| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0450/и |
| Дугаар | 00545 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 00545
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1964 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин ам бүл 2, нөхрийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 5 дугаар багийн нутаг Бийжид оршин суух “Хуурай” овогт Долгорын Энхтуяа /ТЯ-64032104/-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгч Д.Энхтуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Соёл нэгдэлд ажиллаж байгаад нөхрөө дагаж Дархан хотын /хуучнаар/ Шарын гол сумын 16 дугаар сургуульд 1987 оноос эхлэн 1991 он хүртэл үйлчлэгчээр тасралтгүй ажиллаж байгаад Баянзүрх сумандаа ар гэрийн гачигдлаар буцаж шилжиж ирсэн юм. Одоо тэтгэвэрт орох гэтэл Шарын гол сумын сургуульд ажиллаж байсан жил тооцогдохгүй байгаа учраас жилээ сэргээн тогтоолгохоор шүүхэд хандсан болно.
Иймд намайг хуучин Дархан хотын Шарын гол сумын 16 дугаар бага сургуульд 1987 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Д.Энхтуяа нь ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба Дархан хотын /хуучнаар/ Шарын гол сумын 16 дугаар бага сургуульд 1987 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгчийн ажилласан жил, цалинг сургуулийн архивын 70 дугаар данснаас түүвэрлэн авсан Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 16 дугаар сургуулийн захирлын 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 35 дугаартай архивын лавлагаа, цалин хөлсний тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтүүд,
Дархан хотын 16 дугаар сургуулиас 1987 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн №400251 дугаартай Долгорын Энхтуяад нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар дахь бичилтүүд,
Гэрч Ш.Самдангийн: “....1987 оноос 1991 оныг дуустал Дархан-Уул аймгийн Шарын голын 8-н жилийн сургуульд цэвэрлэгч хийж байсан....” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн “эд хөрөнгийн бус түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар “Хуурай” овогт Долгорын Энхтуяа /ТЯ-64032104/-г Дархан хотын /хуучнаар/ Шарын гол сумын 16 дугаар бага сургуульд 1987 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 1991 оны 3 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл үйлчлэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ