Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 622

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Б.Зориг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Бат-Эрдэнэ,

яллагдагч Б.Г,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 704 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ж.Бат-Эрдэнийн бичсэн 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 28 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Б.Гд холбогдох 1809000000287 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Б-н Г, 1988 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн .................. тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ...................../,

Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Холливуд” бааранд хохирогч Э.Згийн халааснаас 336.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Эс-6 Эдж Плас” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль,  энэ хууль болон бусад хуулийг чанд сахин ажиллах...” үүргийг тодорхойлсон байна.

Прокуророос шүүгдэгч Б.Гд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр шүүхэд шилжүүлсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.4-т заасан “хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх” нь зайлшгүй хангагдсан нөхцөл байдлын нэг шаардлага хангагдаагүй,

мөн прокурор ялын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулах ба уг ялын төрөл, хэмжээний талаарх талуудын тохиролцоог үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэх учиртай юм. Гэтэл прокуророос шүүгдэгч Б.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1  жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоох санал гаргаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл шаардлагын хүрээнд эрүүгийн хариуцлагын талаарх санал гаргаж ирүүлэх нь зүйтэй гэх үндэслэлээр Б.Гд холбогдох 1809000000287 дугаартай эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Ж.Бат-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллагдагч Б.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр “Холливуд” бааранд хохирогч Э.Згийн халааснаас 336.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогдсон. Прокурорын шатанд яллах дүгнэлт үйлдэх гэж байх  үед шүүгдэгч нь надтай уулзсан. Уулзахдаа “Ажилд орох гэж байгаа юм. Тухайн үед согтуу байж байгаад ийм гэмт хэрэг үйлдчихлээ. Ажилд орох гэж байгаа тул хэргийг минь хурдан шийдвэрлэж өгөөч” гэж хэлсэн. Би гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцлийг нь ярилцаж байгаад Шинэчлэн найруулсан хуульд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэх боломжтой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 1-5 жилийн хугацаагаар хорих ялтай учир өмгөөлөгчөөс зөвөлгөө ав гэж хэлсэн. Тэгэхэд шүүгдэгч нь өөрөө хохирол төлбөр барагдуулсан, хохирогч гомдол саналгүй болсон учир хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргасан. Үүний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд зааснаар прокурорт хүсэлт гаргасны дагуу гэмт хэрэг үйлдсэнээ хүлээсэн, гэм буруугаа хүлээсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл нь хангагдаж байгаа эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзэж ялын саналаа тавьсан. Ялын санал гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засаж дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхэд хязгаарлалт тогтоох саналыг тавьсан. Гэтэл шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл нь прокурорын эрх хэмжээнд хамаарах заалт биш учир хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан зохицуулалтын харахад прокурор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой болох зохицуулалт байсан. Яагаад гэхээр хялбаршуулсан журмаар хэргийг хянан хэлэлцэж байгаа тохиолдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар прокурорын саналыг хүрээнд хэргийг шийдвэрлэх ётсой байсан гэж үзсэн. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай байна.” гэв.

Яллагдагч Б.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэм буруугаа хүлээж байна. Ялыг прокурорын гаргасан саналын хүрээнд, хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 704 дүгээр захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Яллагдагч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулж хянан шийдвэрлэхээр хуульд зохицуулжээ.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг заавал хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг аль болох богино хугацаанд шуурхай явуулж байх зорилгыг агуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Яллагдагч Б.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, прокурорыг байлцуулан шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хэрэв гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэрийг гаргаж болохоор байна.

Иймд “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 704 дүгээр захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Б.Гд холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Б.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                      Ц.ОЧ