| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0406/и |
| Дугаар | 00544 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 00544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: 1960 онд төрсөн, Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар багт оршин суух “Ганжин” Даржаагийн Нямсүрэн /РЭ-60061206/-гийн хүсэлттэй
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Мөрөн сумын 14 дүгээр баг 05-02 тоотод оршин суух “Өөлд” овогт Загдаагийн Сэрээтэрдулам /ИЭ-66061708/,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сэрээтэрдулам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Нямсүрэн шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Нямсүрэн нь Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1991 оны 9 дүгээр сарын 31-нд 62 тоот тушаалаар ойжуулалтын инженерээр томилогдон 1993 оны 12 дугаар сарын 28-ныг дуустал ажиллаж байсан.Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байсан жилээ шүүхээр сэргээн тогтоох шаардлагатай гэсэн юм.
Иймд Д.Нямсүрэн миний Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1991 оны 9 дүгээр сарын 31-нээс 1993 оны 12 дугаар сарын 28-ныг дуустал ойжуулалтын инженерээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сэрээтэрдулам шүүх хуралдаанд тайлбартаа: Д.Нямсүрэн бид нэг сургуульд суралцаж байсан найзууд ба Нямсүрэн нь биеийн эрүүл мэндийн улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй учраас намайг итгэмжлэлээр ороод өгөөч гэсэн юм. Д.Нямсүрэн Хөвсгөл аймгийн Хатгалд ажиллаж байгаа гэдэг байсан. Сүүлдээ Аймгийн НДҮ ажиллаж байгаад Булган аймаг руу шилжсэн гэж байсан. Аймгийн НДҮйлдвэрт 1991-1993 оны хүртэл Ойн инженерээр ажиллаж байсан юм билээ. Одоо тэтгэвэрт орох болсон учраас ажиллаж байсан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон тул шүүхэд хандсан болно.
Иймд Д.Нямсүрэнг Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл ойн инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Нямсүрэн нь ажиллаж байсан байдлаа тогтоолгосноор өндөр насны тэтгэвэрт орох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл ойн инженерээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгч Д.Нямсүрэнд 1979 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн №1307 дугаартай био комбинатаас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Гэрч Х.Пүрэвдоржийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Д.Нямсүрэн нь намайг Нэгдэл дундын үйлдвэрт ажиллаж байхад 1991 оноос 1993 оныг дуустал ойжуулалтын инженер хийж байсан. Тухайн ажил мэргэжилдээ сайн байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Д.Нямсүрэнд холбогдох баримт лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 10/172 дугаартай “....тус аймгийн нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1991 он, Хөвсгөл төгөл ЗБН-ний даргын 1993 оны тушаал шүүж үзэхэд Д.Нямсүрэнд томилж, чөлөөлсөн тушаал мөн байгууллагуудын цалингийн цэс манай архивч тус тус байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Ганжин” овогт Даржаагийн Нямсүрэн /РЭ-60061206/-г Хөвсгөл аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 28-ний өдрийг хүртэл ойн инженерээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Д.Нямсүрэн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ