Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0153/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт С-н Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118001550183 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, машин механизмын операторчин мэргэжилтэй, Дархан төмөрлөгийн үйлдвэрийн Төмөртэй уурхайд ачигчийн оператор ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багт бүртгэлтэй боловч Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Ногоон төгөл хотхонд оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт С-н Б /РД:ХХХХХХХХ/,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Б нь 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 20 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг, 12 дугаар байрны гадна Б.О-тэй маргалдаж архины шилээр толгойн тус газар цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч Б.О-ийн “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагийн алдад Б ахтай “Дархан-50” цогцолборын ойролцоо уулзсан. Тэгсэн Б ах намайг амарсан учраас миний амралтыг тэмдэглэж байна гээд 1 шил 0.75 литрийн “Хараа” архийг авч ирсэн. Үүнийг Б ах, танил Э ах бид гурав гадаа сууж байгаад хувааж уусан. Тэгээд ахин Б ах нэг шил 0.75 литрийн “Хараа” архи аваад ахин гурвуулаа хувааж уусан. Ингэж байхад цаг 19 цаг өнгөрч байсан. Ингээд Б ах хот руу явна гээд түрүүлж яваад, Э ах бид хоёр хамт явж байгаад хуучин хорооллын 13 дугаар байрны хавьд салсан. Би гэрлүүгээ явж байхад Б ахтай хуучин хорооллын 12 дугаар байрны хавьд ахин таарсан. Тэгээд Б ах бид 2-ын хэн хэн нь халамцуу байсан учраас хоорондоо марган уурандаа Б ах газраас архины шил аваад миний баруун нүдний дээд духны хэсэгт нэг удаа цохисон. Тухайн үед би цохиулаад ухаан балартаад газар унасан.  Тэгээд намайг эмнэлэг рүү хүргэсэн. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах тасагт хүргэгдэх үед миний шарханд шинээр 5 оёдол тавьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Гэрч С.Б-ийн “...2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ...О-тэй би утсаар яриад малгайг нь өгөхөөр “Дархан-50” цогцолборын орчим уулзсан. Ингээд би амралтыг нь тэмдэглэж байна гээд О-д нэг шил 0.75 литрийн архи авч өгсөн. Энэ архийг О бид 2 ууж байхад хуучин манай уурхайд ажилладаг байж байгаад ажлаасаа гарсан Э түүгээр явж таараад О бид хоёртой хамт архийг хувааж уусан. Би ахин 0.75 литрийн архи авч, О Э бид 3 ууж байхад Э түрүүлээд явсан. ... О намайг чихгүй энэ тэр гээд байсан. Тэгээд би уурлаад газарт байсан архины шил аваад О-н духны орчим нэг удаа цохисон. О-н духны орчмоос цус гараад тогтохгүй байсан учраас түүнийг эмнэлэгт хүргэж духны шархан дээр нь оёдол тавиулсан. Миний зүүн талын чихний дэлбэн төрөлхийн байхгүй гажигтай юмаа. Тэгээд О бид хоёр архи ууж халамцаад маргахад О намайг чихгүй энэ тэр гэсэн ба тэр үгэнд нь би гомдож уурлаад түүнийг архины шилээр нэг удаа дух руу цохисон, өөрөөр цохиж зодоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 347 дугаартай “ ...Б.О-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хамрын таславчийн мурийлт, ухархайн хана, хамар ясны хугарал нь энэ хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Духны шарх нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх шинэ гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/,

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол хүлээн авсан тухай /хх-ийн 11/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл” хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.О нь  шүүгдэгч С.Б-с нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй, хамт ажилладаг тул сайн дураар эвлэрсэн гомдол санал байхгүй гэж байх тул шүүгдэгчээс  гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1. Г овогт С-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай. 

 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй, энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГЭРЭЛТ-ОД