| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0141/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0154 |
| Огноо | 2021-06-28 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0141/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А овогт С-ийн Д-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000720166 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Увс аймгийн Завхан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багТ оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай А овогт С-ийн Д /РД: ХХХХХХХХ/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Д нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Сэргэлэнгийн 1-13 тоотод мэдээллийн технологи ашиглан “Az Az” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /live/ буюу шууд дамжуулж, ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төлөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, Д.Н-ын Хаан банкны ***** дугаарын харилцах дансаар тоглогчдын мөнгийг шилжүүлэн авч нийт 125,000 төгрөгийн ашиг олсон болох нь:
Гэрч Д.Н-ын “...Хаан банкны ***** дугаарын данс нь миний данс мөн. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай хүү Д-ын найз болох Т гэх залуу Улаанбаатар хотоос манай гэрт ирж 1 сар орчим байж байгаад Улаанбаатар хот руу буцсан.Т манай гэрт байх хугацаандаа манай хүү Д-тай хамтран фейсбүүк орчинд мөрийтэй тоглоом тоглуулаад байсан. Ингэхдээ миний дансыг гуйж аваад тоглоод байсан. Би тэр тоглоомын асуудалд нь оролцоогүй. Харин тоглоод байхаар нь боль гэж хэлж байсан. Миний харснаар тэр хоёр нэг өдөр өдрийн 15 цагаас 23 цаг хүртэл бичлэг хийгээд тоглуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 06/,
Д.Н-ын* Хаан банкн*****ы депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 9-11/,
Гэрч М.О-ын “...Би одоо сар, өдрийг нь сайн санахгүй байна. Би тухайн өдөр гэртээ өөрийн М О гэсэн фейсбүүк хаягаар юм үзээд байж байхад үнэгүй ороорой, техас покер гэсэн тоглолт явахад би 6 дээр сууна гэсэн, тэгээд би тоглосон. Би нийт 10 гаруй удаа 100 гаруй мянган төгрөгөөр тоглосон, ганц хоёр удаа хожсон юм. би хожсон мөнгөө Хаан банкны ***** гэсэн тоот дансаар авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 32/,
Гэрч Ж.Э-ын “...би 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 02 дугаар сар хүртэл Улаанбаатар хотод хөл хорионы дэглэмтэй байсан тул амарч байсан. Энэ үеэр завтай байсан болохоор сонирхоод фейсбүүк хаягаар явуулж байгаа мөрийтэй тоглоомд олон удаа оролцож байсан. Би 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр цахим орчинд “Az Az” гэх фейсбүүк хаягаар явагдаж байсан мөрийтэй тоглоомд оролцож тоглосон байх гэж бодож байна. Фейсбүүкээр мөрийтэй тоглоом тоглуулдаг олон хүн байдаг, би явагдаж байгаа тоглоомуудад олон удаа оролцож байсан болохоор яг хэний дансанд хэдэн төгрөг шилжүүлж тоглож байсан, мөн мөнгө хожих эсвэл хожигдож байснаа тэр болгон сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46/,
“Пийк Ом Аудит” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21/216 дугаартай “...Д.Н-ын эзэмшлийн***** дугаартай дансанд 16 данснаас 32 удаагийн гүйлгээгээр нийт 190,000 төгрөгийн орлого орсон. 6 дансанд 12 удаагийн гүйлгээгээр 163,000 төгрөгийн зарлага гарсан. Үүнээс бооцоо тавиагүй мөнгө шилжүүлээгүй данснуудад 98,000 төгрөгийн ашгаа шилжүүлсэн ба Н-ын эзэмшлийн***** дугаартай дансанд 27,000 төгрөг үлдэж, нийт хонжворт тоглоомоос 125,000 төгрөгийн ашиг олсон байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-56/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/
2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хууль тогтоогч 2020 оны 1-р сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуудьд өөрчлөлт оруулах тухай хуулиар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч С.Д-ын фейсбүүк ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу покер тоглуулсан нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтийг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрэн хангагдсан байна.
Иймд шүүгдэгч С.Д-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан байна гэж үзсэн тул улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, цалин өрхийн орлогын хэмжээ, шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Галакси А-8 загварын гар утасны үнэ 160,000, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 125,000 төгрөг нийт 285,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 6 хоног цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт 90,000 төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А овогт С-ийн Д-ыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Д-т 500 /таван зуунн/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-ын энэ хэрэгт цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож, 90,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан торгох ялаас хасаж, нийт эдлэх ялыг 410,000 /дөрвөн зуун арван мянган/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 82,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Галакси А-8 загварын гар утасны үнэ 160,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 125,000 төгрөг, нийт 285,000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Д-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД