Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0296

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                          “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон: Г.Билгүүн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/274 тоот тушаалыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э/цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2022/0999/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаар шийдвэрээр:

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х” ХХК-аас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/274 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э-аас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн ашиглах эрх бүхий Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах 2 га газрын ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/274 дүгээр тушаалаар Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21/670 дугаар саналыг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон.

2.2.Маргаан бүхий актад "Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулах зөрчил гаргаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжаалах, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан” гэх үндэслэлийг дурдсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн аж ахуйн нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 1/ ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах" гэж заасан. Нэхэмжлэгч нь газраа худалдах талаар үнэгүй.мн сайтад зар тавьсан бөгөөд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас энэ талаар тодруулахаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21/623 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хандаж байсан нь нотлогддог.

2.3.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй. г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан.

2.4.Гэтэл анхан шатны шүүх "хариуцагчийн зүгээс 2 жил дараалан газар ашиглах гэдгийг зөвхөн барилга байшин барих гэсэн хүрээнд тайлбарлаж байх бөгөөд аж ахуйн нэгж нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад бэлтгэл ажил шаардлагатай байдаг бөгөөд энэ тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг гэх мэт цаг хугацаа, хөрөнгө шаардагдах ажлыг газраа ашиглахын тулд зарцуулсан хугацаанд хамааруулан тооцох нь зүйтэй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 0203 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараахь үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:

1.Нэхэмжлэгч “Х” ХХК-аасБайгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/274 тоот тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан.

2.Анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/30 дугаар тушаалаар “Х” ХХК-д Горхи-Тэрэлжийн БЦГ, Бүүвэйтийн ам нэртэй газарт 2.0 га газрыг “аялал жуулчлал”-ын зориулалтаар ашиглах эрх олгож, улмаар 2019 оны 02 дугаар сарын 02-ний өдрийн 0171184 дугаар "Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ[1] 5 жилийн хугацаагаар олгожээ.

3.Маргаан бүхий А/274 дүгээр тушаалаар[2] “...Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулах зөрчил гаргаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжаалах, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Х” ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

4.Маргаан бүхий актын “нэхэмжлэгчийг ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, дамжуулан ашиглуулах зөрчил гаргасан” гэх үндэслэлийн тухайд:

4.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”,

...39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1-д “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн, нэгж, байгууллага дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах” гэж,

4.2.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх” гэж тус тус заажээ.

4.3.Хариуцагч талаас маргаж буй “маргаан бүхий газрыг бусдад дамжуулан ашиглуулсан” гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

Тодруулбал, хариуцагчаас энэ үндэслэлийн талаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгч “Х” ХКК-д “тусгай хамгаалалттай газрыг олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим сайтуудаар худалдах, арилжаалах, үнэ тохирч зарахаар зарлал тавьсан нь газар ашиглах эрх хүчингүй болох нөхцөл бүрдсэнийг мэдэгдсэн” агуулга бүхий 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21/623 албан бичгийг[3] гаргаж өгснөөс өөр бусад баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй, уг баримт нь нэхэмжлэгчийг газраа бусдад ашиглуулсан нөхцөл байдлыг шууд тогтоох баримт биш байна.

4.4.Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч компаниас маргаан бүхий газрыг ашиглах эрхийг бусад этгээдэд шилжүүлсэн, дамжуулан ашиглуулсан нөхцөл байдал тогтоогдоогүй харин нэхэмжлэгч компаниас өөрөө гурвалжин байшин, гэр барьж, мод тарьсан, гэр амралтыг ажиллуулж байсан гэдэг нь фото зургууд[4], шүүхийн газрын үзлэгийн тэмдэглэл, зураг, сансрын зураг, үйл ажиллагаа явуулж байсантай холбоотой бусад санхүүгийн баримтууд[5] зэргээр тогтоогдов.

4.5.Үүний учир нэхэмжлэгч компанийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д  заасны дагуу “ашиглаж байгаа газраа бусдад дамжуулан ашиглуулахыг хориглох” заалтыг зөрчсөн, мөн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1-д заасан  “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий захиргааны актыг хуульд нийцээгүй гэж үзэхээр байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

4.6.Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч нь газраа худалдах талаар үнэгүй.мн сайтад зар тавьсан бөгөөд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас энэ талаар тодруулахаар 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 21/623 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид хандаж байсан нь нотлогддог.” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

5.Маргаан бүхий актын “нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлийн тухайд:

5.1.Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийг дараах тохиолдолд хүчингүй болно:”, мөн хэсгийн 1 дэх заалтад “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн ..., 40.1.6, ...-д заасан үндэслэлээр” гэжээ.

5.2.Газрын тухай хуулийн ...40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно:”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” бол газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор” заасан.

5.3.Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улсын дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 тогтоолоор  “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно.” гэж заажээ.

5.4.Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа болон Налайх дүүргийн Засаг дарга нартай 2020/05 дугаартай гурвалсан гэрээ[6] байгуулжээ.

5.5.Дээрх газар ашиглах гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч компани ашиглалтын газраа “аялал жуулчлалын” зориулалтаар ашиглаж, гэр, байшин барьсан, мөн барилга барихаар бичиг баримтыг эрх бүхий этгээдээс авсан зэргээр ашиглалтын газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, зориулалтын дагуу тодорхой үйлчилгээ эрхэлж, цаашид мөн зориулалтаар ашиглахаар бэлтгэл ажлуудыг хийсэн болох нь “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ[7], 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн газар ашиглах гурвалсан гэрээний хэрэгжилт[8], газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[9], 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар[10], шүүхээс хийсэн газарт үзлэгийн тэмдэглэл[11] фото зураг, маргаан бүхий газар дээр байрлах амралтын газрын орлогыг нотлох санхүүгийн баримтууд[12]” зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдож байна.

5.6.Үүнээс үзэхэд нэхэмжлэгч компанийг газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгосон маргаан бүхий акт хуульд нийцээгүй байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт мөн үндэслэл бүхий болжээ.

5.7.Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн “хариуцагчийн зүгээс 2 жил дараалан газар ашиглах гэдгийг зөвхөн барилга байшин барих гэсэн хүрээнд тайлбарлаж байгаа, анхан шатны шүүхийн “аж ахуйн нэгж нь бизнесийн үйл ажиллагаа явуулахад бэлтгэл ажил шаардлагатай, тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, газар ашиглах гурвалсан гэрээ, архитектур төлөвлөлтийн даалгавар, эскиз зураг гэх мэт цаг хугацаа, хөрөнгө шаардагдах ажлыг газраа ашиглахын тулд зарцуулсан хугацаанд хамааруулан тооцох нь зүйтэй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 203 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                   Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                   А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 12 дахь тал

[2] Хэргийн 85 дахь тал

[3] Хэргийн 107 дахь тал

[4] Хэргийн 42-61 дэх тал

[5] Хэргийн 27-39 дэх тал

[6] Хэргийн 14 дэх тал

[7] Хэргийн 62 дахь тал

[8] Хэргийн 20 дахь тал

[9] Хэргийн 23-25 дахь тал

[10] Хэргийн 23 дахь тал

[11] Хэргийн 94 дэх тал

[12] Хэргийн 27 дахь тал