| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0147/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0149 |
| Огноо | 2021-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0149
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0147/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгч С.Б, С.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт С-ийн Б, У овогт С-ийн Э нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118001330165 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын цэрэгжүүлсэн харуулын гүүрний харуул ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1-р багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт С-ийн Б /РД: ХХХХХХХХ/,
Монгол Улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Ховд аймгийн Ховд суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сум, 1-р багт оршин суудаг, урьд Ардын армийн шүүхийн 1984 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 285 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169-р зүйлийн б зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, У овогт С-ийн Э /РД:ХХХХХХХХ/,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Б, С.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Б, С.Э нар нь 2021 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг Хонгор сум, 1-р баг, Хараа хэсгийн 4-25 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, харилцан зодолдож, харилцан бие биедээ хөнгөн хохирол учруулсан болох нь:
С.Б-гийн хохирогчоор өгсөн: “…Э ах хашаагаа даваад орохгүй юу гэж хэлсэн. Би тэгэхээр нь хашаандаа орж болохоо байсан юм уу, хаалгаа онгойлгооч гэж хэлсэн чинь чи намайг дээрэлхээд хөгшин хүнийг гэж хэлээд хаалгаа онгойлгоод гараараа дээд уруул хавьцаа цохисон чинь дээд үүдэн шүд унасан юм. Тэгэхээр нь би уурандаа Э-ын нүүр рүү, доод уруул руу нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 25-26/,
С.Э-ын хохирогчоор өгсөн: “…би босоод хашааны хаалга онгойлгоход Б эхнэртэйгээ байсан бөгөөд Б намайг шалтгаангүй үгийн зөрүү байхгүй шууд миний нүүр рүү 2 удаа, шанаа руу 2 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 27-28/,
Гэрч Д.Ө-ийн “…Манай нөхөр Б-гийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон юм. Тэгээд манай нөхөр яах вэ дээ цохиулсан хүн уурандаа эргүүлээд С.Э ахын нүүр рүү нэг удаа гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Гэрч Т.Л-ийн “…Би нөхрийнхөө хамт гэртээ унтаж байхад 2021 оны 05 сарын 16-ны шөнө 01 цагийн үед манай хашааны хаалгыг хүн нүдээд орилоод байхаар нь манай нөхөр С.Э хувцсаа өмсөөд гарсан, ...удалгүй манай хүн муухай орилоод байхаар нь араас нь хувцсаа өмсөөд гарсан чинь манай хашааны эзэн С.Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, манай нөхрийг цохиод хамраас нь цус гаргачихсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 34/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 304 дугаартай “...С.Э-ын биед доод уруулын салстад шарх, доод уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамраана, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 310 дугаартай “...С.Б-гийн биед нэг шүдний үгүй байдал тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, С.Б-гийн биед тогтоогдсон нэг шүдний үгүй байдал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар алдагдуулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 21/,
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл” хангагдсан байна.
Иймд шүүгдэгч С.Б, С.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 9 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч С.Б, С.Э нар нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохиролтой холбоотой зардлыг нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт С-ийн Б, У овогт С-ийн Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, С.Э нарт тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, С.Э нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 9 сарын хугацаанд сар бүр 50,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй, энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД