| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/00276/и |
| Дугаар | 00495 |
| Огноо | 2017-05-16 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 00495
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр баг, 9 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, Хонин онход овогт Жамсранжавын Улаанбаатар /ЦГ60021711/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл дулааны станц төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 155/2016/00276/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ж.Улаанбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, хариуцагч Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Улаанбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1960 онд төрсөн, Политехникийн Дээд сургуулийг дулааны инженер мэргэжлээр төгссөн. Төгссөн үеэсээ эхлэн аймгийнхаа Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр, Ус суваг нийтийн аж ахуйн компани, Дулааны станц ТӨААТҮГ-т дулааны инженер, засварын инженерээр ажиллаж ирсэн. Дулааны станц ТӨААТҮГ-т дулааны засварын инженерээр албан үүргээ гүйцэтгэж Завхан аймагт ажиллах хугацаандаа 2015 оны 5 сарын 8-ны өдөр ходоодны хорт хавдрын улмаас ухаан алдаж улмаар өнөөдрийг хүртэл эмчлүүлж бие эрүүлжиж ажил үүргээ гүйцэтгэх чадвартай болсон. Улмаар эрхэлж байсан ажил, албан тушаалаа үргэлжлүүлэн гүйцэтгэхээр Дулааны станц ТӨААТҮГ-ын захирал н.Мөнхсайхантай 2017 оны 1 сарын 7-ны өдрөөс эхлэн удаа дараа уулзахад тэрээр бүтцийн өөрчлөлт хийгдэж байгаа, таныг удахгүй албан тушаалд чинь томилно гэсэн албаны хүний, тэр тусмаа байгууллагынхаа даргын үгэнд итгэж ийм шийдвэрийг гаргахыг хүлээж өдий хүрсэн. 2017 оны 02 сарын 17-ны өдрөөр очиход байгууллагаас 2016 оны 01 сарын 08-ны өдрөөр намайг халсан тухай өмнөх даргын шийдвэрийг гардан авч шүүхэд хандахад хүргэж байна. Иймд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг тасарсан гэж үзэх үндэсгүй болно. Намайг хүнд өвчтэй эмчлүүлж байхад байгууллагаас нэг ч төгрөгийн тусламж, дэмжлэг, тэтгэлгийг олгоогүйд, мөн ОМ-1 шийдвэрийг байгууллагаас гаргаагүйд өмнөх даргад гомдолтой явдаг. Уг шийдвэр нь 2016 оны 1 сарын 8-ны өдрөөр гарсан байх ба 2016 оны 1 сарын 3-ны өдрийн 0080220 тоот актыг үндэслэж гээд эрүүл мэндийн улмаас групп тогтоолгох болсон тул мөн өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлжээ. Энэ шийдвэр нь миний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн шийдлээс гадна надад ямар нэг хөлдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл ийм шийдвэрийг өгөлгүйгээр халсан нь хөдөлмөрийн хууль түүнд нийцүүлэн гаргасан байгууллагын дүрэм, журамд нийцэхгүй, миний хөдөлмөрлөх үүргийг ноцтой зөрчиж хохироосон байна. Иймд намайг Дулааны станц ТӨААТҮГ-т дулааны инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Улаанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан Ховд аймагт томилолтоор явж байгаад Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ухаан алдаж унаад эмнэлэгт хүргэгдсэн байсан. Тэгээд манай ар гэрийнхэн намайг группт оруулах гэсэн боловч ажлаас халагдсан тушаал авч ирж байж группт орно гэснийх нь дагуу ажлаас халагдсан тушаал авсан юм шиг байсан. Би тухайн үед хөдөлмөрийн чадварыг 90 хувиар алдсан байсан учир энэ талаар сайн мэдэхгүй өнгөрөөсөн. Т.Алтангэрэл дарга надад группт орохын тулд ажлаас халагдсан тушаал хэрэгтэй байдаг гэж хэлсэн. 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрөөс эхэлж би Мөнхсайхан даргатай хэд хэдэн удаа уулзсан. Намайг орон тооны өөрчлөлт гарвал ажилд авна гэж хэлж байсан боловч 2017 оны 02 сарын 17-ны өдөр ажлаас халсан тухай тушаал өгсөн. Би сургуулиа төгсөж ирсэнээс хойш Ус суваг Дулааны станцуудад тасралтгүй ажиллаж байсан ба улсад 2 жил ажиллаад өндөр насныхаа тэтгэвэрт гарна. Иймд намайг Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн засварын инженерийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Б.Мөнхсайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Улаанбаатар нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дулааны станц, дулааны шугам сүлжээ төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын шийдвэрээр ажлаас чөлөөлөгдсөн ба уг байгууллага нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын №21 дүгээр тушаалаар татан буугдсан байна. Дээрх шийдвэр нь Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын шийдвэр биш болно. Ж.Улаанбаатар нь ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш нийт жил гаруй хугацаа өнгөрч байгаа ба энэ нь хуулийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Иймд Ж.Улаанбаатарыг Дулааны станц, дулааны шугам сүлжээ ТӨААТҮГ-ын дулааны инженерийн ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох үндэслэл үгүй болно гэжээ.
Хариуцагч байгууллагын дарга Б.Мөнхсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2016 оны 01 сарын 08-ны өдөр ажлаас халагдсан гэж ярьдаг. Хэзээ ямар газраас халагдсан гэдгийг нь би мэдэхгүй байна. Өмнө нь ажиллаж байсан газар нь 2016 оны 01 сарын 21-ний өдөр Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын 21 дугаартай тушаалаар татан буугдсан байсан. Надтай ажил байна уу гэж уулзаж байсан. Би боломжтой бол ажилд нь оруулъя гэж хэлж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа буруу бичсэн байна. Өвчин бүрэн эдгэрсний дараа ажилдаа орох бүрэн эрхтэй гэсэн байгаа боловч өвчин бүрэн эдгэрсэн талаар ямар нэгэн баримт байхгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Дулааны станц төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дулааны инженерийн ажил албан тушаалд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байдаг ба би энэ байгууллагын дарга эрх бүхий албан тушаалтан биш, харин Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг эрхэлж байгаа учир манай байгууллагад хамаарах нэхэмжлэл биш байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Улаанбаатар нь Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Дулааны станц төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт дулааны засварын инженерээр албан үүргээ гүйцэтгэж байхдаа бе муудаж эмчлүүлсэн ба биеийн байдал сайжирч хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувь гэж эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүгнэлт гарсан тул ажилдаа эргэж орох гэтэл намайг ажлаас чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлсөн гэдгийг мэдэхгүй байж байгаад 2017 оны 02 сарын 17-ны өдөр тушаалыг гардаж авсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэж, хариуцагч нь Ж.Улаанбаатарыг 2016 оны 01 сарын 08-ны өдрийн Дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байсан. Энэ байгууллага 2016 оны 01 сарын 21-ний өдөр татан буугдсан учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж.Улаанбаатар нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлоо 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр буюу тушаал гарснаас хойш 1 жил 1 сар 16 хоногийн дараа гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчиж нэхэмжлэлээ гаргажээ.
Нэхэмжлэгч тал ...хөдөлмөрийн чадвар алдалтыг 90 хувь алдаж хүний асаргаанд байсан учраас хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан гэдгээ мэдээгүй, энэ онд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар орж хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувьтай тогтоогдсоны дараа ажилдаа эргэж орох талаар яригдах үеэр ажлаасаа чөлөөлөгдсөн гэдгээ мэдсэн хэмээн тайлбарлаж байх боловч энэ нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...хөдөлмөрийн чадвар алдаж группт ороход ажлаас халагдсан тушаал хэрэгтэй болж эхнэр маань тушаал гаргуулж авсан байсан ... гэх тайлбараар Хөвсгөл аймаг дахь Дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 01 сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гардаж авсан гэдэг нь үгүйсгэгдэж байхаас гадна хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Мөн нэхэмжлэгч нь Хөвсгөл аймаг дахь Дулааны станц, дулааны шугам сүлжээний ашиглалтын өмнөх захиргаа төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын захирлын 2016 оны 01 сарын 08-ны өдрийн Б/06 дугаартай тушаалыг эс зөвшөөрч ажил олгогчийн санаачлагаар ажлаас буруу халсан тухай гомдлын шаардлагыг шүүхэд гаргаж, тус тушаалын хуулбарыг нотлох баримтаар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.
Өөрөөр хэлбэл бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө... гэж заасан бөгөөд тус тушаалын хуулбар нотариатаар гэрчлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос энэ талаар ямар нэгэн санал хүсэлтийг гаргаагүй болно.
Шүүх хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргах ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хэргийн оролцогч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй юм.
Иймд Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдох засварын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай Ж.Улаанбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар хариуцагч Хөвсгөл аймгийн Хөвсгөл дулааны станц төрийн өмчит хувьцаат компанид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Улаанбаатарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН