Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0317/З |
Дугаар | 221/МА2023/0202 |
Огноо | 2023-03-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2023/0202
Х.Аын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 914 дүгээр шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Х.А
Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М
Хариуцагч Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.
Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын төлөөлөгч А.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б
Хэргийн индекс: 122/2022/0317/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 914 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалын Х.Ад холбогдох хэсэг буюу үндсэн цалинг 2 сарын хугацаанд 20 хувиар бууруулсан сахилгын шийтгэлийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч Х.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие Хызай овогтой А дэд ахлагч цолтой 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 1480 тушаалаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангид Дуудлага хүлээн авагчаар одоог хүртэл ажиллаж байна. Тус ангийн захирагч болох дэд хурандаа Э.Б-ын удаа дараа дарамт шахалт үзүүлж өөрийн хүсэлтээр халагдах өргөдөл өг, шилжиж яв, мөн 2020 оны мөсний баяр тараад караоке оръё дарга нь даая гэхэд нь би татгалзсан. Үүнээс хойш улам их уурлах нь нэмэгдсэн, байнга дарамталж, ажлаа өг хэмээн шаардах болсон. Манай ангид ангийн захирагчийн дарамт шахалтад орсон ч алба хаагчид нуугаад өнгөрдөг. Харин би өөрт тохиолдсон дарамт шахалтыг тэсэхээ байгаад ангийн захирагчийн талаар гомдлыг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Онцгой байдлын газарт гаргасан. Намайг гомдол гаргасан болохоор ёс зүйгүй хэмээн Б/130 тушаалаар 2 сар 20 хувиар цалингийн бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан юм. Үндэслэлтэй үгүй нь огтхон ч хамаагүй намайг байнга хурлаар оруулж, гомдол гаргаснаас хойш нийт 5 удаа хурлаар оруулж, яасан их шүүхддэг юм гэж занаж, удаа дараа сахилгын шийтгэл авсан гэх нэр зүүлгээд халах санаатай байна. Даргынхаа талаар гомдол гаргасны төлөө ёс зүйгүй гэж цалингаа хүртэл хасуулах шийтгэл авсан. Гэтэл шударга ёсыг тогтоож өгөх ёстой шүүхээс ямар ч утга учиргүй дүгнэлт хийснийг мэдлээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тайлангийн үнэлгээ 79 % байгаа учраас 20 хувийн цалин бууруулах шийтгэл оногдуулсан уу? эсвэл түлш нэмсэн болохоор шийтгэсэн үү? гэх зэргээр миний гомдолтой байгаа сахилгын шийтгэлтэй огтхон ч холбоогүй, шүүхэд хандсаны дараа намайг буруутгах гэж гэнэт гаргаж ирсэн асуудлуудыг дахиж шалгаад түүний дагуу дахиж шийтгэ гэх утгатай шийдвэр гаргасанд гомдолтой байна. Шүүхийн явцад шүүгч надруу илтэд муухай харьцаж, шүүмжилж, намайг буруутгасан хандлагыг удаа дараа гаргаж байсан. Хоёр дахь удаа тэгэхэд нь манай өмгөөлөгч намайг өмөөрч, шүүгчид энэ байдлаа болихыг ч шаардаж байсан. Би 24 цагийн ээлжид тулаан хийж өдөр шөнөгүй ажиллахын зэрэгцээ ангийн захирагчийн зүгээс байнгын дарамтанд өртөж, 2022 оны 11 сард шүүх хурлын өмнө үр зулбаж, бие, сэтгэлээрээ хохирсон, би өөрийн хэвтэрт байдаг ээжийгээ асарч, ажлаа хийж амьдардаг байхад дарга намайг ажлаа өг гэж шаардаж болохгүй. Би яаж амьдрах болж байнаа. Мөн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаас хойш намайг байнга томилгоот 24 цаг үүрэг гүйцэтгэх хугацаанд хэлтсээс дуудаж гомдлоо буцааж ав мөн ангийн захирагчийн зүгээс байнга дарамт шахалт ихсэж тайван ажил хийлгээгүй өөрийн хүсэлтээр нэхэмжлэлээ татаж ав гэсэн би нэхэмжлзлээ татаж аваагүй. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын Б/23 тушаалаар Гал түймрийн дуудлага мэдээлэл дамжуулаагүй албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй гээд сахилгын шийтгэл оногдуулсаныг эс зөвшөөрч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэвээр үлдээснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Дүүрэн тэнцэхгүй” гэдэг нь би мэргэжил ур чадварын хувьд, бие бялдрын хувьд тэнцэхгүй байна гэсэн ойлголт юм. Бодит байдал дэзр би одоогийн Дотоод хэргийн их сургуулийг 2017 онд “холбооны бага мэргэжилтэн" бэлтгэх сургалтад хамрагдаж, диплом аваад энэ мэргэжлээрээ өнөөг хүртэл ажилласан. Ийм байхад надаас нэг ч удаа мэргэжил, ур чадвартаа тэнцэж байгаа эсэхийг шалгаж тогтоогоогүй байж “дүүрэн тэнцэхгүй” гэж шийтгэснийг би зөвшөөрөхгүй шүүх ч энэ байдлыг харсаар байж “зөв” гэж үзсэнд туйлын гомдолтой байна. Миний бие биеийн жингийн индексийг бүрэн хангаж мөн 2020 оны 01 дүгээр сарын 02 -ны өдрөөс хойш ажил хаяж явж ажил салгардуулж тасалж үзээгүй, тусгай ажилд томилоход үүргээ хэвийн гүйцэтгэсэн. Нэг ч удаа албан үүрэгтээ хариуцлагагүй хандаж, алдаа гаргаж байгаагүй, төрийн тусгай албан хаагчийн хувьд дуудсан цагт бэлэн үүргээ гүйцэтгэж 56 цаг дараалан үүрэг гүйцэтгэх, 48 цагаар надтай нийлээд хоёрхон ээлжээр ажиллах нь наад захын асуудал байдаг. Ирсэн зарлал мэдээллийг цаг тухайд нь албан тушаалтанд дамжуулсан ирсэн бичгийг цаг тухайд нь дамжуулсан. Өөрийн ажлыг өдөр бүр ээлж хүлээлцэж, рапорт хөтөлж, тэмдэгэлж, хөтөлж, хүлээлцдэг. Энэ бүх баримтууд шүүхийн хэрэгт баримтаар ирсэн атал шүүхийн шийдвэрийг уншихад шал өөр хамааралгүй баримтуудыг бүрдүүлээд дахиад шийтгээрэй гэсэн агуулгатай зүйл бичсэнд гомдолтой байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “1. Нэхэмжлэл №1 дэх шаардлагын хүрээнд анхан шатны шүүх дараах асуудлыг тодруулж, дахин шийдвэрлэх хүртэл 1 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн. Үүнд: /Үндэслэх хэсгийн 2.4 буюу шийдвэрийн 9 дэх талд/
1.1. Дэд ахлагч Х.А нь 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдөр удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр нярав, ахлагч Э.Э-тай холбогдож гал унтраах автомашинуудыг гаргаж, шатахуун нэмүүлсэн зөрчилд Х.Аыг буруутгах үндэслэл.
“Шатахуун нэмүүлсэн” гэж шийтгээгүй. “Ёс зүйн зөрчил” гаргасан гэж шийтгэсэн. /XX 10 дахь талд авагдсан маргаан бүхий Б/130 тушаал/ Х.А нь ангийн захирагчийнхаа хууль бус үйлдлийн талаар 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бичгээр Нийслэлийн Онцгой байдлын газрын даргад гомдол гаргасан. Энэхүү гомдлын мөрөөр шалгалт 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 29 дүгээр анги дээр ажлын хэсэг ирсэн ба Б/130 тушаалаар Х.Аын гомдолд дурдсан зарим асуудал тогтоогдсон хэмээн үзэж ангийн захирагч Э.Б-д сануулах арга хэмжээ авсан бол гомдол гаргагч Х.Аыг өөрийг нь 2 сарын 20 хувь цалин бууруулах шийтгэл оногдуулсан байна. /XX 28-32/ Шүүх нэхэмжлэгчийг шатахуун нэмүүлсэн мэтээр дүгнэж бичээд байгаа нь үнэхээр гайхаад барахгүй, хувийн хандлагатай, мэргэжлийн бус, хөндлөнгийн бус байгааг харуулж байна. Гал унтраах машин байнгын бэлэн байдалтай буюу шатахуунтай байх ёстой юу? Эсвэл шатахуунгүй байх ёстой байсан юм уу? дуудлага хүлээн авагч ээлж хүлээлцэхдээ машин галын дуудлагад гарсан эсэх, хэдэн км яваад ямар шатахуунтай байгаа эсэхээ өдөр бүр рапортондоо тусгаж хүлээлцдэг. Х.А нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 8 цагаас 13-ны өглөө 8 цаг хүртэл үүрэг гүйцэтгээд рапортоо /XX 127/ хөтөлсөн байх ба тухайн өдөр ямар нэг гал унтраах машинд түлш нэмсэн үйл явдал болоогүй түүнчлэн ангийн захирагч нь танилцаж гарын үсгээ зурсан байна. Харин 2022 оны 02 дугаар сарын 13-ны өглөө ээлж хүлээн авсан ахлах ахлагч З.-ы рапортоос үзэхэд 4 тн машинд 21,12 л түлш Рино гал унтраах машинд 102.11 л түлш, старекс машинд 56.89 л түлш нэмсэн талаар бичсэнийг ангийн захирагч танилцав хэмээн гарын үсэг зурсан байна. /хх128/ Салааны захирагч О.Мө-ын мэдүүлгээс үзэхэд 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10-11 цагийн О.М-ы ээлжид гарч, Х.Аын амарч байх өдөр салааны захирагч О.М, нярав, жолооч, гал сөнөөгч нарын хамт явж түлш нэмсэн гэх мэдүүлэг /хх131-132/ хэрэгт нотлох баримтаар авагдсан. Тиймээс анхан шатны шүүх энэ байдлыг тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй эдгээр гурван баримтаас үзэхэд Х.А түлш нэмсэн гэх асуудал үндэслэлгүй болох нь нотлогдож байна. Уг нь энэ түлш нэмсэн нэмээгүй асуудал маргаан бүхий захиргааны актын үндэслэлд огтхон ч хамааралгүй.
1.2. Уг үйл ажиллагаа нь түүний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарах эсэх?
Х.А-н ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд түлш нэмэх ажил нь түүний ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамааралгүй. Харин мэдээлэл үнэн зөв шуурхай байх чиг үүргийнхээ хүрээнд өөрийнх нь ээлжийн үүрэг гүйцэтгэсэн өдөр гал унтраах машинуудыг ямар түлштэй хүлээж авсан, ямар түлштэй дараагийн ээлжид хүлээлгэн өгснөө рапортондоо бичих, холбогдох албан тушаалтанд байгаа байдлыг илтгэх үүрэгтэй болохыг нь харж болохоор байна. /XX185-186/ Түлш авахын тулд мөнгө зарцуулна, мөнгийг тухайн байгууллагын нярав, нягтлан, ангийн захирагчийнхаа зөвшөөрлөөр зарцуулдагийг хэн хүнгүй л ойлгоно. Өмгөөлөгч би энэ үйл баримтыг нотлохоор шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нярав, нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг /XX 223-224/ шүүхэд гаргахад 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 7631 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан. /XX 236-240/
1.3. Х.Ад ямар албан тушаалтан хэзээ, хэрхэн түлш нэмэх талаар үүрэг өгсөн эсэхийг тодруулах?
Х.А түлш нэмээгүй, нэмэх талаар хэн нэгэн үүрэг өгөөгүй.
1.4. Шалгалтын баг 79%-аар 2021 оны 3, 4 дүгээр улирлын тайланг авч дүгнэж үзэхэд бодит үнэлгээгээр 40%-тай дүгнэсэн нь тухайн зөрчилд холбоотой эсэх?
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/166 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн /XX 181/ 5 дугаар зүйлд “Онцгой байдлын байгууллагын алба хаагчдаас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх явцад үйл ажиллагаандаа эрхэмлэвэл зохих зан үйл, ёс суртахууны нийлбэр цогцыг ёс зүйн хэм хэмжээ гэнэ” гэж заасан байх буюу маргаан бүхий Б/130 тушаалд нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үндэслэлээ заасан учраас улирлын тайланг хэд гэж дүгнэсэн нь энэ хэрэгт огт хамаагүй зүйл юм. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн үнэлгээний хуудас дээр Х.Аын гүйцэтгэлийн үнэлгээг 74.6 гэж үнэлсэн баримтын танилцсан Х.А гэх гарын үсэг нь Х.Аын гарын үсэг биш бөгөөд хэзээ ч ийм үнэлгээ хийгдэж, танилцаж байгаагүй талаар талууд мэтгэлцсэн. /XX 102/ Гүйцэтгэлийн үнэлгээ нь ёс зүйн асуудлаас ялгаатай тул энэ хэрэгт хамааралгүй. Гэтэл шүүх үүнийг тодруулахыг шаардаж байгаа нь буруу.
1.5. Ангийн захирагчаас өгсөн илтгэх хуудас бичих үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй талаарх баримт гаргуулсан эсэх?
Энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Илтгэх хуудас бичих үүргээ зөрчөөгүй.
1.6. Алба хаагчдыг гүтгэн доромжлох үйлдэл гаргаж байсан талаар алба хаагчдаас тайлбар авснаар Х.Аын зөрчил нотлогдох боломжтой эсэх?
Зөрчлийн тухай хуулийн 6.21 Гүтгэх гэх заалт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүчингүй болсон ба Х.А нь хэн нэгнийг гүтгэсэн доромжилсон асуудлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцож, эдийн бус гэм хор учруулсан гэх хариуцлага хүлээсэн зүйл байхгүй. Хавтаст хэрэгт он цагийн хувьд 2020, 2021, 2022 онд бичигдсэн тайлбар гэх гар бичмэлүүдийг хариуцагч нотлох баримтаар өгсөн гэвч жишээ нь үйл баримт тодорхойгүй, огноогүй, нэг хүн олон удаа бичсэн, жишээ нь. бичиг үсэг мэдэхгүй гал сөнөөгч З.Отгонбаяр миний талаар тайлбар бичсэн гэх баримт ХХ-109 дэх талд авагдсан, тухайн цаг хугацаанд миний талаар гомдол гаргасан юм бол тэр үед Х.Ад мэдэгдэж, хариуцлага тооцож байгаагүй зэргээс үзэхэд уг тайлбаруудыг тухайн хүмүүс бичсэн эсэх нь эргэлзээтэй, энэхүү хэрэгт ач холбогдолгүй, шүүхийн шатанд л анх удаа Х.А танилцсан байдаг. Нэхэмжлэгч бусдыг гүтгэн доромжилсон талаар эдгээр гар бичмэлүүдэд тусгагдаагүй байхаас гадна болоогүй үйл явдлыг нотлохыг шүүх хариуцагчаас шаардан тулгаж болохгүй.
Хуулийг буруу хэрэглэсэн:
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлснээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.5-д дурдсан Цэргийн сахилгын дүрмийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэхэд хүрсэн.
Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй:
Цэргийн сахилгын дүрмийн 43 дугаар зүйлд “... Шийтгэлийн хугацаанд албан үүрэг биелүүлэхдээ онцгой амжилт гаргаж, сайшаал хүртсэн цэргийн алба хаагчийн сахилгын шийтгэлийг хүчингүйд тооцно” гэж заасныг шүүх хэрэглэх ёстой байсан. Учир нь Х.А нь Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “Сайшаал хүртээх тухай” Б/951 тушаалын хавсралтын 69-д нэр дурдагдан 3 сарын цалингийн 30 хувиар шагнуулсан. Өмгөөлөгч би энэ үйл баримтыг нотлохоор шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нярав, нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг /XX 223-224/ шүүхэд гаргахад 2022 оны 09 дүгээр сарын 13-ны 7631 дугаар захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзсан. /XX 236-240/
2. Нэхэмжлэл №2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлсэн.
2.1. Маргаан бүхий захиргааны актад гал түймрийн дуудлага мэдээллийг удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй хэмээн сахилгын шийтгэл оногдуулсан. Шүүх нэхэмжлэгчийг гал түймрийн дуудлага мэдээллийг мэдэгдсэн эсэх нэхэмжлэлийн шаардлага, маргааны зүйлийн хүрээнд дүгнэлт хийх ёстой атал энэ хүрээнээс хальж дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д "Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг зөрчсөн ба энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн болохыг шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2, 3.5, 3.7, 3.8 дахь дүгнэлтээс харагдаж байна.
2.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4-т заасан “Юнител” ХХК-аас ирүүлсэн баримтыг буруу үнэлсэн. “Онцгой байдлын хэлтсийн даргад мэдээлээгүй” гэж дүгнэсэн нь буруу. Учир нь “Юнител” ХХК-аас 80ХХХХХХХХ буюу 29-р ангийн албаны дугаараас Х.А нь хэлтсийн дарга А.А-хийн 9907ХХХХХ дугаарын утас руу 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 17:25:18 цагт залгаж ярьсан болох нь нотлогдсон, Энэ асуудлаар 99ХХХХХ гэх дугаар нь хэлтсийн дарга А.А-ийн утасны дугаар мөн гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “мөн” гэж маргаагүйгээр хүлээн зөвшөөрсөн тайлбарыг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хурал дээр гаргасан.
2.3 Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 16:23:14 цагт галын дуудлагыг 26-р анги руу шилжүүлсэн. Энэ галыг унтраах 5 дахь ангиар нэмэлт хүч болж 29-р анги очиж ажиллаж, галыг унтраасан, Мөн 2022 оны 04 дүгээр сарын 09-ний 15:43:17 цагт 29-р анги Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс гал унтраах тушаал хүлээн авсан. Үүний дагуу Х.А нь салааны захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, гал сөнөөгч ахлах ахлагч Д.А, 29-р ангийн захирагч Э.Бу, Нийслэлийн онцгой байдлын газрын дэд төвийн операторт болон хэлтсийн гал түймрийн улсын хяналтын байцаагч Г.Ц, Б.Ад, С.До, Б.Ц, ахлах дэслэгч Н.Б, А.А, хэлтсийн орлогч дарга Э.Э нарт болон хэлтсийн дарга А.А-д мэдэгдсэнээр галыг 17:58:46 цагт унтрааж дууссан.
2.4. Х.Аын шууд удирдлага нь салааны захирагч, ангийн захирагч, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн ахлах зохицуулагч нар болно. Эдгээр хүмүүст нэн даруй мэдээллийг хүргэж, галыг унтраасан.
2.5. “Дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах” сахилгын шийтгэлийн онцлог нь мэргэжил, ур чадвартаа болон бие бялдрын хувьд тэнцэхгүй байгааг сануулах агуулгатай болно. Гэтэл мэргэжил, ур чадварын шалгалт авч, үнэлэлт дүгнэлт өгөөгүй, биеийн жин, эрүүл мэндийн байдлаар тэнцэхгүйг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт гараагүй байхад дүүрэн тэнцэхгүйг сануулсан байгаа нь Цэргийн сахилгын дүрмийн 29-д “Цэргийн алба хаагчид оногдуулах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, учруулсан хохирол, гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна” гэж заасныг зөрчсөн. Х.Ан тухайд өөрийн удирдах албан тушаалтанд мэдэгдэх, шуурхай мэдээллээр хангах чиг үүргээ биелүүлсэн. Хэлтсийн дарга А.А нь мэдээллээр хангагдсан, гэм буруутай нөхцөл байдал үүсээгүй, хэн нэгэнд хохирол учраагүй байхад ажилдаа дүүрэн тэнцэхгүй гэж үндэслэлгүй сахилгын шийтгэл ногдуулсан байхад анхан шатны шүүх эдгээр бүх баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь шударгаар үнэлээгүйд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хангахгүй орхилоо.
1. Нэхэмжлэгч Х.Ааас хүчингүй болгуулахыг хүссэн “Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалын Х.Ад холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар түдгэлзүүлж, Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй байна.
2. Нийслэлийн онцгой байдлын газрын даргын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар Х.Аыг “... төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмийг сахиж мөрдөөгүй зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид албан тушаалын үндсэн цалинг 2 сар хүртэл 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ.
2.1. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана” гэж заасныг зөрчсөнөөс дээрх тушаалд нэхэмжлэгч Х.Аын хэзээ гаргасан ямар үйлдэл, эс үйлдэл буюу бодит нөхцөл байдлыг ёс зүйн хэм хэмжээ, цэргийн дүрэм зөрчсөн гэж үзсэнээ тодорхой заалгүй хариуцагч Нийслэлийн онцгой байдлын газрын даргын тайлбарт дурдсан аль зөрчлийг гаргасанд нь сахилгын шийтгэл ногдуулсныг шүүх тогтоож, заасан арга хэмжээг нь зөрчлийн шинж байдалд тохирсон гэж дүгнэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн энэхүү нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргах хүртэл нэг сарын хугацаагаар тухайн тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
2.2. Хэрэгт авагдсан 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ёс зүйн зөрчилд албан шалгалт явуулсан тухай илтгэх хуудаснаас үзвэл “... дэд хурандаа Э.Б-оос “зөвшөөрөлгүйгээр гал унтраах машинуудыг гаргаж түлш нэмүүлсэн талаараа илтгэх хуудас бичих үүрэг өгөхөд биелүүлээгүй, муудалцаж захирах, захирагдах ёсыг хэрэгжүүлээгүй гэх зөрчилтэй холбоотой Х.А нь нярав Э.Э-д утсаар түлш нэмэх талаар үүрэг өгсөн” гэх тайлбар, тухайн автомашинуудад түлш нэмэх шаардлагагүй байсан талаарх баримтууд зэргээс үзвэл нэхэмжлэгч Х.Аыг албан үүргээ хангалттай биелүүлж, зөрчил гаргаагүй байхад нь арга хэмжээ авсан гэж үзэхээргүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
2.2.1. Учир нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т “Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн эрх зүйн байдлыг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Цэргийн албаны тухай хууль, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Цэргийн албаны дүрмүүдийг баримтлах үүрэгтэй.
2.3. Харин хариуцагчийн тайлбар, илтгэх хуудсанд дурдсан энэхүү зөрчил нь албан үүрэг хангалтгүй биелүүлсэн, эсхүл сахилгын зөрчлийн аль нь болох, мөн бусад зөрчил буюу алба хаагч нарыг доромжилсон гүтгэсэн, үүрэг даалгавар биелүүлдэггүй гэсэн нь арга хэмжээ авах шалтгаан болсон эсэх, болсон бол хэзээ гаргасан ямар үйлдэлд буруутгаж байгааг тодруулж, түүнд тохирсон хуулийн заалт, үндэслэлийг тушаалд тодорхой тусгаж, Цэргийн сахилгын дүрмийн 29-д “Цэргийн алба хаагчид оногдуулах сахилгын шийтгэл нь зөрчлийн шинж, учруулсан хохирол, гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна” гэж заасанд нийцүүлж дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий тушаалыг түдгэлзүүлсэн нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.
3. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн даргын 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар “...Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, 30.2, 30.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.1, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д заасныг тус тус үндэслэн “Гал түймрийн дуудлага мэдээллийг удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, албан үүргээ гүйцэтгэхэд хариуцлагагүй хандсан” гэж үзэж, Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн дуудлага хүлээн авагч, дэд ахлагч Х.Ад албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах сахилгын шийтгэл оногдуулжээ.
3.1. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “...ирсэн зарлал мэдээллийг цаг тухайд нь албан тушаалтанд дамжуулж ирсэн...”, “...Цэргийн сахилгын дүрмийн холбогдох заалтуудыг буруу хэрэглэсэн..., ...шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн..” гэжээ.
3.2. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ёс зүйн албаны хурлын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 03 дугаар тэмдэглэлээс үзвэл “Миний буруу би уг нь ангийн захирагч дамжуулчих байх гэж бодсон” зэрэг нэхэмжлэгч Х.Аын өгсөн тайлбар, ... хариуцагчийн ирүүлсэн “....хэлтсийн даргад мэдээ, мэдээлэл дамжуулаагүй, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлээгүй... “ гэх тайлбар зэргээр “Гал түймрийн дуудлага мэдээллийг удирдах албан тушаалтанд мэдэгдээгүй, албан үүргээ гүйцэтгэхэд хариуцлагагүй хандсан” гэх зөрчил нь тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолдоо “Хэлтсийн дарга нь мэдээллээр хангагдсан, хэн нэгэнд хохирол учраагүй байхад ажилдаа дүүрэн тэнцэхгүй гэж байгаа нь үндэслэлгүй” гэх боловч Х.Аын албан тушаалын тодорхойлолтод “... гамшиг, ослын дуудлагыг цаг алдалгүй үнэн зөв хүлээн авч, холбогдох албан тушаалтанд дамжуулах, алба хаагчдыг гамшгийн голомтод ажиллах үед мэдээ мэдээллээр тогтмол хангаж холбооны техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах”, 2022 оны 02 сарын 10-ны өдөр батлуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөнд “... гал болон гамшиг ослын дуудлагыг цаг алдалгүй түргэн шуурхай хүлээн авч ..... шат шатны албан тушаалтанд дамжуулж ажиллах” гэж заасныг биелүүлээгүй, дуудлага хүлээн авагчаар ажиллаж байхдаа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гарсан ой хээрийн түймрийн талаар Хэлтсийн даргад мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогджээ.
3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх “... хэлтсийн даргад өөрт нь мэдэгдэх үүрэгтэй. Ингэж мэдэгдсэнээр Хэлтсийн дарга дүүргийн Засаг дарга гэх мэт бусад албан тушаалтанд мэдэгдэж, заавал холбогдох арга хэмжээг авдаг. Өөр доод албан тушаалтанд мэдэгдсэнээр Хэлтсийн даргыг мэдээллээр хангасан гэж үзэх үндэслэлгүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй байх тул тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангуулах талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй.
4. Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдолд “....мэргэжил, ур чадварын шалгалт авч үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, биеийн жин эрүүл мэндийн байдлаар тэнцэхгүй тогтоосон дүгнэлт гараагүй байхад дүүрэн тэнцэхгүйг сануулсан” гэжээ.
4.1. Цэргийн сахилгын дүрмийн 32 дугаар зүйлд “Цэргийн жинхэнэ болон цэргийн гэрээт албаны офицер, ахлагчид хууль тогтоомжид зааснаас гадна дараах сахилгын шийтгэлийг оногдуулна”, 32.4-д “албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах”, 35 дугаар зүйлд “...Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, сахилгын зөрчил гаргасан офицер, ахлагч /цэргийн гэрээт алба хаагч/-д албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гал түймрийн
дуудлагын мэдээллийг удирдах бүрэлдэхүүнд мэдээлэх үүргээ биелүүлээгүй тул маргаан бүхий тушаалаар албан тушаалдаа дүүрэн тэнцэхгүй байгааг сануулах сахилгын шийтгэл оногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
5. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 914 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ