| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0431/и |
| Дугаар | 00549 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Эрх олгосон бичиг баримтыг үрэгдүүлснээс алдагдсан эрхийг сэргээх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 00549
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1963 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн 24-15 тоотод оршин суух “Халиугчин” овогт Төмөрийн Лхамдаш /РЭ-63122801/-ын хүсэлттэй,
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Т.Лхамдаш нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Лхамдаш шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр 10-н жилийн сургуулийг 1981 онд төгсөөд Улаанбаатар хотын Худалдааны техник мэргэжлийн сургуулийн ангид орж суралцаад 1983 онд төгсөж ирээд аймгийн худалдаа бэлтгэлийн ангид орж 1983 оны 7 дугаар сараас эхлэн 1 дүгээр дэлгүүрт худалдагчаар ажиллаж эхэлсэн юм. Одоо тэтгэвэрт орох гэтэл тухайн үед 1982 онд нээж олгосон хөдөлмөрийн нэр зөрүүтэй байгаагаас уг хөдөлмөрийн дэвтэр үнэлэгдэхгүй байгаа тул шүүхэд хандсан болно.
Иймд надад 1982 оны 9 дүгээр сарын 1-ны өдөр Улаанбаатар хотын Худалдааны техникийн сургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Төмөрийн Лхамдаш мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Т.Лхамдаш нь хөдөлмөрийн дэвтрийн буюу эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгосноор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаварыг бий болгож байх ба 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Худалдааны техникийн сургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Төмөрийн Лхамдаш мөн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Нэхэмжлэгч “Халиугчин” овогт Төмөрийн Лхамдаш /РЭ-63122801/ регистрийн дугаартай иргэний үнэмлэхний хуулбар,
Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 00/002201 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа,
Хадгаламжийн 1983 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №9109 дугаартай дэвтэр, 1981 оны 6 дугаар сарын 22-ний өдрийн №042754 дугаарын Бүрэн дунд боловсролын үнэмлэхний хуулбар,
Гэрч Ш.Батжаргалын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....Лхамдаш гэж бол танихгүй хамт ажиллаж байхад Лхамхүү гэдэг байсан. Ажилчид хамт олон нь Лхамхүү гэж дууддаг байсан. Тухайн үед манайхан Лхамхүү нь багадаа бие муу байсан болохоор нь Лхамдаш гээд дууддаг болцон гэж ярьдаг байсан. Тэрнээс би саяхан Лхамдаш гэдгийг мэдсэн. Лхамхүүтэй нэг байгууллагад хамт ажиллаж байсан....” гэх мэдүүлэг, фото гэрэл зураг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Т.Лхамдашид холбогдох баримт лавлагааг гаргаж өгөх боломжгүй болох нь Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 10/195 дугаартай “....Мөрөн сумын хүн амын тооллогын бүртгэл манай архивт байхгүй тул Т.Лхамхүүд холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна....” гэх тодорхойлолт хэрэгт авагдсан байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Худалдааны техникийн сургуулиас нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь “Халиугчин” Төмөрийн Лхамдаш /РЭ-63122801/ мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Лхамдашийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ