| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0110/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0166 |
| Огноо | 2021-07-02 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0110/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ж-ны А-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000000174 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Хангай модны захын хөрөөн дээр ажилладаг, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй Б овогт Ж-ны А /РД: ХХХХХХХХ/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ж.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.А нь 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг Дархан сумын *****тоот хашааны гадаа иргэн Ц.Б, Б.О нарын чемодантай хувцас, гоо сайхны хэрэгсэл зэрэг эд зүйлийг шатааж хууль бусаар устгасны улмаас Ц.Б-т 1,058,000 төгрөгийг, Б.О-т 515,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:
Хохирогч Ц.Б-гийн “...Би Улаанбаатар хотоос 2 хоногийн өмнө буюу 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр найз О-ийн хамт ажлаар ирээд Дарханд байх газаргүй болсон тул найз Х-гийн гэрт нь Хөтөл хороолол гэдэг газар хонож ажлаа хөөцөлдөж байгаа юм. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 11 цаг өнгөрч байхад босоод гадуур гарч шинжилгээ өгөх гээд газар мэдэхгүй учраас Х-г дагуулаад О бид гурав Дарханы Цээнэ гэдэг эмнэлэгт шинжилгээ өгөх гэсэн чинь цагийн хуваарьтай байсан учир өгч чадалгүй буцаад Х-гийн гэрт нь ирсэн чинь нөхөр А нь миний болон О-гийн чемодантай хувцас эд зүйлсийг хашааныхаа гадна гаргаад шатаагаад зугтаачихсан байсан. Тэгэхээр нь би тэдний гэрт байсан Х-гийн дүү нараас асуухад А ах 2 чемодантай хувцас хашааны гадна гаргаж шатаачхаад зугтаачихсан гэж хэлсэн. Дүү нарынх нь нэрийг мэдэхгүй байна. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Хохирогч Б.О-гийн “...Дарханд ирээд Х-гийн гэрт нь Хөтөл хороолол гэдэг газар 2 хоносон бөгөөд өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 11 цаг өнгөрч байхад босоод гадуур гарч шинжилгээ өгөх гээд газар мэдэхгүй учраас Х-г дагуулаад Б бид гурав Дарханы Цээнэ гэдэг эмнэлэгт шинжилгээ өгөх гэсэн чинь цагийн хуваарьтай байсан учир өгч чадалгүй буцаад Х-гийн гэрт нь ирсэн чинь нөхөр А нь миний болон Б-гийн чемодантай хувцас эд зүйлсийг хашааныхаа гадна гаргаад шатаагаад зугтаачихсан байсан. Юунаас болж шатаасныг мэдэхгүй байна. Эхнэрээр нь газарчлуулахаар дагуулж явсанд уурласан юм болов уу гэж бодож байна” гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Гэрч А.Х-гийн “...2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр миний хоёр найз Б, О нар ажлаар Улаанбаатар хотоос Дарханд ирж манайд байж байсан юм. 2021 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 14 цагийн орчим манай хоёр найз Улаанбаатар хот руу явахдаа PСR-ийн шинжилгээ өгнө гэхээр нь өгүүлэхээр дагуулаад төв рүү явсан ба шинжилгээ өгөх газрын цаг нь дууссан гэхээр нь жаахан алхах санаатай парк руу ороод явж байтал гэрт үлдсэн манай дүү над руу залгаад А ах танай 2 найзын цүнхтэй хувцсыг хашааны гадаа шатаачихлаа гэхээр нь очиж үзэхэд манай 2 найзын хотоос ирэхдээ авчирсан цүнхтэй хувцаснуудыг нь шатаачихсан байсан болохоор танайд дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Насанд хүрээгүй гэрч Э.У-гийн “...би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А ахтай хамт өглөө эрт гараад загасанд явсан, тэгээд А ах бид хоёр гэр лүүгээ харихаар буцаад явсан. А ах бид хоёр гэртээ орж ирчхээд байж байтал А ах ер нь яахаараа тэр гурав гардаг юм гээд уурлаж байгаад жижиг өрөөнд байсан хоёр чемодантай хувцсыг аваад гарсан. Би А ахыг дагаад гарсан чинь А ах нөгөө чемодантай хувцсыг хашааны үүдэнд газар тавьж байгаад шатаачихсан. Тэгээд А ах явчихсан, би хажуу айл руу ороод айлын хүний гар утсаар Х эгч рүү залгаад агаа хоёр эгчийн чемодантай хувцсыг шатаагаад өөрөө гараад явчихлаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “...иргэн Ц.Б-гийн эзэмшлийн 19 нэр төрлийн хувцас, хэрэглэл, гоо сайхны хэрэгсэл, эд зүйлсийг зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 1,058,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-51/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “...иргэн Б.О-гийн эзэмшлийн 9 нэр төрлийн хувцас, хэрэглэлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 515,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-57/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай 2021 оны 05 дугаар сарын 25-ны “...Улаан өнгийн 200 граммын савлагаатай ахуйн газ 1 ширхэг, улбар шар өнгийн хуванцар материалтай газны хошуу 1 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар материалтай асаагуур 1 ширхэг” гэх мөрдөгчийн тогтоол /хх-ийн 20/,
Яллагдагч Ж.А-ын “...би 2021 оны 05 дугаар сарын 25-ны өглөө 8 цагийн үед Дархан сумын 1-р гудамж 3 тоотод байрлах өөрийн гэртээ сэрчхээд байж байтал эхнэр Х хотоос ирсэн Б, О гэх хоёр найзынхаа хамт гэрээс гараад явсан. Өдөр би 13 цагийн үед эхнэр рүүгээ залгатал утас нь унтарсан байхаар нь Б, О нарын утас руу залгатал хоёулаа утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь би гэрт байсан эхнэрийн 2 найз болох Б, О нарын хоёр чемодантай хувцсыг хашааны гадна гаргаад шатаачихсан юм. Би Б-гийн данс руу 1,200,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 31-ны өдөр авга эгч Р.Э-гийн ***** тоот хаан банкны данснаас шилжүүлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 60/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан зөвшөөрөл, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 13-16/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтийг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан урмаар шийдвэрлэх нөхцөл бүрэн хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Ж.А-г бусдын эд хөрөнгийг устгасны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хохирогч Ц.Б, Б.О нарын эд хөрөнгөд учирсан нийт 1,573,000 төгрөгийн хохирол учирснаас 1,200,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ц.Б, Б.О нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Иймд улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, цалин өрхийн орлогын хэмжээ, шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн 200 граммын савлагаатай ахуйн газ 1 ширхэг, улбар шар өнгийн хуванцар материалтай газны хошуу 1 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар материалтай асаагуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж-ны А-г бусдын эд хөрөнгийг устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ж-ны А-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан өнгийн 200 граммын савлагаатай ахуйн газ 1 ширхэг, улбар шар өнгийн хуванцар материалтай газны хошуу 1 ширхэг, цэнхэр өнгийн хуванцар материалтай асаагуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД