суугаад зугтаагаад явчихсан…Би С-ын овог нэрийг мэдэхгүй ХХХХХХХХ гэх юнителийн дугаар барьдаг байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-19/,

Гэрч О.О-н “…Манай ажлын залуу өөрийгөө Б гэж танилцуулдаг хирнээ жинхэнэ нэр нь С гэж хэлж байсан. …ШУТИС -ын дотуур байранд байж байтал Б залгаад гарч уулзаад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд 30-40 минутын дараа орж ирээд Б миний гар утсыг ярих гэж аваад зугтчихлаа гэж хэлсэн…” гэх мэдүүлэг /хх-ийн 22/,

Гэрч Ц.Э-гийн “…Би Дархан сумын 4-р багт үйл ажиллагаа явуулдаг Золжавхлан зочид буудалд ресепшнээр ажилладаг. …2019 оны 12 сарын 28-ны өдөр 6 тоотод С гэх залуу жоохон туранхай шар охинтой хоноод өглөө нь гарсан. С гэх залуу цүнхтэй нэг нөүтбүүк над дээр оруулж ирээд барьцаанд үлдээгээд эргэж ирээд авна гээд явсан. Тэгээд намайг буухаас өмнө нөгөө залуу ирээд буудлын 30.0 төгрөгийн тооцоо хийгээд нөүтбүүк аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 10-11/,

Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “…2019 оны 12 сарын 28-ны өдөр би өмнө танилцсан байсан Э-тай уулзаад Дархан сумын Золжавхлан гэдэг зочид буудалд хоносон, тэгээд буудлын мөнгийг би хүн рүү яриад мөнгө аваад төлөх ёстой байсан чинь нөгөө хүн маань мөнгө өгч чадахгүй болоод Э-гийн нөүтбүүкийг буудлын мөнгөнд тавиад маргааш аваад өгье гэж хэлээд барьцаанд тавьж гарсан. Тэгээд Э-г гэрт хүргэж өгөөд үдээс хойш мөнгө олоод хоносон зочид буудалдаа очоод буудлын тооцоо 30,000 төгрөгийг өгөөд нөүтбүүкийг авсан. Тэгээд маргааш нь би нөүтбүүкийг фейсбүүкт зар тавьж байгаад танихгүй хүнд 250,000 төгрөгөөр зарсан юм. Дараа нь би 2020 оны 01 сарын 07-ны өдөр Э руу утсаар яриад нөүтбүүкийг чинь авч өгөх гэсэн юм хаана байна гэтэл ШУТИС-ийн дотуур байранд байна гадаа ирээд залга гэхээр нь би такситай явж очоод Э-тай уулзаад утсаар чинь хүн рүү яриад өгье гэж  хэлээд хүн рүү залгаж байгаад ирсэн такситайгаа гар утсыг аваад явчихсан юм. ...Тухайн үед би ямар нэгэн юм бодолгүй л өөрийнхөө нэрийг С гэдэг гэж Э-д худлаа хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/

“Капитал зууч” ХХК-ний 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай “...иргэн Д.Э-гийн эзэмшлийн “Самсунг A50” маркийн гар утас шинэ 1 ширхэг, “Дэлл ай3” маркийн нөүтбүүк /хэрэглэж байсан/ 1 ширхэг үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 1,660,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нь Б.Б нь хохирогч Д.Э-гийн эзэмшлийн нөүтбүүкийг буудлын өрөөний төлбөрт барьцаанд тавиулан улмаар барьцаанаас авч бусдад зарсан атлаа “ломбарданд тавьсан, байгаа газрыг нь зааж өгнө” гэж худал хэлэн уулзахдаа гар утсыг нь ярьчхаад өгье гэж хэлэн авч явсан үйлдэл нь хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар  бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан  “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б.Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь гэм хор учруулсны улмаас учирсан хохирол 1,660,000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс 1,660,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Э-д олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-д “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш үйлдсэн”  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Б нь өмнө нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 773 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүй 1 жилийн хугацаагаар тэнссэнээс 2 сар 20 хоногийн дараа залилах гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял  оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 773 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1 жил, 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” хэрэгт цагдан хоригдсон 2 хоног, 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл энэ  хэрэгт цагдан хоригдсон 8 хоног, нийт 10 хоногийг, хорих ялын 10 хоногоор тооцон эдлэх ялаас нь хасаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхээс оргон зайлж эрэн сурвалжлагдаж байгаад баривчлагдсан ба Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлахад гарсан зардалтай холбоотой баримтаа ирүүлээгүй байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар уг зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Б-н Б-г хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, 1,660,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д  09 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 773 дугаар шийтгэх тогтоолоор Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 01 жил, 09 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Б-д оногдуулсан 1 /нэг/ жил, 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” хэрэгт өмнө цагдан хоригдсон 2 хоног, энэ  хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 8 хоног, нийт 10 хоногийг, хорих ялын 10 хоногоор тооцон эдлэх ялаас хассугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-с 1,660,000 / нэг сая зургаан зуун жаран мянган/  төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 багт оршин суух Ч овогт Д-гийн Э /РД:ХХХХХХХХ, утас: ХХХХХХХХ /-д олгосугай.

 

8. Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн байгууллага шүүгдэгчийг эрэн сурвалжлахтай холбоотой зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ГЭРЭЛТ-ОД