| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0165/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0168 |
| Огноо | 2021-07-05 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0165/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,
Шүүгдэгч М.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М-ийн А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2118000400185 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, галт тэрэгний найруулагч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Дархан өртөөнд галт тэрэгний найруулагч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 20,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт М-ийн А /РД:ХХХХХХХХ/,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас М.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.А нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын *****тоотод цахим орчинд “Аз Од” гэх Фейсбүүк хаяг ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог хөзрийн мөрийтэй тоглоом зохион байгуулж 471,250 төгрөгийн ашиг олсон болох нь:
Гэрч Б.Т-ийн “...би 2020 оны 12 дугаар сард гэртээ фейсбүүк үзээд байж байтал Техас нэртэй 10,000 төгрөгөөр 5 удаа тоглоно гэсэн утгатай гараа болгон 10,000 төгрөгийн шагналтай гэхээр нь би эхний удаад 10,000 төгрөг Хаан банкны дансанд шилжүүлээд тоглосон чинь намайг та хоёр хожлоо гээд 30,000 төгрөг шилжүүлэхээр нь би баярлалаа гээд тэр тоглоомоос гараад дахиж тоглоогүй. Миний дансанд нэг удаа Ёондоо, Аз гэсэн утгатай 30,000 төгрөгийн гүйлгээ орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,
Гэрч Б.С-ийн “...Би ёндоо үзэх гээл 2, 3 удаа тоглосон, ахиж тоглоогүй. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр” гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/,
Гэрч О.Д-н “...Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэг удаа фейсбүүкээр явагдаж байсан лайваар мөрийтэй тоглосон. Тухайн лайваар техас покер тоглоомыг явуулж байхаар нь тухайн покер тоглох зорилгоор лайв зохион байгуулж байсан данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны ***** данснаас 30,000 төгрөг шилжүүлж тоглоод 60,000 төгрөг хожсон санаж байна. Би тухайн үеийн юмыг санахгүй байна. Тухайн үед маш олон лайв явагдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/,
Гэрч Ч.Н-ын “...фейсбүүк дээр мөрийтэй тоглоомууд олон байдаг юм. 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр би өөрийн Нараа Нараа гэсэн фейсбүүк хаягаараа покер тоглоом тоглосон. Тухайн өдөр мөрийтэй покер тоглох лайв явж байхаар нь сонирхож ороод 2 удаа мөнгө шилжүүлсэн. Эхний удаад хожигдоод дахиж оролдоод мөн адил хожигдож мөнгөө алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,
Гэрч Ш.Б-ны “...Би урьд өмнө нь Ш Б гэдэг нэртэй фейсбүүк хаягтай байсан. Одоо хаяг устчихсан. Тухайн хаягийг хэрэглэдэг байхад 2020 оны 12 сарын орчим нэг удаа хаягаараа мөрийтэй тоглоом тоглож байсан. Покер гэдэг тоглоом байсан. Хүний дансанд 10,000 төгрөг хийж тоглоод 50,000 төгрөг хожно гэхээр нь 10,000 төгрөг одоо санахгүй байна нэг данс руу шилжүүлж тоглож хожигдоод дахиж тоглоогүй. Би тухайн мөрийтэй тоглоомыг тоглоод ашиг олоогүй, 1 удаа тоглоод 10,000 төгрөг алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/,
Гэрч У.Ц-гийн “...Фейсбүүк хаягаар орлого хийгээд тоглодог, тэгээд 10,000 төгрөгийн тоглолт санагдаж байна, тэгээд хожсон байна гэж надад хэлж байсан.Би дансыг нь санахгүй байна, ямар ч байсан тэр үед хэдэн төгрөгийн тоглолт байсан, тэрүүгээр нь шилжүүлсэн юм аа. Ашиг сүртэй олоогүй ээ, 5000 төгрөгөөр тоглосон бол 25,000 төгрөг ёндоо гээд ороод ирэх жишээтэй” гэх мэдүүлэг /хх-ийн 85-86/,
Гэрч Б.Б-гийн “...би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр М-н А гэх хүний ***** гэж данс руу 30,000 төгрөгийг шилжүүлж фейсбүүкээр мөрийтэй тоглосон. Тухайн үед нэг суудал нь 30,000 төгрөг гээд нэг тоглолт 6 хүн тоглож байсан. Тэгээд би 30,000 төгрөгөөрөө тоглоод нэг хожиж буцаагаад 30,000 төгрөгөө өөрийнхөө ***** дугаартай дансаар авсан, тэгээд дахиж 30,000 төгрөгөө шилжүүлж дахин тоглоод хожигдож, тэгээд тоглохоо больж мөнгөө буцаагаад авсан юм. Нэг үгээр хэлэхэд эхэлж 30,000 төгрөгийн бооцоо тавьж 30,000 төгрөг хожоод дахиж тоглож алдаад, эхэлж тавьсан бооцооны 30,000 төгрөгөө буцаагаад авсан юм. Би покер тоглоомын дүрмийг мэднэ. Яг дүрмээрээ тоглосон. Өөр ямар нэгэн дүрэм байгаагүй, уг тоглоомыг тоглоход ямар нэгэн болзол шаардлага огт тавиагүй. Би Да хүрээ авто худалдааны төвийн пэйж хуудсанд машин үзэж байхад энэ лайв явсан, тэгээд орж үзээд тоглочихсон, намайг тоглоход хэн нэгэн ямар нэгэн байдлаар хүчлээгүй, шахаагүй, би өөрийнхөө хүслээр тоглосон” гэх мэдүүлэг /хх-ийн 95/,
Гэрч С.Ж-ны “...Миний бие цахим орчинд тоглоом тоглож байхаар нь сонирхож үзэн тоглосон юм, одоо хаягийг нь сайн санахгүй байна. Тухайн үед лайв хийж байхдаа дансны дугаарыг нь дээд хэсэгт байрлуулсан байсан болохоор 30,000 төгрөгийг шилжүүлж 3 удаа тоглоно гэхэд баталгаажсаны дараа сууна гэж хэлсэн. Төд удалгүй баталгаажиж 3 удаа тоглож үзсэн, өөрөө бол дахин тоглосон зүйл байхгүй, хожигдоод л гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 98-99/,
Гэрч Б.Д-н “... би 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш байх гэртээ байж байхдаа өөрийн гар утсаараа фейсбүүк ухаж байгаад покер тоглоомын лайв явж байхаар нь тухайн лайв бичлэг рүү орж 30,000 төгрөг данс руу нь шилжүүлж байгаад 1 удаа тоглоод алдсан, надад тухайн үед тоглоод ашиг олсон зүйл байхгүй, харин 30,000 төгрөгөө алдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 106-108/,
Яллагдагч М.А-ийн “...Техас покер тоглуулсан. Би тоглуулж олсон мөнгөрөө би өөр хүмүүсийн явуулж байсан лайв руу мөрий тавьж ороод алдчихдаг байсан. Харин шинжээчийн дүгнэлтээр 471,250 төгрөгийн ашиг олсон байна гэж гарсан би энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 155/,
Шүүгдэгч М.А-ийн эзэмшлийн ***** тоот Хааны банкны депозит дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 33-37/,
“Пийк Ом Аудит” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 21/223 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 118-130/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хууль тогтоогч 2020 оны 1-р сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба шүүгдэгч М.А-ийн фейсбүүк ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом буюу покер тоглуулсан нь мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээ шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтийг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл бүрэн хангагдсан байна.
Иймд шүүгдэгч М.А-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан байна гэж үзсэн тул улсын яллагчийн санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, цалин өрхийн орлогын хэмжээ, шүүгдэгчийн хүсэлтийг харгалзан 3 сарын дотор төлүүлэхээр тогтоов.
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэгхдээ ашигласан утасны үнэлгээг “...иргэн М.А-н эзэмшлийн “Самсунг S8” маркийн 32GB багтаамжтай гар утас /хуучин, дэлгэц бага зэрэг цуурсан/ 1 ширхэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2021 оны 06 дугаар сарын 23-ны байдлаар 210,000 төгрөг байна” /хх-ийн 113-114/ гэж тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл, гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг хураахаар заасан тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг S8 загварын гар утасны үнэ 210,000, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 471,250 төгрөг, нийт 681,250 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт М-ийн А-г мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.А-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.А-с гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Самсунг S8 загварын гар утасны үнэ 210,000, гэмт хэрэг үйлдэж олсон орлого 471,250 төгрөг, нийт 681,250 төгрөгийг / зургаан зуун наян нэгэн мянга хоёр зуун тавин / төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД