| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсангийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 155/2017/0432/и |
| Дугаар | 00546 |
| Огноо | 2017-05-31 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 00546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанд:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Ханх суманд 1968 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын төвд оршин суух “Боржигон” овогт Жамбалын Оюунцэцэг /РО-68070960/-ын хүсэлттэй,
Нас барсан нөхөр Р.Ганбаатартай хамтын амьдралтай байсан, охин О.Хулан, хүү О.Ганзориг, охин О.Ганцэцэг, хүү О.Ганбат нарын эцгээр тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Р.Ганбаатартай 1989 онд танилцаад 1990 онд гэр бүл болж хамт амьдрах болсон. Хамт амьдрах хугацаандаа том охин О.Хуланг 2000 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр, хүү О.Ганзоригийг 2003 оны 5 дугаар сарын 30-нд, охин О.Ганцэцэгийг 2005 оны 9 дүгээр сарын 02-нд, хүү О.Ганбатыг 2009 оны 8 дугаар сарын 28-нд тус тус төрүүлсэн.
Нөхөр Ганбаатартай албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байсан ба тухайн үед нөхөр маань шоронд явж байсан тул хүүхдүүдээ өөрийнхөө нэрээр овоглож төрсний гэрчилгээнүүдийг нь авсан. Нөхөр Ганбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 01-нд өвчний улмаас нас барж би насанд хүрээгүй 4 өнчин хүүхдийн хамт үлдсэн. Одоо насанд хүрээгүй хүүхэддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэтэл нөхөр Ганбаатартай хамтын амьдралтай байсан, хүүхдүүдийн эцэг мөн болохыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон учир шүүхэд хандсан болно.
Иймд Ж.Оюунцэцэг намайг талийгаач Р.Ганбаатартай хамт амьдарч байх хугацаанд охин О.Хулан, О.Ганцэцэг, хүү О.Ганзориг, О.Ганбат нарыг төрүүлсэн буюу эцгээр нь тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон хүсэлт гаргагчийн хүсэлт, тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Ж.Оюунцэцэг нь талийгаач Р.Ганбаатартай хамтын амьдралтай байсныг тогтоолгосноор насанд хүрээгүй охин О.Хулан, О.Ганцэцэг, хүү О.Ганзориг, О.Ганбат нарт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байх ба талийгаач Р.Ганбаатартай хамтын амьдралтай байх хугацаанд охин О.Хулан, О.Ганцэцэг, хүү О.Ганзориг, О.Ганбат нар төрсөн болох нь Тухайлбал;
Хөвсгөл аймгийн Ханх сумын 3-р багийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4/195 дугаартай “....Ханх сумын 3-р багийн иргэн Жамбал овогтой Оюунцэцэг Ро-68070960 нь талийгаач нөхөр Рагчаа овогтой Ганбаатартай 1999 оноос 2015 оны 12 сар хүртэл 16 жил гэр бүлээ батлуулаагүй хамтран амьдарч 4 хүүхэд төрүүлж өсгөсөн нь үнэн....” гэх тодорхойлолт,
2000 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Оюунцэцэгийн Хулан /РО-00240600/, 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү “Боржигон” овогт Оюунцэцэгийн Ганзориг /РО-03253011/, 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Оюунцэцэгийн Ганцэцэг /РО-05290205/, 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү “Боржигон” овогт Оюунцэцэгийн Ганбат /РО-09282816/ нарт Хөвсгөл аймгийн Ханх сумын улсын бүртгэлээс нээж олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд,
Хөвсгөл аймгийн Ханх сумын Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “....Жамбал овогтой Оюунцэцэг нь ам бүл 5....” гэх тодорхойлолт,
Гэрч Ж.Бадамцэцэгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: “....миний төрсөн дүү Ж.Оюунцэцэг, Р.Ганбаатартай 2000 оноос хойш Хөвсгөл аймгийн Ханх суманд хамт амьдарсан. Хамт амьдарч байх хугацаанд тэдний дундаас 4 хүүхэд төрсөн. Хамгийн том охин О.Хулан нь 2000 онд төрсөн, тэрний дараагийн хүү Ганбаатар 2003 онд төрсөн, дараагийн охин Ганцэцэг 2005 онд төрсөн, дараагийн хүү Ганбат нь 2009 онд төрсөн. Хамт амьдарч байх хугацаанд Р.Ганбаатарын шулуун гэдсээр цус алдаж 2015 онд насан өөд болсон. Одоо манай дүү Оюунцэцэг 4 хүүхдийн хамт Ханх сумын төвд оршин суудаг юм....” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн бичмэл нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар "эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй" нэхэмжлэлд төлвөл зохих улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар “Боржигон” овогт Жамбалын Оюунцэцэг /РО-68070960/-ийг, талийгаач “Ногоон хуулар” овогт Рагчаан Ганбаатар /РО-71032571/-тай хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2000 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн охин Оюунцэцэгийн Хулан /РО-00240600/, 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү “Боржигон” овогт Оюунцэцэгийн Ганзориг /РО-03253011/, 2005 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн охин Оюунцэцэгийн Ганцэцэг /РО-05290205/, 2009 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү “Боржигон” овогт Оюунцэцэгийн Ганбат /РО-09282816/ нарын эцгээр талийгаач “Ногоон хуулар” овогт Рагчаан Ганбаатар /РО-71032571/ мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.Оюунцэцэгийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ