Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 00435

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: Дашваанжил ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөх толгой 03-11 тоотод оршин суух, Ногоон хуулар овогт Төмөрбаатарын Ганбат /РВ87082552/-д холбогдох

10.741.468 /арван сая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 155/2017/00306/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

 ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Дашваанжил ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс Төмөрбаатар овогтой Ганбаттай Хөдөлмөрийн гэрээ байгуулан Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах АХЦС-29 салбарт эрхлэгч /дарга/-борлуулагчаар ажилд авсан. Салбарын эрхлэгч нь өдөр бүр санхүүд орлогоо тушааж, сар бүр тайлан хийж санхүүгийн албатай тооцоо нийлэх ёстой байдаг. 2016 оны 7 дугаар сард Дархан салбарын эрхлэгч Л.Мөнхжаргал, нягтлан бодогч Мөнхмаа нөр Хөвсгөл аймагт очиж давтан зааварчилгаа өгч өдөр бүр орлогын мөнгийг тушааж, сар бүрийн тайлангаа хугацаанд нь өгч тооцоогоо дуусгаж байхыг анхааруулж байсан боловч Т.Ганбат нь салбарын тайлан хийж өгөхгүй, хугацаанд нь орлогын мөнгийг тушаахгүй байсаар байсан. Т.Ганбат нь 2016 оны 8 дугаар сард Улаанбаатар хотын төв салбарт сургалтанд суухаар ирэхдээ тайлангаа хийж ирээгүй байсан бөгөөд тайлангаа өгөхийг шаардхад баримтаа авч ирээгүй гэсэн шалтаг тоочиж Хөвсгөлд очоод яаралтай явуулна гэж хэлээд явсан боловч түүнээс хойш явуулаагүй. Тайлангаа хийж өгөхийг шаардахаар утсаар холбогдоход утсаа авахгүй, холбоо барьж болохгүй байсан. Заримдаа утсаар холбогдоход янз бүрийн шалтаг тоочиж байнга хойшлуулдаг байсан. 2016 оны 10 дугаар сард Улаанбаатар хотоос дотоод хяналтын албаны ажилтан Б.Бямбацогт, ахлах нягтлан бодогч Б.Алтантариа нар Хөвсгөл аймагт очиж Т.Ганбатын хариуцаж буй салбарын тайлан тооцоог хийхэд авто хийний орлогоос 8.385.844 төгрөг, ахуйн хийний орлогоос 2.474.466 төгрөг, тогног төхөөрөмжийн орлогоос 1.329.116 төгрөг, баллоны орлогоос 925.000 төгрөг, бусад төлбөр тооцоо 854,901 төгрөг, нийт 13,969,327 төгрөгийн өр дутагдал үүссэн байсан. Санхүүгийн албанаас хариуцагчийн хийж өгөх ёстой байсан дараа тайлан, цалин хасч тооцож 3.227.859 төгрөгийг өр дутагдалаас хааж 10.741.468 төгрөгийн өр дутагдал үлдсэн. Т.Ганбат нь 10.986.088 төгрөгийн дутагдал гаргаснаа хүлээн зөвшөөрч компанидаа ажиллаж байгаад өр төлбөрөө барагдуулъя гэсэн ч тайлан тооцоо хийх чадваргүй, ийм их төлбөртэй хүнд дахин хөрөнгө хариуцуулах боломжгүй цаашид ажиллуулахгүй ажлаас халсан. Хариуцагчтай холбогдож өр төлбөрийг яаралтай барагдуулах талаар ярилцахад одоохондоо ажилгүй байгаа, ажилд орж байгаад төлнө гэсээр өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Иймд хариуцагчаас 10.741.468 төгрөгийг гаргуулан манай компанийг хохиролгүй болгож өнгө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Дашваанжил ХХК нь Т.Ганбатад холбогдуулан 10.741.468 /арван сая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Ганбатад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 10.741.468 /арван сая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгийг төлөхийг зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Дашваанжил ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10.741.468 /арван сая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 186.820 /нэг зуун наян зургаан мянга найман зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганбатаас 93.410 /ерэн гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг, улсын орлогоос 93.410 /ерэн гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Дашваанжил ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Дашваанжил ХХК-ийн нэхэмжилсэн 10.741.468 /арван сая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун жаран найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Ганбат төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 186.820 /нэг зуун наян зургаан мянга найман зуун хорь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Ганбатаас 93.410 /ерэн гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг, улсын орлогоос 93.410 /ерэн гурван мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Дашваанжил ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН