Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0154/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт Г-ийн Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000168 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Г-н Н /РД:ХХХХХХХХ/,

Холбогдсон хэргийн талаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Н нь согтуурсан үедээ 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн ***** тоотод өөрийн нөхөр Н.Э-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хутгаар хэвлийн баруун хажууд хатгаж хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хохирогч Н.Э-н “...Би 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн орчим гэрээсээ гараад явсан. Намайг гэрээсээ гарахад эхнэр Н 2 хүүхэдтэйгээ үлдсэн. Намайг ирэхэд Н архи уусан байсан бөгөөд гал тогооны өрөөнд шүүгээн дээр мах гаргаад тавьсан, махны шүүс нь гоожсон байхаар нь би Н-д хандаж үглэсэн. Би дээгүүрээ өмсөж явсан хувцсаа тайлаад гэссэн махыг хөргөгчинд хийх гээд доод талыг онгойлгоод дээшээ босоход баруун бөөрний орчим час хийх шиг болохоор нь харсан чинь манай эхнэр Н гартаа хутга барьсан, баруун бөөрний орчим зүсэгдсэн, зүсэгдсэн хэсгээс нь цус гарч байсан. Тэгэхээр нь би цагдаагийн 102 дугаарын утас руу залгаад манай эхнэр намайг хутгаар хутгалчихлаа гэсэн юм. Би ямар шалтгаанаар хатгасныг нь мэдэхгүй байна. Би гэрт орж ирээд жоохон үглэж уурласан тэрнээс биш би эхнэрийгээ цохиж зодсон юм бол байхгүй. Н их согтуу байсан болохоор архиндаа согтоод намайг хатгасан гэж би бодож байна, ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Гэрч Г.С-н “...Манай төрсөн эгч Н өөрийн дугаараас өчигдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 03-ны орой 21 цаг 52 минутад залгаад би архи согтууруулах ундааны зүйл уусан байна, одоо манай нөхөр болох Э ирээд зодоод унана, чи намайг ирээд авчих гэж хэлэхээр нь 20-30 минутад очиход эгчийн нөхөр болох Э орон дээрээ хутгалуулсан байдалтай хэвтэж байсан. Юу болсон талаар асуугаад байж байхад цагдаа орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 350 дугаартай “...Н.Э-н биед хэвлийн баруун хажууд шарх тогтоогдлоо. Дээрх шарх хурц ир үзүүртэй нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, уг гэмтэл нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үүссэн байх боломжтой, Н.Э-н биед тогтоогдсон гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.  Н.Э-н биед тогтоогдсон гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/,

Яллагдагч Г.Н-ийн “...2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр би гэртээ угаалга хийгээд сууж байхад гаднаас манай нөхөр Э-н төрсөн дүү Э хоёр лааз пивотой орж ирээд бид хоёр тэрийг нь хувааж уугаад дахиад 2 том 2.5 литртэй пиво хувааж уусан. Э пиво ууж дуусаад яваад өгсөн, би Э-г явуулчхаад хоол хийнэ гэж мах гаргаж тавиад пивондоо согтоод унтаад өгсөн юм. Намайг унтаж байхад гаднаас манай нөхөр орж ирээд намайг сэрээгээд хоолоо хийхгүй байсан бол яах гэж мах гаргасан юм бэ, пизда минь гэх мэтээр хараагаад байхаар нь би босоод мах хэрчих гэж байсан бор модон иштэй хутгыг шүүгээн дээрээс аваад Э-г хөргөгч уудлаад тонгойж байхад нь баруун бөөр хэсэг рүү нь нэг удаа хатгасан юм. Н.Э-н биед учирсан хэвлийн баруун хажууд шарх гэмтлийг хутгаар хатгаж учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/,

Согтуурал шалгасан тэмдэглэл 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “ Г овогтой Г-н Н-г согтуурал шалгах драгер багажаар шалгахад “3.17” хувь гарсан болно”  /хх-ийн 31/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл” хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Г.Н-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, прокурорын 450 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Н.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохиролтой холбоотой зардлыг нэхэмжлэхгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бор модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

   1. Г овогт Г-ийн Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай. 

 

4.  Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй, энэ хэрэгт хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг ор өнгийн модон иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.ГЭРЭЛТ-ОД