| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0149/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0152 |
| Огноо | 2021-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0149/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэгт М овогт Б-ийн Н-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118001650184 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1978 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Авто засварчин мэргэжилтэй, Оюу толгой ХХК-д ээлжийн ахлах ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, М овогтой Б-ийн Н, регистрийн дугаар ХХХХХХХХ
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Н нь 2021 оны 06 дугаар сарын 12-н өдөр шөнийн 01 цагийн үед Дархан-Уул аймгийн ****** тоотод буюу гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.У-н толгойн тус газар нь гараараа цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Д.У-н “…2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 12-нд шилжих шөнө 01 цагийн орчим гэрт хүн яваад байх шиг байхаар нь босоод харсан чинь манай нөхөр Н гэрт байсан тал архийг уучихсан халамцуу сууж байсан. Тэгэхээр нь гаргахгүй гээд түлхээд уурласан чинь намайг эсэргүүцээд миний толгой нүүр лүү цохиод алгадахад хамраас цус гараад би орилсон чинь манай том хоёр хүүхэд И болон Э нар босож ирээд та болиоч ээ гээд бага дүү нь уйлаад байхаар нь тэврээд байж байх хооронд нь би цагдаа дуудаад дуудлага өгсөн юм…” гэх мэдүүлэг /ХХ-ийн 23-28/,
Гэрч Б.И-гийн “…Ээжийг орилсон гэдгийг мэдээд шууд том өрөөнд яваад очтол ээжийн хамраас цус гарчихсан нүүр нь цус болчихсон хойд аав болох Н нь архи уучихсан согтуу байдалтай тэр хоёр хэрэлдээд байж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгах байдалтай бага дүү уйлаад байхаар нь доод талын дүүг тэврээд өрөөндөө орж бай гэж хэлээд байж байсан. Тэр хоёр хэрэлдэж байхыг сонсоход нэг нь архи уумаар байна нөгөөдөх нь архи уулгахгүй гэсэн зүйл ярьж байсан. Урьд өмнө нь манай ээжийг зодож байгаагүй ээ. Манай хойд аав уул нь архи уугаагүй үедээ сайхан ааш зантай хүн” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №356 дугаартай “…Д.У-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /ХХ-ийн 14-15/,
Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 07/,
Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ 3 оноо буюу “бага” түвшин байна гэх тэмдэглэл /хх-ийн 19/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.
Б.Н, хохирогч Д.У нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Н нь хохирогч Д.У-н толгойн тус газар нь гараараа цохиж зодсон үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.
Шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Д.У нь нэхэмжлэх зүйлгүй байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М овогт Б-н Н-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Н-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД